Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2016/04816

 

2016 оны 08 сарын 05 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04816

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нэгдсэн хорих 401 дүгээр анги, /Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолойн хэсэг гудамж, Бэрхуулынам тоот/, Харичн овогтой Алтанцэцэгийн Халиун /РД:УХ75121876/-ны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Гандангийн дэнж, 2-60-37 тоотод оршин суух, Боржигин овогтой Бямбасүрэнгийн Эрхэмбаяр /РД:ЧП82120116/-т холбогдох Б.Эрхэмбаяр, Х.Нинжин нарын хийсэн худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компрессор А.Халиуны өмчлөлд шилжүүлэхийг Б.Эрхэмбаярт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Халиун, түүний өмгөөлөгч Ж.Майзориг, хариуцагч Б.Эрхэмбаярын өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хишигсүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Халиун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алтанцэцэгийн Халиун миний бие эхнэр Энхтуяагийн Булганаагийн хамт Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бөгөөд эхнэр Э.Булганаа 2014 оны 6 дугаар сард Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан, харин би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъя Нэгдсэн хорих 401 дүгээр ангид өнөөдрийг хүртэл хорих ял эдэлж байгаа болно. Биднийг хоригдож байх хугацаанд буюу 2013 оны 7 дугаар сард миний өмчлөлд байсан Германы Валтер фермийн СиКомЭйр маркийн зөөврийн цахилгаан компрессорыг миний охин Х.Нинжин ЭксЗонн клуб, түүнийг ажиллуулдаг Б.Эрхэмбаярын эзэмшилд аман тохиролцооны үндсэн дээр шилжүүлсэн байна. Энэхүү компрессор нь хийн буудлага болон пейнтболын үндсэн хэрэглэгдэхүүн бөгөөд үүнийг би ХБНГУ-аас 2010 онд 3500 еврогоор худалдан авч байсан болно. Одоогийн үнэлгээ нь 7 000 000 төгрөг гэж үзэж байна. Миний охин Х.Нинжин тухайн компрессорыг ЭксЗонн клуб болон Б.Эрхэмбаярт шилжүүлэн өгөхдөө 15 настай байсан тул иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай бөгөөд түүний ИксЗонн клубтэй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус юм. Хэдийгээр миний өмгөөлөгч Б.Эрхэмбаяртай уулзаж компрессорыг буцаан авах хүсэлтэй болохоо мэдэгдсэн боловч “Б.Эгхэмбаяр нь уг компрессорыг Х.Нинжингээс худалдан авсан. Буцаан өгөх үндэслэлгүй гэж маргаж байгаа болно. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Х.Нинжин болон ЭксЗонн, Б.Эрхэмбаяр нарын хооронд Германы Валтер фирмийн СиКомЭйр маркын компрессорын эзэмшлийн асуудлаар байгуулсан хэлцэл (түрээслэх, худалдахын аль нь болох нь тодорхойгүй)-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг компрессорыг миний эхнэр Э.Булганаагийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Халиун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны хавар эхэлсэн миний охин Х.Нинжин “Радуга” дунд сургуулийн ахлах ангид сурч байсан. Намайг ял эдэлж байхад охин маань уулзалтаар ирэхдээ сургалтын төлбөр нэхэгдэж байгаагаа хэлсэн. Тухайн үед манай гэр бүл “Paint ball” төв ажиллуулдаг байсан учраас надад нэг нь 150 долларын үнэтэй 20 ширхэг хийн буу байсан. Миний бие охиндоо тус буунуудын талыг нь буюу 10 ширхгийг зараад сургалтын төлбөрөө төлөхийг зөвшөөрсөн. Харин компрессор нь Монгол төгрөгөөр 8,000,000 орчим төгрөгийн үнэтэй тул түүнийг битгий зараарай гэж хэлсэн. 2014 онд эхнэр Э.Булганаа шоронгоос суллагдаж, 2015 оны хавар “Paint ball” төвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэтэл компрессор олдоогүй. Охин маань Б.Эрхэмбаярт компрессороо түрээслүүлэхээр өгсөн гэсэн тайлбар өгсөн. Манай эхнэр Б.Эрхэмбаяртай очиж уулзахад “Би компрессорыг худалдаж авсан” гэсэн тайлбар өгсөн байдаг. Миний охин Х.Нинжин нь хариуцагчтай аман гэрээ байгуулахдаа насанд хүрээгүй байсан. Б.Эрдэнэбаярын миний охин Х.Нинжинтэй амаар хийсэн худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, компрессорыг миний өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Халиуны өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын дагуу үйл явдал нь 2013 оны 07 дугаар сард болсон үйл явдал. Х.Нинжин нь 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн. Х.Нинжин нь хариуцагчтай хэлцэл хийх үедээ Иргэний  хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн бүрэн бус чадамжтай байсан байна. Эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдтэй хэлцэл хийхдээ бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр гэрээ хэлэлцээр хийхийг хуульд заасан байдаг. Эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд нь Иргэний хуульд зааснаар өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийж болдог. Гэтэл тус компрессор нь ахуйн чанартай хэрэглэгдэхүүн биш учраас Х.Нинжингийн хариуцагчтай хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.Эрхэмбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Халиуны нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Б.Эрхэмбаяр би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үөд одоо маргаж буй компрессорыг надад худалдсан Х.Нинжин нь өвөө эмээтэйгээ 10 ширхэг спортын буу худалдаж байсан. Тэгэхэд эмээ, өвөө нь их сургуулийн 2 курсын оюутан буюу насанд хүрсэн хүн гэж танилцуулж байсан. Өөрөө утсаар ярьж Солонгост байгаа ааваасаа миний дэргэд ярьж зөвшөөрөл авсан. Насанд хүрээгүй гэдгийг би мэдээгүй ч надтай компрессор худалдах гэрээ хийснийг гэр бүлийнхэн бүгд мэдэж байсан, зөвшөөрсөн. Энэ тухай Х.Нинжингийн ээж болох н.Булганаа компрессорыг худалдан авсны дараа надтай уулзаж компрессор худалдаж авсныг хүлээн зөвшөөрч байсан. Нэхэмжлэл гаргаж байгаа А.Халиун гэх хүн нь нэхэмжлэл гаргах эрхгүй субъект учир нь Х.Нинжингийн аав мөн эсэх нь эргэлзээтэй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байдаг, Тухайн үед надад дээрхи компрессорыг Х.Нинжин эвдэрхий байсан тул 800,000 төгрөгөөр худалдсан. Уг компрессор амилдаггүй эвдэрхий байсан, би 600,000 төгрөгөөр Орос улсаас сэлбэг авчирч засаж янзалж ажилладаг болгосон. Би Х.Нинжинд 800,000 төгрөгийг нь төлчихсөн. Бидний хооронд ямар ч маргаан байхгүй Х.Нинжин нь одоо насанд хүрсэн иймээс өөрийг нь энэ хуралд биечлэн оролцуулах хүсэлтэй байна, Нэгэнт хийгдээд дуусчихсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хуулийн үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч гэх А.Халиун нь энэ худалдах, худалдан авах гэрээтэй огт хамааралгүй этгээд тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Эрхэмбаярын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдэн сарын хэдэнд хэн хэний өмчлөлийн юуг хэнээс шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Гэрээний хувьд авч үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байна. Нэхэмжлэгч тал огт тодорхойгүй зүйлийг шүүхээс шийдэхийг шаардаж байна. Нэхэмжлэл гэж хэлэх боломжгүй байна. Хариуцагчийн хэлснээр сургалтын төлбөрөө төлөх гээд хүүхэд гуйгаад ирэхээр нь компрессорын худалдан авсан байдаг. Нэхэмжлэгч нь яг юуг хаанаас нэхээд байгаа нь ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тус хэлцлийг 2013 оны хавар болсон тухай тайлбар өглөө. Мөн өмгөөлөгч Х.Нинжинг оюутны сургалтын төлбөр төлөх гэж байсан гэдгээрээ Х.Нинжинг оюутан байсныг нотолж байна. Хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагчийн өгсөн хариу тайлбар хангалттай нотолгоо болж чадахгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар хэргийг шийдвэрлэдэггүй. Хөдлөх хөрөнгө дээр өмчлөл тогтоодоггүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Худалдах, худалдан авах гэрээгээр ямар ч зүйлийг худалдсан гэх бичиг баримт байх ёстой. Нэхэмжлэгч нь тус компрессорын өөрийн өмчлөлдөө шаардаад байна уу гэвэл үгүй юу. Нэхэмжлэлд хууль зүйн үндэслэл нэг ч алга байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар хийсэн хэлцлийг хэлцэл хийгдсэнд тооцдог. Зөвхөн хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох боломжгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Халиун нь хариуцагч Б.Эрхэмбаярт холбогдуулж Б.Эрхэмбаяр, Х.Нинжин нарын хооронд байгуулсан түрээслэх эсхүл худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компрессорыг эхнэр Э.Булганаагийн эзэмшилд шилжүүлэхийг Б.Эрхэмбаярт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Б.Эрхэмбаяр, Х.Нинжин нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компрессорыг А.Халиуны өмчлөлд шилжүүлэхийг Б.Эрхэмбаярт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч А.Халиуны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Х.Нинжин, Б.Эрхэмбаяр нарын хооронд хийгдсэн худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компрессор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “...компрессорыг 800,000 төгрөгөөр худалдаж авсан” гэж, гэрч Х.Нинжин “...түрээслүүлэхээр өгсөн” гэж тайлбарласнаас өөр нотлох баримтгүй байна.

 

Хариуцагч худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 07 дугаар сард Х.Нинжин, Б.Эрхэмбаяр нар хийн буу цэнэглэгч компрессорыг худалдах худалдан авахаар хэлцэл хийсэн боловч Х.Нинжин тухайн үед 15 настай байсан тул иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Х.Нинжингээс 2013 оны хавар 800,000 төгрөгөөр компрессор худалдаж авсан, нэгэнт хийгдээд дууссан, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хуулийн үндэслэлгүй” гэж, түүний өмгөөлөгч “...компрессор нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эд зүйл мөн эсэх нь тодорхойгүй, уг эд зүйл ямар үнэтэйг нотлох баримтгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна” гэж тайлбарласан байна.

 

Зохигч хэлцэл хийгдсэн хугацааг 2013 оны хавар, намар гэж маргасан боловч Х.Нинжингийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт түүний ургийн овог “Харчин”, эцгийн нэр “Халиун”, төрсөн огноог “1997 оны 11 сарын 04” гэсэн байх тул түүний эцэг нь А.Халиун, Х.Нинжин 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15 нас хүрсэн болох нь нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх  насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна”, 16.3-д “Насанд хүрээгүй иргэн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр дараах эрхээ бие даан хэрэгжүүлж болно”, 16.3.2-д “өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч 8,000,000 төгрөгийн үнэтэй, Германы Валтер фермийн СиКомЭйр маркийн компрессор байсныг худалдсан гэх боловч уг компрессорын шинж, чанар байдал, үнэ тодорхойгүй, нотлох баримтгүй байна. 

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Х.Нинжинд нэг бүр нь 150 ам.долларын үнэтэй хийн бууг 10 ширхгийг зарахыг зөвшөөрсөн, Х.Нинжин хийн буудлагаар хичээллэдэг, ганцаараа дүү нараа асарч байсан гэж тайлбарласан нь Х.Нинжин уг хэлцлийн хувьд эд зүйлийн зориулалт, үнэ цэнэ, үр дагаврыг ойлгож мэдсэн гэж үзэх боломжтой.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч нь бүрэн бус чадамжтай иргэний хувьд хийсэн хэлцлийг бие даан байгуулах боломжгүй, хуулиар эцэг эх харгалзан дэмжигчийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийх хэлцэл мөн болохыг нотолж чадаагүй байна.

 

Иймд Х.Нинжингийн Б.Эрхэмбаяртай хийсэн худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Эрхэмбаярт холбогдох Б.Эрхэмбаяр, Х.Нинжин нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компрессорыг Х.Халиуны өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Х.Халиуны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР