Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2016/04968

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 173 тоотод оршин суух, Тахианхан овогт Цогтсайханы Цэрэнбат /РД:ОА82050219/-ны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, Хувьсгалын зам 3, Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэрэнбат, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн, хариуцагч Монголын үндэсний орон нийтийн радио телевизийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Цэрэнбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Цэрэнбат миний бие 2014 оны 12 сарын 25-ны өдөр №364 тоот МҮОНРТелевизийн Ерөнхий захирлын тушаалаар тус телевизийн тамгын газрын даргын жолоочоор 2014 оны 12 сарын 25–ны өдрөөс эхлэн ажиллахаар томилогдсон болно. Гэтэл 2014 оны 07 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг надад танилцуулсан бөгөөд энэхүү мэдэгдэлд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №24 тоот тогтоолоор, Ерөнхий захирлын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 267 тоот тушаалаар Монголын Үндэсний Олон нийтийн Радио, Телевизийн зохион байгуулалтын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсны улмаас ажилтны орон тоог цөөрүүлж байгаа тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байсан юм. Миний бие анх ажилд орохдоо тус байгууллагын Тамгын газрын даргын жолоочоор ажилд орсон ба МҮОНРТ-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Тамгын газрын үйл ажиллагаа нь Ерөнхий  захирлын ажлын алба, хүний нөөц  удирдлагын хэлтэст тус тус шилжсэн, тэдгээр алба, хэлтсүүдийн дарга нар нь  жолоочтой байсан одоо ч хэвээр байгаа бай жолооч нарын орон тоог цөөрүүлж  хасах ямар ч үндэслэл байхгүй байсан юм. Жолооч нараас бүтцийн өөрчлөлт, орон тоо хасагдсан шалтгаанаар надаас өөр “Нэг ч хүн” халагдаагүй байна. Тус телевизийн 2015 оны 08 сарын 07-ны өдрийн №05/55 тоот тодорхойлолт, Тамгын газрын даргын жолоочоор ажиллах хугацаа 9024 УНҮ улсын дугаартай “Киа Оптима” маркийн машиныг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгч тухайн өдрөөс эхлэн одоог хүртэл 9036 УБҮ улсын дугаартай “Соната” маркийн автомашиныг эзэмшиж байгаад 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн. Манай байгууллага нь бүтцийн өөрчлөлтийн улмаас орон тоогоо цөөрүүлж зарим нэг албан тушаал /тамгын газрын дарга/ цомхтгол орсны улмаас Ц.Цэрэнбатыг ажлаас чөлөөлсөн болно“ гэжээ. Тус телевизийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Даваадоржийг мөн адил бүтцийн өөрчлөлт, орон тоо хасагдсан гэсэн шалтгаанаар ажлаас халсан тул Д.Даваадорж дарга иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасны үндсэн дээр хөдөлмөрийн маргааныг шүүхээр хэлэлцэж ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэр гараад байна. Дээрх байдлаас ажлаас халах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байхад миний биеийг Д.Даваадорж даргын жолооч гэдэг утгаар нь ялгаварлан авч үзэж ажлаас халж хохироосон явдалд маш их гомдолтой байна. Иймд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь нь үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч  Ц.Цэрэнбат миний биеийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгогчоос нөхөж гаргуулан нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 Нэхэмжлэгч Ц.Цэрэнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цэрэнбат би 2014 оны 12 сарын 25-ны өдөр МҮОНРТ-д тамгын газрын даргын жолоочоор ажилд орсон. Гэтэл 2015 оны 07 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг надад танилцуулсан бөгөөд намайг 2015 оны 08 сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн. 2015 оны 03 сарын 24-ний өдөр бүтэц, орон тооны цөөрүүлж тамгын газрын даргыг ажлаас чөлөөлсөн юм. Тамгын газрын даргын газрыг ажлаас чөлөөлсний дараа тамгын газрын даргыг ажлаас чөлөөлсөн тул жолоочийг бас ажлаас чөлөөлнө гэсэн байдлаар надад хандаж ажлаас үндэслэлгүй халсан. Тиймээс би ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны 278 өдрийн цалин 10.263.950 төгрөг, Нийгмийн болон эрүүл мэндийн нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааг шүүх хуралдаан болсон өдөр хүртэл тооцсон гэжээ.

Хариуцагч Монголын Үндэсний орон нийтийн радио телевизийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч “Миний бие анх ажилд орохдоо тус байгууллагын Тамгын газрын даргын жолоочоор ажилд орсон ба МҮОНРТ-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Тамгын газрын үйл ажиллагаа Ерөнхий захирлын ажлын алба, Хүний нөөц удирдлагын хэлтэст тус тус шилжсэн, тэдгээр  алба хэлтсүүдийн дарга нар нь  жолоочтой байсан нь одоо ч хэвээрээ байгаа бай жолооч нарын орон тоог цөөрүүлж, хасах ямар ч үндэслэл байхгүй байсан юм” гэжээ. Гэтэл Монгол Улсын олон нийтийн Радио телевизийн тухай хуулийн 17.1.5-д заасан МҮОНРТ-д олгодог  улсын төсвийн дэмжлэгийг УИХ-аар 2015 оны төсөв батлахдаа 50 хувиар танах шийдвэр гарсан тул 2015 оны 5 дугаар сарын 26-ний өдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тоог батлах тухай”, 267 тоот тушаалаар баталсан. Энэ тушаал нь олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 24.1.6 дахь заалтыг баримтлан, Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг удирдлага болгон тус хуулийн 31 дүгээр зүйлийн үндэслэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал бүрэн эрхийн хүрээнд гарсан тул хууль зүйн үндэслэлтэй юм. Нэхэмжлэлд жолооч нараас бүтцийн өөрчлөлт орон тоо хасагдсан шалтгаанаар надад өөр “Нэг ч хүн” халагдаагүй байна гэжээ. Дээр дурдсан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 267 тоот тушаалын хавсралт №7-оор МҮОНРТ-д нийт 30 жолооч ажиллахыг тогтоосон. Тухайн үед МҮОНРТ-д нийт 31 жолооч байснаас 30 нь манай байгууллагад 2-15 жил ажилласан туршлагатай жолооч нар байсан. Харин Ц.Цэрэнбатын хувьд 2009 оны 7 сарын 01-нд жолоочийн үнэмлэх авснаас хойш “Эрдэнэт хөхий” ХХК-д  нэг жил орчим жолоочоор ажилласан туршлагатай байсан тул бид эрсдэлээс сэргийлэх үүднээс туршлагатай хүний нөөц авч үлдсэн болно. Тиймээс Ц.Цэрэнбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дахь заалтыг үндэслэн цуцалсан. Энэ тушаал хууль зүйн үндэслэлтэй нь “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл , заалтыг тайлбарлах тухай “ 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 тоот Улсын дээд шүүхийн тогтоолын 15.1.2-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 хэсэгт заасан “Орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийг нэгтгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэсэн   тайлбараас ойлгогдоно. Ц.Цэрэнбатын нэхэмжлэлд “Дээрх байдлаар ажлаас халах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байхад миний биеийг Д.Даваадорж даргын жолооч гэдэг утгаар нь ялгаварлан авч үзэж ажлаас халж хохироосон явдалд маш их гомдолтой байна гэжээ. Үнэхээр Ц.Цэрэнбатыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажилд авах үед тус байгууллагад жолоочийн орон тоо байхгүй байсан ба тухайн үед шинээр Тамгын газрын даргын ажилд орсон Д.Даваадоржийн шахалтаар Ц.Цэрэнбатыг ажилд авсан байдаг. Хэрэв бид Орон тоо цөөрүүлсэн үедээ 2 жилийн мэргэжлийн туршлагатай Ц.Цэрэнбатыг олон жил ажилласан өөр нэг жолоочоо ажлаас халах бол шударга ёсонд нийцэхгүй байх байсан юм. МҮОНРТ-ийн хувьд нэхэмжлэгчид “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл “-ийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь заалтыг хэрэгжүүлсэн болно. Тиймээс нэхэмжлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага нь хуул зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Монголын Үндэсний орон нийтийн радио телевизийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон МҮОНРТ-ийн ерөнхий захирлын тушаалаар жолоочийн орон тоог цөөрүүлсэн. МҮОНРТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3.2 дахь хэсэгт зааснаар мэргэжил, ур чадвар, дадлага туршлага, идэвх санаачлага, хөдөлмөрийн бүтээмж гэсэн 5 үзүүлэлтийг харгалзан Ц.Цэрэнбатыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн. Ц.Цэрэнбатыг ажлаас чөлөөлөхдөө дадлага туршлагаар буюу хүний нөөцийн албанд байгаа мэдээллийг үндэслээд ажлаас чөлөөлсөн. Ц.Цэрэнбат бол тус байгууллагад ажиллаж байсан 31 жолоочоос хамгийн сүүлд буюу 2009 оны 07 сарын 01-ний өдөр жолооны үнэмлэх авсан тул жолоочоор ажилласан жил болон дадлага, туршлага бага байна гэж үзсэн. Тиймээс Ц.Цэрэнбатыг ажлаас чөлөөлсөн МҮОНРТ-ийн даргын тушаал хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ц.Цэрэнбат нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 10,358,836 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/ нь  эс зөвшөөрч байгууллагын орон тоог цөөрүүлсэн, Ц.Цэрэнбат нь хамгийн бага туршлагатай байсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч Ц.Цэрэнбатыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 364 дүгээр тушаалаар жолоочоор томилж, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 353 дугаар тушаалаар “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тоог батлах тухай” 267 дугаар тушаал гарч, уг тушаалаар жолоочийн орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., Хөдөлмөрийн дотоод журмын 6.12.9. дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан орон тоо цөөрүүлсэн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...зохигч... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.

Гэтэл хариуцагч, түүний төлөөлөгч байгууллагын жолоочийн орон тоо цөөрүүлснийг баримтаар нотлоогүй, баримт гаргаж өгөөгүй байна.

МҮОНРТ-ийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тоог батлах тухай” 267 дугаар тушаалын 1 дэх хавсралтад “автограш-31”, 7 дугаар хавсралтад “жолооч 30” гэсэн орон тоотой, үүнээс 30 жолооч, 1 десбичер нийт 31 орон тоотой байхаар баталсан байх боловч МҮОНРТ-ийн орон тооны дээд хязгаарыг тогтоосон 2015 оны 267 дугаар тушаал гарахаас өмнө тус байгууллагад 31 жолооч ажиллаж байсныг хариуцагч нотлож чадаагүй байх тул жолоочийн орон тоо цөөрүүлсэн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд Ц.Цэрэнбатыг ажлаас халсан тушаалын үндэслэл тогтоогдохгүй байх тул МҮОНРТ-ийн Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн жолоочийн ажилд ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

 Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Цэрэнбатын ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажлын 267 хоногийн цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу Ц.Цэрэнбатын 0073493 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингиг үндэслэн  /2,422,057:3=807,352.3:21=38,445.3х267=10,264,908/ тооцож 10,264,908 төгрөгийг хариуцагч МҮОНРТ-ээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул Ц.Цэрэнбатын Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг МҮОНРТ-д үүрэг болгох нь зүйтэй байна.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Нэхэмжлэгч Ц.Цэрэнбат нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч МҮОНРТ-ээс улсын тэмдэгтийн хураамжид 179,188 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цэрэнбатыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс 10,264,908 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цэрэнбатын ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс улсын тэмдэгтийн хураамжид 179,188 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

                 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.АЗБАЯР