Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 66

 

Н.*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00427 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.*******д хариуцагдах

“13.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Олонмөнх нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нар оролцов.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Олонмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие иргэн Г.*******д 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 42.279 юаны бараа зээлээр өгсөн бөгөөд тухайн үед ******* нь уг түүхий эдийг биднээс авч цааш нь борлуулчихаад бидэнд одоо болтол мөнгө өгөхгүй байгаа билээ. Миний бие *******гээс мөнгөө олон удаа нэхсэн боловч бага сагаар нь төлнө гэж хэлчихээд өгөхгүй байна. Би 2012 -2015 оны 8 дугаар cap хүртэл маш олон удаа ярьж уулзаж мөнгөө нэхэж байсан. Хамгийн сүүлд 2015 оны 8 дугаар сард Ханги-мандалын хил дээр уулзахад мөнгийг чинь хэсэг хувааж өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл ярихгүй алга болсон. Манай нөхөр Ганбат 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймагт очиж өөртөө нь уулзах гээд утсаар ярихад та 2-ын мөнгийг өгнө гэхдээ би зарим мөнгийг бусад хүмүүсээс авч чадаагүй гэсэн би чамд өгсөн юм чинь чи л өгөх ёстой би бусад хүнийг мэдэхгүй гэхэд тэр ч тийм л дээ гэж хэлсэн. Ингээд нүүр тулж уулзая гэхэд уулзахгүй утсаа авахгүй байсан тул хотруугаа буцаж хуулийн байгууллагад хандсан. *******д бид хаягдал түүхий эд болох 42.279 юаны бараа өгсөн бөгөөд ******* нь тухайн үед бараагаа зарчихсан мөртлөө мөнгийг маань одоо болтол өгөхгүй биднийг хохироож байна. Олон жил энэ хүнээс мөнгөө нэхэж зардал их гарч байна. Иймд 42.279 юань *310=13106490 төгрөг болж байгаа бөгөөд *******гээс 42.279 юань буюу 13.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Олонмөнх анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 06 дугаар сард Г.******* 42.000. юанийг төлнө гэж бичиг хийж өгсөн нь эх хувиараа хэрэгт байгаа. 2010 онд Ханги мандлын хил дээр танилцаад бараа өгч авалцаж байсан тухайгаа хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл барааны хувьд энэ хүн өөрөө бичгээ хийж өгсөн байдаг. 2012 оны хавар ирж уулзахад 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 42 мянган юанийг чинь төлнө гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Иймд энэ мөнгийг Г.*******гээс нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2010 оны 06 дугаар сард *******гээс БНХАУ-д худалдан борлуулж өгөөч гэсэн гуйлтаар 2 тонн зэсийг Улаанбаатар хотоос Өмнөговь аймагт хүлээн авсан. Дээрхи түүхий эд нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн байсан бөгөөд хүнээр дамжуулж хилээр гаргах гэсэн боловч барааны хагас нь хил дээр хураагдаж улсын орлогод орсон. Үлдсэн барааны үнийг нэхэмжлэгч Н.*******гийн дансаар шилжүүлсэн. Мөн иргэн Н.*******гийн нэхэмжилсэн 42.279 юань нь тухайн барааны БНХАУ-д борлогдох ханш бөгөөд 2010 оны юанийн ханш 310 төгрөг байгаагүй гэж үзэж байна. Иймд Н.*******гийн нэхэмжилсэн 13.000.000 төгрөгийн барааны нэр, төрөл, хэмжээ, үнэ зэргийг тодруулан зохих хууль хяналтын байгууллагаар шалгуулж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Г.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь бараа авсан зүйл байхгүй. 2012 онд уулзсан зүйл байхгүй. 2010 оны 06 дугаар сард явуулсан 2 тонн бараа, дараа нь бага сага бараа орох нь ороод хураагдах нь хураагдаад үгүй болсон бараа. Тухайн үед зуучлагч хийж байсан. Би гаргая оруулья гэсэн зүйл байгаагүй. Тухайн үед хамт байсан хүмүүсийн бага сага бараа хураагдсан. Ямар бараа байсан нь тодорхойгүй, барааны дүн юм уу барааны үнэ юм уу би ойлгохгүй байгаа. Юу нэхэмжлээд байгааг нь гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг 115 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зохигчид нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч тал нотлох баримт гаргаж өгөөгүй байдаг. Г.******* энэ зүйлийг бичсэн гэж үзэх үү. Миний үйлчлүүлэгч бичээгүй гэж хэлээд байхад бичсэн гэж тайлбарлаад байна. Үүнийг шинжлүүлж болох байсан. 2016 оны юанийн ханшийг гаргаж өгсөн байдаг. Энэ нь энэ нэхэмжлэлтэй холбогдолгүй юмаа. 2010 оны зун гэж хэлдэг. Мөн нэхэмжлэлийн шаардлага бодит байдлыг хэлж өгөхгүй байна. Үүнийг нотолж өгөхгүй байна. Мөн ямар хэмжээний ямар бараа нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Мөн цаг хугацааны хувьд 2010 оноос хойш Н.*******тэй уулзаагүй. Ганбаа гэдэг хүнтнй уулзсан байдаг. Ганбаа гэдэг хүн нь *******гийн нөхөр мөн юм уу үүнийг яаж нотлох юм бэ. Үүнээс үзэхэд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Н.******* Г.******* 2 ямар ажил хийгээд байгаа юм бэ. Монгол улсын хилээр хууль бус бараа гаргах нь хүчин төгөлдөр хэлцэл болно. Хориглосон бараа нь үнэлэгдэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийг хохирсон гэж үзэхгүй байна. За миний үйлчлүүлэгч төлсөн гэж маргаж байна. Яагаад гэвэл Н.*******гийн дансны хуулга гаргаж өгсөн байгаа. 47 мянган юанийг шилжүүлсэн байдаг. Хууль бус зүйл хийсэн ч тодорхой хэмжээний мөнгийг төлсөн байна. Хууль бус зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хаягдал зэсийг Г.******* дамжуулж өгч байсан тул миний үйлчлүүлэгчид хамааралгүй юм гэжээ.

      Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хариуцагч Г.*******гээс 4.653.652 төгрөг 5 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэгч Н.*******гийн илүү нэхэмжилсэн 8.346.347 төгрөг 5 мөнгөний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гээс 89.408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Нэхэмжпэгч ******* миний бие нөхөр Ганбатын хамтаар иргэн ******* /буюу бидний дууддаг нэр Данжаа/-тай 2010 онд анх манай нөхөр Ганбаттай танилцаж бид хаягдал түүхий эд төмөр зэс гууль гэх мэтийг борлуулахаар хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2010 онд эхний 2 удаагийн барааны мөнгө болох юанийг миний данс руу хийсэн бөгөөд түүний дараагийн барааны үнэ болох 42279 юань өгөх байсан боловч 2012 болтол өгөхгүй олон удаа нэхэж байсан бага багаар өгнө гэдэг ******* нь сүүлдээ сураггүй болохоор нөхөр бид 2 эрж сурж байгаад энэ хүний утсыг олж авч ярихад зарим барааны мөнгийг хүмүүсээс авч чадаагүй гэдэг байсан тул 2012 оны 4 дүгээр сард хавар би өөрийн биеэр Өмнөговь аймагт очиж *******тэй уулзаж одоо шүүхэд гаргаж өгсөн бичгийг ******* өөрөө гаргаараа бичиж өгсөн юм. ******* хүмүүсээс мөнгөө авч чадаагүй гээд байсан бөгөөд би тэр хүмүүсийг чинь танихгүй бид чамд өгсөн чамтай тооцоотой гэхэд тийм нь тийм л дээ гэж энэ бичиг дээрхи үг бүрийг ******* өөрөө бичсэн бөгөөд 22981 юань-г дээрхи хүмүүсээс авна 42279 юань өгөх нь үнэн гэж намайг харж байхад өөрөө бичсэн билээ. Анхан шатны шүүх хурал дээр ******* энэ бичиг би бичсэн гэхдээ дээд талын хүмүүсийн нэрийг би бичсэн доод хэсгийг бичээгүй гэдэг боловч уг цаасан дээрхи бичгийн хэв нэг хүний буюу *******гийн бичиг мөн юм. Энэ хүн миний нүдэн дээр бичсэн бичиг юм. Ингэж уулзсанаас хойш 2012-06-01 өнгөрч энэ хугацаанд олон удаа нэхэж утсаар залгахад сүүлдээ утсаа авахгүй байсан 2013, 2014 онд Ханги Мандлын хил дээр уулзахад өгнө гэхдээ чи дахиад түүхий эд өг түүнээс ашиг гаргаж төлнө гэж хүртэл хэлж байсан. Хамгийн сүүлд 2015 онд манай нөхөр Ганбаттай утсаар ярьж дээрхи зүйлийг хэлж байсан Энэ талаараа анхан шатны хурал дээр ******* нөхөр Ганбат нь 2015 онд ярьсан гэж хэлсэн нь тэмдэглэлд туссан. Олон янзаар яриад байгаа тул би өөрийн биеэр шүүх хуралд оролцож үнэн байдлыг хэлье гэж бодож байна. Гэтэл шүүх шийдвэрлэхдээ хариуцагч *******гээс бусдад шилжүүлэн өгсөн барааны үнэ 22981 юань 2010 оны 06 дугаар сарын юаний ханш 202.5 төгрөг байсан гээд нийт 4.653.652 төгрөгийг Зэнахүүгээс гаргуулан надад олгуулахаар болж үлдэгдэл 19.298 юаний барааг *******д өгсөн нь нотлогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. ******* нь нэг цаасан дээр бичиж өгсөн бичигт 42279 юань өгөх нь үнэн гээд Данжаа/*******/ 2012.06.01 өгнө гэсэн бичгээс харахад үлдэгдэл юанийг ******* өөрөө төлөх нь гарцаагүй байхад анхан шатны шүүх хэсэгчилэн хангаж шийдвэрлэсэн нэхэмжпэгч надад хохиролтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж миний нэхэмжплийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд нэхэмжлэгч ******* нь өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа тул эрхээр нь хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжпэгч нэхэмжлэлдээ нотлох баримт болгож гараар бичсэн баримтыг гарган өгсөн байдаг. Уг баримтыг би бичээгүй байхад намайг бичиж өгсөн мэтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлдэг. Тухайн бичгийг би бичээгүй, өөрсдөө хуурамчаар бичиг үйлдэж хэрэгт хавсарган өгснийг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Би өөрийн тухайн нэхэмжпэгчээс авсан барааны үнийг төлчихөөд, төлсөн талаархи баримтыг шүүхэд гаргаж өгөөд байхад шүүх намайг төлөөгүй мэтээр мөнгө гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх бусдын хууль бус үйлдлийн улмаас бий болсон хохиролыг тооцож үзээгүй, байж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.  

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг мөн шүүх анхаарч үзээгүй, надтай ******* 2010 оноос хойш огт уулзаагүй, надтай уулзах ч шаардлага байхгүй, яагаад гэвэл төлбөрөө бүрэн төлж барагдуулсан.

Хүнд өгсөн гэх хаягдал зэсийг ямар үнэ ханштай, хичнээн төгрөгөөр худалдан борлуулаад байгаа нь ойлгомжгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжпэлийг ханган шийдвэрлэсэн байгаа тул шүүгч та бүхэн анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.******* надаас 4653.652 төгрөг 5 мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчөөгүй боловч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс маргааны эрх зүйн үндэслэлийг буруу тодорхойлж, хууль буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой байна.  

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Г.*******гээс худалдсан хаягдал зэсний үнэ 42479 юань буюу 13000000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.******* нь хүлээн авсан эд хөрөнгийн үнийн зарим хэсгийг Н.*******гийн дансаар шилжүүлсэн, зарим хэсэг буюу 22981 юаний зэсийг бусдад хил гаргахаар дамжуулан өгснийг уг хүмүүс гааль дээр хураалгаж улсын орлого болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж маргажээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ямар тодорхой зорилгыг хамтран хэрэгжүүлсэн, хураамж, хувь, ашиг алдагдлыг хэрхэн хуваарилахаар тохирсон байх нөхцөл байдал нотлогдоогүй байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэл муутай байна. 

Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.******* нь хаягдал зэсийг нэг килограммыг 38 юаниар тооцож, үнийг дараа авах болзлоор Г.*******д шилжүүлснээр эд хөрөнгийн хувьд нэхэмжлэгчийн өмчлөх эрх дуусгавар болж, түүнд Г.*******гээс хаягдал зэсний үнийг шаардах эрх үүссэн зэрэг байдлаас тэдний хооронд  худалдах, худалдан авах хэлцэл амаар хийгдсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасан зохицуулалтад нийцнэ. Уг хэлцлийн хүсэл зоригийн илэрхийлэлээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээс үүдэлтэй маргааны харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймээс маргааныг шийдвэрлэхэд гаргасан хууль хэрэглээний алдааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, харин хариуцагч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар мэтгэлзэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгждэг тул нэхэмжлэгч Н.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн оронд томилон оролцуулж байсан итгэмжлэгдсэн этгээдээс татгалзаж өөрийн биеэр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож мэтгэлзсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл, бичмэл баримт зэрэг нь нотлох баримтыг тогтоох нотолгооны хэрэгсэл болно.

Тухайн маргааны хувьд нэхэмжлэлийн үндэслэлийн нотолгоо болгож нэхэмжлэгч талаас эх хувиар нь ирүүлсэн гар бичмэл баримтын талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн өөрөө бичсэн баримт гэж удаа дараа тайлбарлаж ирсэн бол анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн  “...он сарыг сайн мэдэхгүй байна. ...дээд талын жинг би бичсэн”, “...би бичээгүй,..”, “...харин би гайхаал байна...” гэсэн тайлбарууд тусгагдсанаас өөрөөр няцаасан баримт хэрэгт авагдаагүй, тэрээр  шүүхэд хүсэлт гаргаж шинжээч томилуулан гарын үсгийн хэв шинжлүүлж баримтыг няцаах зэргээр хуулиар олгосон эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй  байна. /хэргийн 2, 5 дугаар тал/

Хариуцагчаас анхан шатны шүүхэд   “2 тн зэсийг хүлээн авсан... дээрх түүхий эд нь ...”, “...хилээр гаргах гэсэн боловч барааны хагас нь хил дээр хураагдаж улсын орлогод орсон...Үлдсэн барааны үнийг *******гийн дансаар шилжүүлсэн” гэсэн тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “22000 юанийн барааг өөрийн гараар дамжуулан дэвтрийн цаасны дээд хэсэгт бичигдсэн хүмүүст шилжүүлэн өгсөн, тэр хүмүүст өгсөн барааны үнийг би төлөхгүй” гэсэн агуулга бүхий тайлбар, мэдээлэл шүүх хуралдааны тэмдэглэлд бэхжигдсэн байна.  /хэргийн 13, 2, 3 дугаар тал/

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.******* нь нэг кг хаягдал зэсийг 38 юаниар Г.*******д худалдсан гэсэн тайлбараа Г.*******гийн “тухайн үеийн ханш 38 юань...” гэж өөрөө бичсэн гэх баримтыг үндэслэснийг хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй ба “2 тн хаягдал зэс хүлээн авсан” гэж өөрөө  тайлбарласан байна. /хэргийн 13 дугаар тал/

Иймд дээрх нотолгооны хэрэгсэлээр тогтоогдсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх хуулийн шаардлагын дагуу “нэг килограммын үнэ 38 юань”,  хариуцагчийн “бусдаас авах 22981 юань” гэснийг хооронд нь нягталж үнэлбэл хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Н.*******гээс худалдан авсан хаягдал түүхий эд болох зэсний үнээс өөрөө бусдад шилжүүлсэн 604,5 кг хаягдал зэсний үнэ 22981 юанийг Н.*******д өгөөгүй гэх үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь худалдсан эд хөрөнгийн тоо, хэмжээг тодорхойлоогүй боловч хариуцагчийн тухайн үед хүлээн авсан хаягдал зэсний хэмжээг 2тн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй учир нэг килограмм нь 38 юаний үнэ бүхий  2 тн гэж хаягдал зэс байсан гэж үзвэл зохигчдын хоорондох худалдах худалдан авах гэрээний үнэ 76000 юань болохоор байхад  нэхэмжлэгчийн 2010 оны 6 дугаар сард худалдсан барааны нийт үнэ 42297 юань гэж нэхэмжилсэн шаардлагын хэмжээ эргэлзээтэй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг зохигчдын маргахгүй байгаа 22981 юаний хэмжээгээр тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан  шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.1-д эзэмшилд эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр хөрөнгө шилжүүлсэн гэж үзнэ гэж заасны дагуу Г.******* хаягдал зэсийг хүлээн авснаар Н.*******гийн өмчлөх эрх дуусгавар болж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх нь Г.*******д үүссэн.  Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн учраас Г.*******гийн өмчлөлийн зүйлээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн үйлдэл нь хууль ёсны эсэх нь маргаанд хамааралгүй байна.

Хаягдал зэс Г.*******д шилжсэн анхны хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч Г.******* нь зэсийг борлуулахад зуучилж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь Н.*******гийн улсын хилээр нэвтрүүлж борлуул гэсний дагуу хүлээн авсан гэж зөрүүтэй тайлбарласан. Хэрвээ хариуцагч Г.******* нь Н.*******гийн цуглуулсан хаягдал зэсийг борлуулж өгөх үүрэг хүлээсэн гэж үзвэл тэдний хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 406 дугаар зүйлд заасан хөрөнгө итгэмжлэх гэрээний харилцаанд үндэслэгдэж Г.*******г итгэмжилсэн хөрөнгийг захиран зарцуулахаар авсан үүргээ биелүүлээгүй гэж үзэх эрх зүйн үндэслэл бий болж, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн шаардах  эрх нь Иргэний хуулийн 406.4-т заасан хохирол нэхэмжлэх агуулгаар гарах байсан. Гэтэл Н.*******гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь гэрээний үүрэг зөрчсний хохирол биш, гэрээгээр өмчлөлд нь шилжүүлсэн хөрөнгийн үнийг шаардаж байгаа. Түүнчлэн хариуцагч Г.******* нь зуучилсан гэдгээ нотлоогүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан зохицуулалтын талаар дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийн 79.1, 79.7 –т заасан зохицуулалтыг эрх зүйн маргаанд хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ.

 Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь түүний шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоологдоно. Зохигчид 2010 оны 6 дугаар сард шилжүүлсэн барааны үнэ төлөгдөөгүй гэж маргаж байгаа тул гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх түүнд 2010 оны 6 сард нээгдэж, 2013 оны 6 дугаард сард дуусах байжээ.

 Иргэний хуулийн 79.1-т үүрэг хүлээсэн этгээд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. 79 дүгээр зүйлийн 79.7-т хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнөх хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан. Харин нэхэмжлэгч Н.******* нь Г.*******тэй Ханги Мандалын хил дээр тааралдаж мөнгөө нэхэхэд өгнө гэж байсан, 2012 оны 4 дүгээр сард Өмнөговь аймагт ирж уулзахад 2012 оны 6 дугаар сарын 01-ны дотор төлнө гэж өөрөө бичиж өгсөн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан ба хариуцагч Г.*******гийн “ноднин Гамбаатай утсаар ярьсан” гэсэн тайлбар 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд  тэмдэглэгдсэн байгаагаас Н.*******гийн худалдсан барааны үнэ төлөх шаардлагыг хариуцагч Г.******* нь 2012-2015 онд хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий үйлдлийг бичгээр болон утсаар ярихад илэрхийлж байсан нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 79.1, 79.7 –т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх ба цуглуулах, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан өөрийн татгалзал, тайлбараа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байна.

Иймд хариуцагч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Г.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Олонмөнх нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00427 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 90000 төгрөг, хариуцагчийн төлсөн 89500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ    

                                                                                    Н.НАСАНЖАРГАЛ