Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/77

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ү.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904000860064 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

           Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Б.Оргил

Улсын яллагч                                                     Б.Буяндэлгэр

Шүүгдэгч                                                         Ү.Г-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Д.Ц- нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. суманд төрсөн, .. нас, .. сартай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-.., хүргэн ах Б-, авга эгч Н- /... цайны газарт тогооч/ нарын хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. орших “... ХХК”-ий хашаанд оршин суух,

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн  125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 15 хоногийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Х- овгийн Ү-гийн Г- /РД:.................../

Прокурорын яллах дүгнэлтэд:

Яллагдагч  Ү.Г- нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн .................. тоот хашаанд оршин суух А.Б-ийн гэрийн хаалганы цоожийг онгойлгож ороод цагаан өнгийн шургуулганаас “Самсунг жи-3”, “Самсунг жи-2” маркийн гар утаснуудыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч,хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 410.000 төгрөгийн,

            2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр хэсгийн 11/а тоот хашаанд оршин суух хохирогч А.Ч-гийн байшингийн цонхоор орж авдараас нь бэлэн 1.520.000 төгрөгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Ч-д 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                          

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн:

            “2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өглөө 9 цагийн үед гэрээс гарч Замчны 1 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байх хоёр гэрийн цоожтой гэрийн тотгоны дээд талд хавчуулсан түлхүүрээр нь хаалгыг онгойлгож хойморт нь байх цагаан өнгийн шүүгээнээс хар өнгийн гар утас хоёрыг авсан. Жи-3 маркийн утсыг нь А- гэх хүнд өрөндөө өгсөн. Харин Жи-2 маркийн утасны дэлгэц нь хагарсан учир 5000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөөр писи тоглосон.

            2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 10 цагийн үед Үйлдвэрийн хэсгийн 11-а хашаанд байх айлын цонхыг түлхээд орсон. Гал тогооны өрөөний шүүгээнээс олон түлхүүр байхыг авч жижиг өрөөнд байх чемодан шиг модон авдрын цоожинд түлхүүрүүдээс тааруулж онгойлгосон. Авдар дотроос 1 520 000 төгрөгийг авсан. 20 000 төгрөгийг нь хүүхдэд өрөндөө өгсөн. Бусад мөнгийг нь гэрийнхээ ойролцоо эзэнгүй амбаарын доод талд нуусан. Маргааш өдөр нь уг газрыг цагдаад зааж өгснөөр эзэнд нь мөнгийг буцаасан гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл болон хх-86-87, 92-93 хуудас/

 

Хохирогч  А.Б-ийн   мөрдөн байцаалтад өгсөн:

 “Би 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 08.00 цагийн үед .................. тоот хашаанд байх гэртээ ирэхэд гэрийн цоожны цүү нь суларсан, доторх эд зүйлс байрнаасаа хөдөлсөн байдалтай байсан. Эд зүйлсээ бүртгэхэд цагаан өнгийн шүүгээнд байсан “Самсунг жи-3” маркийн хуучин гар утас, “Самсунг жи-2” маркийн шинэ гар утас алга болсон байсан. Энэ хүүхдийн ирээдүйг бодож эдгээр зүйлийн төлбөрийн нэхэмжлэлээс татгалзаж байна. Гомдол саналгүй гэсэн мэдүүлэг  /хх  51-52 дахь тал /

Хохирогч З.Ч- мөрдөн байцаалтад өгсөн:

            “Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 11 цаг болох гэж байхад гэрээ түгжээд гарсан. Намайг гэртээ ирэхэд гэрийн цоож, цонх, хаалга зүгээр байсан боловч авдарт байсан мөнгө байхгүй болсон байсан. Би тэтгэврээ авах болгондоо хоол, унд ойр зуурын зүйлсээ авчихаад үлдсэн мөнгийг нь хийчихдэг байсан. Хэдэн төгрөг гэдгийг тоолоогүй байсан. 1 500 000 төгрөгийг бэлэнээр хүлээн авсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх 40, 43 дахь тал/

Гэрч Б.Шигүүндарь мөрдөн байцаалтад өгсөн:

            “2019 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 08:00 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож, цүү нь мултарсан байдалтай, гэртээ ороход хойд хэсэгт байх цагаан шүүгээний шургуулга онгорхой, бурхан байдаг хэсгийн эд зүйлс байрнаасаа хөдөлсөн байдалтай байсан. “Самсунг жи-3” маркийн гар утсыг 2017 онд 495.000 төгрөгөөр лизингээр, “Самсунг жи-2” маркийн гар утсыг 2019 оны 03 сарын 14-ний өдөр 280.000 төгрөгөөр лизингээр худалдаж авч байсан” гэсэн мэдүүлэг /хх 52 дахь тал/

 

Хэргийн газрын үзлэгийн  

            “Хэрэг учрал болсон гэх Багануур дүүргийн 3-р хороо, Замчны  1 дүгээр гудамжны 1  тоот хашааны дотор А.Б-ийн монгол гэр байх ба гэрийн хаалганы цүү, цуурга эвдрэл гэмтэлгүй байв. Гэрийн хойд хэсэгт 6 шургуулгатай цагаан өнгийн хуванцар шүүгээ байна. Уг шүүгээний баруун дээд булангийн шургуулгат байсан 2 ширхэг гар утас алдагдсан гэж хохирогч Б- заасан гээд гэрэл зургийн үзүүлэлтүүд хавсаргав гэсэн тэмдэглэл /хх-7-15 дахь тал/

 

Хэргийн газрын үзлэгийн

“Хэрэг учрал болсон гэх Багануур дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг 11-А тоот хашаанд байрлах Ч-гийн байшинд  орж үзлэгийг явуулав. 4 өрөөний жижиг өрөөнд байх модон авдарт мөнгө байсан гэж заасан ба уг авдар хар өнгийн цоожтой байв. Үзлэгийг үргэлжлүүлэн уг айлаас гарч Багануур дүүргийн 3 дугаар хороо үйлдвэрийн хэсэгт хашаагүй модон амбаарын суурь хэсгийн дор газрын хөрсөн дээр шар өнгийн гялгар ууттай зүйлийг гаргаж уутыг дэлгэхэд 20 000 төгрөгийн дэвсгэрт 50 ш, 10 000 төгрөгийн дэвсгэрт 5ш, 5 000 төгрөгийн дэвсгэрт 90 ш нийт 1 500 000 төгрөг бэлэнээр байсныг хураан авч гэрэл зургийн үзүүлэлт хавсаргав гэсэн тэмдэглэл /хх17-19 дэх тал/

 

2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Шинжээчийн

 “Самсунг жи-3” маркийн гар утас 130 000 төгрөг, “Самсунг жи-2” маркийн гар утас 280 000 төгрөг нийт 410 000 төгрөг гэсэн дүгнэлт /хх-ийн 67 дахь тал/,

Хохирогч Ч-д бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай мөрдөн шалгах ажиллагааны

“хохирогч З.Ч-д 20 мянгатын дэвсгэрт 50 ширхэг буюу 1 000 000 төгрөг, 10 мянгатын дэвсгэрт 5 ширхэг буюу 50 000 төгрөг, таван зуутын дэвсгэрт 90 ширхэг буюу 450 000 төгрөг нийт 1 500 000 төгрөгийг хүлээлгэж өгөв гээд гэрэл зургийн үзүүлэлт хавсаргав гэсэн тэмдэглэл /хх-ийн 26, 27  дахь тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасны

      Х- овгийн Ү-гийн Г-  нь “Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн  125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 15 хоногийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан” тухай тэмдэглэл /хх-111 дэх тал/

 

Хохирогч  С.Б-ийн шүүхэд болон мөрдөн байцаалтын үед ирүүлсэн бичгийн

            “Хохирол болох 410 000 төгрөгнөөс татгалзаж байна, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тайлбар

 

Хохирогч З.Ч-гийн мөрдөн байцаалтад өгсөн

“1 500 000 төгрөгийг буцааж авсан ба 20 000 төгрөгийг авахгүй, энэ хүүхдээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тайлбар /хх-52 дахь тал/ зэрэг баримтууд болно.

 

Улсын яллагч дүгнэлтдээ:

              Ү.Г- нь бусдад  1 930 000 төгрөгийн хор уршиг учруулсан нь нотлогдсон. Түүнд 3 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт  4 жил 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагат эдлүүлэх саналтай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ:

              Ү.Г-гийн гэм бурууг маргахгүй. Шүүгдэгч үйлдлээ болон хуулийн зүйл хэсэг, хор уршгийг хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогч С.Б- хохирол болох 410 000 төгрөг авахаас татгалзсан. З.Ч-д хор уршиг болох 1 500 000 төгрөгийг төлж барагдуулсан ба 20 000 төгрөгийг авахаас татгалзсан. Үүнийг хохирол арилсан гэж дүгнэх боломжтой. Иймд ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан ялыг 1 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 2 сарын ялыг нэмж нэгтгэн 1 жил 2 сарын хорих ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Ү.Г- нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн .................. тоот хашаанд А.Б-ийн монгол гэрийн тотгоны завсраас түлхүүрийг авч цоожийг онгойлгон орж хоймрын шүүгээнээс “Самсунг жи-3”, “Самсунг жи-2” маркийн гар утаснуудыг авч борлуулсан байна. Энэ үйлдлийн улмаас иргэн А.Б-т 410.000 төгрөгийн хохирол учирчээ.

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр хэсгийн 11/а тоот хашаанд оршин суух хохирогч А.Ч-гийн байшингийн цонхоор орж, гал тогооны шүүгээнээс түлхүүрүүд авч авдар онгойлгон 1.520.000 төгрөгийг хулгайлсан. Энэ үйлдлийн улмаас А.Ч-д 1.520.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Ү.Г-гийн дээрх үйлдлүүд нь хохирогч С.Б-ийн “...манай гэрийн цоожны цүү нь суларсан, гэрийн доторх эд зүйлс байрнаасаа хөдөлсөн байдалтай байсан. Эд зүйлсээ бүртгэхэд цагаан өнгийн шүүгээнд байсан “Самсунг жи-3” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг жи-2” маркийн гар утас 1 ширхэг тус тус алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч З.Ч-гийн “...Би авдараа онгойлгож үзсэн чинь хадгалж байсан мөнгө байхгүй болсон байсан” гэсэн мэдүүлгүүд, Гэрч Шигүүндарийн “...гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож, цүү нь мултарсан байдалтай, гэрийн хойд хэсэгт байх цагаан шүүгээний шургуулга онгорхой, бурхан байдаг хэсгийн эд зүйлс байрнаасаа хөдөлсөн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгчийн үйлдлийг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, бэлэн мөнгийг нуусан газарт хийсэн үзлэгийн болон 1 500 000 төгрөгийг уг газраас авч хохирогч Ч-д хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн эсэхийг шалгахад:

  • охирогч нарын мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хохирогч нарын мэдээллийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгүүдийн агуулга үнэн зөв болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг, хулгайн эд зүйлийг нуусан газарт хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр батлагдсан.  Дээрх нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг гүйцэд нотолж чадсан ба талуудаас нотлох баримтын талаар маргаж мэтгэлцээгүй болно. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлгүүдээр болон үзлэгийн тэмдэглэлээр тус тус давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн  гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлээ маш хямдаар борлуулж писи тоглоом тоглосон, бусдад төлөх өрөө төлсөн нь шунахай сэдэлтээр үйлдсэнийг нотолж байна.

Шүүгдэгч хохирогч нарын түлхүүрээ хаана хийдэг зэрэг мэдээллийг урьдчилан мэдсэн нь үйлдэлдээ шууд санаатай хандсаныг харуулж байна. Шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг өөрт нь мэдэгдэлгүй түүний зөвшөөрөлгүйгээр сэм аргаар авсан нь Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 17 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан “хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй, Хэний ч өмч хөрөнгийг дураараа хураан авч болохгүй” гэсэн заалт, МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, эзэмших, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчжээ. Иймд Ү.Г-гийн бусдын эд хөрөнгийг дур мэдэн авсан үйлдэл нь хууль бус үйлдэл мөн.

 

Эд хөрөнгийг авахдаа хохирогч нарын байнга оршин суух орон байранд нь гэрийнх нь цоожийг онгойлгох , байшингийн цонхыг түлхэж онгойлгох зэрэг аргаар нэвтэрсэн нь МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Монгол улсын иргэний орон байр нь халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, уг эрх нь хуулиар хамгаалагдана” гэсэн заалт, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны2200А(ХХI) тогтоолоор баталсан “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэний ч орон байранд дур мэдэн буюу хууль бусаар халдахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчжээ.

Ү.Г-гийн бусдын орон байранд хүч хэрэглэн нэвтэрсэн нь хууль бус үйлдэл мөн бөгөөд уг үйлдлийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирогчид нийт  1 930 000 төгрөгийн хохирол учирсан тул хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан хуульд тусгайлан тайлбарласан “энэ үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн тайлбарт хамаарахгүй болно.

Иймд Ү.Г-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ү.Г-г хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага зайлшгүй хүлээлгэх зарчмыг баримтлан  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялаас сонгож оногдуулах нь зүйтэй.

 

Ү.Г- нь багадаа эцэг эхээс өнчирч төрөл садны асрамжид өсөж байгаа, бага боловсролтой, эрхэлсэн ажилгүй, асрамжлагч нарын амьдрал нь амьжиргааны доод түвшинд, бусдын эд хөрөнгийг авч өөрийн хэрэгцээг хангах сэдэл, үйлдэл нь зуршил болж байгаа байдал өмнөх шийтгэх тогтоол болон одоогийн хэргийн үйлдлээс харагдаж байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн  хэр хэмжээ, нийгмийн хор аюулыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын үе шатнаас эхлэн гэмт үйлдлээ болон гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогч Ч- нь хохирол төлбөрөө бүрэн авсан, хохирогч С.Б- нь гэмт хэргээс учирсан хохирол болох  төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан ба гомдол саналгүй гэжээ. Үүнийг хохирогч өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхээ эдэлсэн гэж үзэх ба шүүгдэгчийг хохирол төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Хохирогч нарын хохиролгүй гэж үзсэн тайлбарыг үндэслэн Ү.Г-г хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял  оногдуулах нь зохистой гэж үзэв.

Ү.Г- нь Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн  125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан уг ялыг хоёр дахин багасгаж 1 жил 15 хоногийн хорих ялыг эдлүүлэх шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан  нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогджээ. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин хэрэг үйлдсэнийг үндэслэн шийтгэх тогтоол тус бүрээр оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 жил 15 хоногийн хорих ялыг /Ү.Г- нь насанд хүрсэн тул/ нээлттэй хорих байгууллагат эдлүүлбэл зохино.

Шүүгдэгч энэ хэрэгтээ 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх өдөр хүртэл нийт 30 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй. Энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х- овгийн Ү-гийн Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Х- овгийн Ү-гийн Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгийг тус тус журамлан Х- овгийн Ү-гийн Г-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  оногдуулсан нэг /1/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 15 хоногийн хорих ялыг эдлүүлэхээр тогтоосугай. 
  4. МУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсэгт зааснаар Ү.Г-гийн ялыг нээлттэй хорих байгууллагат эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ү.Г- энэ хэрэгт 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.Б- нь өөрт учирсан хохирол  410 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг, Ү.Г- нь хохирогч З.Ч-д  1 500 000 төгрөгийн хохирлыг буцаан өгснийг  20 000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг тус тус баталж, цаашид төлөх төлбөргүйг дурдсугай.
  8. Энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт шүүгдэгчид холбогдох хувийн бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргах журамтайг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ү.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ОЮУНБАТ