Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2019/ДШМ/77

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 01 өдөр                               ДШМ/77                                                                 Зуунмод

 

 

О.Чт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Нарийн бичгийн дарга М.Сайнболд нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 08 сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолтой О.Чт холбогдох 1934004590264  дугаартай 1 хавтас, 142 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогч Б.Алтансүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр баг Байшинтын 2-9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, НР регистрийн дугаартай, Өндөрийнхөн овогт О.Ч.

            Шүүгдэгч О.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-ны шөнө Төв аймгийн Өндөрширээт сумын Соёлын төвийн гадаа Б.Алтансүхийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, доошоо тонгойход нь өвдөгөөрөө өвдөглөж, тохойгоороо нуруун дээр нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас О.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Өндөрийнхөн О.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Чийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Чт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Хохирогч Б.Алтансүх нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

            Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Алтансүх давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.09-ний өдрийн 2019/ШЦТ/231 дүгээр шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан хохирол, хор уршигийг шийдвэрлэсэн хэсэгт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

  1. Улсын Нэгдүгээр эмнэлэгт нүдний хагалгаанд орсон 567 960 төгрөгийг НӨАТ-

ын баримтгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд миний бие нүдний ухархайн хэсэгт яаралтай хагалгаа хийлгэж төлбөрийн баримт авсан бөгөөд хагалгаа хийлгэсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан. Улсын яллагч болон өмгөөлөгч, миний зүгээс хагалгаанд орсон талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад илэрхийлсэн байхад заавал НӨАТ-ын баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

  1. Мөн 2019 оны 07, 08 дугаар сарын цалингийн зөрүү 700 000 төгрөгийг дан ганц

цалингийн картыг үндэслэн олгох боломжгүй гэжээ. Миний бие тухайн саруудад хагалгаанд орсон албан үүргээ гүйцэтгээгүй болно. Би төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч цагдаагийн алба хаагчийн хувьд нийгмийн даатгалын дэвтэр нэгдсэн журмаар миний биед байдаггүй, байгууллагын онцлогоос шалтгаалан бөглөгддөг, мөн цагдаагийн албан хаагч тухайн сард урамшуулал, ажлын үр дүн гээд цалингийн нэмэгдэл хэлбэлзэлтэй байдаг бөгөөд энэ талаарх тогтсон тодорхойлолт нийгмийн даатгалын байгууллагаас авах боломжгүй нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас иргэний нэхэмжлэлд холбогдох хагалгааны төлбөр 567960 төгрөг, 2019 оны 07, 08 дугаар сарын цалингийн зөрүү 700000 төгрөг,  нийт 1267960 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эмчилгээний зардал 507 960 төгрөгийг хангаж, цалингийн зөрүү 700 000 төгрөгийг жич нэхэмжлэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан тайлбар, саналдаа: Нотлох баримттай тул 1 267 960 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч О.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-ны шөнө Төв аймгийн Өндөрширээт сумын Соёлын төвийн гадаа Б.Алтансүхийг найз Дэлэгийг зодлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, доошоо тонгойход нь өвдөгөөрөө өвдөглөж, тохойгоороо нуруун дээр нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд "зүүн нүдний дотор доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, хамрын зүүн талд зөөлөн эдийн няцралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-08/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-09-11/, хохирогч Б.Алтансүхийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №390 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26-27/, яаралтай тусламжийн хуудас /хх-36-37/, гэрч Б.Содном, Ч.Дэлэг, Б.Нямсүрэн, Б.Ганболд, Б.Болормаа /хх-16, 17, 21, 22, 23/ нарын мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтансүх, шүүгдэгч О.Ч нарын өгсөн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх О.Чийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, О.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хохирогч Б.Алтансүх “шүүх иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан хохирол, хор уршигийг буруу шийдвэрлэсэн тул 1 267 960 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан байна.

Хохирогч Б.Алтансүх унаа, цалингийн зөрүү, эмчилгээний зардалд нийт  3 946 000 төгрөг нэхэмжилсэнээс шүүх нотлох баримтын хүрээнд унааны зардлын 325 000 төгрөг, эмчилгээний зардлын 481 700 төгрөг, нийт 806 700 төгрөгийг хангаж, 11 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардал болон цалингийн зөрүүд нэхэмжилсэн 1 267 960 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нийт 2 086 060 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын зөрүү болох 1 859 940 төгрөгийг хохирогч ямар үндэслэлээр нэхэмжилсэн нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх энэ талаар ямар нэг  дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд: хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан нүдний мэс засалд орсоны төлбөр  507 960 төгрөг болон 4 өдрийн ор хоногийн төлбөр 80 000 төгрөгийн төлбөр төлсөн 2019 оны 07 дугаар сарын 01, 05-ны  өдрийн Улсын Нэгдүгээр төв эмнэлэгийн баримтыг шүүх үнэлэх боломжтой байхад НӨАТ-ын баримтгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нүдний хагалгаанд орсон, энэ үедээ эмнэлгийн төлбөр төлсөн дээрх баримт нь хохирогчийн нэрээр тухайн эмнэлгээс олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 587 960 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.

Харин 2019 оны 07, 08 дугаар сарын цалингийн зөрүүд нэхэмжилсэн 700 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь зөв байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар ирүүлсэн /хх-97/ цалингийн картанд Б.Алтансүх 07 дугаар сард листээр 283 764 төгрөг авсан гэснээс өөр мэдээлэл байхгүй, 08 сарын цалингийн зөрүүд холбогдох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Иймд давж заалдах гомдолд дурьдагдсан 1 267 960 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 587 960 төгрөгийг хангаж, дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолын 6 дугаар заалтанд “хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” болохыг дурьдаж шийдвэрлэсэн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар О.Чээс 587 960 /таван зуун наян долоон мянга есөн зуун жаран/ төгрөг гаргуулж, Төв аймгийн Баян-Өнжүүл сум Бүрд 3-р баг цагдаагийн байранд оршин суух Батбаярын Алтансүх /РД: НЭ91061011/-д олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Б.Алтансүхийн “1 267 960 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг дуьдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧИД                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                  Г.БОЛОРМАА