Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 406

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

            Шүүгдэгч: С.З-, Б.Д-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт С.З-, Б.Д- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805025430660 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.З-, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... тоотод оршин суух, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 01 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан, ......... тоот регистртэй,

     2.  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Б.Д- , ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн .......... тоотод оршин суух урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил, 10 хоног хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 10 хоногийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ял дээр урьд оногдуулсан 8 жил, 10 хоног хорих ялын  зарим хэсэг 03 жил 6 сарын хорих ялыг нэмж нийт 8 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар 01 жил 4 сарын хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ..........  тоот регистртэй,

Шүүгдэгч С.З-, Б.Д- нар нь бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Голден Парк-2 хотхоны 301 байрны гадаа ил байсан иргэн Э.Ч-ийн эзэмшлийн ......улсын дугаартай Хонда СRV маркийн тээврийн хэрэгсэл рүү нэвтэрч, суудлын бүрээс, толь, куртик, амккумлятор, автомашины катушик, зургийн аппарат, мп-3, флаш, 5 бул, ослын зогсолтын гурвалжин, алх, сүх, иш, машины лого, багаж зэрэг эд зүйлсийг хулгайлан 554.300 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч С.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байгаад Б.Д-т машинаа үзүүлэх гээд уулзсан. Тэр орой Б.Д-ийн гэр рүү орох гэж байхад машин онгорхой байсныг харсан...” гэв.

Шүүгдэгч Б.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр С.З- бид хоёр утсаар ярьж байгаад уулзаад С.З-ын машин дотор 3 том пиво уусан. Бид хоёр хамт ууж байгаад бие засах гээд нэг машины хажуугаар явахад тэр машины хаалга дутуу хаагдсан байсныг харсан. Би машинаас суудлын бүрээс болон аккумулятор авсан..” гэв.

Хохирогч Э.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден Парк хотхоны 301 дүгээр байрны урд талд байдаг шороон зам дагуу автомашины зогсоол дээр өөрийнхөө автомашиныг зогсоож байрлуулаад маргааш өглөө буюу 5 сарын 05-ны өглөө автомашиныг үзэхэд хулгай орж автомашинд байсан эд зүйлүүд болон машины эд зүйлүүдээ хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Автомашины зүүн талын толь, суудлын бүрээс, аккумлятор, сэвчээний утас гэх зэргийн эд зүйлүүд болон өөр бусад эд зүйлс хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Яллагдагчаар С.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Далайгийн гэр лүү явж байтал замд байрны урд талын зогсоол дээр ертөнцийн зүгээр хойш харуулж тавьсан цэнхэр өнгийн 30-40 улсын дугаартай Хонда CRV маркийн машин байсан. Тэгээд эргэн тойрноо харж байгаад толийг нь авчихъя гээд зүүн талын толийг нь авах гэхэд жолоочийн талын хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь зүүн талын толийг дотор талаас нь тайлаад авсан, намайг дотор ороод толь тайлах хооронд Далай машины копудыг онгойлгон аккумлятор, автомашины катушик, утас зэргийг авсан. Би тэр машин дотор ороод дотор нь байсан суудлын бүрээсийг аваад тэр дотор байсан юмнуудыг хийсэн бас нэг тортой юм байсан авсан. Тэгсэн Далай ирээд надаас тор зэргийг аваад бас дотор байсан юмнуудыг гаргаад тавьчихсан байсан. Би өөрөө бас тэр үйл явдлыг буюу Далайг дотор байсан зүйлсийг аваад гаргахыг харж байсан. Тэгээд нэгэнт гаргачихсан байсан болохоор бид хоёр машинаас хулгайлж авсан зүйлсээ аваад явж байгаад урд талын цементны доор нууж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 81-82/,

Яллагдагчаар Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Би З-тэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан буюу цагдаад баригдсан даруйдаа хулгайлсан эд зүйлээ хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 84-85/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-6/ эд зүйлийн үнэлгээ /хх-н 8-9/, Хохирогчийн өргөдөл /хх-н 13/, Эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл /хх-н 19-23/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-39, 44-47, 63-68, 70-75, 89-91/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 92/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.З, Б.Д- нар нь бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 5 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Голден Парк-2 хотхоны 301 байрны гадаа ил байсан иргэн Э.Ч-ийн эзэмшлийн ......улсын дугаартай Хонда СРВ маркийн тээврийн хэрэгсэл рүү нэвтэрч, суудлын бүрээс, толь, куртик, амккумлятор, автомашины катушик, зургийн аппарат, мп-3, флаш, 5 бул, ослын зогсолтын гурвалжин, алх сүх, иш, машины лого, багаж зэрэг эд зүйлсийг хулгайлан 554.300 төгрөгний бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Ч-ийн: “...2018 оны 5 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден Парк хотхоны 301 дүгээр байрны урд талд байдаг шороон зам дагуу автомашины зогсоол дээр өөрийнхөө автомашиныг зогсоож байрлуулаад маргааш өглөө буюу 5 сарын 05-ны өглөө автомашиныг үзэхэд хулгай орж автомашинд байсан эд зүйлүүд болон машины эд зүйлүүдээ хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Автомашины зүүн талын толь, суудлын бүрээс, аккумлятор, сэвчээний утас гэх зэргийн эд зүйлүүд болон өөр бусад эд зүйлс хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүгдэгч нар тусгайлан хамгаалсан орон байр, агуулахад нэвтрээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т “...энэ гэмт хэргийг ... орон байр, .... агуулахад нэвтэрч” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилжээ. “Агуулах сав” гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгох хууль зүйн ойлголт юм.

Шүүгдэгч С.З-, Б.Д- нар нь хохирогчийн автомашинд нэвтэрч эд зүйлсийг хулгайлсан нь тусгайлан хамгаалсан орон байр, агуулах буюу хохирогчийн хувийн орон зайд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.З-, Б.Д- нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан орон байр, агуулахад  нэвтэрч, бүлэглэн” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.З-, Б.Д- нар нь “бүлэглэн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан орон байр, аугуулахад нэвтэрч буюу автомашинд нэвтрэн орж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид эд зүйлийн үнэлгээгээр 554.300 төгрөгийн хохирол учирсан учирсан бөгөөд шүүгдэгч нар нь уг хохирлыг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 92/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.З, Б.Д- нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас уруулсан хохирлыг нөхөн төлсөнийг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт 02 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч С.З-, Б.Д- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З-, Б.Д- нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.З-, Б.Д- нарын урьд 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл баривчлагдсан 2 хоног, 2018 оны 10 дугаар сарын 10-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 152 хоног, нийт 154 хоногийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.З-, Б.Д-нарыг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан орон байр, агуулахад нэвтэрч, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.З-, Б.Д- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.З-, Б.Д- нарт тус тус оногдуулсан 01 жил орих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар С.З-, Б.Д- нарын урьд цагдан хоригдсон 152 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тус тус тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З-, Б.Д- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР