| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2022/04585/И |
| Дугаар | 210/МА2025/01360 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01360
а
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох
Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь *******ХХК-д 2010 оноос эхэлж ажилласан бөгөөд худалдан авалт хариуцсан менежерээр ажиллаж байхад гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
2020 оны 03 дугаар сараас тус компанийн удирдлага, гүйцэтгэх удирдлага солигдож, БНХАУ-ын иргэн томилогдсоноос хойш ажил олгогчийн зүгээс гүйцэтгэх албан тушаал дээр ажиллаж буй монгол ажилчдыг халах, солих, сэлгэн ажиллуулах зэргээр нэг талын саналыг тулгаж, тулгасан ажлыг хийхгүй, хүлээн аваагүй тохиолдолд халах, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон. Миний ажиллаж байсан худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаалд өөр хүн томилон ажиллуулахын тулд хууль бус уг үйлдлээ хууль ёсны мэт харагдуулах зорилгоор компанийн бүтцэд өөрчлөлт оруулан худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаалыг үгүй болгож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар цуцалж буй мэт дүр эсгэн намайг ажилгүй болгож хохироосон. Учир нь бүтцийн өөрчлөлтөөр Худалдан авалтын хэлтсийг нэгтгэсэн Санхүү болон Засвар үйлчилгээний хэлтэст худалдан авалт хариуцсан менежерийн гүйцэтгэх чиг үүрэг нь харьяалагдан хадгалагдаж байна.
Иймд гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь *******уурхайн даргаар ажиллаж байгаад *******ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/59 дүгээр тушаалаар худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаалд томилогдсон.
*******ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр худалдан авалтын үйл ажиллагааг толгой компанид төвлөрүүлэх зорилгоор гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг тушаалын хүрээнд Худалдан авалтын хэлтэс татан буугдаж, Худалдан авалтын хэсэг болгон өөрчилж Засварын хэлтэст нэгтгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхтэй ба гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 дугаар тушаалаар тус компанид худалдан авалт хариуцсан менежер ажилтай *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-т заасны дагуу тэтгэмж олгосон. Түүнчлэн мэдэгдэл хүргүүлэхээс өмнө *******ад Засварын хэлтсийн менежер, Ерөнхий инженерийн орлогч, Худалдааны менежер зэрэг албан тушаалуудыг санал болгосон боловч удаа дараа татгалзсан хариу хүлээж авсан. Ажилтны эрхэлж буй ажил албан тушаалын шатлалтай нь дүйцэхүйц хэмжээний албан тушаал, цалин хөлсийг санал болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн боловч татгалзсан.
Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал хуульд нийсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг худалдан авалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,192,273 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч компанийн 2021, 2022 онд батлагдсан ажил, албан тушаалын жагсаалтыг харьцуулан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 дугаар тушаалын үндэслэл нотлогдож байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болоогүй. Тухайн ажлын байр компанийн бүтцээс хасагдсан эсэхийг дээрх хоёр ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан тушаалаас гадна шинээр бий болсон Худалдан авалтын хэсгийн ахлах ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар шинэчилсэн Худалдан авалтын журамтай бодитоор харьцуулсны үндсэн дээр шүүх нотлох баримтыг үнэлэх байжээ.
4.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан "ажлын байр хасагдсан" гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-т зааснаар тухайн хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр үгүй болсон байхыг ойлгоно. Худалдан авалтын менежер нь ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын зорилго нь Компанид шаардлагатай худалдан авалт хийх, бараа материал хянах, агуулахын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, түлшний гэрээлэгч байгууллагатай хамтран ажиллах, тээвэрлэлтийг хянах зэрэг үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлэн ажиллах гэж тодорхойлсон тул энэ чиг үүрэг *******ХХК-д байгаа эсэхэд шүүхээс дүгнэлт гаргаагүй. Шинээр бий болгосон Худалдан авалтын ахлах ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын зорилго нь тендерийн бодлого, журамд заасны дагуу тендер шалгаруулалтыг шуурхай зохион байгуулах, түлш нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагуудаас үнийн санал авах, тэдэнтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх гэсэн хасагдсан гэх ажлын байртай адил чиг үүрэгтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт Худалдан авалтын хэсгийн ахлах нь худалдан авалт шийдвэр гаргах эрхгүй, харин худалдан авалтын ажиллагааны зохион байгуулалтын ажлыг хийх чиг үүрэгтэй байна гэж дүгнэжээ. Гэтэл компанийн шинэчлэн баталсан Худалдан авалтын журмын 1.3-т Ерөнхий механикч нь компанийн хэмжээнд худалдан авалтын ажиллагааг удирдан зохион байгуулна. Засварын хэлтсийн менежер нь Худалдан авалтын хэсэг, захиалагч хэлтсийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана, 5.1-т Худалдан авалтын хэсэг нь бараа, ажил үйлчилгээний үнийн дүнгээс хамаарч дор дурдсан аргуудын аль нэгийг сонгох, худалдан авах ажиллагааг зохион байгуулна. 5.1.1-т "...шууд худалдан авалтын аргыг", 5.1.2-т "...харьцуулалтын аргыг", 5.1.3-т "... тендер сонгон шалгаруулалтын аргыг" хэрэглэх гэж тус тус тодорхойлсон нь *******ХХК-д хасагдсан гэх худалдан авалтын менежерийн ажлын байр бодитой байгаа нь тогтоогдож байна. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Худалдан авалтын хэлтсийг татан буулгах, ажил үйлчилгээг гэрээгээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх гэх үндэслэлийг үгүйсгэнэ.
4.3.Мөн хариуцагч *******ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06/212 дугаартай бичгээр худалдан авалт хариуцсан менежер *******ад 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Засварын хэлтсийн менежерийн ажил, албан тушаалыг санал болгож, орон тоо хасагдаж байгаа талаар мэдэгдсэн. Тухайн ажлын байрны саналыг нэхэмжлэгч хүлээн аваагүй нь учир дутагдалтай, хариуцагч компанийн санаачилгаар худалдан авалт хариуцсан менежерийн орон тоог хассан үндэслэлээр цуцалсныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт нийцүүлэн *******ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах менежер *******2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл хүргүүлсэн гэж тухайн баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Тухайн мэдэгдэлд дурдсан Засварын хэлтсийн менежер, Ерөнхий инженерийн орлогч, Худалдааны менежер гэх ажлын байр хариуцагч компанийн ажил, албан тушаалын жагсаалтад байгаагүй. Ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/233 дугаар тушаал нь өөрчлөгдөөгүй байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар адил чанарын өөр ажлын байрны санал гаргах нөхцөлд тухайн ажилтны ажлын байр хасагдсан эсхүл орон тоо нь цөөрсөн бодит нөхцөл байх ёстой. Харин хүний нөөцийн хэлтсийн ахлах менежер *******тай биечлэн уулзсан 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, мэдэгдэл хүргүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тушаал гараагүй, бодит бус саналыг нэхэмжлэгч хүлээн авах боломжгүй юм. Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаал гарсны дараа адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах санал гаргаагүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ. Харин ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өмнөх өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
4.4.Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заах боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтыг баримтлаад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Уг хэргийг өмнө нь давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлээд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 256,000,000 төгрөгийг хариуцагч компаниас нэхэмжилсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж бичүүлж авсан. Нэхэмжлэгч нь худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаалд томилуулах шаардлага гаргасан, худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гарсан бүтэц, орон тооны дагуу компанийн бүтцээс хасагдсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч албан тушаалуудыг өөрөөр тайлбарласан. Зөвхөн худалдан авалтын менежерийн албан тушаалд томилогдохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
5.2.Шүүх 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар батлагдсан бүтэц, орон тоо өөрчлөгдсөн жагсаалт, өмнө нь байсан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар батлагдсан албан тушаалын жагсаалттай харьцуулан дүгнэсэн. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч компанид худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаал байсан, чиг үүргийн хувьд шууд худалдан авалтыг хийдэг байсан. Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр худалдан авалтын үйл ажиллагааг толгой компанид төвлөрүүлэхээр болсон. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бүтэц, орон тоог *******ХХК-аас баталсан. Худалдан авалтын хэлтсийг татан буулгаж, худалдан авалтын хэсгийг байгуулсан. Худалдан авалтын хэсгийн ахлахын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд худалдан авалт хийдэггүй, зөвхөн тендер зохион байгуулах агуулгатай байна гэж шүүх зөв дүгнэсэн.
2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр харьяаллыг шилжүүлж корпорацийн худалдан авалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан *******нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдсон талаарх и-мэйлд үзлэг хийлгэсэн. Тухайн и-мэйл нь хариуцагч компанийн нийт удирдлагын хэмжээнд харагддаг. Хариуцагч компани нь худалдан авалтын захиалгын хуудсыг гаргуулсан, *******уг худалдан авалтын захиалгын хуудсанд гарын үсэг зурсан. *******нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байрлах *******ХХК толгой компанид байрладаг. Хувьцаа эзэмшигч нь *******ХХК болно. *******ХХК-ийн лавлагаа, бар кодыг гаргуулан орчуулж хэрэгт өгсөн. Худалдан авалтын үйл ажиллагааг Монгол Улсад явуулах боломжгүй болсон талаар нэхэмжлэгч мэдэж байгаа атлаа албан тушаалуудыг өөрөөр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
5.3.2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Худалдан авалтын үйл ажиллагааны журмыг үнэн зөв үнэлээгүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр буруу гарсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр журам хүчингүй болсон учраас и-мэйлд үзлэг хийлгэсэн. Толгой компани буюу *******ХХК-аас явуулсан и-мэйл байгаа. Компани шинэ бүтэц, зохион байгуулалттай уялдуулан дотоод хяналтын бодлого, журмыг боловсронгуй болгох зорилгоор санхүүгийн зөвшөөрлийн, худалдан авалтын, тендерийн бодлогуудыг тус тус шинэчлэн баталсан. Мөн журмын хавсралтад үзлэг хийлгэж, файлыг орчуулж өгсөн. Хүчингүй болсон журмыг үнэлэх ёстой байсан гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
5.4.Мөн 2022 оны 04 дүгээр сард тавьсан саналыг мушгин гуйвуулж тайлбарласан. Компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулахын тулд нэхэмжлэгчид ажлын санал тавьсан. Гэтэл бодит бус санал тавьсан гэж маргадаг. Мэргэжил, шаардлагын хувьд нэхэмжлэгч нь тухайн хэсэгт ажиллах боломжгүй болсон. Нэхэмжлэгч санал болгосон ажлын байрыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ажлын байрны бүтцэд тусгах шаардлагатай байсан. Корпорацийн худалдан авалтын дарга нь корпорацид ажилладаг учраас хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчид эвлэрэх санал тавих боломжгүй. Албан тушаалын бүтэц өөрчлөгдөхөөс өмнө талууд эвлэрэх боломжтой болохыг тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн. Тухайн мэдэгдлийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд гаргасан талаарх баримт хэрэгт авагдсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 82 дугаар зүйлийн 82.1.4, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан худалдан авалт хариуцсан менежер *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дор дурдсан үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.1.*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/233 дугаар тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтэц, ажил, албан тушаалын жагсаалтаас үзэхэд, Үйл ажиллагаа хариуцсан менежерийн удирдлагад Худалдан авалтын хэлтэс харьяалагдаж, тус хэлтэс нь худалдан авалт хариуцсан менежер 1, агуулах хариуцсан орлогч менежер 1, агуулахын супервайзер /УБ/ 1, агуулахын супервайзер /Овт/ 1, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн 2, худалдан авалт хариуцсан ажилтан 1, шатахуун ашиглалтын инженер 2, хангамжийн болон багажны нярав 3 гэсэн ажлын байруудтай байжээ.
Нэхэмжлэгч *******ыг худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаалд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс томилсон талаар хариуцагчийн тайлбарт дурдагдсан, мөн хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт тус тус авагдсан ба эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.
4.2.*******ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******компанийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр *******-ийн худалдан авалтын үйл ажиллагааг толгой компанид төвлөрүүлэхийг зөвлөж, компанийн Худалдан авалтын хэлтсийг татан буулгаж, түүний зарим чиг үүргийг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэст шилжүүлэх, *******-ийн засварын менежерийн эрхлэх асуудлын хүрээнд худалдан авалтын үлдсэн чиг үүргийг шилжүүлэх, худалдан авалтын менежерийн орон тоог компанийн бүтэц, зохион байгуулалтаас хасах, Ерөнхий механикч Корпорацын худалдан авалтын хэлтсийн даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэж, *******-ийн худалдан авалтыг хариуцан ажиллах, мөн компанийн гүйцэтгэх захиралд шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтыг батлах эрхийг олгож шийдвэрлэжээ.
4.3.Мөн компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтэц, ажил албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан ба уг бүтцээр Ерөнхий механикчийн удирдлага дор Засварын хэлтэс шинээр байгуулагдаж, тус хэлтэс нь Засварын хэсэг, Худалдан авалтын хэсгээс бүрдэж, Худалдан авалтын хэсэгт худалдан авалтын хэсгийн ахлах, агуулахын супервайзер /УБ/, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн 2, шатахуун ашиглалтын инженер 2 гэсэн орон тоо батлагдсан байна.
5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ түүний гүйцэтгэж байсан чиг үүрэг худалдан авалтын хэсгийн ахлахын ажлын байранд хадгалагдаж байгаа буюу түүний ажлын байр хасагдаагүй гэж тайлбарлажээ.
5.1.Хэрэгт авагдсан ажил олгогчийн дээрх шийдвэрүүдээс үзэхэд, тус компанийн худалдан авалтын үйл ажиллагааг толгой компанид төвлөрүүлэхтэй холбоотойгоор зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт хийгдсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Учир нь, худалдан авалтын үйл ажиллагааны харьяалал өөрчлөгдсөний зэрэгцээ Худалдан авалтын хэлтсийн өмнө гүйцэтгэж байсан агуулахтай холбоотой чиг үүргийг Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст шилжүүлж, худалдан авалтын үйл ажиллагааг шинээр байгуулсан Засварын хэлтэс дэх Худалдан авалтын хэсэгт шилжүүлсэн.
5.2.Мөн компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар Худалдан авалтын журмыг шинэчлэн баталсан байх ба уг журамд дээрх бүтцийн өөрчлөлтөд нийцүүлэн худалдан авалтад оролцох ажлын байруудын чиг үүргийг тодорхойлж тусгажээ. Тодруулбал, журмын 1.3 дахь хэсэгт зааснаар Ерөнхий механикч нь компанийн хэмжээнд худалдан авалтын ажиллагааг удирдан зохион байгуулж, Засварын хэлтсийн менежер нь Худалдан авалтын хэсэг болон захиалагч хэлтсүүдийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, гэрээний биелэлтийн явц, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байдалд хяналт тавьж ажиллах ба журмын 2 дахь хэсэгт Худалдан авалтын хэсэг, худалдан авалт хариуцсан удирдах албан тушаалтан, Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, агуулахын нярав тус бүрийн чиг үүргийг тодорхойлсон байна.
5.3.Нэхэмжлэгчийн ажиллаж байсан худалдан авалт хариуцсан менежерийн ажлын байр болон шинэ бүтцээр бий болгосон худалдан авалтын хэсгийн ахлахын ажлын байрны зорилго, чиг үүргийг хооронд нь харьцуулбал, менежерийн үндсэн чиг үүрэг болох үйл ажиллагаа (худалдан авалт хийх, бараа материал хянах, агуулах)-г үр дүнтэй удирдан зохион байгуулах чиг үүрэг ахлахын ажлын байранд шилжээгүй байна.
Дээр дурдсан баримтуудаар худалдан авалт хариуцсан менежерийн ажлын байранд гүйцэтгэж байсан чиг үүрэг худалдан авалтын хэсгийн ахлахын ажлын байранд хэвээр хадгалагдаж байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар тогтоогдоогүй байна.
6.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заасан ба хариуцагч *******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 дугаар тушаалаар худалдан авалт хариуцсан менежерийн ажлын байр хасагдсан үндэслэлээр *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь уг хуулийн зохицуулалтад нийцжээ.
7.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар түүнд урьдчилан мэдэгдсэн, тус мэдэгдэлд Худалдан авалтын хэлтсийг татан буулгах үндэслэл заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасанд нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
8.Үүнээс гадна хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчид 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, 06 дугаар сарын 30-ны өдөр тус тус Засварын хэлтсийн менежер, Ерөнхий инженерийн орлогч, Худалдааны менежер зэрэг ажлын байрууд санал болгосныг нэхэмжлэгч хүлээн аваагүй үйл баримт тогтоогдсон ба хэрэгт авагдсан гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/08 дугаар Зарим орон тоо нэмэх, шилжүүлэх тухай, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар Чиг үүрэг шилжүүлэх тухай тушаалуудаас үзэхэд, тухайн цаг хугацаанд зарим өөрчлөлт хийхээр төлөвлөж байсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА