Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 08

 

 

Х.Гомбодагвад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                               Хэргийн индекс 132/2016/021/Э

 

             Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Х.Гомбодагва

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           М.Найдан, П.Ган-Очир

           Нарийн бичгийн дарга                             И.Буманбаяр нарыг оролцуулан

 

             Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолтой Х.Гомбодагвад холбогдох 201606000274 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг Хөрөө рамын 8-7 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  ГР70061113 регистрийн дугаартай. Хатанбаатар овогт Хишигсүрэнгийн Гомбодагва.

            Х.Гомбодагва нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Хөрөө рамын 8-7 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Л.Мягмарсүрэнг зодож амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

              Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор:

               Хатанбаатар овгийн Хишигсүрэнгийн Гомбодагвыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

               Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.т зааснаар шүүгдэгч Х.Гомбодагвыг 10 /арав/ жил, 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэж,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6.д зааснаар шүүгдэгч Х.Гомбодагвад оногдуулсан 10 /арав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2.т заасныг баримтлан шүүгдэгч Х.Гомбодагвын цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,  

             Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3.т зааснаар 17 настай Г.Хонгороогийн харгалзан дэмжигчээр түүний төрсөн эгч Г.Халиунааг тогтоон шийдвэрлэсэн байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдоо:

            Шүүгдэгч Х.Гомбодагва нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үйлдсэн хэргээ шударгаар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаас харамсаж гэмшсэн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйл  гомдол санал байхгүй гэж байгааг нь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах гэсэн зарчмыг баримтлан ялыг хөнгөрүүлж өгнө үү.

            Х.Гомбодагвын хувийн байдлыг харгалзан үзэж түүний хорих ял эдлэх дэглэмийг өөрчлөн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож анхан шатны шүүхийн ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор  Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Х.Гомбодагва нь 2016 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө архи ууж согтуурсан үедээ Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Хөрөө рамын 8-7 тоот өөрийн гэртээ эхнэр Л.Мягмарсүрэнтэй “архи уулаа” гэж хэрэлдэж маргалдан  улмаар түүнийг зодож алсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох:

-Гэрч Я.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...тэр өдөр  би 12 цаг өнгөрч байхад босож бие засчихаад довжоон дээрээ тамхи татаад сууж байтал  Батжаргал хар хурдаараа гүйж ирээд “утас чинь байна уу” гэхээр нь яасан гэсэн чинь “цаад Мягаа чинь өнгөрчихсөн юм шиг байна” гэж хэлэхээр нь  эхнэр бид хоёр босоод Гомбын гэрт нь ороход Гомбо том өрөөнийхөө орон дээр суучихсан Мягаа газар зассан орон дээрээ  аман дээгүүрээ хөнжил  нөмөрчихсөн, яг л унтаж байгаа хүн шиг байсан...,  Тэгээд цагдаа түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг, /х.хийн  41-р хуудас/,

Гэрч Н.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Гомбынд орсон чинь  Мягаа харахад унтаж байгаа хүн шиг дээшээ харсан эрүү хүзүү хүртэл нь хөнжлөөр хучаастай байсан...., Би тэгээд дөхөөд харсан чинь чихнээс нь цус гарчихсан, царай нь сонин болчихсон байхаар нь чи ийм болгочихоод түргэн дуудахгүй яасан юм бэ гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх.ийн 46-р хуудас/,

Гэрч А.Дашзэвэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... Гэрт нь ороход талийгаач цаашаа зурагт руугаа харсан байрлалтай хэвтээд “Гомбоо” ...гээд л орилоод байсан... Зурагтныхаа удирдлагыг барьчихсан хэвтэж байсан ... Гомбодагва наадах чинь ганцаараа уучихгүй юу, галаа ч түлээгүй  байна ..., гэж хэлж байсан...” гэсэн  мэдүүлэг, /хх.ийн  48- хуудас/,

Булган аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаартай :

 “...талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас нас барсан ...” гэсэн дүгнэлт /х.хийн 61-63-р хуудас/ болон хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтад шинжилгээ хийсэн 9658 дугаар дүгнэлт /хх 92-р хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан байна.  

Шүүгдэгч Х.Гомбодагвад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын гаргасан  “...Х.Гомбодагва гэм буруугаа ойлгож байгаа..., оногдуулсан  хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан хасаж өгнө  үү...”   гэсэн  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

 

           Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ё.БЯМБАЦЭРЭН

                                      

             ШҮҮГЧИД                                                                      Ц.ТУЯА        

     

                                                                                                          С.УРАНЧИМЭГ