Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0172

 

 

“Х э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай уулийн 22 дугаар зүйлийн 22.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 53 дугаар зүйлийн 53.1.1-д тус тус заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Х” ХХК-ийн Завхан аймгийн Завханмандал сумын нутагт орших Мандал нэртэй 0000 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З давж заалдах гомдолдоо: Манай гаргасан гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх С.Г, А.Н, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн бөгөөд уг хуралдааныг даргалагч Ц.О нь нэхэмжлэл гаргаж байгаа компанийн захирал Г.З дундын найзтай тул ашиг сонирхлын зөрчил үүсэж боозошгүй тул шүүх хуралдаан даргалагч Ц.О татгалзах хүсэлт гаргасан.

Гэтэл С.Г, А.Н нар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянан үзээд шүүх хуралдаан даргалагч Ц.О татгалзаж байгаа татгалзалыг хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт гомдол гаргах эрхгүй байдлаар шийдвэрлэсэн.

Ингээд шүүх хуралдаан үргэлжлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс бүхэлд нь татгалзах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг огт хэлэлцээгүй. Ингэхдээ өмнө Ц.О шүүгчээс татгалзах хүсэлтийг шийдвэрлэсэн тул огт хэлэлцээгүй. Ингэхдээ өмнө Ц.О шүүгчээс татгалзах хүсэлтийг шийдвэрлэсэн тул одоо гаргаж байгаа хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.4-д шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй гэж заасан бөгөөд шүүгчээс татгалзсан хүсэлтийг шийдвэрлэсэн байдлаа шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлттэй нэг ойлгож, хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэсэн нь процессийн ноцтой алдаа болсон.

Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 586 дугаар шийдвэрээр “Х э” ХХК-д Завхан аймгийн Завханмандал сумын Мандал нэртэй газарт 3567.81 гектар талбайд хайгуулын X дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эзэмшүүлж эхэлсэн байх бөгөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр хугацааг дуусгавар болгож, бүртгэл хийсэн байна.

“Х” ХХК-ийн захирал Г.З нь өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлж, тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаж амжаагүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан  гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т ...Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гээд  хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хугацаа сунгах өргөдлөө гаргах ёстой атал 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан гэх боловч тухайн үед зөвхөн төлбөр төлсөн баримтаас гадна дээрх хуульд заасан баримтуудыг нэхэмжлэгч тухайн үед хариуцагчид өгсөн, эсхүл тэдгээр баримтыг бүрэн байсан гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй байжээ.

Гэтэл нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй шалтгаанаа “тухайн үед “Х” ХХК-ийн захирал Г.З 2018 оны 7 дугаар сарын 2-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн хугацаанд Грд эмнэлэгт эмчлүүлж, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сонгдо эмнэлэгт хөлний мэс заслын хагалгаанд орж эмчлүүлсэн, мөн тус компанийн бизнес хөгжлийн менежер Ц.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний болон хүүхэд асрах амралтаа авсан байсан” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн хувьд ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаантай байсан  гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд “Х” ХХК-д Завхан аймгийн Завханмандал сумын Мандал нэртэй газарт 3567.81 гектар талбайд хайгуулын XV- дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр хугацааг дуусгавар болгож бүртгэсэн хариуцагчийн шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” тохиолдолд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор зохицуулсантай нийцжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд шүүгч хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзан гарах үндэслэлийг тодорхой зохицуулжээ.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батхүүгээс ...шүүгч Ц.О, “Х” ХХК-ийн захирал Г.З нар дундын найзтай бөгөөд нь уг маргааныг шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй, хэрэг маргаан шийдвэрлэгдсэний дараа янз бүрийн хэл, ам хардлага сэрдлэг үүсэхийг үгүйсгэхгүй...” гэж татгалзан гарах хүсэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн  84.1.5-д заасантай нийцээгүй байна.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах гээд байгаа үндэслэл, шаардлага нь ойлгомжгүй төдийгүй гаргасан үндэслэх нь холбогдох хууль тогтоомжид заасан ашиг сонирхлын зөрчил гэдэгт хамаарахгүй.

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б гаргасан шүүгч Ц.О татгалзан гаргах дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах хүсэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул ...шүүх бүрэлдэхүүнээс бүхэлд нь татгалзах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг огт хэлэлцээгүй...” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар гаргасан нэхмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.