Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 82

 

                                   Б.Ут холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 297 дугаар магадлалтай, Б.У-т холбогдох эрүүгийн 2209000000343 дугаартай хэргийг шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан Б овогт Б-ын У.

Б.У нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар гудамжинд байрлах “Улсын их дэлгүүр”-ийн гэх нийтийн байрны 00 тоотод бусадтай архидан согтуурсан байх үедээ Р.М-тэй харилцан маргалдаж, улмаар тус нийтийн байрны гадна дагуулан гарч түүнийг 3 удаа баруун зүүн мөрөөрөө ээлжлэн үүрч газарт шидэж унагахдаа гэдэс, хэвлий тус газарт нь өөрийн жингээр мөр, тохой хэсгээрээ 3 удаа дарж унан эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал, элэгний эдийн язрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, нойр булчирхайн няцрал гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.У-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж 297 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.У гаргасан гомдолдоо:“Миний бие 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 40 минутад гэрээсээ гарч хамт ажилладаг хүний гэрт очих замдаа телевиз засварын хажуу зам дээр Т-тай таарсан. Замын эсрэг талаас 13 цагийн үед Б, Б амь хохирогч С, П нар ирсэн. Мэндлээд “юу хийж яваа юм бэ” гэхэд архи авах гэсэн мөнгө дутаад, зовхины тос 1 ширхгийг 1000 төгрөгөөр зарж байна гээд явж байсан. Амь хохирогч Б, Б 3 хамт явж хэдэн ширхэг тос заръя гэхээр Т бид хоёр яваагүй. Гэтэл амь хохирогч Б, Б гурав за та хоёр тэгвэл Л-нд очоод байж бай бид нар хэдэн ширхэг тос зараад юм аваад араас чинь очно гэсэн. Тэгэхээр нь Т бид хоёр Л-нд очсон бөгөөд тухайн үед Л гэртээ ганцаараа байсан араас нь З, Ж, Ж-ын дүү гурав орж ирсэн. Бид нар хоёр дахь архийг ууж дуусах үед Ж дахиад 1 шил архи уумаар байна гээд бид нараас мөнгө асуусан. Бид нарт мөнгө байхгүй байсан учраас Ж өөрийнхөө гар утсыг ломбардад тавиад дахиж 1 шил архи авсан дөнгөж задалж байхад Ч, Б хоёр орж ирсэн бид нар тэр архийг тойруулж сууж байгаад надад  суух газар олдохгүй болохоор нь “за би явж ажлаа бодлоо” гээд тэр архинаас нэг хундагыг уугаад гараад явсан. Намайг гарахад 15 цаг 30 минут болж байсан би Л-ийн гэрээс гараад гэртээ ирсэн. Гэртээ байж байгаад 17 цагт ус болон нүүрсэнд явсан. Хүнсний дэлгүүр ороод гэртээ ирэхэд манай эхнэр хоолоо хийж байсан би хүүтэйгээ тоглож байгаад хоолоо идчихээд телевиз үзэж байгаад 21 цагт ойрхон гараад ирье гэж хэлээд гарсан. Л-ийн гэрт очиход хүн байгаагүй болохоор нь буцаад гэртээ ирсэн. Эргэж гараагүй гэтэл гэрч Т мэдүүлэхдээ “2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагт У амь хохирогчийг Л-ийн гэрийн гадаа үүрч шидсэн гэх мэдүүлэг өгсөн. Гэтэл улсын яллагч 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагт хэрэг гарсан гэж үзсэн. Хэрэг гарсан 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 17 цагт намайг нүүрс, усанд явсан, хүнсний дэлгүүр орсон гэдгийг худгийн ажилтан дэлгүүрийн худалдагч, нүүрс зарж байсан хүн болон бусад хүмүүс мэдэж байсан. Би Ө байцаагчид намайг 17 цагт ус, нүүрсэнд явсан, хүнсний дэлгүүр орсон гэдгийг холбогдох хүмүүсээс асууж шалган, хэргийн газрын камерын бичлэгийг бүрэн шалгаад өгөөч гэхэд шалгаж өгөөгүй. Хэрэв тэр үед хэргийн газрын камерын бичлэгийг шалгасан бол намайг хэрэг гарах цагт хэргийн газар байгаагүйн бүрэн нотлогдох байсан байцаагч хэт нэг талыг барьж ажилласан. Миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна амь хохирогч бид хоёр маргалдаагүй би амь хохирогчийг үүрч шидээгүй. Т нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “У амь хохирогчийг авч шидээгүй гэх мэдүүлэг өгч намайг амь хохирогчийг үүрч шидэж хэвлий хэсэгт нь мөр тохойгоороо дарж унаж бэртээсэн гэдэг нь няцаагдсан ба шүүх хуралд үүрч шидсэн гэдэг нь тогтоогдсонгүй. Хэрэг гарсан 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 16 минутад хэргийн газрын камерын бичлэгт амь хохирогч нь хамгийн сүүлд Б, Т, Б нартай эрүүл явж байгаад 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 01 цаг 45 минутад хэргийн газраас 1 километр зайтай болох Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Рашааны 2 дугаар гудамж буюу Б-ийн гудамжинд согтуу ухаангүй шахуу бүтэн биеэрээ атиралдаад хунирсан уруул болон ам, хамраас нь цус гарсан, хувцас нь нэлэнхийдээ шороо болсон зодуулсан шинжтэй олдсон. Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хэрэг гарсан 2022 оны 02 дугаар сарын 11-ний орой бид нар Б-ийн гэрт очиж архи уусан гэх мэдүүлэг өгсөн. Гэтэл Т нь хэргийн газрын камерын бичлэгт явж байгаа дөрвөн хүнийг Б, амь хохирогч хоёр байна. Харин энэ хоёр хүнийг танихгүй гээд өөрийгөө болон Бийг бишээ гээд нуугаад худал мэдүүлэг өгөөд байгаа Б, Т, Б нарыг шалгаагүй амь хохирогч нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 16 минутаас 12-ны өдрийн 01 цаг 45 минут хүртэл хаана, хэнтэй архи уусныг хэнд зодуулсныг шалгаагүй амь хохирогчид ил харагдах шарх сорви байгаагүй. Амь хохирогчийн биед үүссэн хөнгөн гэмтлийг авах үед давхар хүнд гэмтэл авсан эсэхийг шалгаагүй. Амь хохирогч 2022 оны 02 дугаар сарын 11-ний 21-22 цагт ээж рүүгээ хэний дугаараас ярьсныг шалгаагүй. Хэрэг гарсан 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагт намайг нүүрс, усанд явсан, хүнсний дэлгүүр орсон гэдгийг холбогдох хүмүүсээс нь асууж шалгаагүй. Хэргийн газрын камерын бичлэгийг бүрэн шалгаагүй ба зөрүүтэй худал мэдүүлгийг үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж 9 жил хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 9 жил хорих ялыг цагаатган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "...Шүүгдэгч Б.У-ыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 0 дугаар хорооны 0 дугаар гудамжинд байрлах “Улсын их дэлгүүр”-ийн гэх нийтийн байрны 00 тоотод бусадтай архидан согтуурсан байх үедээ амь хохирогч Р.М-тэй харилцан маргалдаж, улмаар тус нийтийн байрны гадна дагуулан гарч түүнийг 3 удаа баруун зүүн мөрөөрөө ээлжлэн үүрч газарт шидэж унагахдаа гэдэс, хэвлийн тус газарт нь өөрийн жингээр мөр, тохой хэсгээрээ 3 удаа дарж унах зэргээр зодсоны улмаас биед “хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал, элэгний эдийн язрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, нойр булчирхайн няцрал гэмтэл учруулж” хүнийг санаатай алсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв...” гэжээ. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан гэрч Т.Т, О.Б нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.У-ын Р.М-ыг гурван удаа үүрч шидсэн үйлдлийн улмаас түүний хэвлий орчимд нь дарж унаж хэвлийн битүү гэмтэл учруулан үхэлд хүргэсэн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй тогтоогдоогүй нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.Гэмт хэргийн шалтгаант холбооны онолын тайлбараар гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд шалтгаант холбоо байхгүй гэж үздэг болно. Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Эрүүгийн хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20 цаг 10 минутад амь хохирогч Р.М гэрч Т.Т, Б.Б нарын хамт гэрч Д.Л-ийн гэрээс гарч яваа үйл баримт /1 дүгээр хавтас, 38-39 дахь тал/ нотлох баримтаар авагдсан камерын бичлэгээр тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогч Р.М-ыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20 цаг 10 минутад нас барсан 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 цаг 45 минут хүртэл хугацаанд хаана хэнтэй явж биед нь үүссэн хөнгөн гэмтлийг хэн хэзээ ямар байдлаар үүсгэснийг гэрч Т.Т, Б.Б нараас камерын бичлэгт үндэслэн мэдүүлэг авч тогтоох, гэрч Б.Б-аас хүү Р.М 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагт хэний ямар дугаараас залгасан, гэрч Д.Л-ийн гэрийн гадаа байрлах камерын бичлэгийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны бичлэгийг бүтнээр авах ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүй хэргийн бодит байдал, эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох ажиллагааг явуулаагүй байна.

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримт

1.Гэрч О.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Д.Л-ийн гэрт 1 удаа очсон. Би 15 цаг өнгөрөөж гэрээс гараад 16 цагийн үед Д.Л-ийн гэрт очсон. Амь хохирогчтой 16 цагийн үед тааралдсан. Э.У, М хоёрыг хамт байхад нь тааралдсан. Тэр хоёр маргалдаагүй ердийн байдалтай байсан. М суугаад, Э.У зогсож байсан байдлыг Д.Л-ийн гэрийн цонхоор харах боломжгүй. Тухайн үед амь хохирогчийн биеийн ил хэсэг буюу гар нүүрэн тус газарт нь шарх, сорви байгаагүй. Д.Л-ийн гэрээс 16 цаг өнгөрөөгөөд 17 цагийн үед нөхөртэйгөө хамт гарсан. Камерын бичлэгт байгаа улаан куртиктэй хүнийг би танихгүй Т.Т, талийгаач нар байсан. Би цагийг багцаалж хэлээгүй. Би яг тэр үед явж байсан. (Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1177 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл 12-14 дэх тал)

2.Гэрч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2021 оны 02 дугаар сарын 11 -ний өдөр Д.Л-ийн гэрт 13 цагийн үед орсон. Намайг ороход Э.У амь хохирогчтой маргасан байдалтай сууж байсан. Тэр хоёр хэрэлдээд гарсан. 14 цагийн үед гарсан. Б.У амь хохирогчийг учиргүй үүрч шидээд байгаагүй. Зүгээр л нудрангуут М өөрөө өнхөрч унаад байсан. Тэр үйл явдал 3 удаа үйлдэгдсэн.

Б.У дээр нь дарж унаагүй М өөрөө унаад байсан. Б.У зүгээр түлхээд байсан. Яг ямар үйлдэл хийснийг сайн тайлбарлаж мэдэхгүй байна. Тэр үед би зөрөөд 14 цаг 10 минутын үед гарсан. Би 16 цаг өнгөрч байхад Д.Л-ийн ахынд орсон. Тухайн үед гэрт ороход М-ын биед ил харагдах шарх сорви байгаагүй хөл өвдөөд гээд доголсон байдалтай байсан. Өнөөдөр ярьсан бүх зүйл үнэн зөв.

Улсын яллагч “Та өмнө өгсөн мэдүүлэгтээ: Цонхоор харж байхад Б.У М-ын энгэрээс нь заамдаж байгаад баруун гараараа үүрч авч шидэхдээ баруун мөр хэсгээрээ цээжин хэсэг дээр дарж унасан. М хөлөөс нь зуураад босоод ирэхэд дахиж аваад шидсэн” гэсэн байна. Та одоо эрс өөр мэдүүлэг өгч байна. Та хэн нэгний нөлөөнд автсан уу.

Намайг цонхоор харж байхад Э.У унагаасан юм. М их согтолттой байсан. Үүрч шидээд унагаасан гэж би хэлээгүй. Бид нарыг бүгдийг нь бүтэн сайн өдөр бариад тулгаж мэдүүлэг авсан. Та мөрдөн шалгах ажиллагааны үед согтуу байсан уу. Б.У эрүүл байсан. Д ах бид хоёр согтуу байсан.        

Та өөрийнхөө өгсөн мэдүүлэгтэй танилцсан уу.

Уншуулах гэхээр нь би “Ярьсан юм аа мэдэж байгаа гээд гарын үсэг зурсан. Тэр үед согтуу байсан учраас буруу мэдүүлэг өгсөн байна гээд байгаа юм уу.

Тийм гэв. (Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1177 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл 23- 27 дахь тал)

З.Гэрч, шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт “Гэмтэл аваад тэр даруйдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд амь аврагдахыг үгүйсгэхгүй. Бүтэн 50 цаг эмчийн тусламж үйлчилгээ аваагүй учраас боломжтой гэж үзэж байна. Хөнгөн гэмтэлд хамаарна гэсэн байна. Энэ нь шинэ гэмтэл үү хуучин гэмтэл үү.

Зулгаралт гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл. (Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1177 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл 28- 29 дэх тал) гэсэн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан байна.         

Шүүгдэгч Б.У 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд амь хохирогч Р.М-тай маргалдан түүнийг 3 удаа үүрч шидэж унаган хэвлий тус газарт жингээр 3 удаа дарж унах зэргээр зодсоны улмаас хэвлийн хөндийн битүү гэмтэл учруулж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн бодит байдал, эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг тогтоох зорилгоор гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарлан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн прокурорын ажиллагаанд гомдолтой байна.

Хяналтын прокурорын хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдээгүй яллах дүгнэлтэд үндэслэн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 297 дугаар магадлалыг хүчингүй болгож шүүгдэгч Б.У-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлээр гомдол гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Ж.Гантулга өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо Ж.Гантулга өмгөөлөгч, шүүгдэгч нарын цагаатгах байр суурийг ерөнхийдөө дэмжээд хэрэв гэм буруутайд тооцох гэж байгаа бол хэргийн зүйлчлэлийн асуудал яригдахаар байна гэдэг зүйлийг ярьдаг. Өөрөөр хэлбэл яаралтай түргэн тусламжийн эмч, эрүүлжүүлэх байрны эмч нар дараагийн шатны эмнэлэгт хүргээгүй байна. Мөн хохирогч гэмтлийн эмнэлгээс гарч яваад нэг хоногийн дараа өөрөө ирээд буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ авах 50 гаруй цагийг алдсан байна. Шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж шууд амь насаа алдсан гэж үзэх боломжгүй байна гэдэг байдлаар хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл болох боломжтой талаар мэтгэлцсэн. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан шийдвэр гарахад нөлөөлөхүйц нотлох баримт байхад анхаарч үзэлгүйгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:Анхан шатны шүүх Б.У холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Амь хохирогч, шүүгдэгч нар нь тухайн хэрэг гардаг өдөр хэсэг хүмүүстэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж, нэлээд согтуурсан байсан талаар гэрч нар мэдүүлдэг. Улмаар хоорондоо маргалдаж байшингийн гадаа гарч нэг нэгийгээ шидэж, унагааж байсан талаар гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн. Цагдаагийн хоёр албан хаагч дуудлагаар очсоны дагуу эмнэлгийн түргэн тусламж дуудсан бөгөөд анхны эмнэл зүйн шинж үзлэгээр амь хохирогчид учирсан гэмтлийг тогтоох боломжгүй байсан байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн гадна байдалд ямар нэгэн шарх, гэмтэл байгаагүй талаар гэрч Ч, Б нар мэдүүлсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад “амь хохирогч эмнэлгээс гарч зугтаж яваад хаагуур явж байгаад буцаж ирсэн асуудлыг шалгаагүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй” талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн эрүүлжүүлэх байрнаас гэмтлийн эмнэлэгт амь хохирогчийг хүргэж өгөөд, улмаар нарийн шинжилгээнүүд (эхо, томограф) хийгдэж, эмч нарын зөвлөгөөнөөр орсон. Энэ хугацаанд амь хохирогч гараад явсан асуудлыг өвчтөний түүхэнд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогч эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ эдгээр гэмтлүүдийг авсан байсан нь тогтоогдсон, хагалгаанд орох асуудлыг улмаар шийдвэрлэсэн байна. Тэгэхээр амь хохирогчийн үхэл шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газрын үзлэг хийгдсэн, “...гурван удаа шидсэн, дээрээс нь дарж унасан” гэх гэрчийн мэдүүлгийн дагуу 18-ны өдөр нөхөн үзлэг хийгдэж, гэрэл зургаар бэхжүүлсэн. Мөн эрүүлжүүлэх байрны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд түргэн тусламж иртэл амь хохирогч өнхрөөд бие нь зовиуртай байсныг илэрхийлсэн байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заажээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг болно.

Иймд эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

Одоогийн байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан анхан шатны шүүх Б.У-ыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн үед согтуугаар Р.М-тай харилцан маргалдаж, улмаар түүнийг 3 удаа үүрч газарт унагахдаа гэдэс, хэвлий хэсэгт нь өөрийн жингээр мөр, тохойгоороо дарж унан хохирогчийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал, элэгний эдийн язрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, нойр булчирхайн няцрал гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх “...хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна” гэж дүгнэсэн байна.

Тухайлбал, давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Амь хохирогч Р.М-ын дээрх эмнэлгийн байгууллагад үзүүлсэн атлаа эмчийн зөвлөгөө авалгүй зугтаагаад 2022 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн орчим буцаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирэх хүртэлх Р.М-ын үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан байдлыг тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл, амь хохирогч дээрх хугацаанд хаана, юу хийсэн, амь хохирсонтой шалтгаант холбоотой эсэх талаар хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв” гэсэн дүгнэлт хийсэн атлаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргахгүй тул дээрх алдааг дүгнэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” хэмээн дурдан уг тогтоолыг хэвээр үлдээсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгожээ.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан заавал хэрэглэх хэм хэмжээг хэрэглээгүй нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж, уг зүйлийн 2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Хохирогч Р.М нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өглөө Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсний дараа зугтааж, мөн өдрийн шөнө уг төвд дахин ирснээс (өөрөө эсхүл хэн нэгэн хүргэж ирсэн нь тодорхойгүй) гадна тэрээр 2022 оны 02 дугаар сарын 11-ний орой 20 цаг 18 минутад Т.Т, Б.Б болон үл таних хүний хамт гудамжинд явж байснаас хойш гэрч Э.М-ын хашааны гадаа очих хүртлээ хаагуур, хэнтэй явсан, дээрх цаг хугацаанд юу болсныг нэг мөр, эргэлзээгүй тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж хяналтын шатны шүүх үзнэ.

Ийнхүү шалгахдаа тэрээр эх Б.Б-тай утсаар ярьсан болон гэрч О.Б, Л.Ч нартай “О” дэлгүүрийн хавьд дахин тааралдсан, түүний “уруул, хамраас нь цус гарсан байдалтай байсан” талаарх гэрч Э.М, Г.Л, С.М нарын мэдүүлэг, түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд гэрч Т.Т нь өмнөхөөсөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн болон шүүгдэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо Б гэгчийн талаар дурдсан зэргийг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоохоос гадна мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс энэхүү тогтоолд дурдсан нөхцөл байдлуудыг заавал тодруулах шаардлагатай тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.У хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол, уг тогтоолыг хэвээр үлдээсэн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн тул түүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэх үед авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 297 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Хуульд заасан эрх бүхий этгээдээс Б.У шинээр таслан сэргийлэх арга хэмжээ авах хүртэл түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                           ШҮҮГЧИД                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                           Б.ЦОГТ