Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 890

 

  Ү.Гд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюунбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Ггийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1904000860064 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

................................, 2000 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгч нарын хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт орших “Хорол-Эрдэнэ” ХХК-ий хашаанд оршин суух бүртгэлтэй, /............................/,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 15 хоногийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

Ү.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчны 1 дүгээр гудамжны 1 тоот хашаанд оршин суух А.Баттөгсийн гэрийн хаалганы цоожийг онгойлгож ороод цагаан өнгийн шургуулганаас “Самсунг Жи 3, Самсунг Жи 2” маркийн гар утаснуудыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 410.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсгийн 11/а тоот хашаанд оршин суух З.Чүлтэмсүрэнгийн байшингийн цонхоор орж авдарнаас нь бэлэн 1.520.000 төгрөгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Ү.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ......................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Ү.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгийг тус тус журамлан Ү.Гд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 15 хоногийн хорих ялыг эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсэгт зааснаар Ү.Ггийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Г энэ хэрэгт 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.Баттөгс нь өөрт учирсан хохирол 410.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг, Ү.Г нь хохирогч З.Чүлтэмсүрэнд 1.500.000 төгрөгийн хохирлыг буцаан өгснийг, 20.000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг тус тус баталж, цаашид төлөх төлбөргүйг дурдаж, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт шүүгдэгчид холбогдох хувийн бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ү.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ү.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “Би насанд хүрээгүй байхдаа алдаа гаргаж, төрийн хайрыг хүртэж ял хойшлогдсон боловч гэр оронгүй, ах дүү нартайгаа таарамжгүйн улмаас найзуудынхаа гэрээр явж байгаад дахин хулгай хийсэн. Энэ үйлдэлдээ ял авч байгаагаа ойлгож байна. Өмнөх тогтоолоор шийтгүүлсэн ялын зарим хэсгийг хасаж болдог гэж ойлгосон юм. Иймд өмнөх тогтоолоор эдлээгүй байсан ялын зарим хэсгийг эрх хэмжээний дотор хасаж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор Б.Буяндэлгэр давж заалдах гомдолтой танилцаад тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Ү.Г “миний бие насанд хүрээгүй байхдаа хулгайн гэмт хэрэг үйлдэж, уг гэмт хэрэгтээ Багануур дүүргийн шүүхээс 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 15 хоногийн хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан. Энэ хугацаанд би дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг хэрэгтээ Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял, 2018 оны 125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд надад урьд оногдуулсан буюу 2018 оны 125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсгийг хасаж, миний эдлэх ялыг багасгаж өгнө үү” гэжээ. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 77 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна. Иймд шүүгдэгч Ү.Ггаас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээx тайлбар гаргаж байна.” гэжээ.

 

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ү.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Ү.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчны 1 дүгээр гудамжны 1 тоот хашаанд оршин суух А.Баттөгсийн гэрийн хаалганы цоожийг онгойлгож ороод цагаан өнгийн шургуулганаас “Самсунг Жи 3, Самсунг Жи 2” маркийн гар утаснуудыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 410.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсгийн 11/а тоот хашаанд оршин суух З.Чүлтэмсүрэнгийн байшингийн цонхоор орж авдарнаас нь бэлэн 1.520.000 төгрөгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч А.Баттөгсийн “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө 08:00 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчний 1 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байх гэртээ ирэхэд гэрийн цоожны цүү нь суларсан, доторх эд зүйлс байрнаасаа хөдөлсөн байдалтай байсан. Эд зүйлсээ бүртгэхэд цагаан өнгийн шүүгээнд байсан “Самсунг Жи 3” маркийн хуучин гар утас, “Самсунг Жи 2” маркийн шинэ гар утас алга болсон байсан. ...” /хх 51-52/,

 

хохирогч З.Чүлтэмсүрэнгийн “...2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 11 цаг болох гэж байхад гэрээ түгжээд гарсан. Намайг гэртээ ирэхэд гэрийн цоож, цонх, хаалга зүгээр байсан боловч авдарт байсан мөнгө байхгүй болсон байсан. Би тэтгэврээ авах болгондоо хоол унд ойр зуурын зүйлсээ авчихаад үлдсэн мөнгийг нь хийчихдэг байсан. Хэдэн төгрөг гэдгийг тоолоогүй байсан. ...” /хх 40-43/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8, 17-19, 30/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-15, 22-25, 31-32/, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 26-27/, эд зүйл үнэлсэн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 67/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Ү.Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Ү.Гг иргэн А.Баттөгсийн гэрээс “Самсунг Жи 3, Самсунг Жи 2” маркийн гар утаснуудыг хулгайлан авч, 410.000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн З.Чүлтэмсүрэнгийн гэрээс бэлэн 1.520.000 төгрөг хулгайлан авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Ү.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 15 хоногийн хорих ялаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон, мөн шүүх тухайн хуульд зааснаас доогуур ял оногдуулсан байх тул “...өмнөх тогтоолоор эдлээгүй байсан ялын зарим хэсгийг эрх хэмжээний дотор хасаж өгнө үү.” гэсэн шүүгдэгч Ү.Ггийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ү.Г нь өмнө нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 15 хоногийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь түүний хувийн байдал болон засрал хүмүүжлийг олоогүй байдлыг илтгэж байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуулчилсан бөгөөд тэрээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлээгүй байсан учир тухайн ялыг бүгдийг нэмж нэгтгэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН

 ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ