Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.*******тай 2011-2012 онд хамтран амьдарч 1 жилийн дараа салсан. Гэрлэлтээ батлуулаагүй байсан. 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүү ******* төрсөн. Одоо хүү 4 настай. Иймд хариуцагч Д.*******аас хүү *******д тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Бид эд хөрөнгийн маргаангүй болно.” гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: “Миний бие нэхэмжлэгч Н.*******ын шүүхэд гаргасан хүслтийг хүлээн авч танилцлаа. Миний хувьд 2010-2011 онд хамтран амьдарч байсан. 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүү ******* төрсөн. 2011 онд бид тусдаа амьдарч байсан, 2012 онд Н.******* төрчихөөд надтай уулзсан. Би хүүхдийг нь эрхлүүлж ирсэн. Миний бие хүү *******ийг өөрийн хүүхэд биш гэж үзэж байгаа тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна.” гэжээ.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн 178 тоот албан бичигт: “Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот захирамжаар Э.*******ий биологийн эцэг хариуцагч Д.******* мөн эсэхийг тогтоох шинжилгээ хийж 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлэхийг Шүүхийн шийнжилгээний албанд даалгасан. Гэтэл Э.*******, Д.******* нар нь өнөөг хүртэл шинжилгээний албанд ирж шинжилгээг хийж, дүгнэлтийг гаргах нөхцлийг хангаагүй тул шүүгчийн заасан хугацаанд шинжилгээг хийж, дүгнэлтийг гаргаж өгөх боломжгүй байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү С.*******ы төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “*******” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар, хүсэлт, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 88 тоот албан бичиг  зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулж 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Э.*******д хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Н.*******ын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжаар шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба эцэг тогтоох шинжилгээ хийх шинжээчээр Өмнөговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албыг томилсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1164 тоот шинжээчийн дүгнэлт гарч хариуцагч Д.******* нь хүү Э.*******ий биологийн эцэг байх боломжтой гэх дүгнэлт ирүүлжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Д.*******аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Э.*******д сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “*******” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүү Э.******* нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******ын төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд Өмнөговь аймагт 166,200 төгрөг ба түүний 50 хувь буюу 83,100 төгрөгийн тэтгэлгийг сар бүр төлөхөөр байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлөх бөгөөд хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 28,483 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Цагаан булагийн 1-20 оршин суух ******* овгийн Дагвийн ******* /РД:/-аас 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Э.*******д 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 28,209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас 28,483 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь Дундговь Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           А.ЭНХТӨР