Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/231

 

 

 

 

 

 

 

 

 2019             08              09                                                    2019/ШЦТ/231

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд, Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Хохирогч Б.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,  

Шүүгдэгч О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Ч-т холбогдох эрүүгийн 1934004590264 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.Ч, 1997 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт       оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,       регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч О.Чийн өгсөн: Төв аймгийн Өндөрширээт суманд гэр бүлийн хамт амьдардаг. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өглөө 11 цагт босоод гар нүүрээ угааж цайгаа уучихаад гараад хашаан дотроо блок хийсэн. Орой 20 цаг хүртэл хашаандаа блок хийж байгаад оройн хоолоо идчихээд гэртээ хэвтэж байхад Цэрэндугар, Сумъяабазар, Нямхишиг, Дашдэлгэр нар пиво ууя гээд ирсэн. Тэгээд бид нар манай хашаан дотор байсан машинд сууж байгаад 2.5 литрийн 3 сав Боргио пиво хувааж уусан. Дуусаад найз Содномыг машинтайгаа манай хашаанд яваад ир гэж дуудсан. Удалгүй Содном өөрийн 5644 ТӨВ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Бид нар бүгдээрээ машинд суугаад сумын төв орохоор 23 цагийн үед явсан. Тэгсэн Соёлын төвөөс хөгжим дуугараад байхаар нь сонирхоод ороход хүлээн авалт болоод их олон танихгүй хүмүүс цугласан байсан. Соёлын төв дотор таних хүн байхгүй байсан болохоор буцаж гараад Содномын машинд яриад сууж байхад Гунгаа заан машинтайгаа ирсэн. Бид нар машинаас буугаад Гунгаа заантай уулзахад машины ард талын суудал дээр байсан Дэлэг согтуу байдалтай буугаад Соёлын төв рүү явсан. Тухайн үед юм бодолгүй Гунгаа заантай юм яриад зогсож байсан чинь Дэлэг нүүрээ дараад буцаад яваад ирсэн. Юу болсон талаар асуухад Соёлын төвийн үүдэнд нүүр лүүгээ танихгүй хүнд цохиулчихлаа гэхээр нь Соёлын төв рүү харсан чинь 3 залуу зогсож байсан. Эдгээр залуусын аль нь юм гэхэд Дэлэг туранхай өндөр залууг заасан. Би шууд тэр залуу руу шууд очоод хүний нутагт явж байж яагаад нутгийн хүн зодоод байгаа юм бэ гэж хэлээд нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгсэн тэр залуу шууд намайг тэврээд авсан. Би тэврээд тавихгүй байхаар нь нуруун дээр нь нэг удаа тохойгоороо цохисон. Тэгсэн Ганболд, Содном нар араас ирээд намайг салгаад Гунгаа зааны машинд суулгасаны дараа Соёлын төв дотроос хүмүүс гарч ирээд машины урд зогсоод явуулахгүй байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад гэр лүүгээ алхаад харьсан. Гэртээ ирээд хашаан дотор тамхи татаад сууж байхад Цэрэндугар, Сумъяабазар, Нямхишиг, Содном нар араас ирээд удалгүй сумын хэсгийн төлөөлөгч Д.Батхуяг ирээд намайг аваад цагдаа руу явсан гэх мэдүүлэг /хх 33/,

 

            Хохирогч Б.Аийн өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 08-н өглөө Баян-Өнжүүл сумаас тус сумын төрийн албан хаагчдын хамт Төв аймгийн Өндөрширээт суманд 7 сумын хооронд болох тэмцээнд оролцохоор 07 цагт хөдөлсөн. Тэгээд Өндөрширээт суманд 09:30 цагийн үед очсон. Хамгийн эхний тэмцээн гар бөмбөгийн тэмцээн болоод өдөржингөө уг тэмцээнд оролцоод 19 цагийн үед дууссан. Тэмцээн дууссаны дараа хоол унд идчихээд байрлаж байсан өрөөндөө амарч байгаад 22:30 цагт Өндөрширээт сумын Соёлын төвд болсон хүлээн авалтад очсон. Би Баян-Өнжүүл сумын төрийн алба хаагчдын хамт зааж өгсөн газар нь суугаад тоглолт үзэж байхад манай эхнэр над руу залгаад би утсаар ярихаар гарсан. Тэгсэн соёлын төвийн үүдэнд хоёр залуу маргалдаад зогсож байхаар нь больцгоо харьж амарцгаа гээд явуулсан. ...цааш утсаар яриад явж байхад махлаг биетэй залуу нь хажуу талаас гараараа нэг удаа зүүн талын нүд рүү цохисон. Тэгсэн миний нуруун дээр тохойгоороо 2-3 удаа цохиод, доороос өвдөглөх шиг болоод хүний нутагт явж байж аятайхан яваарай гэж хэлэхэд Нямсүрэн ирээд тэр залууг надаас салгаж холдуулсан. Тэр үед миний толгой маш их өвдөөд, цусаар бөөлжөөд явган сууж байхад миний дээрээс ус хийсэн. Тэгээд хамт явж байсан хүмүүс намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Энэ гэмтлийн улмаас миний толгой байнга өвддөг. Гэм хорын хохиролд унааны зардал 325 000 төгрөг, эмчилгээний төлбөр 2 396 000 төгрөг, 7, 8 дугаар сарын цалингийн зөрүү 700 000 төгрөг, нийт 3 946 000 төгрөг нэхэмжилнэ. Гэмтлийн улмаас нүдний ухархайн ясны хугаралын хагалгаанд орсон. Миний зүүн талын нүд эгц харахгүй дээшээ харчаад байгаа. Би байнга эмчийн хяналтад байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч Б.Содномын өгсөн: Би 2019 оны 6 дугаар сарын 08-нд болсон гар бөмбөгийн тэмцээн үзээд орой 23 цагийн үед Соёлын төв орох гээд Соёлын төвийн үүдэнд Чингүүнтэй хамт зогсож байхад Соёлын төвийн хаалган дээр Дэлэг гурван залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд Дэлэг бид хоёр дээр ирээд намайг гаднаас ирсэн залуучууд зодчихлоо гэх хэлээд нүүрээ дараад газар суусан. Тэгэхэд Чингүүн Дэлэгээс аль залуу нь чамайг зодсон юм гэж асуухад энэ гээд өндөрдүү туранхай залууг заасан. Тэгээд Чингүүн очоод та нар яагаад нутгийн хүмүүс зодоод байгаа юм гэж хэлээд нэг залууг нь нэг удаа гараараа нүүрэн тус газар нь цохисон. Чингүүний цохисон залуу Чингүүнийг тэврээд тавихгүй байхаар нь би тэр залууд би барьж байна чи тавь гэж хэлээд салгасан. Тэгээд Чингүүнд цохиулсан залуу газар суусан байх би Чинүүнийг аваад зодоон болсон газраас бага зэрэг холдуулсан. Тэгтэл Соёлын төвөөс баахан хүмүүс гарч ирээд Чингүүн рүү дайраад байхаар нь Гунгаа зааны машинд Чингүүн, Дэлэг хоёрыг суулгаад явуулах гэсэн чинь хүмүүс машины урд нь гараад явуулахгүй зураг дараад байсан. Манай найз Чингүүний жинхэнэ нэрийг нь О.Ч гэдэг гэх мэдүүлэг /хх 16/,

 

            Гэрч Ч.Дэлэгийн өгсөн: Би 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр архи уусан байсан. Гэртээ унтаж байгаад сэрэхэд Соёлын төвд хөгжим дуугарахаар нь Соёлын төв ороод гадаа нь зогсож байсан чинь танихгүй 20 гаран насны хүн мөрлөх шиг болоод нэг нэг удаа хацар луу цохисон. Тухайн үед Соёлын төвийн машины зогсоол дээр Чингүүн, Содном, Ганболд гурав зогсож байсан. Би очоод Чингүүнд сая намайг нэг хүн зодчихлоо гэж хэлэхэд Чингүүн нь Соёлын төвийн үүдэнд очоод нэг танихгүй залууг цохиод авсан. Би уг залууг таньж мэдэхгүй. Содном Чингүүнийг салгаад аваад явсан нөгөө цохиулсан залуу эмнэлэг явсан. Би гэр лүүгээ Ядмаа ахын машинд суугаад хүргүүлсэн. Тухайн үед баахан хүмүүс Соёлын төвөөс гараад ирчихсэн хэрэлдээд байсан. Би согтуу байсан болохоор яг юу болсон талаар сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх 17/,

 

            Гэрч Б.Нямхишигийн өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 08-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Соёлын төв орох гээд Базараагийн хамт явж байхад Соёлын төвийн үүдэнд баахан хүмүүс гараад ирчихсэн хэрэлдээд байсан. Тэгээд очтол манай сумын Засаг дарга Соёлын төвийн үүдэнд гараад ирчихсэн манай найз Чингүүн, Дэлэг, Дугараа нарыг загнаж байсан. Чингүүн нь өөдөөс нь хэрэлдээд байсан. Чингүүн, Дэлэг хоёр явах гээд Гунгаа зааны машинд суухад манай суманд ирсэн хүмүүс Гунгаа зааны машиныг тойрч зогсоод битгий явуул наад машиныхаа номерыг хар гээд орилоод байсан. Манай найз О.Ч нь зан ааш сайтай, хүнтэй муудаад байдаггүй, эвсэг, архи дарс хэрэглээд байдаггүй. Тухайн зодоон болоход найз Дэлэгийг өмөөрөөд цохисон гэсэн тухайн үед бага зэрэг пиво уусан байсан гэх мэдүүлэг /хх 18/,

 

            Гэрч Б.Нямсүрэнгийн өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн баруун бүсийн тэмцээн болсон. Тэгээд орой нь Өндөрширээт сумаас үдэшлэг зохион байгуулсан. 23 цагийн үед байх Б.А бид хоёр гадаа байсан. Б.А цагдаа утсаар яриад байсан. Тэгсэн чинь хоёр залуу өөдөөс нь ирээд хэрүүл өдөөд байх шиг байсан. Тэгсэн Б.А залуучууд одоо зүгээр байцгаа гэж байсан. Тэгтэл нэг залуу нь шууд цохисон. Тэгээд би очоод салгах гэсэн чинь бас намайг ална гээд байсан. Тэгээд тэр хүмүүс нь явсан. Тэгсэн Б.А дотор эвгүй оргиод байна гээд байхаар нь эмнэлэг  рүү явсан удалгүй цагдаа ирсэн. Б.Аийг цохисон залуу нь махлаг, намхан, 20 гаран насны эрэгтэй хүн байсан. Нүүр лүү нь нэг удаа цохисон доошоо тонгойж байхад нь өвдөгөөрөө өвдөглөөд байсан бас тохойгоороо нуруун дээр нь 5-6 удаа цохисон гэх мэдүүлэг /хх 21/,

 

            Гэрч Б.Ганболдын өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед Өндөрширээт сумын төв орсон. Тэгээд ангийн хүүхэд Нямхишиг, Содном хоёртой уулзаад Чингүүний гадаа очсон. Бид гурвыг очиход Чингүүн нь Төмөрөө ахын блокийг хийгээд байж байсан. Бид хэд Чингүүний хашаанд байж байгаад хоёр том пиво уугаад дуусахад гадаа харанхуй болсон байсан. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан. Бид хэдийг сууж байхад сумын Соёлын төвд хөгжим дуугарахаар нь Чингүүн, Нямка, Дугараа, Содном бид хэд очсон. Бид хэдээс Содном нь архи уугаагүй машин бариад явж байсан. Соёлын төвийн үүдэнд очоод машин дотор байж байхад Дэлэг, Гунгаа хоёр машинтай ирээд зогссон. Бид хэд машинаас буугаад Гунгаа зааны машины хажууд очиж зогсоод юм яриад зогсож байхад Дэлэг машинаас буугаад Соёлын  төв рүү орсон. Удалгүй Дэлэг эргэж ирээд намайг хүн зодчихлоо гэж хэлсэн. Тэгтэл манай найз Чингүүн Дэлэгээс хэн чамайг зодсон юм гэж асуусан байсан. ...Тэгээд зогсож байхад Чингүүн хүнтэй муудаад нэг залуутай барьцалдаад зогсож байсан. Чингүүн дээр очиход Чингүүнтэй муудсан залуу нь нүүрээ дараад тонгойгоод зогсож байсан. Чингүүн дээр нь дараад зогсож байсан. Содном бид хоёр Чингүүнийг боль гэж хэлээд салгаад авсан. Чингүүнтэй муудсан залуу нь Соёлын төвийн үүдэнд үлдсэн. Тэгээд удалгүй Соёлын төвөөс хүмүүс гарч ирээд Чингүүн рүү дайраад байсан. Тэгээд би яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 22/,

 

            Гэрч Б.Болормаагийн өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 08-ны шөнө 23:45 цагийн үед ажил дээрээ байж байхад Баян-Өнжүүл суманд оршин суух хаягтай Б.А гэх залуу хүнд зодуулсан гэх байдалтай хүргэгдэн ирсэн. Биеийг нь үзэхэд гадна байдлаас зүүн нүд нь хавдаж дээд зовхи нь улайж хөхөрч хавдсан байсан. Амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд зүрхний цохилт нь нэг минутад 50 удаа, даралт 110-70-тай, амьсгал нь 1 минутад 19 хүчил төрөгч 96%-тай байсан. Биеийг нь үзэж байхад толгой эргээд дотор муухайраад байна гэж хэлээд бөөлжсөн. Идсэн зүйл нь цустай гарахаар нь би цус тогтоох тариа хийж, тархины хаван хөөх, өвчин намдаах тариа, тусал хийсэн. Уг хүнд эмчилгээ хийж эмнэлэгт хонуулсан өглөө нь биеийг нь үзэхэд зүүн нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд би Улаанбаатар хот руу яаралтай явж гэмтлийн эмнэлэгт үзүүл гэж хэлээд 13А маягт өгсөн. Яг явах үед нь өвчин намдаах тариа хийж өгсөн. Б.А гэх хүнээс эмчилгээ хийж байхад архи, пиво хэрэглэсэн зүйл ажиглагдаагүй. Би эмчилгээ хийж байхдаа хэнд зодуулсан талаар асуухад би энэ нутгийн хүн биш. Хэнд зодуулсан талаараа мэдэхгүй нэг махлагдуу залуу намайг үгийн зөрүүгүй ирээд цохисон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 23/,

 

            Гэрч М.Ариунтуяагийн өгсөн: Бид хоёр гэрлэлтээ батлуулж амжаагүй байгаа. Бид хоёр дундаасаа нэг хүүтэй. Зан аашийн төлөв даруу зантай, элдэв төрлийн муухай ааш гаргаад байдаггүй. Хүнтэй маргалдаж муудалцдаггүй, эвтэй харьцаатай, архи согтууруулах ундааны зүйл найзуудаараа нийлэхээрээ уудаг гэхдээ ямар нэгэн муухай ааш гаргаад хүмүүс зовоогоод байдаггүй. Ар гэрийнхэндээ анхаарал халамж сайн тавьдаг сайн хүн байгаа юм. Энэ удаа харин яагаад ийм үйлдэл хийсэн болохыг нь мэдэхгүй байна. Нутгийн залуугаа өмөөрч буруу хүнээ цохисон гэж хэлж байсан. Бид нар одоохондоо хохирлыг нь төлөөгүй байна. Хагалгаанд орохоос нь өмнө хохирлыг нь төлж барагдуулна гэх мэдүүлэг /хх 24/,

 

            Гэрч П.Сосорбарамын өгсөн: О.Ч нь миний бага хүү байгаа юм. 2019 оны 6 дугаар сарын 08-ны шөнө хүнтэй муудалцаж хүн зодсон гэсэн. Би сайн мэдэхгүй  надаас нуугаад хэлэхгүй байсан. Тухайн хүн нь хагалгаанд орох гэж байгаа гэж манай хүү О.Ч хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй. Манай хүү их даруу төлөв зантай хоёр жилийн өмнө эхнэртэй болоод тусдаа амьдарч байгаа. Одоо нэг хүүхэдтэй надаас тусдаа амьдарч байгаа. Анги хамт олондоо нэр хүнд сайтай хүмүүсийг ахаа, эгчээ гээд л явж байдаг. Манай хүү Өндөрширээт сумын сургуулийн 9 дүгээр ангийг 2012 онд төгсөөд, 2016 оны 12 дугаар ангийг оройгоор сурч дүүргэсэн Сургуульд байхдаа сурлага сайтай хүүхэд байсан. Манай хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Тухайн үед  хүнтэй муудахдаа ямар байсныг нь мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 20/,

 

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №390 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Б.Аийн биед зүүн нүдний дотор доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, хамарын зүүн талд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлтийн эмчилгээнээс хамаарна гэжээ /хх 27/,

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11/,  шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59/, шүүгдэгч О.Чийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 46-51/, яаралтай тусламжийн хуудас /хх 36-37/, Төв аймгийн Өндөрширээт сумын Сант багийн Засаг даргын тодорхойлолт /хх 52/, хохирлын баримт  /хх 96-105/ зэрэг болно.   

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

            Шүүгдэгч О.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 08-ны шөнө Төв аймгийн Өндөрширээт сумын Соёлын төвийн гадаа Б.Аийг найз Дэлэгийг зодлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, доошоо тонгойход нь өвдөгөөрөө өвдөглөж, тохойгоороо нуруун дээр нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд "зүүн нүдний дотор доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, хамарын зүүн талд зөөлөн эдийн няцралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

            шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Аийн шүүх хуралдаанд өгсөн: "...цааш утсаар яриад явж байхад махлаг биетэй залуу нь хажуу талаас гараараа нэг удаа зүүн талын нүд рүү цохисон. Тэгсэн миний нуруун дээр тохойгоороо 2-3 удаа цохиод, доороос өвдөглөх шиг болоод хүний нутагт явж байж аятайхан яваарай гэж хэлэхэд Нямсүрэн ирээд тэр залууг надаас салгаж холдуулсан. Тэр үед миний толгой маш их өвдөөд, цусаар бөөлжөөд явган сууж байхад миний дээрээс ус хийсэн." гэх мэдүүлэг,

            гэрч Б.Содномын өгсөн: "Чингүүн очоод та нар яагаад нутгийн хүмүүс зодоод байгаа юм гэж хэлээд нэг залууг нь нэг удаа гараараа нүүрэн тус газар нь цохисон. Чингүүний цохисон залуу Чингүүнийг тэврээд тавихгүй байхаар нь би тэр залууд би барьж байна чи тавь гэж хэлээд салгасан. Тэгээд Чингүүнд цохиулсан залуу газар суусан байх би Чинүүнийг аваад зодоон болсон газраас бага зэрэг холдуулсан." гэх мэдүүлэг /хх 16/,

            гэрч Ч.Дэлэгийн өгсөн: "...танихгүй 20 гаран насны хүн мөрлөх шиг болоод нэг нэг удаа хацар луу цохисон. Тухайн үед Соёлын төвийн машины зогсоол дээр Чингүүн, Содном, Ганболд гурав зогсож байсан. Би очоод Чингүүнд сая намайг нэг хүн зодчихлоо гэж хэлэхэд Чингүүн нь Соёлын төвийн үүдэнд очоод нэг танихгүй залууг цохиод авсан." гэх мэдүүлэг /хх 17/,

            гэрч Б.Нямсүрэнгийн өгсөн: "23 цагийн үед байх Б.А бид хоёр гадаа байсан. Б.А цагдаа утсаар яриад байсан. Тэгсэн чинь хоёр залуу өөдөөс нь ирээд хэрүүл өдөөд байх шиг байсан. Тэгсэн Б.А залуучууд одоо зүгээр байцгаа гэж байсан. Тэгтэл нэг залуу нь шууд цохисон. ...тэгсэн Б.А дотор эвгүй оргиод байна гээд байхаар нь эмнэлэг рүү явсан удалгүй цагдаа ирсэн. Б.Аийг цохисон залуу нь махлаг, намхан, 20 гаран насны эрэгтэй хүн байсан. Б.Аийн нүүр лүү нь нэг удаа цохисон доошоо тонгойж байхад нь өвдөгөөрөө өвдөглөөд байсан бас тохойгоороо нуруун дээр нь 5-6 удаа цохисон." гэх мэдүүлэг /хх 21/, гэрч Б.Ганболдын өгсөн мэдүүлэг /хх 22/, гэрч Б.Болормаагийн өгсөн мэдүүлэг /хх 23/, Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №390 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 27/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч О.Чийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Б.А нь унааны болон эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү гэж 3 946 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ  гэжээ.

 

Шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дараах байдлаар шийдвэрлэлээ. Хохирогч 3 946 000 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт унааны болон эмчилгээний зардал гэх 2 386 068 төгрөгийн баримт /хх 97-105/, 7, 8 дугаар сарын цалингийн зөрүү 700 000 төгрөгийн баримт гэх 2019 оны цалингийн карт /хх 96/ ирүүлсэн байна.

 

Дээрх нотлох баримтаас унааны зардал гэх 325 000 төгрөгийн баримт, эмчилгээний зардал гэх 481 700 төгрөгийн нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан гэж үзэн нийт 806 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хохирлын баримтаас хавтаст хэргийн 104-р хуудсанд авагдсан hara 0.5 1 ширхэг 9000 төгрөг, dubliss 1 ширхэг 2 400 төгрөг нийт 11 400 төгрөгийн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, хавтаст хэргийн 105-р хуудсанд авагдсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмчилгээний гэх 1 567 960 төгрөгийн баримт нь НӨАТ баримт байхгүй байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн, 7, 8 дугаар сарын цалингийн зөрүү гэх 700 000 төгрөгийн нэхэмжлэлийг дан ганц цалингийн картыг үндэслэн тооцох боломжгүй гэж үзсэн тул тус тус хэлэлцэхгүй орхив.

 

Хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан дээрх хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Ч гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн гэм хорын хохирол болох 806 700 төгрөгийг төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг ажлын 3 өдөр завсарлуулсан бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд дээрх гэм хорын хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч О.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь миний үйлчлүүлэгч анх удаа хөнгөн гэмт хэрэгт  холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул торгуулын ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.  

 

Хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтаас:

            Гэрч Б.Нямхишигийн өгсөн: Манай найз О.Ч нь зан ааш сайтай, хүнтэй муудаад байдаггүй, эвсэг, архи дарс хэрэглээд байдаггүй гэх мэдүүлэг /хх 18/,

            гэрч М.Ариунтуяагийн өгсөн: Бид хоёр гэрлэлтээ батлуулж амжаагүй байгаа. Бид хоёр дундаасаа нэг хүүтэй. Зан аашийн төлөв даруу зантай, элдэв төрлийн муухай ааш гаргаад байдаггүй. Хүнтэй маргалдаж муудалцдаггүй, эвтэй харьцаатай, архи согтууруулах ундааны зүйл найзуудаараа нийлэхээрээ уудаг гэхдээ ямар нэгэн муухай ааш гаргаад хүмүүс зовоогоод байдаггүй. Ар гэрийнхэндээ анхаарал халамж сайн тавьдаг сайн хүн байгаа юм. Энэ удаа харин яагаад ийм үйлдэл хийсэн болохыг нь мэдэхгүй байна. Нутгийн залуугаа өмөөрч буруу хүнээ цохисон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 24/,

            Гэрч П.Сосорбарамын өгсөн: О.Ч нь миний бага хүү байгаа юм. Анги хамт олондоо нэр хүнд сайнтай хүмүүсийг ахаа, эгчээ гээд л явж байдаг. Манай хүү Өндөрширээт сумын сургуулийн 9 дүгээр ангийг 2012 онд төгсөөд, 2016 оны 12 дугаар ангийг оройгоор сурч дүүргэсэн. Сургуульд байхдаа сурлага сайтай хүүхэд байсан. Манай хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй гэх мэдүүлэг /хх 20/,

            Ял шийтгэгдсэн эсэх хуудсаар О.Ч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэжээ /хх 59/, Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019.6.18-ны өдрийн 05/19 дугаартай албан тоотод "О.Ч нь Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийг 2012 онд дүүргэсэн. Ар гэрийн гачигдлаар жил өнжөөд 2016 онд 12 дугаар ангиа төгссөн. Суралцаж байхдаа О.Ч нь төлөв түвшин зантай, сургуулийн урлаг, спортын тэргүүний сурагч байсан." гэжээ /хх 53/ зэрэгт дүгнэлт хийв.

           

Шүүх шүүгдэгч О.Чт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн шинж, чанар, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан  торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч О.Ч нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн 1934004590264 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ч нь хохирогчид 810 000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Ч-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Ч-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 1934004590264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ