Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2016/04890

 

 

 

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2016/04890

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чинглэтэй дүүрэг, 2 дугаар хороо, Төмөрчний гудамж, 50 мянгат, 17-1 тоотод байрлах, “Мончингистэй” ХХК /РД:2723182/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, “Кокодесерт” ХХК /РД:2788985/-д холбогдох, түрээсийн төлбөр 18,684,796 төгрөг гаргуулах,

Түрээсийн барьцаа 18,000,000 төгрөг, хашаа, хаалт, хаалганы үнэ 12,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг, 5 ширхэг чингэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Мончингистэй” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа, хариуцагч “Кокодесерт” ХХК-ийн төлөөлөгч Ш.Алтантуул, түүний өмгөөлөгч Ч.Ням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Кокодесерт” ХХК-тай 2013 оны 09 сарын 21-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр  Чингэлтэй дүүргийн 3 хороо, 40, 50 мянгат  Төмөрчний гудамж 16 тоотод байрлах, Y-2202014464 улсын бүртгэлтэй, 630 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 570м.мк орчим талбайг үйлдвэрлэл, оффисийн зориулалтаар нэг сарын 6,000,000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай “Кокодесерт” ХХК-д түрээсэлж эхний 2 сарын түрээсийн төлбөрийг бөөнд нь төлсөн юм. Дараа нь 2013 оны 12 сараас 2015 оны 06 сарыг дуустал сарын түрээсийн төлбөрийг 4,368,421 төгрөг болгон бууруулж, 19 сараар төлье гэж хүсэлт тавьсны дагуу нийт 83,000,000 төгрөгийг 2013 оны 12 сард “Кокодесерт” ХХК нь манай компанид төлсөн юм. Энэ хугацаа нь 2015 оны 07 сард дууссан бөгөөд  2015 оны 07 сараас түрээсийн төлбөрийг сарын 5,000,000 төгрөг болгосон. Үүнээс хойш буюу 2015 оны 07 сарын 01-нээс хойш 2015 оны 11 сарын 13 өдөр хүртэл түрээсийн төлбөр болох 31,200,000 гаруй төгрөгийг төлөөгүй. 2015 оны 11 сарын 13-ны өдрөөс дээрх талбайг 2 жилийн хугацаатай, сарын 2,800,000 төгрөгөөр түрээслэхээр  дахин тохиролцож, гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2016 оны 01 сарын 27, 2016 оны 02 сарын 02-ны өдөр тус тус 5,000,000 төгрөгийг нийт 10,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрөөс түрээслэгч үйл ажиллагаа явуулахад өөрсдөдөө зориулж тохижуулсан тохижилтын мөнгө 9,235,200 төгрөг болсон үүнийг төлбөрөөс хасъя гэхээр зөвшөөрч, үлдэгдэл төлбөр болох 2016 оны 02 сарын 22-ны байдлаар 11,964,800 төгрөг болсон гэж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг түрээсийн төлбөр болон 2016 оны 02 сарын 22-ны өдрөөс 2016 оны 05 сарын 04-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр болох 6,719,996 төгрөгийг төлөхгүйгээр  UESU214912 022621, MMU   600240   7  SU   2210,  UCUI 242574  5 22 G1, 216863 дугаартай тус бүр нь 20 тонны контейнер барьцаанд үлдээгээд, нүүгээд явсан боловч түрээсэлсэн объектыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байна. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 18,684,796 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Кокодесерт” ХХК нь нэхэмжлэгч “Мончингистэй” ХХК-ийн 570 м.кв талбай бүхий ажлын байрыг харилцан тохиролцож, түрээсэлсэн байдаг. Эхний 2 сарын түрээс 12,000 төгрөгийг “Кокодесерт” ХХК нь бөөнд нь төлсөн. Мөн хариуцагчийн эдийн засгийн байдлыг харгалзан үзэж, ажлын байрны сарын түрээсийг 4,368,421 төгрөг болгон бууруулж, нийт 19 сарын түрээсийн төлбөр 83,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “Мончингистэй” ХХК-д хариуцагч “Кокодесерт” ХХК төлсөн байдаг. Тус 19 сарын хугацаа 2013 оны 07 дугаар сард дууссан ба үүний дараагаас ажлын байрны сарын түрээсийг 5,000,000 төгрөг болгон өөрчилсөн. Хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөрөө төлж, чадахгүй байсныг нэхэмжлэгч “Мончингистэй” ХХК харгалзан үзэж, 2013 оны 11 дүгээр сараас эхлэн сарын түрээсийг 2,800,000 төгрөг болгож, бууруулсан. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр талууд бүх тооцоогоо нийлж, тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Уг тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч “Мончингистэй” ХХК нь хариуцагчаас 11,964,800 төгрөгийн түрээсийн төлбөр авахаар тооцоо нийлсэн байдаг. Үүнээс хойш 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны түрээс 6,719,996 төгрөг болсон ба нийт түрээсийн төлбөр 18,684,796 төгрөгийг хариуцагч “Кокодесерт” ХХК нь төлөлгүйгээр 4 ширхэг чингэлгийг уг мөнгөнийхөө барьцаанд үлдээгээд нүүгээд явсан юм. Иймээс “Кокодесерт” ХХК-иас ажлын байрны нийт түрээсийн төлбөр 18,684,796 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь 18,000,000 төгрөгийг түрээсийн барьцаа мөнгө гэж биш түрээсийн төлбөрт төлсөн. 2013 оны 09, 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр 18,000,000 төгрөг төлсөн. Мөн төмөр хашаа барихдаа “Кокодесерт” ХХК нь “Мончингистэй” ХХК-ийн захирлаас зөвшөөрөл аваагүй барьсан байдаг. Бодит байдал дээр төмөр хашаа барьсан зүйл байхгүй. Чингэлгүүдийн хувьд хариуцагчийн төлөөлөгч өөрөө хүсэж, түрээсийн төлбөрийн барьцаанд үлдээсэн. Нэхэмжлэгчийн хувьд “Кокодесерт” ХХК-ийн 4 ширхэг контейнерыг түрээсийн төлбөрийг төлж дууссаны дараа барьцаанаас чөлөөлнө. Харин нэг ширхэг чингэлгийг хариуцагчийн төлөөлөгч нь манай компанид зарсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Кокодесерт” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай компани нь “Кокодессерт” ХХК-тай ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан. Уг ажлын байрыг хүнсний үйлдвэрийн журмаар ашиглахаар түрээсэлсэн. 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн хугацааг тооцохоор бид харилцан тохиролцсон. 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын түрээс 12,000,000 төгрөг бид төлсөн. Бид бүтэн 2 сар уг ажлын байрыг түрээслэхдээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Мэргэжлийн хяналтын газраас ажлын байрны шаардлага хангахгүй байх тул засвар хийсний дараа үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгнө гэсэн шаардлага тавьсан. Энэ байдлыг би “Мончингистэй” ХХК-ийн захирал н.Тогоод хэлэхэд “Хэрвээ танайх бөөнөөр нь түрээсээ төлбөл би засвар хийгээд өгье” гэсэн тайлбар өгсөн. Би банкнаас зээл хөөцөлдөж, 83,000,000 төгрөгийн зээл авч, уг мөнгөөрөө нийт 19 сарын түрээсийн төлбөр төлсөн. Сарын түрээсийг 4,368,421 төгрөгөөр тооцож, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 19 сарын төлбөр гэж тохиролцсон. “Мончингистэй” ХХК нь түрээсийн төлбөрөө бууруулсан шалтгаан нь би тус компанийн захирал н.Тогоод банкнаас 83,000,000 төгрөгийн зээл авч өгч, банкны зээлийнхээ хүү болон, татварын баримтыг хасаж, тооцоод түрээсийн төлбөрөө бууруулсан юм. Бидний зүгээс 83,000,000 төгрөг өгье, түрээсийн төлбөрөө буруулаач гэж гуйсан зүйл байхгүй. 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний бие Канад улс руу 5 сарын хугацаатайгаар явсан. Энэ хооронд н.Тогоо нь уг ажлын байранд засвар хийхээр тохиролцсон  байсан ч ямар ч засвар хийгээгүй байсан. Уг ажлын байранд хүнсний үйлдвэрлэл явуулах шаардлага хангахгүй байсан учраас бид ажлын байрны зөвшөөрлөө авч чадаагүй. Үүнээс болж мэргэжлийн хяналтын газраас манай байгууллагын үдийн цай хөтөлбөрийг түдгэлзүүлсэн. Энэ байдал нь манай компанид маш их хохиролтой байдал үүсгэж байсан. “Мончингистэй” ХХК-ийн захирал н.Тогоо нь надаас авсан 19 сарын түрээсийн төлбөр болох 83,000,000 төгрөгийг хуучин эхнэртээ өгсөн тул засвар хийх боломжгүй болсон гэдгээ хэлсэн. Ингээд бид өдөр тутмын орлогоосоо 2014 оны зунжин, хаваржин уг ажлын байранд засвар хийсэн. Бидний түрээсэлсэн уг байр нь бороо орохоор дусаал гойжиж, өвлийн улиралд халдаггүй байсан. “Мончингистэй” ХХК-ийн захирал н.Тогоо нь Мэргэжлийн хяналтын газраас тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс  манай компанид маш их хохирол учирсан. Хавтаст хэргийн 86 дугаар  хуудсанд өвлийн улиралд уг ажлын байр 16 градусын хүйтэн, ажилчид ажлаа хийх ямар ч боломжгүй байсан нь харагдана. Энэ байдлаас болж ажилчдын ажиллах эрч хүч буурч, борлуулалт хүртэл муудсан нь хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан баримтаас харагдана. Ингээд бид 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр уг байрнаас нүүсэн. Энэ хугацаанаас хойш одоог хүртэл “Мончингистэй” ХХК-ийн захирал н.Тогоогийн биднээс дээрэмдэж авсан эд хөрөнгө тоног төхөөрөмжөө авч чадаагүй байгаа. Нэхэмжлэгч компанийн захирал н.Тогоо нь намайг эмэгтэй хүн учраас дээрэлхэж, айлган сүрдүүлж, манай компанийн эд хөрөнгийг түрэмгийлж авчихаад, өгөхгүй байгаа. Миний хүзүүнд байсан гинжийг хүртэл булааж авч байсан. Бид түрээсэлсэн ажлын байрандаа өдөр тутмын орлогоороо засвар хийсээр, ашиг олж чадаагүй нь манай компанийн татварын баримтаас харагдана. Манай компанийн хувьд өнгөрсөн жил 735 сая төгрөгийн ашиг олж байсан бол энэ жилийн олсон ашиг 495 сая төгрөг болж буурсан. Манай компани 10,000,000 төгрөг гаргаж, “Мончингистэй” ХХК-ийн ажлын байрыг тохижуулсан. Бид “Мончингистэй” ХХК-ийн ажлын байранд цахилгаан монтажийн ажил, гэрэлтүүлэг, гэрлийн утас солих, цахилгааны утас солих, цахилгааны шийд солих, гаднах талбайн хогийг хөлсөөр ажилладаг хүмүүсээр цэвэрлүүлж, 0,7 га газар талбайг тэгшилж, машины зогсоол хийлгэж, гадуур нь төмөр хашаа барьж, тааз, хана, шалны плита солих зэрэг олон ажил хийж гүйцэтгэсэн. Бид “Мончингистэй” ХХК-д төлөх түрээсийн ямар ч өөр байхгүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “Кокодесерт” ХХК-ийн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх хөрөнгө 570 м.кв талбайтай ажлын байрыг түрээслэхээр гэрээ байгуулж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч тал ажлын байрандаа орсон байдаг. 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэлх 2 сарын түрээс 12,000,000 төгрөг хариуцагч тал бэлнээр төлсөн. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээс 83,000,000 төгрөгийг бэлнээр бөөнд нь өгсөн байдаг. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны түрээс 10,000,000 төгрөгийг мөн тушаасан. Энэ хугацааны түрээсийн төлбөрт “Мончингистэй” ХХК-ийн захирал н.Тогоо 9,235,200 төгрөг /ажлын байр тохижуулсан мөнгөө энэ хугацааны түрээсийн төлбөрт оруулж тооцсон/ ба үүнийг нэхэмжлэлийн шаардлагад хүлээн зөвшөөрсөн байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс сарын түрээсийг 2,800,000 төгрөг болгосон. Нэхэмжлэгч талын нэхэж байгаа 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Уг ажлын байрыг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас хаасан ба 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Кокодесерт ХХК нь уг байрнаас нүүсэн юм. Хариуцагч байгууллага нь үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явуулахын тулд нүүсэн бөгөөд “Кокодесерт” ХХК-ийн 5 ширхэг чингэлэг бусад эд зүйлсийг “Мончингистэй” ХХК-ийн захирал н.Тогоо булааж авч үлдсэн. Нэхэмжлэгч талаас гаргасан 18,684,796 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхдээ түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн гэрээгээ үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой байхад нэхэмжлэгч нар нь бүртгүүлээгүй байсан. Хуульд заасны дагуу уг түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр шаардах эрхгүй юм. Хариуцагч талын зүгээс 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр н.Тогоо түрээсийн гэрээг шинээр байгуулсан бөгөөд энэ гэрээг бид хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хариуцагч талаас “Мончингистэй” ХХК-д өгөх ямар нэгэн өр төлбөр байхгүй гэжээ.

 

Хариуцагч“Кокодесерт” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Манай компани “Мончингистэй” ХХК-тай 2013 оны 9 сарын 21-ний өдөр “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулж Чингэлтэй дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мончингистэй” ХХК-ний өмч болох үйлчилгээний зориулалттай 570 м.кв талбайг хүнсний үйлдвэрлэл явуулах зориулалттайгаар түрээсийн гэрээ байгуулж 2013 оны 10 сарын 01-нээс 2013 оны 12 сарын 1-нийг хүртэл 6,000,000 төгрөг төлөхөөр, 2013 оны 12 сарын 01-нээс 2015 оны 6 сарын 31-нийг дуустал нийт 19 сарын түрээс нэг сарын түрээсийн төлбөр 4,368,421 төгрөг буюу 83,000,00 төгрөг төлөхөөр, 2015 оны 7 сарын 01-нээс 2015 оны 11 сарын 13-ны өдөр хүртэл мөн адил нэг сарын төлбөр 4,368,421 төгрөг төлөхөөр тохиролцсон. Дээрх түрээсийн төлбөр төлөх хугацаа 4 сар 13 хоногт тооцогдох түрээсийн төлбөр 19,366,666 төгрөг болж байгаа боловч манай байгууллагын хийсэн барилгын засварын ажилд зарцуулсан зардал болох 9,235,200 төгрөгийг “Мончингистэй” ХХК-ний захирал М.Тогоо  түрээсийн төлбөрийн хагасыг зөвшөөрсөн тул үлдэгдэл 10,131,466 төгрөгийг бид 2016 оны 10 сарын 27, 2016 оны 02 сарын 02-ны өдрүүдэд тус тус 5,000,000 төгрөгийг М.Тогоогийн хувийн данс болох “Хаан банк”-ны 5077361224 тоот дансанд хийсэн. Иймд манай байгууллага тухай бүрд нь ажлын байрны түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж дуусгасан.  Ингээд 2015 оны 11 сарын 13-ны өдөр “Мончингистэй” ХХК-ний захирал М.Тогоотой ажлын байрны түрээсийн гэрээг дахин хийхдээ уг ажлын байр нь хүнсний үйлдвэрлэл явуулах, барилга байгууламжийн стандарт шаардлага хангахгүй байгаа зэргийн үндэслэн түрээсийн гэрээнд нэг сарын түрээсийн төлбөрийг 2,800,000 төгрөг болгон өөрчлөлт оруулсан юм. 

....Манай байгууллага “Мончингистэй”ХХК-ний ажлын байранд нэгэнт нүүж очсон болохоор өөрийн эрхгүй үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахын тулд бид өөрсдийн хөрөнгөөр 10,000,000 гаруй төгрөг гаргаж “Мончингистэй”ХХК-ний ажлын байрыг тохижуулан “Түрээслэгчийн гүйцэтгэх” үүргийн өмнөөс манай байгууллага багагүй хөрөнгө, зардал гаргаж ажлуудыг хийсэн. Үүнд:  “Мончингистэй” ХХК-ний байрны эргэн тойрон, гаднах талбайд байсан удаан хугацаанд хуримтлагдсан хог хаягдлыг, хөлсөөр ажилладаг хүмүүстэй ажлын хөлс тохиролцон цэвэрлүүлсэн болно. “Мончингистэй”ХХК-ний Байрны өмнөх 0.7 га газар, талбайг хар шороо, хатуу хайргаар дүүргэж, тэгшилж, машины зогсоол хийсэн. Уг байрыг төмөр хашаа, хаалга , хаалтаар тойруулан тусгаарлан хашаа барьж битүүлж хашаажуулсан. Уг байрны дотор талд тааз хан, шалны плита,  зэрэг барилгын доторх засал чимэглэлийг хийж гүйцэтгэсэн. Мөн уг барилгын доторх цахилгаан монтажын ажилд цахилгааны шийд кабель, разетик, бүх гэрэл гэрэтүүлэг, гэрлийн утас зэрэг шаардлагатай материалуудыг  манай байгууллага гаргасан боловч  зарим нэг цахилгааны кабель, ус чийгийн хамгаалалттай гэрэл, цахилгаан утас, цахилгааны шийд зэргийг эргүүлэн авч чадаагүй уг  байранд үлдээсэн болно. Иймд манай байгууллага “Мончингистэй”ХХК-тай байгуулсан ажлын байр түрээслэх гэрээний дагуу түрээсийн төлбөрийг цаг хугацаанд төлж байсан бөгөөд одоо түрээсийн ямар нэг төлбөр тооцоо байхгүй. Харин манай байгууллага “Мончингистэй”ХХК-наас авах авлага мөн хөрөнгө гаргуулж авах эд хөрөнгө байгаа тул дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага №01 Түрээсийн барьцаанд бэлнээр тушаасан 18,000,000 төгрөг, “Мончингистэй”ххк-ний байрыг тойруулж барьсан төмөр хашаа, хаалт, төмөр хаалганы үнэ болох 12,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг гаргуулж, “Мончингистэй”ХХК-ний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх. 20 тонны 3 ширхэг чингэлэг нь 9,000,000 төгрөгийн үнэ бүхий /FCIU№242574  5  22G18  MMMU №600240  7  2210 ,   UESU  №214912  0  22G1/ дугаартай. 20 тонны 1 ширхэг хөргөгчтэй чингэлэг нь 9,500,000 төгрөгийн үнэ бүхий /№216863/ дугаартай. 20 тонны 1 ширхэг чингэлэг нь цэнхэр өнгөтэй уг чингэлгийг “Мончингистэй” ХХК-д түр хэрэглүүлэхээр /SITU №297112  6  22G1/өгсөн.

Иймд түрээсийн барьцаанд өгсөн 30,000,000 төгрөг буюу дээрх чингэлгүүдийг тус тус чөлөөлүүлж авахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК нь хариуцагч “Кокодесерт” ХХК-д холбогдуулж түрээсийн төлбөр 18,684,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч  “Кокодесерт” ХХК нь нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК-иас түрээсийн барьцаа 18,000,000 төгрөг, хашаа, хаалт, хаалганы үнэ 12,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг, 5 ширхэг чингэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Монгчингэстэй” ХХК нь 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 сарын 13-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11,964,800 төгрөг, 2016 оны 02 сарын 22-ны өдрөөс 2016 оны 05 сарын 04-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6,719,996 төгрөг нийт 18,684,796 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Кокодесерт” ХХК нь “...түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч хуульд заасан услын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй тул түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, ...2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 сарын 13-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулалгүй, засвар хийсэн, ...2016 оны 03 сарын 09-ний өдрөөс хойш түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаагүй тул түүнээс хойш хугацааны түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй, бүх төлбөр төлөгдсөн” гэж маргажээ.

 

Талууд түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй боловч түрээслүүлэгчийн ашиглалтад байгаа нийт 630м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 570м.мв талбайг түрээслэгч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашигласан нь түрээслүүлэгчийн нийт талбайг бүхэлд нь түрээслээгүй тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй. Талуудын байгуулсан гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, 288 дугаар зүйлийн 288.1.1-д “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх” гэж тус тус заажээ.

 

Түрээслэгч 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд түрээсийн байранд түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэй засвар хийснээс гэрээний 2.1-д заасан хүнсний үйлдвэрлэл явуулах зориулалтаар үйл ажиллагаа явуулж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд “Кокодесерт” ХХК нь түрээсийн байранд засвар хийхийг зөвшөөрсөн, тус хугацаанд засварын ажил хийгдсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй, зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

 

Зохигч 2015 оны 11 сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, нэг сарын төлбөр 2,800,000 төгрөг байхаар тохиролцсон байх боловч Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн “Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай” 02-02-340/11 дугаартай акт тавигдсанаар түрээслэгч 2016 оны 03 сарын 09-ний өдрөөс түрээсийн байрыг ашиглах, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. /хх-ийн 95- 102 дугаар тал/

 

Түрээсийн байр гэрээнд заасны дагуу ашиглах боломжгүй болсон болох нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2014 оны 11 сарын 03-ны өдрийн “Зөрчил ариглуулах тухай” 33-06-385/204 дугаартай албан шаардлага, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн “Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай” 02-02-340/11 дугаартай  акт зэргээр нотлогдож байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл түрээслүүлэгчийн түрээсэлсэн байрыг түрээслэгч гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан байх тул ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч “Кокодесерт” ХХК нь “Мончингэстэй” ХХК-д 2015 оны 11 сарын 13-ны өдрөөс 2016 оны 03 сарын 09-ний өдөр хүртэл 4 сарын түрээсийн төлбөр нийт 11,200,000 төгрөг төлөхөөс 2016 оны 01 сарын 27, 2016 оны 02 сарын 02-ны өдөр тус тус 5,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг төлсөн байх тул үлдэх 1,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.  /хх-ийн 62-67 дугаар тал/

 

Иймд хариуцагч “Кокодесерт” ХХК-иас 1,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Монгчингэстэй” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,481,796 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд зохигч 2013 оны 09 сарын 21-ний өрөөс эхлэн нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 16 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 630 м.кв барилгын 570 м.кв талбайг түрээслэн, түрээсийн гэрээний барьцаанд хариуцагч “Кокодесерт” ХХК-иас 2013 оны 09 сарын 28-ны өдөр 2013 оны 10 дугаар сарын түрээсийн барьцаанд 6,000,000 төрөг, 2013 оны 09 сарын 21-ний өдөр 2013 оны 12 дугаар сарын түрээс, барьцаа 12,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК нь хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан  “Мончингэстэй” ХХК-ийн санхүүгийн баримтаар нотлогдож байна.  /хх-ийн 59 дүгээр хуудас/

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” 301 дүгээр зүйлийн 301.1-д “Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй. 301.2-т “Хөлслүүлэгчийн барьцаалсан эд хөрөнгийг хөлслөгч нь аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаа хангахад ашиглах зориулалтаар, эсхүл амьдралын ердийн нөхцөлд тохирсон харилцааны улмаас буцаан авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд саатуулан барих эрх дуусгавар болно” гэж тус тус заасан байна.

 

“Кокодесерт” ХХК нь “Мончингэстэй” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын түрээс, барьцаанд зориулж 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 12,000,000 төгрөгийг төлсөн боловч талууд 2013 оны 12 дугаар сараас эхлэн 2015 оны 07 дугаар сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 83,000,000 төгрөг төлснөөр 2013 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөр төлөгдсөн нь дээрх 12,000,000 төгрөг болон 2013 оны 11 дүгээр сарын түрээсийн барьцаа 6,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрийг төлж, гэрээний харилцаа дуусгавар болсноор буцаан гаргуулах үндэслэлтэй байна.

 

Мөн хариуцагч “Кокодесерт” ХХК нь нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК-д UESU214912 0 2261, MMU 600240 7 SU 2210, UCUI 242574 5 22G1, №216863 /хөргүүртэй/ дугаартай тус бүр нь 20 тонны чингэлгийг түрээсийн барьцаанд бариулсан болох нь 2016 оны 04 сарын 28-ны өдрийн барьцааны эд зүйлийн талаар “Кокодесерт” ХХК захирал Ш.Алтантуул, “Мончингэстэй” ХХК-ийн захирал М.Тогоо нарын бичсэн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байх тул дээрх 4 чингэлгийг “Мончингэстэй” ХХК-иас гаргуулах нь зүйтэй.

 

Харин сөрөг нэхэмжлэлийн шаарлагаас SITU 297112 6 22G1 дугаартай 20 тоннын чингэлгийг хариуцагч “... нэхэмжлэгч компанийн захирал М.Тогоо нь намайг эмэгтэй хүн учраас дээрэлхэж, айлган сүрдүүлж, манай компанийн эд хөрөнгийг түрэмгийлж авчихаад, өгөхгүй байгаа” гэж тайлбарласан байх бөгөөд уг чингэлгийг “Мончингэстэй” ХХК-д  түр хэрэглүүлэхээр өгсөн эсхүл М.Тогоо авсан тодорхойгүй, хавтаст хэрэгт “Мончингэстэй” ХХК-д  өгсөн талаар нотлох баримт авагдаагүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-д “хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх” гэж заажээ.

 

Түрээсийн байрны гадна хашаа, хаалт, хаалга хийсэн зардалд нийт 12,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч түрээслэгч түрээслэгчээс зөвшөөрөл аваагүй гэсэн тайлбарыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Нөгөө талаар уг хашаа, хаалт, хаалгыг түрээслэгчийн газар, барилгад хийсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас тус хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК-иас 18,000,000 төгрөг, UESU214912 0 2261, MMU 600240 7 SU 2210, FUCUI 242574 5 22G1, №216863 /хөргүүртэй/ дугаартай тус бүр нь 20 тонны 4 чингэлгийг гаргуулж “Кокодесерт” ХХК-д олгож, үлдэх 12,000,000 төгрөг, SITU 297112 6 22G1 дугаартай 20 тоннын 1 чингэлэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.5, 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хариуцагч “Кокодесерт” ХХК 1,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17481796 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3, 301 дүгээр зүйлийн 301.1, 301.2, 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК-иас 18,000,000 төгрөг, UESU214912 0 2261, MMU 600240 7 SU 2210, FUCUI 242574 5 22G1, №216863 /хөргүүртэй/ дугаартай тус бүр нь 20 тонны 4 чингэлгийг гаргуулж “Кокодесерт” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,000,000 төгрөг, SITU 297112 6 22G1 дугаартай 20 тоннын 1 чингэлэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,374 төгрөг, хариуцагч “Кокодесерт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 283,050 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчаас 36,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.