Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2020/0148

 

Баянзүрх дүүргийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Г, хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Э.Э, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 826 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Г, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 826 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1,24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.4, 54.1.5, 54.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.8, 9.2-т тус тус заасныг баримтлан   “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг хүчингүй болгуулах, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 тоот тамга шинээр хийлгэх тухай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх 1116133459 хяналтын дугаар олгосон шийдвэрийг хүчингүй болгох” гэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Б.Г, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлага, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/00000 тоот тамга шинээр хийлгэх тухай зөвшөөрөл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх 000000 хяналтын дугаар олгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Г, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч нар давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 ХЭГ/77 дугаар албан бичгийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тамганы асуудлаар холбогдох хяналт шалгалтыг хийж, улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01 дугаартай албан шаардлагыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Г 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 8/1338 тоот албан бичгээр хүргүүлсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/61 тоот албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Г 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 8/1338 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэр 30 дугаар хуудас дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан маргаан бүхий захиргааны актад гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Түүнчлэн, шүүх ижил нөхцөл байдалтай албан бичгийг 2 өөр өнцгөөс нь тайлбарлаж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн 28 дугаар хуудас “ ...Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4/1811 дугаар албан бичиг нь захиргааны байгууллагаас маргаан бүхий хяналтын дугаар хүчингүй болгож, шинээр олгосон актыг мэдэгдсэн зорилго шинжийг агуулаагүй, харин шинээр олгосон тамгыг Г.А хуурамчаар үйлдсэн гэж үзэж улмаар тамга, тэмдэг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаарх гомдлыг холбогдох цагдаа, прокурорын байгууллагад удаа дараа хандаж байсны дагуу цагдаа, прокурорын газраас гаргаж байсан шийдвэрүүдийн талаар дурдсан байна....” гэснээс тодорхой харагдаж байгаа бөгөөд нэг талыг хэт барьсан нь илт байна.

Шүүх “...хяналтын дугаар хүчингүй болгож, шинээр олгосон маргаан бүхий актыг мэдэгдсэн зорилго, шинжийг агуулаагүй албан бичгийг үндслэн нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх, мөн хариуцагч талуудаас маргаан бүхий актыг нэхэмжлэгчид хуульд заасан дагуу мэдэгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байхад нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж буруутгаж, нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж буруутгаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна...” гэж  дүгнэжээ.

Гэтэл маргаан бүхий актыг хүчингүй болгож, дахин тамга хийлгэх 116133459 хяналтын дугаарыг олгож бүртгэснээс хойш өнөөдрийг хүртэл Ш.Г уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар бүртгэлийн байгуллагад болон шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд дээрх бүртгэлийн байгууллагад болон шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд дээрх бүртгэлийн талаар мэдсэний улмаас Г.А хуурамч материал бүрдүүлэн Засгийн газрын Хэрэг Эрхлэх газраас зөвшөөрөл авсан байж болзошгүй гэмт хэргийн талаарх гомдлыг 2017, 2018 онд удаа дараа цагдаа, прокурорын байгууллагад гаргаж байсан байна. Энэ хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4/1811 тоот албан бичгээр нотлогдоно.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4/1811 тоот албан бичигт “..Иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гомдол гаргаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.3.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх “...Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тохиолдолд урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боложгүй, харин нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны үйлдэл, эс үйлдэхүйн талаар захиргааны байгууллага нь шүүхийн шатанд тайлбар өгөх замаар энэхүү урьдчилсан нөхцөлд тавигдах шаардлага хангагдах боломжтой....” гэж хуульд заагаагүй үндэслэлээр тайлбарлаж дүгнэсэн. Энэ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн.

Шүүх “Маргаан бүхий 3 акт нь нутгийн өөрөө удирдах байгууллагын өмнө ашиглагдаж байсан тамгыг хүчингүй болгох, хураан авах, анх хуралдсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн анхдугаар хуралдааны дараа хуралдсан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдаанаар томилсон Хурлын дарга Г.А шинэ тамга олгох зорилготой буюу хуучин тамгыг хүчингүй болгож, хураан авах, шинэ тамга олгох тохиолдлыг зохицуулахаар гаргасан, үргэжилсэн шинжтэй үйлдлүүд буюу захиргааны актууд байна....” гэж дүгнэсэн. Энэ нь нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитой үнэлэхгүйгээр нэг талыг шууд буруутгаж, төрийн шат шатны байгууллагуудыг хууль бус үйл ажиллагаанд нэгдсэн мэтээр дүгнэсэн нь шүүх хараат бусаар шийдвэр гаргасан гэдэгт эргэлзээ төрүүлж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх талуудын маргаж буй актуудын хууль зүйн үндэслэл, түүнийг гаргах болсон хэрэгцээ шаардлагад дүгнэлт хийлгүйгээр зөвхөн маргааны үйл баримтыг он цагийн дараалалд оруулж, хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийн хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүй үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдлад хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг дүгнэхээс гадна захиргаанаас гаргасан шийдвэр нь ямар хуулийг зөрчиж, тэр нь нэхэмжлэгчийн ямар эрхийг хөндөх болсон талаар хуульд нийцсэн дүгнэлтйг хийгээгүй байх бөгөөд маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 18-т “Тамга хийлгэх зөвшөөрлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар.. олгоно” гэж заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн байгууллагын тамга хийлгэх зөвшөөрлийг олгодог.

Тус эрхийн дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэвийн явуулах, нөхцөл, боломжийг бүрдүүлэх үүднээс Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын “е”, 16-гийн “з” заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг шинээр хийлгэхийг зөвшөөрч, зөвшөөрлийг олгосон.

Өөрөөр хэлбэл нэгэнт Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын хуучин тамгыг алдагдсан гэж үзэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тамга хийлгэх зөвшөөрлийг олгож, түүнийг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллагаас шинэ тамганы хяналтын дугаар олгосон тул хуучин тамга олдсон ч түүнийг Засгийн газрын тогтоолоор батлагдсан дээрх зааварт заасны дагуу дахин ашиглах ямар ч боложгүй, цаашид шинэ тамгыг үйл ажиллагаандаа ашиглаад явах нь зүйтэй болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдрийн байдлаар аль ч тамгыг үйл ажиллагаандаа ашиглах боложгүй байна. Тодруулбал Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан болон 40 дүгээр тогтоолд зааснаар нэгэнт шинээр тамга хийлгэх зөвшөөрөл олгож, түүний дагуу улсын бүртгэлийн байгууллагаас шинээр хяналтын дугаар олгож өмнөх хяналтын дугаарыг хүчингүй болгосон тохиолдол өмнөх тамгыг олдсон ч дахин ашиглах ямар ч боложгүй болох хууль зүйн үр дагаврыг анхан шатны шүүх оновчтой дүгнэж чадсангүй.

Иймд Анхан шатны шүүхий 826 дугаар шийдэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х давж заалдах гомдолдоо:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр өмнөх тамганы хяналтын дугаарыг хүчингүй болгож, дахин тамга хийлгэх 1116133459 дугаар олгосон шийдвэр гаргасан бөгөөд энэхүү шийдвэр нь захиргааны акт мөн болно. Энэхүү актын үр дүн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамганы дардас дээр өмнө нь огт бүртгэлийн дугааргүй байсан төрийн байгууллагын тамга нь регистрийн болон хяналтын бүртгэлийн дугаартай болсон.

Шүүхээс улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот албан шаардлагыг захиргааны акт гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1-д заасны дагуу захиргааны шийдвэрийг гүйцэтгэх хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот албан шаардлага нэхэмжлэгчид хүргэгдсэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 тоот тамга шинээр хийлгэх тухай шийдвэртэй холбогдуулж хэн алинаас тухай үед гомдол гаргаагүй бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Мөн түүнчлэн Улсын бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн байгууллагын тамгыг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажил нь хяналт шалгалтын журмаар угаасаа хийгдэх ёстой байсан нь тодорхой болсон.

Иймд хариуцагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу бие даасан акт биш болно. Харин Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1-д заасны дагуу биелүүлэх ажиллагааны явцад үйлдэгдсэн баримт байх тул үүнийг шүүхээс хууль зүйн хувьд буруу дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх “жинхэнэ захиргааны акт” болох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр өмнөх тамганы хяналтын дугаарыг хүчингүй болгож, дахин тамга хийлгэх 116133459 хяналтын дугаар олгосон шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэснийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь тус актын тухайд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж маргасан.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 1116133459 хяналтын дугаар олгосон шийдвэрийн талаар нэхэмжлэлдээ дурдаж бичсэн байх зэргээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасны дагуу гомдол гаргаагүй бөгөөд улмаар нэхэмжлэлийн шаардалагаа нэмэгдүүлсэн байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т тус тус заасан хугацааг хэтрүүлсэн болох нь нотлогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн “Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамгыг хүчингүй болгох” шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр шүүхээс тус актын биелэлтийг түдгэлзүүлээгүй бөгөөд хүчингүй болгосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй. Иймд нэхэмжлэгчээс анх шүүхэд хандан 2019 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн нэхэмжлэл гаргах үед тус нэхэмжлэл дээр дарагдсан тамга нь хүчингүй болно.

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой асуудлыг хамтын зарчмаар шийдвэрлэх эрх нь зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд хадгалагдаж баталгааждаг. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд хандсан 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийг дангаар шийдвэрлэсэн байгаа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдсан байх бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчсөн байх бөгөөд уг нэхэмжлэл нь хууль эрх зүйн хувьд анхнаасаа хүчин төгөлдөр бус болохыг шүүх анхаарч үзээгүй нь бас нэгэн алдаа болжээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэрийг гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасныг үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын тамганы хяналтын дугаар олгосон захиргааны акт нь хууль бус гэдэг нь тогтоогдоогүй байхад түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх нь тодорхой бус байхад уг захиргааны актыг шүүхээс хүчингүй болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын тамганы хяналтын дугаар олгосон захиргааны акт нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэрэглэж байсан тамга нь Улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу тамганы дардас дээр тухайн байгууллагын регистрийн болон хяналтын дугаарыг тавих замаар шинэчлэгдэж, улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдэх нь гарцаагүй байсан бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээнд төрийн байгууллагын тамганы хяналтыг боловсронгуй болгох гэсэн хуулийн зохицуулалтын зорилтын нэг салшгүй хэсэг нь болно.

Иймд Анхан шатны шүүхийн шүүчийн 826 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тогтоолоор Ш. Г тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгон баталж түүнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг хүлээлгэн өгсөн байна.

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 05 дугаартай албан бичгээр гуравдагч этгээд Г.А Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж “...2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан анхдугаар хуралдаанаас Г.А Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон...Хурлын ажлын албанаас тамга тэмдгийг шаардсан боловч хэнд байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагааг хангуулах үүднээс...тамга тэмдгийг шинээр хийлгэх зөвшөөрөл олгох”-ыг хүссэн албан бичгийг хүргүүлэхдээ Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг гээгдүүлсэн тул хүчингүйд тооцсон хэвлэлийн зар, бусад материалыг хавсаргасан байх бөгөөд уг албан бичигт тамга дарагдаагүй байна.

Улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаас Г.А хандан ХЭГ/2173 дугаар “Тамга шинээр хийлгэх зөвшөөрөл олгох тухай”  албан бичгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлэхдээ “...Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг шинээр хийлгэхээр зөвшөөрөв” гэсэн шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас  2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмнөх тамганы хяналтын дугаарыг хүчингүйд тооцон, 1116133459 гэх хяналтын дугаарыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахин олгосон гэдэг нь тогтоогджээ.

Мөн тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Б.Г 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагаар өмнө хэрэглэж байсан  хяналтын дугаарыг хүчингүй болгож, дахин тамга хийлгэх 1116133459 хяналтын дугаарыг олгосон бөгөөд өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмнөх тамгаа хураалгаагүй байх тул Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх тамгыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны дотор Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хураалгахыг шаардсан байна.

Нэхэмжлэгчээс “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлага, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 тоот тамга шинээр хийлгэх тухай зөвшөөрөл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх 1116133459 хяналтын дугаар олгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...2016-2019 оны хугацаанд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдэд олгосон бүрэн эрхийг хуулийн хүрээнд хэвийн хэрэгжүүлэн ажиллаж байхад захиргааны байгууллагын гаргасан дээрх албан шаардлага болон, тамга шинээр хийлгэх зөвшөөрөл, хяналтын дугаар шинээр олгосон шийдвэр нь тус Хурлын үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах нөхцөл, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон...” гэж тодорхойлжээ.

Дээрхээс дүгнэхэд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа учраас маргаан бүхий Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгосон үйлдэл, өмнөх тамганы дугаарыг хүчингүй болгож, дахин тамганы хяналтын дугаар олгосон хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр, өмнө ашиглагдаж байсан тамгыг хураалгахыг шаардсан улсын байцаагчийн шаардлага зэрэг нь нутгийн өөрөө удирдах байгууллагын өмнө ашиглагдаж байсан хуучин тамгыг хүчингүй болгож, хураан авах, шинээр тамга олгох ажиллагааг зохицуулж гаргасан үргэлжилсэн шинжтэй үр дагавар үүсгэсэн захиргааны актууд байх тул гуравдагч этгээдийн “... улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот албан шаардлагыг шүүх захиргааны акт гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1-д заасны дагуу захиргааны шийдвэрийг гүйцэтгэх хүрээнд уг албан шаардлага нэхэмжлэгчид хүргэгдсэн. Харин Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1-д заасны дагуу захиргааны актыг биелүүлэх ажиллагааны явцад үйлдэгдсэн баримт байх тул бие даасан акт биш” гэх гомдол үндэслэлгүй, маргаан бүхий улсын байцаагчийн шаардлагыг  захиргааны акт биш гэж шүүх дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д улсын бүртгэлийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, лавлагаа олгохоор, 9.2-т “Энэ хуулийн 9.1.8...-д заасан харилцааг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна” гэжээ.

Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/42 дугаар тушаалаар батлагдсан “Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”- д зааснаар тамгыг үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн, хуулийн этгээдийн оноосон нэр, хэлбэр өөрчилсөн тохиолдолд дахин олгохдоо тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг хураан авч өмнөх хяналтын дугаарыг хүчингүй болгох ёстой байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамга 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш одоо хүртэл үрэгдээгүй, гэмтээгүй, мөн оноосон нэр, хэлбэр өөрчлөгдөөгүй, харин тамгыг анхдугаар хуралдаанаас Хурлын даргаар сонгогдсон Ш.Г 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаас хойш Хурлаас гарсан бүхий л шийдвэрүүдэд дээрх тамга дарагдсан, уг тамгыг ашиглаж Хурлын өдөр тутмын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдаж байгаа болох нь тогтоогджээ.

Тиймээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамга дээрх байдлаар үрэгдээгүй байхад тамга тэмдэг хэнд байгаа нь мэдэгдэхгүй байх тул Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагааг хангуулах үүднээс гэсэн хууль болон журамд заагаагүй үндэслэлээр тамга тэмдгийг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож, улмаар тамганы хяналтын дугаарыг хүчингүй болгож, шинээр хяналтын дугаар олгосон хариуцагч байгууллагуудын үйл ажиллагаа болон хэвийн байгаа хуучин тамгыг хураалгах тухай шаардлага нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй талаар анхан шатны шүүх дэлгэрэнгүй дүгнэлт өгч маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр маргаан бүхий актуудыг гаргахын өмнө холбогдох захиргааны байгууллагаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох анх хуралдсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаас тамга шилжүүлэн авсан Хурлын дарга Ш.Г болон  Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас тамганы асуудал болон дахин тамга олгохтой холбоотой нөхцөл байдлын талаар тодруулж, тайлбар, санал гаргах боломж олгоогүй, түүнчлэн захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтуудыг зөрчсөн талаар болон нэхэмжлэгчийг  шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй талаар хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 01 дүгээр албан шаардлага, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тамга шинээр хийлгэх тухай зөвшөөрөл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх 1116133459 хяналтын дугаар олгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Гг, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нарын гомдолд дурьдсан үндэслэлээр хүчигүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.4, 54.1.5, 54.1.8 дахь заалтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрт баримтлах ёсгүй хуулийн заалтуудыг хасч, хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.