Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2020/0147

 

Б.О нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ш, хариуцагч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Өвөрхөнгай аймгийн Хужирт сумын Засаг даргын гаргасан давж заалдах гомдлоор, Б.О нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг дарга, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.6, 12, 13 15, 16, 17 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.О “Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг Шавар түрүүний голд 5 га газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар олгохыг Хужирт сумын Засаг даргад даалгаж, 5 га газар олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож,  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийг удирдлага болгон Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал болон Хужирт сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг Шавар түрүүний голд 10 га газрын жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар иргэн Б.О олгохыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар тус тус даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өвөрхөнгай аймгийн Хужирт сумын Засаг дарга Т.Б давж заалдах гомдолдоо: Шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй байгаа гэж дүгнэсэн тохиолдолд иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг даалгаж шийдвэрлэх боломжтой бөгөөд харин захиргааны байгууллагын зүгээс иргэдийн гаргасан өргөдөл гомдол нь үндэслэлтэй эсэхийг өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шалган шийдвэрлэх, үндэслэлгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй бол татгалзаж шийдвэрлэх нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн асуудал юм. Гэвч ийнхүү захиргааны байгууллагын бүрэн эрхэд халдаж, иргэн Б. О хүсэлт хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг тодруулж шалгаагүй мөртлөө шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “....иргэн Б.О Шавар түрүүний голд 5 га газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар олгохыг Хужирт сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Б.О нь өөр газар жимс, ногоо тарьж тэрхүү газраа үйл ажиллагаа явуулж байхад дахин түүнд газрыг шууд олгох агуулгыг илэрхийлэхгүй. Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргах, 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заасан тул тус хуулийн холбогдох шаардлагуудыг хангасан тохиолдолд газар эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Б.О нь газар ашиглах гэрээ байгуулсны хувьд гэрээний үүргээ биелүүлж газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж зохицуулсан бөгөөд газар эзэмшүүлэх тухайн асуудлыг шийдвэрлэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж зохицуулсан бөгөөд газар эзэмшүүлэх тухайн асуудлыг шийдвэрлэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу шийдвэрлэхийг үүрэг болгосон байна. Төлөвлөгөөнд тусгагдаагүй бол газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг ийнхүү хууль тогтоомжийн хүрээнд хориглосоор байхад шүүхээс хууль зөрчсөн шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэж байгаа нь илтэд үндэслэлгүй юм.

Дээд шатны захиргааны байгууллагаас ирсэн албан тоотын хувьд газрын асуудлыг шийдвэрлэж холбогдох хариуг иргэн Б.О өгөхийг мэдэгдсэн санал зөвлөмжийн агуулга бүхий албан бичиг болохоос газар олгох шийдвэр гаргахыг даалгасан шийдвэр биш гэдгийг шүүхээс анхаарч үзсэнгүй.

Иргэн Б.О гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэсэн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй байхад хүсэлтийг хянан үзэж шийдвэр гаргах боломжгүй билээ.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.О Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг  даргын Тамгын газар, Засаг дарга нарт холбогдуулан “Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг Шавар түрүүний голд 10 га газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар иргэн Б.О олгохыг Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг  даргын Тамгын газар, Засаг дарга нарт тус тус даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, үндэслэлээ “...би сумандаа чацаргана, үхрийн нүдний мод тарихаар 2013 оноос газрын зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан, үүнд татгалзсан хариу өгсөн. 2014 онд дахин иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өөрийн биеэр оролцсон. Гэтэл Хужирт сум газар тариалангийн бүс биш гээд асуудлыг шийдэж өгөөгүй. 2018 оны 12 дугаар сард болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 10 га газарт үхрийн нүд, чацаргана, олон наст мод тарихаар өргөдлөө гаргахад багийн иргэдийн нийтийн Хурлаар хэлэлцүүлээд зөвшөөрсөн хариу авбал татгалзах зүйлгүй гэсэн хариу амаар өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 20-нд болсон 2 дугаар багийн иргэдийн хурлаас 55-аас дээш хувьтай зөвшөөрөл авч чадсан. Гэвч 2016 оны 06 дугаар сард болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар ч шалтгаангүйгээр газрын тодотгол хийхгүй гээд зөвшөөрөл дахин гаргасангүй” гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэлээс үзэхэд Хужирт сумын 2 дугаар баг, Шавар түрүүний голд 10 га газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар иргэн Б.О олгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, иргэн Б.О Шавар түрүүний голд 5 га газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар олгохыг Хужирт сумын Засаг даргад даалгаж, 5 га газар олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн дээрх шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн дээрх заалтаар иргэнд жимс жимсгэнэ, таримал ургамал тарих болон төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмших талбайн хэмжээ, мөн үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ, байршлыг тус бүрд нь ялгамжтай хэмжээгээр эзэмшүүлэхээр нарийвчлан зохицуулсан байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулах ажиллагаа хийгээгүй атлаа 5 га газрыг ямар үндэслэлээр олгохоор шийдвэрлээд 5 га газрыг олгохгүй гэж шийдвэрлэсэн  үндэслэл нь тодорхойгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “даалгах” шаардлага гаргасан атлаа хариуцагч нарын яг ямар эс үйлдэхүй эсхүл хууль бус татгалзалтай холбогдуулан маргаж байгаагаа тайлбарлаагүй байхад шүүх үүнийг огт тодруулаагүй төдийгүй энэ асуудлаар аль захиргааны байгууллагаас ямар шийдвэр гаргуулахаар нэхэмжилж байгааг тодруулах байжээ.

Учир нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болохоор, 29.3-д багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан давуу эрхээр нэг иргэнд эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байхаар зохицуулсан байна.

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүх энэ хэргийн хариуцагч Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын гаргавал зохих ямар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар тодруулах ажиллагааг хийгээгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүйгээр “...Б.О нь 2018, 2019 онд төдийгүй түүнээс өмнө 2013 оноос хойш газар хүссэн өргөдөл хүсэлтээ гаргаж байсан хэдий боловч түүний газар хүссэн өргөдөл, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй байна. Газрын тухай хуульд иргэнд газар эзэмшүүлэх эрхийг гагцхүү Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан тул энэ нэхэмжлэлийн шаардлагад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргын Тамгын газрын эрх хэмжээний асуудал биш” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 5 га газар олгохыг Хужирт сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн  нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхээс дээр дурдсанаар хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүйн улмаас давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.