Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 74

 

 

Б.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ичинхорол, хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, хохирогч П.М, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09ий өдрийн 1515 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181 дүгээр магадлалтай, Б.Ат холбогдох 2208014821630 дугаартай хэргийг хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, А.

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 05 дугаар сарын 31-нээс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хохирогч Ч.Ж, П.Мнарт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоот хашаа байшин, газрыг худалдаж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь өв нээгдсэнээр шилжүүлнэ хэмээн итгүүлж 21.000.000 төгрөг авсан атлаа өөр бусдад худалдсан буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан,

“Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоот хашаа байшин, газрыг Ч.Ж нарт худалдан 21.000.000 төгрөг авсан атлаа өв нээгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ч.Жт шилжүүлэхгүйгээр тус хашаа байшин, газрыг худалдана хэмээн зар байршуулан улмаар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ж.Б-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 17.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 7.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Б.Ат зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх буюу хорих ял эдлэхээс чөлөөлөгдөхгүй болохгүй сануулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас нийт 42.490.968 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Ж, П.Мнарт 25.490.968 төгрөг, хохирогч Ж.Б 17.000.000 төгрөг тус тус олгож,

Шүүгдэгч Б.Ааас хохирогч Ж.Б-ын нэр дээр шилжүүлэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоот хаягт байршилтай 340 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000690632 дугаар гэрчилгээ, мөн үл хөдлөх 41 м.кв, хувийн сууц зориулалттай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000984435 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж, тухайн үл хөдлөх газар, хувийн сууц зориулалттай байшинг гагцхүү хохирогч Ч.Ж, П.М-, Ж.Б-д нарт учирсан хохирлыг барагдуулахад зарцуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Д.Бурмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Ж.Б- нь Б.Ат залилуулсан талаар аль ч шатанд гомдол гаргаагүй бөгөөд Б.Ат залилуулсан мэтээр мөрдөн байцаалтын шатанд Ж.Б үндэслэлгүйгээр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Өөрөөр хэлбэл Ж.Б бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох этгээд биш байхад шүүх зөвтгөхгүйгээр хууль ёсны дагуу худалдаж авсан хашаа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, хохирол төлбөрийг барагдуулах байдлаар шийдвэрлэсэн. Ж.Б хууль ёсны дагуу худалдаж авсан гэрчилгээ, бичиг баримтуудаа хавсаргаад “хамар хашааны н.Ж гэдэг айл оруулахгүй байна” гэдэг өргөдөл, гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан. Хориг, хязгаарлалт байгаагүй бөгөөд н.Б Б.Ат, Б.Ааас Ж.Б шилжсэн байдаг. Б.А, н.Ж нар нь албан ёсоор худалдаагүй, гэрээ байгуулаагүй бөгөөд мөнгөө өгч авалцсан зүйл л байгаа. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд н.Ж нь “...Б.А ирээд би худалдахаа больсон, мөнгийг чинь төлчихнө гэж хэлээд явсан, тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан” гэж мэдүүлсэн байдаг. Тэгээд эд нарт худалдахгүй, мөнгийг чинь өгнө гэж байснаа зар тавиад Ж.Б-д худалдсан байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд 5 хүүхэдтэй бөгөөд нөхөртэйгөө цуглуулсан мөнгөө нийлүүлээд сургууль, цэцэрлэгтэй ойрхон хашаа байшин авъя гээд зарын дагуу очиж авсан л хүн. Гэтэл хууль ёсны дагуу олж авсан хашаа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хохирол төлбөрийг барагдуулахад зарцуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Б.А бол н.Ж-г залилсан учир түүнд мөнгөө төлөх ёстой. Мөрдөн байцаагч хохирогчийг дуудаад “...танд гомдол санал байна уу” гэхээр нь Ж.Б “...би хашаа байшиндаа орчихсон, надад гомдол санал байхгүй” гээд надад ч хэлээгүй мэдүүлэг өгчихсөн байдаг. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч болон өмгөөлөгчийг оролцуулаагүй. Шүүх хуралдааны товыг 3 хоногийн өмнө мэдэгдэх ёстой бөгөөд өмгөөлөгчид огт мэдэгдээгүй. Хурлын өглөө Ж.Б руу залгаад “...танд гомдол санал байна уу, та шүүх хуралдаанд оролцох юм уу” гэж асуусан ба Ж.Б “надад гомдол санал байхгүй, би хашаа байшиндаа орсон” гэж хэлсэн байдаг. Шүүх хуралдаан мэтгэлцэх зарчмын дагуу явагдаагүй бөгөөд энэ хүний эрх ашиг хөндөгдөхөөр байхад түүний өмгөөлөгчид нь хурлын товыг мэдэгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөнөөс болоод шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогч Жхэлсэн саналдаа “... миний хувьд маш их гомдолтой байна. Олон жилийн хугацаанд таван хүүхэдтэйгээ хашаа байшин түрээсэлж амьдарсан. Би зовж олсон мөнгөөрөө хашаа байшин авсан. Тухайн хашаа байшингийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. Гэтэл яагаад намайг хохирогч болгоод байгааг ойлгохгүй байна. Б.Атай гэрээ байгуулахад ТҮЦ машинаас бүх бичиг баримтыг нь шалгаж үзсэн. н.Ж, П.Мнар нь н.Б гэдэг хүний гэрчилгээг бариад “чи залилуулсан байна” гээд над руу дайрч намайг хашаа байшинд оруулаагүй. Мөрдөн байцаагч “та Б.Ат гомдолтой юу” гэхэд нь би н.Ж-т гомдол гаргасан болохоос Б.Ат гаргаагүй гэдэг утгаараа гомдолгүй гэж хэлсэн. Шүүгчийн туслахаас над руу залгаад шүүх хурал одоо 09 цагт болох гэж байна та ирэх боломжтой юу гэж асуусан бөгөөд би хашаа байшиндаа орсон, надад ямар ч гомдол байхгүй. н.Ж-г хашаанд оруулахгүй байна гэж гомдол гаргасан болохоос биш өөр надад гомдол байхгүй гэж хэлсэн. Та хохирогч болсон, энэ шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар мэдэгдсэн бол өмгөөлөгчийн хамт оролцох байсан. Би зөвхөн 17.000.000 төгрөгөөр хохироогүй, урд, хойно нь хашаа хатгасан, урсгал зардал их орсон” гэв.

 Мөн шүүх хуралдаанд хохирогч П.Мхэлсэн саналдаа “... миний хувьд гомдолтой байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогч П.М өмгөөлөгч С.Мягмарсүрэн хэлсэн саналдаа “... Б.А нь хохирогч н.Ж өв залгамжлах эрх нээгдэхээр тухайн хашаа байшингийн гэрчилгээг шилжүүлэх байдлаар хоорондоо тохиролцож, хэлцэл хийж, төлбөр мөнгийг шилжүүлсэн. Б.А нь тухайн хашаа байшинд амьдардаггүй учраас 2021 оны 09 дүгээр сараас эрж хайж гэрчилгээгээ авах талаар удаа дараа мэдэгдсэн боловч шилжүүлж өгөөгүй буюу үүргээ биелүүлээгүй. Ж.Б нь тухайн хашаа байшинг ирж үзээд байхаар нь н.Ж, М нар нь Б.Ааас худалдаж авсан, манай өмчлөлийнх шүү гэдэг талаар хэлсэн байдаг. Гэтэл маргаан гарч зөрчлийн хэрэг үүссэнээр энэ хоёр хүн тус бүр 100.000 төгрөгөөр торгуулсан байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд “энэ хашаа байшинг манайх худалдаж авсан, та худалдаж авч болохгүй шүү” гэж тухайн үед Ж.Б-д мэдэгдсэн талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байдаг. Б.А нь н.Ж, Ж.Б нарт тухайн хашаа байшинг худалдаж “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хохирогч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцох, хэрэг ямар шатанд байгаа эсэх талаар асууж тодруулах үүрэгтэй. Хохирогч Ж.Б түүний өмгөөлөгч нар нь энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэдэг нь үндэслэлгүй юм” гэв.

 Прокурор Б.Ичинхорол шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан болон давж заалдах шатны шүүх Б.Ат холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, бодит байдалд нийцээгүй, эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч нь н.Ж, П.Мнар, эсхүл Ж.Б эсэхийг Эрүүгийн хууль тогтоомжид нийцүүлэн зааглан дүгнэлт хийж хянан шийдвэрлэлгүйгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, хохирлыг барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Б.А нь хашаа байшинг худалдах худалдан авах хэлцэл хийж н.Ж, П.Мнарт худалдаж, зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, нийт 21.000.000 төгрөгийг авснаар байшин газрыг эзэмшилдээ авсан байна. Б.А нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг н.Ж, П.Мнарын нэр дээр шилжүүлээгүй нь түүний ээж нас барж өвлөх эрх нь шилжээгүйтэй холбоотой болох нь тогтоогдсон байдаг. Харин Б.А нь тухайн хашаа байшинг н.Ж, П.М нарт 21.000.000 төгрөгөөр худалдаж, хэлцэл хийсэн атлаа бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулж Ж.Б худалдсан нь “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл н.Жамъянбаатар, П.М нар нь худалдах худалдан авах гэрээний дагуу газар, үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлж, эд хөрөнгийн эзэмших эрхийг хүчин төгөлдөр хэлцлийн дагуу олж авсан учир хууль ёсны эзэмшигч гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар Б.А болон Ж.Б нарын хооронд хийгдсэн тухайн хашаа байшинг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.А-аас Ж.Б-ын нэр дээр шилжүүлсэн газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, хохирогч н.Ж, П.Мнарыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ааас 17.000.000 төгрөгийг гаргуулж Ж.Б-д олгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийг зөв тогтоож, тэдний эрх зүйн байдлыг тодорхойлж чадаагүйн улмаас шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.

Шүүн таслах ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэтгэлцэх эрхээ тэгш хэрэгжүүлэх боломжийг шүүх хангах үүрэгтэй болно.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн  хохирол хүлээсэн хэмээн хохирогчоор тогтоогдсон, өмчлөх эрх нь зөрчигдсөн байж болзошгүй учир иргэний нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээсэн хүн, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийг тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй явдлыг оролцогчийн хууль ёсны эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гэж үзнэ.

Энэхүү ноцтой зөрчлийг давж заалдах шатны шүүх “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” хэмээн зөвтгөн дүгнэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа бүхий шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй юм.

Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулахаас гадна хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Мөрдөгч, прокурор, шүүгч хэн боловч хууль дээдлэх зарчмын дагуу хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтыг чанд сахиж хэлбэрэлтгүй мөрдөх үүрэгтэй бөгөөд хуульд заасан журмыг баримтлаагүй, хуулийг зөрчиж гаргасан шийдвэр хүчингүйд тооцогддог нь хууль хэрэглээний хэвшиж тогтсон жишиг билээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төгсгөлийн шат болох шүүх хуралдаанд  хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж оролцуулаагүй явдлыг зөвтгөж залруулах хууль зүйн боломжгүй тул тухайн шийдвэрүүдийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон учир хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09ий өдрийн 1515 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181 дүгээр магадлалын тус тус хүчингүй болгосугай.

2. Хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Д.Бурмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                               Б.ЦОГТ