Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1836

 

Ц.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/04968 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******эд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Би *******, *******ийн ерөнхий захирлын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 364 тоот тушаалаар тус *******ийн тамгын газрын даргын жолоочоор 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллахаар томилогдсон. 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг надад танилцуулсан. Мэдэгдэлд байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсны улмаас ажилтны орон тоог цөөрүүлсэн гэсэн байсан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн.

Миний бие анх ажилд орохдоо тус байгууллагын тамгын газрын даргын жолоочоор ажилд орсон ба *******, *******ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр тамгын газрын үйл ажиллагаа нь ерөнхий захирлын ажлын алба, хүний нөөц удирдлагын хэлтэст тус тус шилжсэн, тэдгээр алба, хэлтсүүдийн дарга нар нь жолоочтой байсан одоо ч хэвээр байгаа ба жолооч нарын орон тоог цөөрүүлж хасах ямар ч үндэслэл байхгүй байсан юм. Жолооч нараас бүтцийн өөрчлөлт, орон тоо хасагдсан шалтгаанаар надаас өөр нэг ч хүн халагдаагүй байна. Тус *******ийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Даваадоржийг мөн адил бүтцийн өөрчлөлт, орон тоо хасагдсан гэсэн шалтгаанаар ажлаас халсан тул Д.Даваадорж дарга иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасны үндсэн дээр хөдөлмөрийн маргааныг шүүхээр хэлэлцэж ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Д.Даваадорж даргын жолооч гэдэг утгаар нь ялгаварлан үзэж ажлаас халж хохироосон явдалд маш их гомдолтой байна.

Иймд *******, *******ийн ерөнхий захирал Ц.******* нь үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны буюу 278 өдрийн цалин 10 263 950 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Олон нийтийн радио, *******ийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасан *******, *******эд олгодог улсын төсвийн дэмжлэгийг 50 хувиар танах шийдвэр гарсан тул *******, *******ийн ерөнхий захирлын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 267 тоот тушаалаар тус байгууллагын нэгжүүдийн бүтэц, орон тоог баталсан. Энэ тушаал нь Олон нийтийн радио, *******ийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь заалтыг баримтлан, *******, *******ийн Үндэсний зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг удирдлага болгон тус хуулийн 31 дүгээр зүйлд заасныг үндэслэсэн ерөнхий захирлын бүрэн эрхийн хүрээнд гарсан тул хууль зүйн үндэслэлтэй юм. 267 тоот тушаалын хавсралт 7-д тус байгуулагад нийт 30 жолооч ажиллахыг тогтоосон. Тухайн үед нийт 31 жолооч байснаас 30 нь манай байгууллагад 2-15 жил ажилласан туршлагатай жолооч нар байсан. Харин Ц.*******ын хувьд 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр жолоочийн үнэмлэх авснаас хойш “*******” ХХК-д нэг жил орчим жолоочоор ажилласан туршлагатай байсан тул бид эрсдэлээс сэргийлэх үүднээс туршлагатай хүний нөөц авч үлдсэн. Тиймээс Ц.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн цуцалсан. Энэ тушаал хууль зүйн үндэслэлтэй нь “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай“ 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 тоот Улсын Дээд шүүхийн тогтоолын 15.1.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийг нэгтгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэсэн тайлбараас ойлгогдоно. Ц.*******ыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажилд авах үед тус байгууллагад жолоочийн орон тоо байхгүй байсан ба тухайн үед шинээр тамгын газрын даргын ажилд орсон Д.Даваадоржийн шахалтаар ажилд авсан байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3.2-т зааснаар мэргэжил, ур чадвар, дадлага туршлага, идэвх санаачилга, хөдөлмөрийн бүтээмж гэсэн 5 үзүүлэлтийг харгалзан Ц.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчид “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл“-ийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь заалтыг хэрэгжүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуул зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ыг *******, *******ийн Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч *******, *******ээс 10 264 908 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ын ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч *******, *******эд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******, *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 179 188 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг харьцуулан судалж, бодит үнэнийг тогтоолгүй хэт нэг талыг барьсан. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 001/ХТ2016/00446 тоот тогтоолын хянах хэсэгт заасан анхан болон давж заалдах шатны шүүхийн алдааг анхаарч засалгүй шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь *******, *******ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д заасан ажилтны ажилд авах, томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулахад мөрдөгдөх журмыг зөрчиж ажилд орсон байдаг. Өөрөөр хэлбэл, *******, *******ийн Тамгын газрын дарга Д.Даваадорж нь томилогдон ирж ажилд орохдоо өөрийн хувийн жолооч Ц.*******ыг сул орон тоо байхгүй байхад ажилд оруулж, тушаал гаргуулсан байдаг. *******, *******ийн ерөнхий захирлын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 198 дугаар тушаалын хавсралт 1-д жолоочийн орон тоог цөөрүүлж 31 болгож баталсан бөгөөд *******, *******ийн төсвийг 50 хувиар бууруулсантай холбогдуулж мөн оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 267 тоот тушаалаар жолоочийн орон тоог 30 болгож цөөрүүлсэн. Ц.******* нь 2014 оны 07 дугаар сарын   02-ны өдрөөс тус байгууллагад 6 cap ажилласан, туршлагаар хамгийн бага жолооч бөгөөд үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг юм.

Нэхэмжлэгч Ц.*******тай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т заасныг баримтлан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлтэй цуцалсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч *******, *******эд холбогдуулан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

*******, *******ийн ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 353 дугаар тушаалаар тус *******ийн Үндэсний зөвлөлийн 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 тоот тогтоол, ерөнхий захирлын мөн оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 267 тоот тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Олон нийтийн радио, *******ийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.6, Хөдөлмөрийн дотоод журмын 6.12.9-т заасныг үндэслэн Ц.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

*******, *******ийн ерөнхий захирлын 05 дугаар сарын 26-ны өдрийн 267 тоот тушаалаар байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, жолоочийн орон тоог 30 байхаар баталсан байх боловч уг тушаал гарахаас өмнө тус байгууллагад 31 жолоочийн орон тоо байсан талаарх баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2016/00446 тоот тогтоолд энэ талаар заасан боловч хариуцагч тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэдэг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул тушаалыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Талуудын зарчмыг хэрэгжүүлэх үүднээс анхан шатны шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах үүргийг хүлээхгүй тул Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан үндэслэлээр нотлох баримт бүрдээгүй гэж дүгнэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.

 

Иймд хариуцагч байгууллагад 31 жолооч ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаан дахь олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж шүүх шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасантай нийцсэн боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой нэхэмжлэл шийдвэрлээгүй байж холбогдох хуулийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

 

Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичсэн байна.

 

Иймд дээрх алдааг залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/04968 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “46 дугаар зүйлийн 46.1” гэснийг хасч, 3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

Э.ЗОЛЗАЯА