Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00022

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж, шүүгч С.Цэрэнханд, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

Иргэдийн төлөөлөгч З.Эрхэмбаяр,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч Г.Сайнжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Х.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Одбаярт холбогдох 132/2017/0020/э индекстэй, 201506000306 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 47 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэн 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Боржигон овогт Хишигдаваагийн Одбаяр /РД:ГИ91111211/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Одбаяр нь Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг цохионы өвөр гэх газарт иргэн Г.Сайнжаргалыг араас нь чулуугаар цохиж унаган 0304 ОРХ улсын дугаартай машин болон 960000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Одбаярын өгсөн: Би Сайнжаргалтай анх 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр танилцсан. Тухайн үед би найз Мөнхтогтохтой уулзсан. Энэ үед Мөнхтогтох Сайнжаргалыг дуудсан юм. Үүний дараа би Мөнхтогтох, Сайнжаргал нарын хамт Аялгуу нэртэй бааранд орсон. Бид Аялгуу баарнаас гараад буудалд хоносон. Маргааш өглөө нь би гэр рүүгээ явсан. Энэ өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны орой  Мөнхтогтох над руу Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон руу гэр рүүгээ харихаар явах гэж байгаагаа хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой Сайнжаргал над руу залгаад Булган аймгийн Бугат сумын Цохионы өвөр гэх газраас адуу авна, хамт явчихаад ирье гэж хэлсэн. Ингээд бид 2016 оны 11 дүгээр сарын 31-ны орой уулзсан бөгөөд түүнтэй уулзахад пиво ууж байсан. Сайнжаргал пиво уусан байсан учраас би тээврийн хэрэгслийг нь жолоодож явсан. Бид явахаасаа өмнө дэлгүүрээс 4 ширхэг том хэмжээтэй пиво авсан. Эдгээр пивыг айлд зориулж авсан гэж хэлсэн. Бид явах замдаа авсан 4 ширхэг пивоо нэг, нэгээр нь уусан. Би Мөнхтогтохын нөхрийг таних бөгөөд Сайнжаргал, Мөнхтогтох нар эр, эмийн харилцаатай байсан. Би замд Сайнжаргалд Мөнхтогтох нөхөртэй учраас эм, эрийн харилцаагаа зогсоохыг шаардсан. Үүнээс болж бид маргалдсан. Бид авсан 4 ширхэг пивоо хувааж уусан. Бид Булган аймгийн Бугат сумын Цохионы өвөр гэх газраас наана байдаг овоон дээр зогссон. Бид маргалдаад би тээврийн хэрэгслээс буусан бөгөөд Сайнжаргал тээврийн хэрэгсэл засварладаг багажаар намайг цохьсон. Үүний дараа би газраас чулуу авахад Сайнжаргал намайг тэвэрч авсан. Энэ үед би чулуугаар Сайнжаргалын толгой руу нь цохьсон. Би түүнд Орхон аймаг руу орж байгаад маргааныхаа учрыг олъё гэж хэлсэн. Ингээд бид Булган аймгийн Бугат сумын Цохионы өвөр гэх газар руу очиж чадахгүй Орхон аймаг руу буцсан. Биднийг буцах замд морьтой хүмүүс тааралдсан. Тэр морьтой хүмүүс биднээс юу болсон талаар асуусан, харин бид маргалдсан талаараа хэлсэн. Би тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт ороход Сайнжаргал унтсан байсан. Би Сайнжаргалыг тээврийн хэрэгсэлд нь үлдээгээд тээврийн хэрэгсэлд байсан 960000 төгрөгийг нь авсан. Үүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Би түүнийг тээврийн хэрэгсэлд нь үлдээхэд гадаа гэгээтэй байсан гэх мэдүүлэг,

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сайнжаргалын өгсөн: Мөнхтогтох надаас 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөнгө авах байсан учраас би түүнд очиж өгсөн юм. Намайг очиход таньдагаас Мөнхтогтох байсан. Түүнээс Одбаярыг таньдаггүй байсан. Мөнхтогтох, Одбаяр нар Аялгуу нэртэй бааранд байж байсан бөгөөд би тэнд байж байгаад явсан. Тэр өдрөөс хойш Одбаяр над руу өдөр болгон мөнгөний хэрэг гарсан гээд байнга утсаар залгадаг байсан. Надад адуу зарах гээд байдаг байсан. 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би адуу нядалсан бөгөөд нядалсан адууг хүмүүс авах байсан юм. Би тухайн үед найз нарын хамт пиво ууж байсан. Энэ үед Одбаяр над руу залгасан. Би түүнд зарах адуугаа Орхон аймаг руу ойртуулахыг шаардсан. Харин Одбаяр адууг хүн хөтлөөд наашаа ирж байгаа, хоёулаа тосоод очъё гээд байсан. Би Одбаяртай уулзсан бөгөөд пиво уусан байсан учраас Одбаяраар тээврийн хэрэгслээ жолоодуулахаар жолоогоо шилжүүлсэн. Бид замд гарахаасаа өмнө пиво огт аваагүй, харин шүүгдэгч 4 ширхэг том хэмжээтэй пиво авсан гээд байна. Надад Булган аймгийн Бугат суманд таньдаг хүн байхгүй бөгөөд тэндээс мал авч  байгаагүй. Замдаа явж байхад Одбаяр даваа дээр гараад замаас гараад зогсъё гэж хэлээд зогссон. Би түүнд хулгайлсан адуу авахгүй шүү гэдгээ хэлсэн. Харин Одбаяр хулгайлсан адуу биш гэж хэлсэн. Бид тухайн үед маргалдаагүй, маргалдах шалтгаан ч гараагүй. Би Одбаярыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй учраас л тээврийн хэрэгслээ жолоодуулсан. Адуу ирэхгүй удаад байсан учраас бид адууг тосохоор даваанаас уруудсан боловч адуу мөн л ирээгүй. Үүний дараа бид буцаад даваан дээр гарч зогссон. Би даваан дээр гармагч тамхи татахаар буусан. Намайг бие засаж байхад Одбаяр ар талаас намайг цохьсон. Би яг чулуугаар цохьсон эсэхийг мэдээгүй. Би нэг сэрэхэд л гудамжинд хэвтэж байсан. Би босоод төв зам руу явсан, мөн дэлгүүр рүү орж тусламж дуудахаар утсаар ярих гэсэн боловч яриулаагүй. Би үүний дараа ахындаа очиж цагдаад мэдэгдэж, эмнэлгийн тусламж дуудсан. Би замд нэг ухаан орсон бөгөөд энэ үед миний нүүр рүү цохьсон, би дахиад ухаан алдсан. Намайг гудамжинд сэрэхэд тээврийн хэрэгсэл, гар утас, мөнгө зэрэг байхгүй байсан. Би мөнгийг цүнх дотор хийдэг юм. Би Орхон аймгийн цагдаагийн газарт очсон боловч энэ гэмт хэргийг Булган аймгийн нутаг дэвсгэр дээр болсон учраас Булган аймгийн цагдаагийн газар хариуцана гэж хэлсэн. Ингээд гэмт хэргийг Булган аймгийн цагдаагийн газар руу шилжүүлсэн. Намайг Булган аймгийн цагдаагийн газраас дуудсан бөгөөд тээврийн хэрэгслийг олсон, ерөөсөө онгойлгоогүй байгаа шүү гэж хэлсэн. Би цагдаа нартай хамт тээврийн хэрэгсэл дээр очсон бөгөөд тээврийн хэрэгсэл рүүгээ ороход хар өнгийн хэтэвч дээр тээврийн хэрэгслийн түлхүүрийг тавьсан байсан. Мөн намайг цохьсон гэх чулуу цус болсон байдалтай тээврийн хэрэгсэл дотор байсан. Тээврийн хэрэгслийн ар талын суудал их цус болсон байсан. Миний мөнгө байхгүй байсан. Харин гар утас байсан. Би хохирол төлбөрөө барагдуулуулах хүсэлтэй байна. Би дээрэмдүүлсэн гэх 960000 төгрөгөө нэхэмжилж байна. Үүн дээр эмчилгээний төлбөрийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээгээр нэхэмжилж байна. Би тухайн үйл явдлаас хойш их мартаж, санадаг болсон. Эм, тариа авсан талаарх баримтыг авах гэсэн боловч боломж гарсангүй. Би Мөнхтогтох, Одбаяр нартай хамт буудалд хоноогүй, мөн Одбаярыг хазаагүй. Миний дээд талын үүдэн шүднүүд хиймэл учраас бусдыг хазах чадвар байхгүй. Мөн миний нэг талын гар мэдээгүй учраас бусадтай зодолдох чадвар байхгүй гэх мэдүүлэг,

201506000306 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч Х.Одбаярын сэжигтнээр өгсөн: 2015 оны 10 сарын 29-ний өдөр Орхон аймгийн 5 микрийн урд талд байрлах Аялгуу гэх бааранд манай найз Бороогийн эхнэр Тогтохоо гэх хүүхэн намайг дуудсан юм. Очиход Тогтохоо Сайнжаргал гэх мал, мах авдаг ченж залуутай хамт пиво уугаад сууж байсан. Би бааранд ороод Сайнжаргал гэх залуутай танилцаад пиво ууж байгаад орой 00 цагийн үед Сайнжаргал, Тогтохоо бид 3 уг баарнаас гараад Ундрам гэх нэртэй буудалд орсон. Буудалд ороод Сайнжаргал, Тогтохоо бид гурав 0.75 литрийн Сархад нэртэй архи уусан. Архиа ууж дуусаад бид 3 унтахаар болоод Сайнжаргал, Тогтохоо 2 хамт нэг оронд унтаад би хажуу талын орон дээр нь унтсан. Өглөө босоод би гэрлүүгээ явсан. Тэр өдрийн 16 цагийн үед Сайнжаргал над руу утсаар залгаад соёлын ордны урд талд хүрээд ир гэж хэлсэн. Яваад очиход Сайнжаргал, Тогтохоо 2 хамт зогсож байсан. Сайнжаргал намайг хоёулаа маргааш өглөө Бугат сумын Цохионы өвөр гэх газраас адуу аваад ирэе, би өнөөдөр орой архи ууна маргааш архи гарахгүй байж магадгүй, чи машин бариад яваад өгөөч гэсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн үед Сайнжаргал над руу утсаар залгаад би автобусны буудал дээр байна хүрээд ир гэж хэлсэн. Яваад очиход Сайнжаргал давхар кабинтай, хөх өнгийн Портер маркийн машинтай зогсож байсан. Намайг машинд нь ороход Сайнжаргал 2.5 литрийн Боргио нэртэй пиво барчихсан сууж байсан. Тэгээд намайг машин бариад яв гээд би машиныг нь бариад Бугат сумын чиглэлд хөдөлсөн. Замаараа Хөвсгөл 2 гэх нэртэй дэлгүүрлүү Г.Сайнжаргал орж 4 ширхэг 2.5 литрийн Боргио нэртэй пиво авсан. Орхон аймгаас гараад бид 2 авсан пивонуудаа ууж явсаар байгаад нэг даваан дээр гарахад 1 пиво үлдсэн байсан. Тухайн үед Сайнжаргал бид 2 хоёулаа согтсон байсан ба үлдсэн 1 пивоо машин дотор хувааж ууж байхдаа би Сайнжаргалд хандаж Тогтохоо чинь миний найзын эхнэр байгаа юм, чи битгий гэр бүл үймүүлээд бай гэж хэлсэн. Тэгэхэд Сайнжаргал чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би надад маш их хамаатай яагаад гэхээр миний найзын эхнэр учраас гэж хэлэхэд, Сайнжаргал намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаад авсан. Тэгээд би гараад учраа олоё гэхэд за тэгэе гээд бид 2 машинаас гарсан. Машинаас гараад би машины урдуур тойроод очиход Сайнжаргал дугуйны дорцов бариад гараад ирсэн байсан. Тэгсэн Сайнжаргал намайг дугуйны дорцовоороо цохихоор нь хойшоо бултаад машины ард ороод байж байхад чамайг алнаа гээд араас маань хөөгөөд дугуйны дорцовоо шидсэн боловч намайг оноогүй. Тэгээд би машины бөгсний ард хэсгээс газраас бөөрөнхий чулуу аваад Сайнжаргалын урдаас гүйж очоод гартаа байсан чулуугаар толгойн ард хэсэг рүү нь 2 удаа цохьсон. Тэгэхэд Сайнжаргал намайг тэвэрч аваад миний дээрээс унасан, унаад миний зүүн гарын булчин дээрээс хазсан юм. Тэгээд би Сайнжаргалыг өөрөөсөө салгахад Сайнжаргалын толгой нь хагараад толгойных нь ард хэсгээс цус гарч байхаар нь одоо болъё хоёулаа Орхон аймаг орж байгаад учраа олноо гэж хэлээд бид 2 машиндаа суугаад би Сайнжаргалын толгойг цамцаар дараад ард талын суудалд суулгаад машиныг нь би бариад Орхон аймаг руу явсан. Явж байх замд Сайнжаргал намайг хажуугаас маань гэнэт цохьсон, тэгэхээр нь цааш нь түлхээд суулгасан. Тэгээд Орхон аймаг руу ороод Их залуу багийн 30-р гудамны ойролцоо машиныг нь унтраагаад эргээд суудал руугаа харсан чинь Сайнжаргал тасарсан бололтой унтаж байсан. Тухайн үед би өөрөө нэлээн согтсон байсан ба машинаас буухдаа Сайнжаргалын цүнхэнд байсан 960000 мянган төгрөгийг аваад Орхон аймгийн төвд буудалд ганцаараа хоносон. Тэгээд өглөө босоод Од-Очир гэх хамаатныаа залууг дуудаад ирэхээр нь би хүн зодоод асуудалд ороод явж байна гэдгээ хэлээд Орхон аймгийн Өндөрлөг гэх газарт гарч 1 шил 0.5 литрийн Сархад нэртэй архи ганцаараа уусан. Тухайн үед Од-Очир орой машинаа тавьчихаад хамт ууя гэж ярьж байсан. Тэгээд Орхон аймгийн төв рүү ороод Од-Очир бид 2 пабд сууж пиво уусан. Тэгээд гараад Од-Очирын машин дээр очоод машиныг нь асаагаад Од-Очир өөрөө унаад Барилгачины талбай руу хөдөлсөн. Тэгээд замд бууж бие зассан. Нэг мэдсэн би ганцаараа машин бариад явж байсан. Од-Очирыг хаана үлдсэнийг  мэдээгүй. Тэгээд цаашаа явж байгаад шон мөргөөд аваар хийсэн байсан. Тэрнээс цааш хөдлөөд явж байхад машины дугуй хагараад явахаа больсон. Тэгэхээр нь машинаа хаяад жалганд 3 цаг унтаж сэргээд Улаанбаатар хот руу зугтсан гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Сайнжаргалын өгсөн: ...Намуун гэх нэртэй кафед танилцсан Одко гэх нэртэй залуу  над руу залгаад надад мөнгөний хэрэг гараад байна, адуу зарах гэсэн юм гэхэд би 40-50 минутын дараа яваад очье гэсэн. Намайг очиход захиргааны урд талын сандал дээр Одко, Тогтох, түүний дүү гурав сууж байсан. Би очоод гурвуулаа явье гэтэл Одко: би явахаа болилоо гээд яваад өгсөн. Утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Хэсэг хугацааны дараа Одко залгаж манай найз охин байрнаасаа хөөгдөх гээд би нүүлгэж өгч байна гэсэн. Тэгээд би 16 цагийн үед Одкогын утас руу залгаад яасан бэ, нөгөө адуу чинь хаана байна гэхэд адуунуудыг наашаа хөтлөөд явж байна гэнээ, хоёулаа урдаас нь тосоод авчихья гэхэд нь тэгье гээд 4 дүгээр микрогийн 4-14-ийн хажууд уулзсан. Би тухайн үед жаахан пиво уусан байсан учраас тэр залууд машинаа бариулаад бид 2 Булган аймгийн Бугат сумын нутаг Мааньт руу давдаг давааны дээр очоод замаас гараад зогссон. Тэнд очиход Одко нөгөө хүнтэйгээ хаана явна гээд л утсаар яриад байсан. Би даваан дээр очоод  машин дотор байсан тал савтай пивоо ганцаараа уусан. Машинаасаа буугаад шээх гээд зогсож байхад намайг араас минь тэр залуу чулуугаар л цохих шиг болсон.  Би цохиулаад ухаан алдсан юм. Нэг сэрэхэд би машиныхаа арын зааланд хэвтэж байсан. Тэгтэл нөгөө залуу дахиад миний дух руу чулуугаар цохисон. Тэгээд тэрнээс хойш санахгүй байж байгаад нэг мэдсэн гадаа гудамжинд хэвтэж байсан  юм.  Би тэр залууг урьд өмнө харж байгаагүй. Надад өөрийгөө Одко буюу Одбаяр гэдэг гэж хэлж байсан. Надад 3 адуу 1000000 төгрөгөөр зарна гэж байсан. Уг адуунуудаа Бугат сумын морь барианы ойролцоогоос авна гэж хэлсэн. Одбаяр гээд залуу бид хоёр хоёулахнаа явсан. Ухаангүй болсон хойно маань цохисон үгүйг би мэдэхгүй. Ямар ч байсан чулуугаар миний дагз, дух руу цохисон. ..Миний машин болон машин дотор байсан бэлэн 960000 төгрөг алга болсон байсан. Өөр ямар   нэгэн   зүйл   алга   болоогүй. Би гомдолтой байна. Алдсан мөнгөө болон эмчилгээний зардлаа  нэхэмжилж байна. Би  өөрийнхөө  машиныг хэрэг болсоны маргааш нь буцаагаад хүлээж авсан ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. ..Тогтохоо буюу Мөнхтогтох, Х.Одбаяр бид 3 хамт буудалд хонож байсан асуудал байхгүй. Тогтохоо буюу   Мөнхтогтох   бид   хоёрын   хооронд   эр   эмийн   харилцаа   байхгүй. Х.Одбаяр бид хоёр тухайн хэрэг гардаг өдөр Мааньт руу давдаг даваан дээр хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Би Х.Одбаярыг зодож цохисон асуудал байхгүй. Тухайн үед Х.Одбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би харин жаахан халамцуу байсан гэх мэдүүлэг /хх-н 83-84, 169/

     Гэрч Г.Нандин-Эрдэнийн өгсөн:  2015 оны 10 дугаар сарын 31-ний орой манай том ах Саруул над руу утсаар залгаад Сайнжаргал намайг хүн алах гээд байна гээд толгой, тархи нь цус болчихсон ороод ирлээ, нүүр нь мөн хавдсан байна одоо эмнэлэг орлоо гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд Саруул ахыг ярихаар нь би эмнэлэг дээр яваад очсон. Намайг очиход Сайнжаргал ах эмнэлгийн хүлээн авах дээр ухаан санаа нь орж гарсан, зовиуртай толгой нь ардаа болон урдаа хагарсан нүүрнийх нь нэг талын шанаа нь хавдсан, хацар хөхөрч хавдсан байдалтай орон дээр хэвтэж байсан. Тухайн үед өвчин намдаах тариа хийлгээд дух хэсэгтээ оёдол тавиулсан байсан. Саруул ах бид хоёр, цаг гаран харж байгаад эмчээс нь асуугаад гэрт нь авчирсан. Эмч нь маргааш томографт харуулаарай гээд өвчин намдаах тариа бичиж өгөөд явуулсан. Манай ах 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байсан. Яг хэдэн цагийн үед гарсан гэдгийг мэдэхгүй байна. Энэ өдөр гэрээсээ гарахдаа нэг хүн хэдэн өдөр адуу үзүүлнэ гээд яриад байна, хөдөө явж адуу үзээд ирье гээд машинтайгаа гараад явсан. Одко гээд залуу хэдэн өдөр адуу өгье гээд яриад байсан. Тэгээд утсаар ярьж байгаад 4 дүгээр микрын голд нь уулзаад шууд адуу үзэх газар руугаа морь барианы тийшээ хамт явсан. Тэгсэн нэг газарт очиж зогсоод байж байхад уулын цаанаас адуу гарч ирнэ хоёулаа хүлээгээд байж байя гэж тэр Одко гэдэг залуу ахад хэлсэн гэсэн. Манай ах тухайн үед машинаасаа буугаад бие засах гэж байхад нь араас нь нэг хатуу хүнд юмаар цохисон. Тэгээд ухаан алдаад унасан. Юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд нүх шиг юман дотор байсан. Толгой руу чулуугаар цохиод алсан ч яадгийн гээд байсан гэж хэлж байсан. Манай ах надад хэлэхдээ тэр Одко гэдэг залуутай өмнө нь уулзаж байгаагүй, танихгүй хүн гэж байсан гэх мэдүүлэг /хх-н 86-87-р хуудас/

Гэрч Г.Саруулын өгсөн:  2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр намайг гэртээ байж байхад миний төрсөн дүү Г.Сайнжаргал манай гэрт дагзандаа маш том овойж хавдсан, нүүр ам хувцас шанаа, эрүү хэсэг нь цус болж хавдсан ганцаараа орж ирсэн. Юм ярьж чадахгүй ээрээд байсан. Би дүүгээ аваад Орхон аймгийн Цагдаагийн газарт очсон чинь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүл гэсэн. Тэгээд эмнэлэг орж үзүүлсэн. Тухайн үед эмч нь үзчихээд рентгэн зураг авахуул гэж байсан. Мөн өвчин намдаах тариа эм өгсөн. Эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байгаад гэрт нь хүргэж өгөөд би гэртээ харьсан. Эмнэлэг дээр байж байхад цагдаа нар ирсэн. Надад хэлэхдээ хүн адуу зарна гэж хэлсэн. Тэгээд толгой дээр зогсож байхад надад адуу зарах гэж байсан залуу намайг машинаасаа гараад бие засах гэж байхад араас маань цохьж унагаагаад нүхэн дотор оруулаад цохиж зодсон гэж хэлсэн. Тухайн үед би яараад сайн асууж чадаагүй. Эмнэлэг рүү л яараад явсан юм. Надад хэнд зодуулсан болон хэнээс адуу худалдаж авах гэж байгаа талаараа надад юм хэлээгүй. Надад хэлэхдээ машинаа болон бэлэн мөнгөө дээрэмдүүлсэн гэж хэлж байсан. Манай дүү 03-04 ОРХ улсын дугаартай портер загварын машинтай гэх мэдүүлэг/хх-н 88-89-р хуудас/

Гэрч Л.Од-Очирын өгсөн: Би Х.Одбаяртай хамгийн сүүлд Орхон аймагт 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уулзсан. Тэр өдөр Х.Одбаяр над руу утсаар залгаад хаана байна, би Эрдэнэт буудалд байна, чи хүрээд ир гэж хэлсэн. Намайг яваад очиход Х.Одбаяр буудалд өрөө авсан ганцаараа баахан архи, пиво авчихсан байсан юм. Тэгээд Х.Одбаяр бид 2 хамт архи, пиво ууж байгаад хоёулаа буудалд унтаад өгсөн. Тухайн үед бид хоёр 1 шил 0,5 литрийн архи, лаазтай пиво уусан юм. Маргааш өглөө нь би үүрээр буудлаас гараад гэртээ харьсан. Х.Одбаяр буудалд унтаад үлдсэн. Намайг гэрт байж байхад өдөр 11-12 цагийн үед Х.Одбаяр өөрийн 99314126 тоот дугаараас залгаад хаана байна уулзья гэж хэлсэн. Би тухайн үед Баасанням гээд өөр танилын 44-47 ОРО улсын дугаартай Соната 6 загварын машиныг гуйж аваад 2-3 хоног унаж байсан. Тэгээд би уг машинтайгаа Х.Одбаяр дээр очиж машинаа 1 дүгээр микрийн машины зогсоол дээр орхиод Х.Одбаяр бид хоёр 5 дугаар микрийн ард талын овоон дээр гарч 2,5 литрийн савалгаатай 3 пиво уусан. Би тухайн үед пиво уугаад тасраад унтсан байсан. Би сэрээд машины түлхүүрээ халаасандаа хайсан боловч машины түлхүүр байгаагүй. Тэгэхээр нь Х.Одбаярыг машиныг маань гэрт аваачаад тавьсан байх гэж бодоод такси бариад очтол гэрт машин байхгүй байсан. Тэгээд гэрт байж байгаад эхнэрийн эгчтэй маргалдсан чинь намайг цагдаа дуудаад өгсөн. Тэгээд би эрүүлжүүлэх байрнаас гарсан чинь манай найз Орхон аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа Батхуяг чиний унаад байдаг машин өчигдөр шөнө вокзал дээр гэрлийн шон мөргөөд жолооч нь зугтаасан гэж хэлсэн. Тэгээд л би Х.Одбаяр намайг тасраад унахаар машины түлхүүр халааснаас аваад машин унаад явсан гэдгийг мэдсэн. Х.Одбаяр анх надтай уулзахдаа их мөнгөтэй байсан. Намайг ууж идэхээ хангалттай ав гээд л байсан. Тэгээд анх уулзаад ууж байхдаа Х.Одбаяр би өөрийн найз охин Цээгий буюу Цэрэндуламд 500000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Ямар учиртай мөнгө байсан гэдгийг би мэдэхгүй надад хэлэхдээ цалингаа авсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-н 94-95-р хуудас

Гэрч З.Мөнхтогтохын өгсөн: Би Г.Сайнжаргал, Х.Одбаяр нарыг танина. Г.Сайнжаргалыг манайхаар ирж мал авдаг, өөрийнх нь мал нь манай хадам аавынд байдаг юм. Тийм учраас 2010 оноос хойш танина. Харин Х.Одбаяртай 2014 онд хөдөөний замд явж байгаад машин шаварт суучихаад машиныг маань гаргаж өгөөд танилцаж байсан юм. Г.Сайнжаргал, Х.Одбаяр нартай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Он, сарыг нь сайн санахгүй байна. Манай аавынх Г.Сайнжаргалд үхэр зарсан юм. Тэгээд би Г.Сайнжаргалаас үхэр зарсан мөнгөө авах гээд Орхон аймаг руу орсон юм. Орхон аймаг руу ороод урт цагаанд явж байгаад Х.Одбаяртай таарч мэндэлсэн. Тухайн үед би утасгүй явж байсан учраас Х.Одбаярын утсаар Г.Сайнжаргал руу залгаад Чандмань зоогийн газрын гадна Г.Сайнжаргалтай уулзаад үхэр зарсан мөнгөө авсан. Намайг Сайнжаргалаас мөнгө авч байхад Одбаяр бидний хажууд байсан. Энэ хүн юун хүн юм бэ? гэж Сайнжаргалыг надаас асуухаар нь махны ченж, би мал зарсан мөнгөө авсан юм гэж хэлсэн. Тэгээд л би шууд гэрлүүгээ явсан. Намайг мөнгөө аваад таксинд суугаад хөдлөхөд Г.Сайнжаргал, Х.Одбаяр нар хамт үлдсэн. Би Г.Сайнжаргалд Х.Одбаяр нартай хамт бааранд орж буудалд орсон асуудал байхгүй. Би тухайн үед 3 сартай жирэмсэн байсан юм. Г.Сайнжаргал бид хоёрын хооронд ямар нэгэн эр, эмийн харьцаа байхгүи. Би Г.Сайнжаргалтай бэлгийн харьцаанд орж байгаагүй гэх мэдүүлэг /хх-н 99-100, 204-р хуудас/

Гэрч Б.Хишигдаваагийн өгсөн: Би хүүгээ дээрмийн хэрэгт холбогдсон талаар мэдсэн. Манай хүү Х.Одбаяр надад хэлэхдээ аав би хүн цохьсон, мөнгийг нь дээрэмдсэн одоо би шоронд явах байх гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагаас манай хүүг эрэн сурвалжилж байсан гэдгийг би мэдсэн гэх мэдүүлэг /хх-н 170-р хуудас/ ,

Х.Одбаярын яллагдагчаар өгсөн: ...хоорондоо муудалцаад л Сайнжаргалыг зодсон. Тэгээд би явахдаа мөнгө байгаа гэдгийг нь мэдэж байсан учраас мөнгийг нь аваад явсан юм. Би тухайн үед Сайнжаргал гэх хүний толгойн ард хэсэгт чулуугаар хоёр удаа цохьсон. Би Сайнжаргал гэх хүнээс дээрэмдсэн мөнгөө өөрөө хэрэглээд дуусгасан. Хэн нэгэнд мөнгө төгрөг өгөөгүй. Намайг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгааг мэдсэн. Тухайн үед би айгаад цагдаагийн байгууллагад ирээгүй юм. ..Бугат сум руу Сайнжаргал бид хоёр хоёулахнаа явсан. ..Тийм асуудал байхгүй би өөрөө сайн дураараа хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байна. Мөнгийг нь авсан үйлдлээ хүлээн зевшөөрч байна гэх мэдүүлэг /хх-н 195-196, 198/

2015 оны 11 сарын 02-ны өдрийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 322 тоот Сайнжаргалын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зулайн хуйх, дух баруун жавжны дотор салстын язарсан шарх, дагз баруун чих, баруун шанаа, баруун хацар, хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 102-р хуудас/,

-эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, хохирогч Г.Сайнжаргалын өгсөн мэдүүлэг /хх 12-15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-25/, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх 26, 27/, зургаар хүн таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 28-30/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31-37/, Г.Сайнжаргалын хохирогчоор байцаасан тэмдэглэл /хх86/, чулуунд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 155/, эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх 160-165/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 169, 170/, сэжигтнийг баривчилсан тогтоол /хх 173/, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх 177 тал/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 179 181/, яллагдагчаар татах тогтоол /хх 182/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 183-184/,   Х.Одбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 118 тал/,  Х.Одбаярт холбогдох шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 122-123 тал/, хохирогч Г.Сайнжаргалаас эд зүйл нэхэмжилсэн баримт /хх 129-131/  зэргийг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Х.Одбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3 адуу ирж  байгаа, тосоод авчихъя гэж Г.Сайнжаргалд итгүүлэн түүний эзэмшлийн 0304 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслтэй явж хүний хөлөөс зайдуу Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг Цохионы өвөр гэх газарт очиж  Г.Сайнжаргалыг чулуугаар цохиж унаган ухаан алдахад нь 960000 төгрөгийг дээрэмдээд  түүнийг машины хамт  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 40-9 тоот гудамжинд орхиж явсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.

Энэ үйл баримт нь хохирогч Г.Сайнжаргалын өгсөн  ... Машинаасаа буугаад шээх гээд зогсож байхад намайг араас минь тэр залуу чулуугаар л цохих шиг болсон.  Би цохиулаад ухаан алдсан юм. Нэг сэрэхэд би машиныхаа арын зааланд хэвтэж байсан. Тэгтэл нөгөө залуу дахиад миний дух руу чулуугаар цохисон. Тэгээд тэрнээс хойш санахгүй байж байгаад нэг мэдсэн гадаа гудманд хэвтэж байсан, ... ..Миний машин болон машин дотор байсан бэлэн 960000 төгрөг алга болсон байсан.   Хэрэг болсны маргааш өдөр нь машинаа бүрэн хүлээн авсан .Алдсан мөнгөө болон эмчилгээний зардлаа  нэхэмжилнэ гэх мэдүүлэг, гэрч Г.Саруулын өгсөн 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр намайг гэртээ байж байхад миний төрсөн дүү Г.Сайнжаргал манай гэрт дагзандаа маш том овойж хавдсан, нүүр ам хувцас шанаа, эрүү хэсэг нь цус болж хавдсан ганцаараа орж ирсэн. Юм ярьж чадахгүй ээрээд байсан. Би дүүгээ аваад Орхон аймгийн Цагдаагийн газарт очсон чинь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүл гэсэн гэх мэдүүлэг, гэрч Г.Нандин-Эрдэнийн өгсөн:   Манай ах 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  гэрээсээ гарахдаа нэг хүн хэдэн өдөр адуу үзүүлнэ гээд яриад байна, хөдөө явж адуу үзээд ирье гээд машинтайгаа гараад явсан. Орой манай том ах Саруул над руу утсаар залгаад Сайнжаргал намайг хүн алах гээд байна гээд толгой, тархи нь цус болчихсон ороод ирлээ, нүүр нь мөн хавдсан байна одоо эмнэлэг орлоо гэж хэлсэн. Намайг очиход Сайнжаргал ах эмнэлгийн хүлээн авах дээр ухаан санаа нь орж гарсан, зовиуртай толгой нь ардаа болон урдаа хагарсан нүүрнийх нь нэг талын шанаа нь хавдсан, хацар хөхөрч хавдсан байдалтай орон дээр хэвтэж байсан гэх мэдүүлэг, гэрч Г.Саруулын өгсөн:  2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр намайг гэртээ байж байхад миний төрсөн дүү Г.Сайнжаргал дагзандаа маш том овойж хавдсан, нүүр ам хувцас шанаа, эрүү хэсэг нь цус болж хавдсан ганцаараа орж ирсэн. Би дүүгээ аваад Орхон аймгийн Цагдаагийн газарт очсон чинь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүл гэсэн. Тэгээд эмнэлэг орж үзүүлсэн гэх мэдүүлэг, гэрч Л.Од-Очирын өгсөн: Би Х.Одбаяртай хамгийн сүүлд Орхон аймагт 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уулзсан. Тэр өдөр Х.Одбаяр над руу утсаар залгаад хаана байна, би Эрдэнэт буудалд байна, чи хүрээд ир гэж хэлсэн. Намайг яваад очиход Х.Одбаяр буудалд өрөө авсан ганцаараа баахан архи, пиво авчихсан байсан юм. Тэгээд Х.Одбаяр бид 2 хамт архи, пиво ууж байгаад хоёулаа буудалд унтаад өгсөн. Маргааш өглөө нь би үүрээр буудлаас гараад гэртээ харьсан. Намайг гэрт байж байхад өдөр 11-12 цагийн үед Х.Одбаяр өөрийн 99314126 тоот дугаараас залгаад хаана байна уулзья гэж хэлсэн. Би тухайн үед Баасанням гээд өөр танилын 44-47 ОРО улсын дугаартай Соната 6 загварын машиныг гуйж аваад 2-3 хоног унаж байсан. Тэгээд би уг машинтайгаа Х.Одбаяр дээр очиж машинаа 1 дүгээр микрийн машины зогсоол дээр орхиод Х.Одбаяр бид хоёр 5 дугаар микрийн ард талын овоон дээр гарч 2,5 литрийн савалгаатай 3 пиво уусан. Би тухайн үед пиво уугаад тасраад унтсан байсан. Би сэрээд машины түлхүүрээ халаасандаа хайсан боловч машины түлхүүр байгаагүй. Тэгэхээр нь Х.Одбаярыг машиныг маань гэрт аваачаад тавьсан байх гэж бодоод такси бариад очтол гэрт машин байхгүй байсан. Тэгээд гэрт байж байгаад эхнэрийн эгчтэй маргалдсан чинь намайг цагдаа дуудаад өгсөн. Тэгээд би маргааш нь эрүүлжүүлэх байрнаас гарсан чинь манай найз Орхон аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа Батхуяг чиний унаад байдаг машин өчигдөр шөнө вокзал дээр гэрлийн шон мөргөөд жолооч нь зугтаасан гэж хэлсэн. Тэгээд л би Х.Одбаяр намайг тасраад унахаар машины түлхүүр халааснаас аваад машин унаад явсан гэдгийг мэдсэн. Х.Одбаяр анх надтай уулзахдаа их мөнгөтэй байсан. Намайг ууж идэхээ хангалттай ав гээд л байсан. Тэгээд анх уулзаад ууж байхдаа Х.Одбаяр би өөрийн найз охин Цээгий буюу Цэрэндуламд 500000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Ямар учиртай мөнгө байсан гэдгийг би мэдэхгүй надад хэлэхдээ цалингаа авсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршигийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Сайнжаргалын  биед мохоо зүйлийн үйлчлэлээр эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулсан гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон  2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 322 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эмнэлэгт анхны тусламж авсан эмнэлгийн бүртгэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Шүүх хууль сануулж, тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан шинжээчийн дүгнэлт болон эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Х.Одбаярыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Одбаяр болон түүний  өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нар нь хохирогч Сайнжаргалын эд зүйлийг дээрэмдээгүй, хоорондоо маргаж хохирогч намайг хазахаар нь  чулуу авч толгой руу нь цохиж улмаар машинд нь байсан 960000 төгрөгийг авсан  хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж мэтгэлзэж байгаа хэдий ч бусдын  эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүд нь шууд санаа, шунахай сэдэлт, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр бусдын эд хөрөнгийг өөрийн эсхүл бусдын өмчлөлд бүр мөсөн авдаг зэрэг шинжээрээ хоорондоо төсөөтэй боловч  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь нууц, далд аргаар хүч хэрэглэхгүйгээр үйлдэгддэг бол дээрмийн гэмт хэрэг нь ил аргаар, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон шинжтэй байдгаараа ялгаатай, хэлбэрийн бүрэлдхүүнтэй, довтолгоон эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог гэмт хэрэг юм.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Одбаярт Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг цохионы өвөр гэх газарт иргэн Г.Сайнжаргалыг араас нь чулуугаар цохиж унаган 0304 ОРХ улсын дугаартай машин болон 960000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч,  шүүгдэгч Х.Одбаяр нь хохирогчийн тээврийн хэрэгслийг дээрэмдэх гэсэн субъектив санаа зорилго агуулаагүй, харин гэмт хэргээ түргэвчлэх, хүний хөлөөс зайдуу  гарч үйлдлээ амар хялбар болгох зорилго агуулж байсан болох нь дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож  байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Сайнжаргалын өгсөн...тэр залуу чулуугаар цохих шиг болсон, би цохиулаад тухайн үед ухаан алдсан юм. Нэг ухаан орсон чинь өөрийнхөө машины арын зааланд хэвтэж байсан. Тэгэхэд нөгөө залуу дахиад чулуугаар цохьсон гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Орхон аймаг руу ороод Их залуу багийн 30 дугаар гудамжны ойролцоо машиныг нь унтраагаад эргээд суудал руу хартал Сайнжаргал тасарсан бололтой унтаж байсан. Тэгэхээр би Сайнжаргалын машинаас буухдаа цүнхэд нь байсан 960,000 төгрөгийг аваад Орхон аймгийн төвд буудалд ганцаараа хоносон гэх мэдүүлэг, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Шанд багийн 40-09 тоот хашааны урд байх 03-04 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг олсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25 тал/ зэрэгээр тээврийн хэрэгслийг шунахайн сэдэлтээр өөрийн мэдэлд авах гэсэн шууд санаа зорилготой зориуд хүсэж үйлдсэн үйлдэл тогтоогдохгүй байх тул тээврийн хэрэгслийн дээрэмдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  Сайнжаргалд бэлэн 960000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 31-ны өдөр толгойн зураг 8000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн толгойн КТГ  110000 төгрөг кассын орлогын ордер, мөн өдрийн эм тариа 3000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр тарианы 3900 төгрөг,  шүүх шинжилгээний үзлэгийн 3000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шатахууны үнэ 30000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгаас Орхон аймаг, Орхон аймгаас Булган амаг руу зорчсон 10000 төгрөг нийт 1127900 төгрөгийг шүүгдэгч Х.Одбаяраас гаргуулж хохирогч Г.Сайнжаргалд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Одбаяр нь 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 47 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэн 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болсон байна.

        Шүүгдэгч Х.Одбаярт ял шийтгэл оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1,  295-299 дүгээр зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Одбаярыг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Бугат сумын цохионы өвөр гэх газарт хохирогч Г.Сайнжаргалын машиныг дээрэмдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Хишигдаваагийн Одбаярыг бусдын амь биед аюултайгаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Х. Одбаяраас 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Х.Одбаярт оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Х.Одбаярын цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.Одбаяраас 1127900 төгрөг гаргуулж, хохирогч Г.Сайнжаргалд олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Одбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн  тоолсугай.  

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЦЭРЭНДУЛАМ

                                      ШҮҮГЧИД                                С.ЦЭРЭНХАНД

                                                                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН