Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 10

 

 

Ч.Чойжиндондогт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                   Хэргийн индекс 132/2017/0020/Э

 

      Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Ч.Чойжиндондог  

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           П.Ган-Очир

           Нарийн бичгийн дарга                             И.Буманбаяр нарыг оролцуулан

 

         Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолтой Ч.Чойжиндондогт холбогдох 201606000107 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Чойжиндондогийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Монгол улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Домын дэвсэгийн задгайд оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 250 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, АК60112217 регистрийн дугаартай, Гал овогт Чүлтэмжамцын Чойжиндондог.

          Шүүгдэгч Ч.Чойжиндондог нь 2015 оны 8 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутаг “Гурван мод” гэдэг газар оршин суух иргэн Ш.Дамбийжанцангийн амбаараас эд зүйл хулгайлж бусдад  3.520.000 /гурван сая таван зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.  

         Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор:

       Шүүгдэгч Гал овогт Чүлтэмжамцын Чойжиндондогийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Ч.Чойжиндондогоос 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

        Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Ч.Чойжиндондогт оногдуулсан 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

      Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д  зааснаар шүүгдэгч Ч.Чойжиндондогоос 3.520.000 /гурван сая таван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт оршин суух Жагд овогт Шагдарын Дамбийжанцан /РД:ГА51061572/-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

            Шүүгдэгч Ч.Чойжиндондог давж заалдах гомдолдоо: 

         “...Энэ хэрэг анхнаасаа зохиомол хэрэг юм. Эрүүгийн төлөөлөгч Нэргүйбаатар, мөрдөн байцаагч Энхтүвшин нар намайг эхнэр Д.Отгонсүрэн, хүү Ч.Наранбаатар нартай бүлэглэн хулгайлсан гэсэн. Энэ хэрэг гараагүй, хүү эхнэртэйгээ би цуг хулгайлаагүй. Тэгээд эхнэр хүү 2-ыг маань энэ хэрэгт холбогдолгүй гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Би ганцаараа үлдсэн. Би тухайн хэрэг гарах үед Нэгдсэн эмнэлэгийн сэтгэцийн тасагт хэвтэж эмчлүүлээд гараад байсан. Юун хулгай хийх байтугай биеэ яая гэж байсан үе юм. Ер нь ийм хулгайн хэрэг гараагүй бид ч энэ хэрэг гээчийг хийгээгүй болно. Хамгийн сүүлд арга буюу энэ хэрэг гээчийг хүчээр хүлээсэн болно. Би маш их гомдолтой байна. Бие муу байна. Хуулийн дагуу үнэн зөвийг нь олж өгнө үү. Хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно ... ” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор  Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  үндэслэлтэй тул  хэвээр үлдээх саналтай байна гэв.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдсан гомдолд дурьдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

     Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй байхад Ч.Чойжиндондогт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

      Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Чойжиндондог нь хэргийн үйл баримтын талаар удаа дараа зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд түүний сэтгэцийн байдлыг тогтоосон Шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн магадлагаагаар  “.. Ч.Чойжиндондог нь “.F07.8” өвчний учир  хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувьтай, сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг..., магадлуулагч Ч.Чойжиндондог нь F07.8 өвчтэй, одоогоор өвчин намжмал байдалтай байна..., ” гэсэн  атлаа “... тэрээр өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодож, ухамсарлан ойлгох чадвартай.., үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...,, хэрэг хариуцах чадвартай...,” гэсэн дүгнэлт гаргажээ.

          Үүнээс үзвэл  Ч.Чойжиндондог нь “...F07.8...”  гэдэг сэтгэл мэдрэлийн өвчтэй, энэ сэтгэцийн өвчний улмаас  70% ийн  хөдөлмөрийн чадвар алдалттай, өвчин нь зарим үед намжмал, зарим үед илэрдэг, өвчний улмаас байнгын сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг болох  нь тогтоогдож байна.

         Гэтэл хэрэгт  “F07.8 “  гэдэг өвчин нь ямар өвчин болох, намжмал байдалтай байх шалтгаан, мөн хурцадмал үе байдаг эсэх, ямар үед өвчин хурцадмал болох, өвчин нь хурцадмал байх үед хэрэг хариуцах чадвартай эсэх, гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2015 оны 8 дугаар сард өвчин нь ямар байсан..., хэрвээ тэр үед өвчин нь илэрсэн байсан бол хэрэг хариуцах чадвартай байсан эсэх зэргийг нарийвчлан тогтоогоогүй, түүнчлэн  сэтгэцийн өвчний 70%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүн яагаад хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гарсан нь тодорхой бус байна.

 

       Иймд дээрх нөхцөл байдлыг нарийвчлан тогтоож, энэ талаар дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах  зайлшгүй шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Мөн хэрэгт Ч.Чойжиндондогийн бусдад учруулсан хохиролын хэмжэээг “...эрх бүхий байгууллага 3.920.000 төгрөгөөр үнэлсэн байхад яллах дүгнэлтэд  ...3.520.000 төгрөгийн хохирол учруулсан... гэж,  яллах дүгнэлтийн хавсралтад  ...хохирлын мөнгө болох 3.920.000 төгрөг төлөгдөөгүй болно...” гэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар зөрүүтэй бичигдсэн  байна. / х.хийн 72., 142.,291., 145., 296.р хуудас /

         Энэ удаа давж заалдах шатны шүүх  шүүгдэгч Ч.Чойжиндондогийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.2.1, 325 дугаар зүйлийг зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                1. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Гал овогт Чүлтэмжамцын Чойжиндондогт холбогдох, 201606000107 дугаартай, 1 хавтас бүхий, эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Булган аймгийн Прокурорын газарт буцаасугай.

            2. Хэрэг  прокурорт очтол Ч.Чойжиндондогт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  3. Магадлалд  гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй эрхгүй болохыг  дурьдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ё.БЯМБАЦЭРЭН

                                      

         ШҮҮГЧИД                                                                               Ц.ТУЯА

     

                                                                                                          С.УРАНЧИМЭГ