Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2019/0665

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргасан “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, харицагч татварын улсын байцаагч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 590 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдлоор, тус компанийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “А” ХХК-ийн захирал Б.Ч 2018 оны 11 дүгээр сарын 20-ны шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 232018106 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 590 дүгээр шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1.2, 6.6 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасныг баримтлан “А” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 232018106 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх “...нягтлан бодогч Х.Н Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу тус компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог компанийн эрх бүхий албан тушаалтан гэж үзэхээр байгаа бөгөөд Х.Нямцэцэг нь ...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, тус компанид ногдуулсан торгуулийн шийтгэлийн талаар мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэр гаргахад болон гэрээ хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэжээ.

Гэтэл Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар гомдол гаргагч компанийн эрх бүхий албан тушаалтанд ерөнхий нягтлан бодогч Х.Болат тооцогдохоор байна. Харин нягтлан бодогч Х.Н нь гомдол гаргагч компанийн эрх бүхий албан тушаалтан биш байтал түүнийг анхан шатны шүүх “эрх бүхий албан тушаалтан байна” гэж хуулийг буруу тайлбарласнаас үүдэн шийдвэрт нөлөөлсөн байна.

2.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...түүнчлэн гомдол гаргагч компанийн гүйцэтгэх захирал Б.Ч нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байдал шийтгэлийг хуудсыг олж мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй байгаа бөгөөд хариуцагч талаас уг шийтгэлийн хуудсыг шуудангаар хүргүүлснийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэжээ.

Нэгд. Хавтаст хэрэгт авагдсан зөрчлийн материалд холбогдогч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч болон нягтлан бодогч нарын нэрийг бичсэн боловч хэнд нь ч материалыг танилцуулж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй, эдгээр оролцогчид мэдээгүй байхад эрх үүрэг тайлбарласан, ярилцлагын тэмдэглэл үйлдсэн гэж гарын үсэг зуруулаагүй материал хавсаргаж шийтгэлийг хуудсыг шуудангаар гомдол гаргагчид хүргүүлсэн байдаг. Иймээс гомдол гаргагч шийтгэлийн хуудсаар ногдуулсан хариуцлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны байгууллагад гомдол гаргасан.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх хууль ёсны төлөөлөгч нь шийтгэлийн хуудсыг бичигдсэн эсэхийг мэдээгүй байсан тул Захиргааны ерөнхий хуульд зааснаар дээд шатны байгууллага болох татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг нь анхан шатны шүүх гомдол гаргагчийг мэдсэн гэж дүгнээд эрх зүйн байдлыг нь дордуулж болохгүй юм. Учир нь гомдол гаргагч шийтгэлийн хуудсыг бичигдсэн эсэхийг мэдээгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх нь зөрчигдсөн учраас гомдол гаргасан.

Хоёрт. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”,

2. “Холбогдогч дараах эрхтэй:

2.1. ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх,

2.2. өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах,

2.3. эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх,

2.6. эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан ...шийдвэрт гомдол гаргах,

2.7. өөрийн эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах,

2.9. “зөрчлийн хэрэгтэй танилцах” гэж заасан эрхүүдийг гомдол гаргагч “А” ХХК нь эдлээгүй учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэжээ.

Гэтэл холбогдогч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол гаргагч компанийн гүйцэтгэх захирал буюу Б.Ч эсхүл түүнээс итгэмжлэл авсан итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч нар нь тогтоох ёстой байтал тогтоож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн эрх үүрэг эдэлж оролцуулаагүй мэдэгдээгүй байдаг нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал буюу эрх бүхий албан тушаалтанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон гарсан шийдвэрийг мэдэгдээгүй нь гомдол гаргагч хуулийн этгээдийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн ажиллагаанд оролцох болон хэрэгжүүлэх эрх, үүрэг нь зөрчигдсөн байхад анхан шатны шүүх дүгнэлгүй шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

3.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” ...Тайлбар: энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан нь энэ хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт заасан зөрчилд алданги оногдуулах болохыг тайлбарласан байна” гэжээ. Гэвч Зөрчлийн хуулийн Татварын ерөнхий хууль зөрчих гэсэн 11.19 дүгээр зүйлд зааснаар хэрхэн торгууль ногдуулах, алдангийг юунд ногдуулах уу гэдгийг тодорхой зааж өгсөн байна.

Тодруулбал Зөрчлийн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснээр торгууль ногдуулах заалт байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “...нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэснээр татвар ногдох орлогоо нуусан, тоо хэмжээг нь багасгасан гэх мэт энэ нь хяналт шалгалтаар илрүүлж нөхөн татвар ногдуулсан тохиолдолд алданги тооцохоор байна.

Хэрэв тайлбар хэсэгт хугацаандаа төлөөгүй татварт ч гэсэн алданги ногдуулахаар байсан бол Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан шиг “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж тодорхой заах байсан.

Гэтэл нөхөн төлүүлэх хугацаандаа төлөөгүй татвар гэдгийг болон эсхүл ба гэдгээр үгээр салгаж тус тусад нь алданги ногдуулна гэдгийг зохицуулаагүй гагцхүү нөхөн төлүүлэх татварт алданги ногдуулна гэж нарийвчлан зохицуулсан байна. Иймээс Иргэний хуульд зааснаар үгийн шууд утгыг анхаарна гэснээр Зөрчлийн хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбарт хэсэгт зөвхөн нөхөн төлүүлэх татварт алданги ногдуулахаар байна.

Дээрхээс дүгнэвэл эрх бүхий албан тушаалтнууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг мөрдөх түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй этгээдүүд байтал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.5 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчиж шийтгэлийн хуудас үйлдсэн байхад анхан шатны шүүх хэвээр үлдээсэн нь эрх бүхий албан тушаалтнууд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг мөрдөхгүй, энэ хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхгүй нөхцөл байдал бий болгосон шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дараах хоёр үндэслэлээр дахин шинэ акт гартал тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

1.Шийтгэл ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, өөрөөр хэлбэл холбогдогчийг тогтоох ажиллагааг хэрхэн хийсэн болох нь тодорхойгүй, “…зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “А” ХХК-ийн захирал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 18 дугаар хороо, 13-50 тоот хаягт оршин суух Б.Ч оролцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулав…” гэж Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдсэн боловч бодит байдалд холбогдогчийг татаагүй, хэрхэн татах ажиллагаа хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

2.Шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсэгт “алданги” ногдуулсан эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл оногдуулсан шийтгэлийн 99.708.795,1 төгрөг, хохирлын 8.981.363,5 төгрөг, нөхөн төлбөрийн 54.518.839,3 төгрөг, нийт 163.208.997,9 төгрөгийн төлбөр ногдуулснаас Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор дээрх төлбөрөөс 65.289.514,6 төгрөгийн торгууль, 36.591.570,48 алданги, нийт 101.881.085,1 төгрөгийн шийтгэлийг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа Тогтоох нь хэсэгт “…67.983.923,72 төгрөгийн торгууль, 38.387.843,18 төгрөгийн алданги…” төлүүлэхээр шийтгэлийн хуудсыг өөрчилжээ.

Гомдол гаргагчаас анх “Зөрчлийн тухай хуулиар хугацаандаа төлөөгүй татварт алданги ногдуулахгүй” гэсэн үндэслэлээр Маргаан таслах зөвлөлөөс багасгасан 36.591.570,48 алдангийг хүчингүй болгуулахыг хүссэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлын шаардлагаа “шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн, шүүхээс гомдлын үндэслэлд дүгнэлт өгөхийн тулд шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг Маргаан таслах зөвлөлөөс багасгасан дүн зөрчилгүй байх ёстой.

Гэтэл багасгасан торгууль, алдангийн хэмжээ дээрх байдлаар Маргаан таслах зөвлөлийн тогтоолд зөрүүтэй бичигдсэнээс шалтгаалан гомдол гаргагчаас хүчингүй болгуулахыг хүссэн алдангийн дүнг 36.591.570,48 төгрөг гэж тодорхойлсон, мөн тогтоолд торгуулийн дүнг 67.983.923,72 төгрөг болгон багасгасан атлаа үндэслэл хэсэгт энэ дүнг 65.289.514,6 төгрөг гэж бичсэн байна. 

Иймд нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд анхан шатны шүүхээс эдгээр алдааг зөвтгөх, мөн давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан бөгөөд зөвхөн холбогдогчоор татах ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй нь тухайн зөрчилд шийтгэл ногдуулахгүй байх, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 590 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “А” ХХК-ийн гаргасан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 232018106 тоот шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “А” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН