Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 11

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Нэргүй даргалж, шүүгч Б.Батчимэг, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.О-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт холбогдох “Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Шавар түрүүний гол”-д байрлах 10 га газрыг жимс, жимсгэнийн мод тарих зориулалтаар эзэмшилд олгохоор тусгахыг даалгах, ийнхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсны дагуу уг газрыг иргэн Б.О-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүгч Ц.Нэргүйн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Н.Т, нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн иргэн Б.О, түүний өмгөөлөгч Р.Ш, хариуцагч Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Д, мөн сумын Засаг дарга Т.Б, тэдгээрийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Юмжирдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О-оос 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 10 га газрыг иргэн Б.О-д олгуулахыг даалгуулах, Уг хүссэн 10 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах /2020 онд/, Иргэн Б.О надад 2013 оноос хойш газрын асуудлыг шийдвэрлээгүй үлдээснээс үүссэн бодит хохирлыг мэргэжлийн  байгууллагын дүгнэлтийг гаргуулан өгөх тухай... Б.О миний бие  2013 оноос хойш Хужирт суманд жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалах газрын зөвшөөрлийг хүссэн боловч одоог хүртэл үл шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 4 удаа, Байгаль орчны яаманд 1 удаа, Өвөрхангай аймгийн Засаг даргад 2 удаа, Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн яаманд 1 удаа хүсэлт гаргасан. Энэ нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулахын тулд байсан. Гэвч иргэнийхээ хүссэнийг хүлээж аваагүй. Мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаагүй. Иймээс Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... Жимсний тариалан бол газар тариалан биш. Газрынхаа хөрсийг огт эвддэггүй, сэндийлдэггүй. Хөрсийг нь дахин ашиглах боломжгүй болгодог тариалангийн хэлбэр биш. Бэлчээр, газар, байгаль орчноо нөхөн сэргээдэг. Өвс ургамлаа сайжруулдаг. Ажлын байр бий болгодог ашигтай. Үүнийг газар тариалан гэж ойлгоод байгаа нь хамгийн буруу ойлголт. 2013 онд өргөдөл өгсөн. Өргөдөлд маань болохгүй гэсэн хариу өгсөн. 2014 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хуралд би өөрөө оролцсон... Газар тариалан эрхлэх боломжгүй гээд гаргасан. Аргагүйн эрхэнд тусгай хамгаалалттай газар 4 га газар аваад 2016 онд тариалалт хийсэн. Одоогоор 4500 орчим чацарганын мод, олон настай мод тариалсан байдаг. Ноднин 1 тонн орчим жимс авсан. Энэ жилдээ бол 4 тонн орчим жимс хураах прогнозтой байна. 2016 оноос хойш жил бүр хөрсөө нөхөн сэргээсний буянаар уулнаасаа авдаггүй хадланг би 4 га газраасаа 15-аас 20 портер өвсийг авч байна. Хадах шаардлага гарч байгаа нь би жимснийхээ модыг арчилж байгаа хэлбэр юм. Нутгийнхаа дөрвөөс таван хүнийг улирлын чанартай ажлын байраар хангадаг. Нутгийн иргэдтэй ярьж байгаад 2018 онд 10 айл дундаасаа юм хийе гэж ярилцаад саналаа оруулсан. Энэ хугацаанд би 2015 онд болсон жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд төсөл бичиж 20 сая төгрөгийн дэмжлэг авч чадсан. Гэтэл газрын зөвшөөрөл авч чадаагүйн улмаас зээлээ авч чадаагүй. Миний яриад байгаа 10 га газар бол нэг хүнийх биш 10 айл дундаасаа газраа хашаад хөрөнгөө босгоод ажлын байраа бий болгоё амьжиргаагаа дээшлүүлье гэсэн зорилгоор би явж байгаа. 10 айлын амьдралын баталгаа нэмэгдэх юм. 4 га газраас 20 портер өвс авч байна гэдэг бол 10 га газраас хир хэмжээний өвс авч болох вэ? Бэлчээрээ хадахгүйгээр бэлчээрээ авч үлдэх боломжтой. Ууландаа ч өвс байхгүй. Манай 4 га газар маш өндөр өвстэй байгаа...тус газар чацаргана, үрэл гэх жимс, алимны суулгацны залгаа хийнэ. Сумандаа алимны мод нутагшуулах хүсэлтэй... Иргэн надад энэхүү 10 га газрыг эзэмшүүлэхээр 2021 оны төлөвлөгөөндөө тусгаж өгнө үү гэж хүсч байна. Тэгвэл 10 айлын ахуй амьдралд нэмэртэй, амьжиргаа дээшилнэ гэдгийг сумынхаа Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргадаа хэлэх байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд Б.О-ны нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-ээс 3 дахь хэсэгт зааснаар харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах. Өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх ёстой болохыг албан тушаалтанд үүрэг болгохыг заасан байгаа. Ямар учраас Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ийм шаардлага гаргуулахыг даалгуулах гээд байгаа юм гэхээр Б.О 2013 оноос эхлэн чацаргана тариалъя гээд “Шавар түрүүний гол” гэх газарт газар хүссэн. Уг өргөдлийг тухай бүрт хүлээн авч хэлэлцээд хариу өгсөн бол энэ хүн өнөөдрийг хүртэл горьдлого тээж явахгүй байсан. Өргөдөл өгөхөөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр ирээд гацчихдаг. Тухайлбал: Байгаль орчин ногоон хөгжлийн яамны 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан албан бичиг байна. Тэр нь мөн л сум руу хандсан албан бичиг байсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Т-ийн 2014 оны албан тоот байдаг. Энэ хүний өргөдлийг судлаад жимс, чацаргана тарих асуудлыг нааштайгаар шийдэж өгнө үү гэсэн. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мөн албан бичиг байгаа. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгүүд зэрэг байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга дээр очоод гацдаг. Цаг хугацааны хувьд 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тусгай хамгаалалттай газартай гэрээ байгуулаад чацаргана тариад тэр нь үр өгөөжөө өгч буй зүйл байгаа. Эдгээрийг дурдаж буй нь ингэж үргэлжилсээр байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Энэ хүмүүсийн эс үйлдэхүй байна. Б.О тариалалт хийгээд үр өгөөжөө өгөөд тогтвортой ажиллаж байгаа. Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дэмжлэг үзүүлэх тухай Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хаягласан албан тоот байдаг. Б.О-ны газрын асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахыг даалгасан байдаг. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно гэж хуульчилсан. Өвөрхангай аймгийн Засаг дарга байсан Д.Т хүсэлтэнд шууд хариу өгсөн байдаг. Эс үйлдэхүй нь бас юун дээр байна вэ? гэхээр багийн иргэдийн Нийтийн Хурлаар оруулаад ир дараа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулъя гэж амаар хэлсэн байдаг. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар оруулсан. Харин одоо бол хурлаар оруулаагүй гэж байна. Суманд жимс, жимсгэнэ тарья ажил хөдөлмөр эрхэлье гэсэн ийм зүйлийг сумын удирдлагууд авч хэлэлцэхгүй байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дэмжигдсэн шийдвэрийг Засаг дарга баталдаг. Миний үйлчлүүлэгчийн хэлж буйгаар бол энэ хүмүүс нэг шийдвэртэй байдаг гэсэн. Одоо 2020 оны хагас жил болж байгаа болохоор 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар цаг хугацааны хувьд хэрэгжих боломжгүй болоод байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа юм.

Б.О-ны жимс, жимсгэнэ тарих хүсэлтийг авч хэлэлцээд Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Шавар түрүүний гол”-д байрлах 10 га газрыг жимс, жимсгэнийн мод тарих зориулалтаар эзэмшлээр олгохоор тусгахыг даалгах. Ийнхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсны дагуу уг газрыг Б.О-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус сумын Засаг даргад даалгах гэж хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Харин “хохирлын талаар дүгнэлт гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөр Хужирт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргах шаардлага байхгүй тул түүнийг хариуцагчаар оролцуулахаас мөн татгалзаж байна”... гэв.

Хариуцагч Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Одоогийн байдлаар бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн бэлчээрийн хүрэлцээ хангамж муудсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэх явцад нийт Төлөөлөгчдийн ихэнх нь иргэн Б.О-ны гаргасан “Шавар түрүүний гол”-д 10 га газар хүссэн хүсэлтийг хэлэлцээд дэмжээгүй юм. 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн баталсан. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болсон хурлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б.О-д 5 га газар олгох шийдвэр гарсан байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж хэлэлцэх санал орж ирээгүй учир хэлэлцээгүй. Б.О нь Жамбалын талд 4 га газар төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний мод тарих зориулалтаар эзэмшээд одоо болтол ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй байна. Миний бие дангаараа шийдвэр гаргадаггүй бөгөөд Нутгийн өөрөө удирдах байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид шийдвэр гаргахдаа бэлчээрийн даац, малчид, ард иргэд, нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргасан гэдэгт итгэж байна. 2013 оноос хойш иргэн Б.О газрын асуудлаар явж байгаа. Би 2008 оноос хойш сумын иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. 2014 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л байсан. 10 га газраар 10 айлын амьдрал шийдэгдэхгүй. Хашаатай талбай элэгдэнэ, хорогдоно. Жилийн 4 улирал усалгаатай байгаа талбай сэргэх нь зүйн хэрэг. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах саналаа мэргэжилтэн ажлын хэсэгт өгнө үү болохоос биш шүүхийн танхимд ярих нь илүүц байх. Та саналаа гаргаж өгөөд хэлэлцүүлнэ. Тэрнээс биш төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдах боломжгүй. Шүүхээс шийдвэрлэсүгэй гэсэн шийдвэр гарахгүй байх. Хуулийн дагуу Б.О-д олгоё гэх боломжгүй. Дуудлага худалдаагаар явагдаж байгаа”  гэв.

Хариуцагч Хужирт сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус сумын Засаг дарга Т.Б миний бие 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын Б/02 дугаар захирамжаар Хужирт сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дэх заалтын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14/07 дугаар “2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд иргэн Б.О-ны хүссэн газар тусгагдаагүй тул Засаг дарга миний бие хууль зөрчин газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үндэслэлгүй болно. Б.О-ны хүсэлт гаргасан 10 га газар нь атаршсан газар биш, малын бэлчээр, ард иргэдийн зуслангийн газар учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж эзэмшилд өгөх боломжгүй болно. Б.О нь нэхэмжлэлдээ хохирол барагдуулах тухай нэхэмжилсэн боловч тухайн иргэнд учирсан хохирол тодорхойгүй байна. Сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/28 дүгээр захирамжаар иргэн Б-ийн О-д Хужирт сумын 5 дугаар багийн нутаг Жамбалын талд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний мод бут тариалах зориулалтаар 20 жилийн хугацаагаар газар эзэмшүүлсэн боловч өнөөдрийг хүртэл энэхүү газрыг ашиглаагүй байна. Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... Мод тарьсан гээд байгаа 4 га газар нь О-ны хөндийн тусгай хамгаалалттай газраас авч Засаг даргатай, иргэнтэй хамтран байгуулсан ашиглах гэрээг байгуулсан. Энэ гэрээг 3 жилээр байгуулсан байсан. Гэрээний хугацаа дуусаад би түрүү жил дахин 3 жилээр хугацааг нь сунгасан. Мод тарьсан 4 га газар нь хуучин атаршсан газар байсан. Тэгээд тусгай хамгаалалтын газар нутаг атаршсан байсан учраас олгосон байх гэж бодож байна. Одоо хүсээд байгаа 10 га газар бол атар газар. Зундаа 30-аас 40 айл зуншдаг хоёр талаараа гол урсдаг уст цэг юм. Бид хуулийн хүрээнд л ажилладаг. Хуульд зааснаар атар газрыг иргэнд эзэмшүүлэх боломжгүй. Манай сумын хувьд бэлчээрийн даац хэтэрсэн. Хүсээд буй 10 га газар бол хоёр голын дунд байдаг. Нэг талын гол түрүүний яриад байсан 4 га газар луу ороод цаашаа урсацгүй болсон байна. Тэр дунд хашаалаад мод тарихаар тэр 2 гол урсацгүй болохвий гэж бодож байна. Нэг амны олон айлууд зуншдаг тийм газар юм. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулахаар хэлэлцдэг ч олонхын санал авч дэмжигддэггүй юм. Үүн дээр зөв шийдвэр гарах байх гэж бодож байна” гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Захиргааны хэргийн шүүхийн зорилго бол зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчигдөж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэсэн зорилго байгаа. Даалгах шаардлага байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-т зааснаар даалгах  шаардлага яваад байна гэж ойлгож байна. Эс үйлдэл нь захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт байгаа. Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэсэн байдаг. Тэгэхээр ямар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бэ? гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжигдсэн тохиолдолд Засаг дарга тэрхүү хүсэлтийг хангахгүй байгаа нь эс үйлдэл юм. Гэвч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн асуудал нь ороогүй байхад Засаг дарга шийдвэр гаргахгүй байгаа нь эс үйлдэл биш. Шаардлагын хувьд энэ буруу. Эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь Засаг дарга зөрчөөгүй байгаа. Үүн дээр ялгаа зааг байгаа. Эрх хууль ёсны шаардлага гаргасан тэр шаардлагыг нь шийдэхгүй бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд мөн эс үйлдэл. ...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ч юм уу? процесстоо тийм зүйл байхгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Засаг дарга санал оруулаад тэр саналыг дэмжих үү? үгүй юу? гэдгийг хэлэлцэнэ. Иргэн Засаг даргадаа хандаагүй. Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаагүй ийм процесс явагдаагүй байхад даалгах боломжгүй. Хууль зүйн хувьд боломжгүй. Манай улс өөрөө Бүгд найрамдах улс болохын хувьд гүйцэтгэх эрх мэдэл буюу Засаг дарга, нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүх байгаа. Шүүх өөрөө газар олгогч байгууллага биш. Ямар газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах вэ? гэдэг нь өөрөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний асуудал. Засаг дарга санал оруулсан байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүнийг авч хэлэлцэхгүй байгаа нь эс үйлдэл юм. Хуулиараа заавал Засаг даргын саналыг хэлэлцэх ёстой. Хэлэлцээд дэмжих, дэмжихгүй нь эрх хэмжээнийх нь хэрэг. Өнөөдрийн шүүх хуралдааны нөхцөл байдал эс үйлдлийн хэмжээнд очоогүй байгаа. Тийм учраас даалгах шаардлага буюу өргөдөл гаргаад байхад түүнийг шийдэхгүй байна гэдэг эс үйлдлийг өнөөдрийн хуралдаанаар шийдэхгүй байх. Энэ зааг ялгааг сайн ойлгох ёстой гэж бодож байна”  гэв.

       Иргэдийн төлөөлөгч Н.О-ны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч талын гаргасан саналыг дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь тус шүүхэд хандан Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдуулан “2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 10 га газрыг иргэн Б.Од олгуулахыг даалгах, уг хүссэн 10 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах /2020 онд/, иргэн Б.О надад 2013 оноос хойш газрын асуудлыг шийдвэрлээгүй үлдээснээс үүссэн бодит хохирлыг мэргэжлийн  байгууллагын дүгнэлтийг гаргуулан өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагынхаа “...иргэн Б.О надад 2013 оноос хойш газрын асуудлыг шийдвэрлээгүй үлдээснээс үүссэн бодит хохирлыг мэргэжлийн  байгууллагын дүгнэлт гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдсэн шаардлагаа “Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Шавар түрүүний гол”-д байрлах 10 га газрыг жимс, жимсгэний мод тарих зориулалтаар эзэмшилд олгохоор тусгахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, ийнхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсны дагуу уг газрыг иргэн Б.О-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус сумын Засаг даргад даалгах” гэж өөрчилж, Хужирт сумын Засаг даргын Тамгын газрын даргыг энэхүү хэргийн хариуцагчаар оролцуулахаас татгалзсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...” эрхтэй байх тул шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүргийнхээ дагуу нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хариуцагч Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нарт холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэв.

Маргааны тухайд: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.4.2 дахь хэсгүүдэд зааснаар Хужирт сумын Засаг дарга нь Өвөрхангай аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, тус Хурал нь уг газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах эрхийг эдэлнэ.

Харин дээрх хуулийн 21 дүгээр зүйл[1]-ийн 21.4.3 “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд    иргэн...-д эзэмшүүлэх... асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “...гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан ...жимс, жимсгэнэ... тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн ...29.2...-т заасан ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, ...сум...-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн ...29.2...-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн...-д газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...”, 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хүсч буй жимс, жимсгэнэ тарих зориулалттайгаар эзэмших газрын хэмжээ нь гэр бүлийнхээ хамтын хэрэгцээнд авах бол 0,1 га-гаас илүүгүй газрыг үнэ төлбөргүй эзэмшиж болох бөгөөд уг хэмжээнээс илүү газрыг эзэмшихийг хүсвэл холбогдох хүсэлтээ гарган дуудлага худалдаа, төсөл шалгаруулах ажиллагаанд оролцох замаар эзэмших боломжийг хуулиар олгожээ.

Ингэхдээ тус эзэмшихийг хүсч буй газрыг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн хүсч буй зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан тохиолдолд сумын Засаг дарга эзэмшүүлэх шийдвэр гаргахаар хуульчилсан байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг,... сум...-ийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 32 дугаар зүйлийн 32.1 “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 33 дугаар зүйлийн 33.4 “...аймаг…, сум...-ийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, 33.6 “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.

Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад иргэн Б.О нь газар эзэмшихийг хүссэн өргөдлөө холбогдох баримтын хамт сумын Засаг даргад гаргах, Засаг дарга уг хүсэлтийг хуульд заасан хугацаанд холбогдох журмын дагуу хянан шийдвэрлэх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Шавар түрүүний гол”-д байрлах 10 га газрыг жимс, жимсгэнийн мод тарих зориулалтаар эзэмшлээр олгохоор тусгахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” хэмээн өөрчлөн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн хүссэнээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус сумын 2 дугаар багийн нутаг “Шавар түрүүний гол” гэх газарт байршилтай 10 га газрыг “жимс, жимсгэнийн мод тарих” зориулалтаар эзэмшүүлэхээр 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгахыг даалгах боломжгүй байна.

Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “з”, 18.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах бүрэн эрхийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэх бөгөөд тус байгууллага нь асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэдэг нутгийн өөрөө удирдах байгууллага юм.

Хужирт сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө өнөөдрийн байдлаар батлагдаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлд заасан 10 га газрыг жимс, жимсгэнэ тарих зориулалтаар эзэмшихийг Хужирт сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах тухай санал, хүсэлтээ тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

Тиймээс нэхэмжлэгчийн өөрчлөн гаргасан “Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Шавар түрүүний гол”-д байрлах 10 га газрыг жимс, жимсгэнийн мод тарих зориулалтаар эзэмшлээр олгохоор тусгахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, ийнхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсны дагуу уг газрыг иргэн Б.О-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага буюу тус сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах саналаа нэхэмжлэгч гаргаагүй, түүнчлэн Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нарын зүгээс татгалзсан ямар нэгэн хариу өгөөгүй, эс үйлдэхүй үүсээгүй байх тул нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг урьдчилан дүгнэж, үүсээгүй нөхцөл байдлыг эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь хариуцагч нарыг “Б.О-ны 2013 оноос хойш газар эзэмшихийг хүссэн хүсэлтүүдийг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байна” гэж мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор шүүх хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны явцад “...иргэн Б.О надад 2013 оноос хойш газрын асуудлыг шийдвэрлээгүй үлдээснээс үүссэн бодит хохирлыг мэргэжлийн  байгууллагын дүгнэлтийг гаргуулан өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн  109.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.4.2, 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснуудыг баримтлан нэхэмжлэгч Б.О-ны нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт холбогдох “Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Шавар түрүүний гол”-д байрлах 10 га газрыг жимс, жимсгэнийн мод тарих зориулалтаар эзэмшилд олгохоор тусгахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, ийнхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсны дагуу уг газрыг иргэн Б.О-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “...иргэн Б.О надад 2013 оноос хойш газрын асуудлыг шийдвэрлээгүй үлдээснээс үүссэн бодит хохирлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


[1] Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэжээ.