Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Цэнд |
Хэргийн индекс | 115/2017/0010/З |
Дугаар | 115/ШШ2017/0017 |
Огноо | 2017-08-16 |
Маргааны төрөл | Газар, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 115/ШШ2017/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж
Нэхэмжлэгч: Иргэн Чын Эын нэхэмжлэлээр
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдуулан үүсгэсэн
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч иргэн Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч иргэн Ч.Эаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнээс нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Замын-Үүд сумын Сүлд багт байрлах 0.15 га газрыг агуулахын зориулалтаар дуудлага худалдаагаар худалдаж авсан. Үйл ажиллагаа эхлүүлэхэд зориулалт өөрчлөх шаардлага гарсан тул тус сумын Засаг даргад хүсэлт гаргаж, холбогдох материалын хамт хүргүүлсэнийг 2013 оны 09 дүгээр сард Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж газрын зориулалтыг өөрчилсөн болно.
Шийдвэр гарснаас хойш газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх заалтын дагуу тус газартаа 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Үүнд: Элс зайлуулах, цахилгаан шугам татах, бетонон хашаа барих, ажилчдын болон харуулын байр барих, гэрэлтүүлэг болон өдөр тутмын урсгал зардал зэрэг болно.
Гэтэл Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн газар эзэмших эрх цуцлах захирамж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарсныг Газрын тухай хуулийн 40.2 дахь заалтын дагуу мэдэгдээгүй, мэдэгдэл болон захирамжийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн болно. Энэ тухай Газрын тухай хуульд “Газартай холбоотой үүссэн маргааныг хянан шийдвэрлэх” асуудлыг зохицуулсан 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасны дагуу дээд шатны болох Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өргөдөл гаргаж өөрийн биеэр хүргэж өгсөн боловч одоог хүртэл хариу ирээгүй байна.
Иймээс Ч.Э миний бие нь Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байгаа тул газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлахдаа:
Би шүүхэд нэхэмжлэл гаргасан гол үндэслэл нь сумын Засаг дарга Аын гаргасан захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба захиармжийг гаргахдаа хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иргэн хүн хуулийн дагуу газар эзэмших ёстой, гэтэл газраа тодорхой хэмжээгээр ашиглаад явж байхад надад мэдэгдэлгүйгээр, байхгүй хойгууур захирамж гарган газар эзэмших гэрчилгээг цуцалсан байсан.
Цуцалсан үндэслэлийн нэг нь Газрын тухай хуулийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн байсан, энэ нь удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэж үзэх заалт юм. Гэтэл энэ заалтыг авч үзэхдээ иргэдийн амь нас, эрүүл мэнд, амьдрах нөхцөлд аюултай байдал үүсгэхээр зөрчсөнийг ойлгохоор байдаг юм билээ, манайх тийм зөрчил гаргаж байгаагүй. Мөн жил болгон газрын төлбөрөө төлөөд, газраа хашаалаад, гэрэлтүүлэгтэй камертай, харуул хамгаалалттай болгосон байсан. Гэтэл захирамжинд хуулийн 40 дүгэр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа мөн 2 жил ашиглаагүй гэж үзсэн. Уг газарт одоо хүртэл хүн амьдарч байгаа. Цахилгааны мөнгөө өнөөдрийг хүртэл төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Тухайн газрыг анх агуулахын зориулалттайгаар дуудлага худалдаагаар авсан байсан. Тэгтэл Замын-Үүд суманд орон сууцны хэрэгцээ ихэссэн учраас хажуу талынхаа хүмүүстэй ярилцаад миний газар жижигхэн учир нийлүүлээд орон сууц баръя гэсэн бодлоор газрын зориулалтыг сольсон.
Газар дээрээ орон сууц барьж амжаагүй байгаа хамгийн том шалтгаан нь Замын-Үүд суманд Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2014 он гэхэд дулааны, цэвэр усны станц баригдана гэсэн төлөвлөгөөтэй байсан ч баригдаагүй байгаа учраас тухайн газарт барилга барих боломжгүй болсон. Гэхдээ энэ хугацаанд газрыг хаяагүй, бүх л боломжоороо ашиглаж байгаа. Ноднин жил буюу хамгийн сүүлд 2016 оны 9 сарын 13-нд газрын төлбөрөө төлж, газар эзэмших гэрээгээ сунгаж байгуулсан, тэр хугацаа дуусаагүй байгаа. Энэ хугацаанд миний бие эмчлүүлэх шаардлагаар Солонгос улс руу явсан хойгуур гэрээний хугацаа дуусаагүй байхад надад мэдэгдэлгүй газар эзэмших эрх цуцалсан захирамжийг гаргасан байсныг ирээд мэдэж, мэдэгдэл, захирамжийг аваад аймгийн Засаг даргад гомдлоо гаргаж байсан. Солонгос явсан цаг хугацаа нь шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа миний гадаад паспортны хуулбарт байгаагаар тогтоогдоно.
Хариуцагч нь хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан хариу тайлбартаа орон нутгийг хөгжүүлэх, иргэдийг аюулгүй тав тухтай орчинд амьдруулах байдлыг хангаж ажиллаагүй гэдэг тайлбар хийсэн байсан. Би харин ч энэ нөхцөл байдлыг бүрдүүлж жил болгон орчин тойрноо элс, хогноос нь цэвэрлэж, ашиглаж байсан. Хэдэн удаа хэрхэн элсийг зөөлгөж цэвэрлэж байсан талаар тухайн үед машинаараа элс зөөж өгч байсан Б.М гэж хүнээр гэрчлүүлэхээр шүүхэд хүсэлт гарган ирүүлээд байна.
Мөн хариуцагчийн тайлбарт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 41 дүгээр тогтоолыг үндэслэж газрыг олгосон гэсэн байсан. Энэ нь ерөөсөө Замын-Үүд суманд хэрэгжээгүй тогтоол, энэ байдлаар хариуцагчаас шүүхэд бүрдүүлж өгсөн баримтууд учир дутагдалтай гэж үзэж байна. Тухайн А/08 тоот захирамжаар цуцлагдсан нилээн хэдэн газрууд байдаг. Энэ газруудын мөн нилээн хэд нь буцаан сэргээгдсэн байгаа. Гэтэл тэр сэргээгдсэн газруудад газар дээрээ юу ч хийгдэж баригдаагүй, зориулалтаараа эзэмшигдэж, ашиглагдаагүй газрууд байдаг. Шүүх үүнийг харж харьцуулан үзнэ гэдэгт итгэлтэй байна, иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс Замын-Үүд сумын Засаг даргын гаргасан А/08 тоот захирамжаар 2013 оны А/238 тоот захирамжийг хүчингүй болгосон хэсэг буюу нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Энэ захирамжийн хувьд нэхэмжлэгчийн хэлсэн зүйл дээр нэмж хэлэхэд 2, 3 хүний газрыг сэргээгээгүй, бусад хүмүүсийн газар эзэмших эрхийг сэргээсэн байдаг. Гэтэл сэргээгдсэн газрууд ньЭын газартай харьцуулахад хашаажуулаагүй, манаачгүй зэргээр ямар нэгэн юм хийгдээгүй байдаг ба 2009 оноос хойш дуудлага худалдаагаар авсан газрууд байдаг.
Нэхэмжлэгч газраа 2011 оноос хойш байнга элс, шороог нь зөөж цэвэрлэж байсан болон өнөөдрийг хүртэл цахилгааны мөнгө, газрын төлбөрөө тушаасан, мөн газраа хашаажуулж, камержуулсан зэргээс харахад ашиглаагүй гэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Засаг даргын захирамжид дурдагдсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил газраа эзэмшиж, ашиглаагүй гэж үзэж мөн үүнээс гадна Газрын тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг барьсан байдаг. Гэтэл энэ заалт нь байгаль орчинд хортой нөхцөлөөр ноцтой зөрчснийг үзэх тохиолдолд хэрэгжүүлэх заалт юм. Нэхэмжлэгчийн хувьд ноцтойгоор зөрчсөн зүйл байдаггүй. Түүний хажууд байрлах айлын газар нь хашаа баригдаагүй байхадЭын газар нь бүтэн хашаатай, тэгэхэд тэр айлын газар цуцлагдаагүй л байгаа. Орон сууц барихад газар нь жижигдэж байна гэж үзвэл нэхэмжлэгчийн хувьд газрынхаа зориулалтыг өөрчлөөд засварын газар, эсхүл ачаа буулгах газар, агуулахын зориулалтаар гэх мэтээр хойшид ашиглах бүрэн боломжтой.
Өөрийнхөө авсан газраа нэхэмжлэгч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэх бүрэн үндэстэй бөгөөд газрыг авснаасаа хойш ямар үйл ажиллагаа хийснийг бид зургаар болон зориулалтын дагуу ашиглаж байсныг гэрчлэх зорилгоор Бын М гэдэг хүнийг гэрчээр оролцуулж байгаа. Энэ хүнээр элсийг зайлуулаад барилга барих үйл ажиллагааны анхны үйл ажиллагааг хийсэн нь тогтоогдоно, гурван ч удаа элсийг зөөсөн байдаг. Хамгийн сүүлд 2015 онд элс зайлуулах ажлыг хийж өгсөн, юуны түрүүнд зориулалтын дагуу эзэмшиж орон сууцны барилга барихын тулд эхний ээлжинд элсээ зайлуулсан байх шаардлагатай. Элс шороог зайлуулах ажилд 6 000 000 - 7 600 000 төгрөг зарцуулагдаж, мөн сүүлийн тооцоо хийгдээгүй гэдэг нь харагдаж байна.
Мөн Газрын тухай хуулийн аль заалтыг зөрчсөн нь тодорхойгүйгээр захирамж гарсан байна. Бусад аж ахуй нэгжүүд ньЭын газрыг бодвол ямар ч ажил хийгдэж ашиглагдаагүй байхад ганцханЭын газар луу чиглээд байгааг түүнийг урд нь төрийн ажил хийж байсантай нь холбогдуулж байгаа гэж үзэж байна.
Гэтэл 2013 онд анх байгуулсан гэрээгээ сунгаад явж байсан, 2 жилийн хугацаанд орчин үеийн стандарт чанарын барилга барих талаар хоёр тал яриад хуучин гэрээг дүгнээд сунгасан байдаг. Гэрээг сүүлд сунгасан 2016 оны гэрээний дагуу орон сууцны барилгын ажлыг эхлэн дагаж мөрдөх гэж байтал Ч.Э нь эмчлүүлэх шаардлагаар Солонгос улс руу 12 дугаар сард яваад 2 дугаар сард ирсэн ба тэнд 2 сар эмчилгээ хийлгэсэн. 4 удаа Солонгос улс руу явж эмчлүүлсэн.
Хамгийн сүүлд 2016 оны 12 сард Солонгос улсад эмчилгээнд явж ирээд барилгын ажлаа хийнэ гэж байтал гэрээг нь цуцалсан байдаг. Ингээд уг ажлыг хийх боломжгүй болсон байгаа. Одоогийн байдлаар хийгдсэн зүйл байхгүй ч барилгын зураг хийгдэж байгаа, мөн өөр ажил хийгдэхээр ч төлөвлөгдсөн байсан. Эдгээр байдлаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй гэж үзэх боломжгүй. Хүндэтгэн үзэх шалтгааны нэг нь хажуу талын айлын газартай нийлүүлж том хэмжээний газар дээр баригдах зураг төсөл хийгдсэн байсан боловч тэр газарт нь зөвшөөрөл өгөөгүйгээс бүтээгүй нь бас шалтгаалж байгаа юм. Одоо жижиг газарт буюу өөрийн газрынхаа хэмжээнд тохирох барилгын ажлын зураг хийлгэж байгаа. Түүнийг эзгүй байх үед гэрээг цуцалсан байгаа нь газар эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Сүүлийн гэрээг байгуулсан байсан хугацаанд гэрээг цуцалсан байдаг. Үүнийг эрхэм шүүгч анхаарч үзээсэй гэж хүсч байна. Мөн бас нэг гол зүйлийг нэмж хэлэхэд орон сууцны барилга барихад газар дээр дэд бүтэц нь зайлшгүй шийдэгдсэн байх хэрэгтэй. Шүүхийн үзлэг хийхэд энэ асуудал шийдэгдээгүй нь харагдсан байх. Орон сууц барихад ус, дулаан, автомашины зогсоол гэх мэт асуудлуудыг шийдвэрлэхээр байгаа. Иймээс Замын-Үүд суманд баригдахаар төлөвлөгдөж байсан дулааны цахилгаан станц баригдсан бол орон сууц барих ажлыг хийх байсан. Ямар ч компани орж ирээд жижигхэн орон сууц барих боломжтой. Зүгээр хоосон газар дээр барилга байшин барих асуудал нь хүндрэлтэй учраас дээрх байдлыг хүндэтгэн үзэх шалтгааны нэг гэж үзэж байна. Мөн энэ хүн эмчлүүлэхээр Солонгос улс руу явах шаардлагатай байсныг ч хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна. Тиймээс Замын-Үүд сумын Засаг даргын захирамжийн нэхэмжлэгч Ч.Эад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Хэрвээ захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болговол маргааш ч гэсэн барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн байгаа гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын Үндсэн Хуулийн 17 дугаарзүйлийн 1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ.Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх: Төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг иргэн бүрт ялгамжгүйгээр хэрэгжүүлэх шатанд гарсан шийдвэрт иргэн Ч.Эаас шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн актын үндэслэлийн тайлбарыг хүргүүлж байна.
1. Нэхэмжлэгч иргэнд тус сумын Засаг даргын 2013 оны А/238 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн заалтын 2 дугаарт тухайн газар дээр барилга байгууламж, хашаа байшинг заасан хэмжээгээр өнгө үзэмжтэй барьж, орчноо цэвэр байлгаж 10 хувь хүртэл ногоон байгууламж бий болгон бүрэн тохижуулж, Газрын тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу эзэмшихийг үүрэг болгосугай хэмээсэн. Орон нутгийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд, тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд гарсан дээрх шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллаагүй нь Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6 дах заалтаар тодорхойлогдож байгаа тул сумын Засаг даргын 2017 оны А/08 тоот захирамжаар тухайн иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгож гэрээг цуцалсан нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гарсан хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр.
2. Тухайн захирамжийн 1 дэх заалтаар газрын зориулалтыг өөрчлөн 1500 м.кв агуулахын зориулалттай газрыг 150 хүүхдийн цэцэрлэгийн замын хойд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар” болгож олгохдоо Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 41 дүгээр тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 32 дугаар тогтоолыг зөрчин олгосон байдаг нь захирамжийн үндэслэлд тусгагдсан дээрх тогтоолын заалтаар нотлогдож байдаг.
3. Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 1/906 дугаар албан тоотод тусгагдсан асуудал нь иргэний өргөдлийг шийдвэрлэж буй нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу явагдаж байгааг тодорхойлж байх тул уг нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шаардлагыг хангахгүй байна. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтаар гаргасан нэхэмжлэл гэж үзэх тохиолдолд хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1-д заасан “... захиргааны акт гаргуулахыг даалгах” шаардлага байх хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж иргэн Ч.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар шийдвэрлүүлэхээр тайлбарыг хүргүүлж байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Нэхэмжлэгчид анх Замын-Үүд сумын Засаг даргын 2013 оны А/238 тоот захирамжаар үйлчилгээтэй орон сууц барихаар зориулалтыг өөрчлөн уг газрыг эзэмшүүлэхээр олгосон. Гэтэл тухайн газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа байдлыг хянаж үзээд сумын Засаг даргаас А/08 тоот захирамжийг гаргасан. Үндэслэл нь эзэмших эрхтэй газруудын зарим нь газрын төлбөрөө төлөөгүй байсан тул үүний дагуу Газрын тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг барьсан. Мөн Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Засаг даргын захирамж болон газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийг баримталсан. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар орчноо цэвэр байлгаж, ногоон байгууламж барьж тохижуулахыг үүрэг болгосон байсан захирамжийн заалтаа хэрэгжүүлээгүй гэж үзэж эзэмших эрхийг цуцалсан байгаа
Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот захирамжийг сумын Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх үүднээс Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэж сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахгүй байгаа газруудыг эмх цэгцэнд оруулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах гэсэн зорилгын үүднээс гаргасан захирамж учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны А/08 тоот захирамжийн хавсралтын 4 дүгээрт заагдсан /хх-ийн 65,66 дугаарт/ нэхэмжлэгчийн маргаж буй газрыг нэхэмжлэгч Ч.Э нь анх эзэмшихдээ Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Сумын газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2011 оны 01 тоот тогтоолоор батлагдсан хавсралтын 10 дугаарт “0.1500 га хэмжээ бүхий газрыг агуулах”-ын зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдснаар /хх-ийн 43-45 дугаарт/ тус сумын Засаг дарга нь иргэн, аж, ахуйн нэгж байгууллагад дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэж гарсан тухайн Засаг даргын “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” 2011 оны А/79 тоот захирамж /хх-ийн 68,69 дугаарт/-ийн дагуу 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд оролцож, ялагч болсноор /хх-ийн 70-82 дугаарт/ түүнд эзэмшүүлэхээр мөн сумын Засаг даргын “Газар эзэмших эрх олгох тухай” 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/139 тоот захирамж гарч, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдсны дагуу тухайн газрыг “агуулах” –ын зориулалтаар эзэмшиж, ашиглахаар эзэмшилдээ авсан байна.
Дээрх үйл ажиллагаа нь Газрын тухай хууль дахь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах болон сумын Засаг даргын зүгээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах зарчим, үндэслэл, мөн тухайн шийдвэрийг үндэслэн холбогдох этгээдээс иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох тухай асуудлуудыг тус тус зохицуулсан дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх зүйлүүдэд заасантай нийцсэн байна.
Үүнээс хойш нэхэмжлэгч нь анх “агуулах”-ын зориулалтаар эзэмшсэн тухайн газраа түүний шүүх хуралдаанд энэ талаар гаргаж буй тайлбар болох “үйлчилгээтэй орон сууцны” зориулалтаар эзэмшихээр хүсэлт гаргасныг үндэслэн Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Сумын газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 32 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 11, 12 дугаарт болон мөн Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Аймгийн газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 41 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 14, 15 дугаарт тус тус зааснаар тухайн газрыг “үйлчилгээтэй орон сууц болгож зориулалтыг өөрчлөх”-өөр /хх-ийн 50-52, 37-39 дүгээрт/ тусгаж энэ дагуу гарсан тус сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/238 тоот захирамж болон 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №000422335 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээнд зааснаар /хх-ийн 63, 64 дүгээрт/ уг газар болох Замын-Үүд сумын 2 дугаар баг, 150 хүүхдийн цэцэрлэгийн хойд талд байрлалтай, 1500 м.кв талбайтай газрыг “үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар” эзэмшихээр болж, мөн уг зориулалтаар эзэмших нөхцлийг заасан газар эзэмших гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр анх байгуулж, тус гэрээг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, улмаар хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөн тус тус сунгаж /хх-ийн 103-106 дугаарт/ байгуулж явсан байна.
Гэтэл нэхэмжлэгчээс сүүлд дээрх байдлаар эзэмшилдээ авсан уг газрыг Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот захирамжаар батлагдсан хавсралтын 4 дүгээрт заасны дагуу түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ба тухайн захиргааны актыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь эс зөвшөөрч “...газар эзэмших эрхийг цуцалсан тухай захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу мэдэгдэлгүй шууд цуцалсан, мөн захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн 40.1.1-д заасан ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийг иргэдийн амь нас, эрүүл мэнд, амьдрах нөхцөлд аюултай байдал үүсгэхээр зөрчсөнийг ойлгохоор авч үздэг байтал манай хувьд тийм зөрчил гаргаагүй, 40.1.6-д заасан үндэслэлийн хувьд жил бүр газрын төлбөрөө төлдөг, уг газраа хашаажуулаад гэрэлтүүлэг, камер тавьж, харуул хамгаалалтын байр барьж, манаачаар харуулж, хөрөнгө, хүч зарж элс, шороог зөөлгөж зайлуулах зэргээр ашиглаж байгаа тул эзэмшиж, ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд орон сууцны барилга барих дэд бүтцийг бий болгох үүднээс Замын-Үүд суманд баригдах Дулааны цахилгаан станц хүлээгдэж байгаа мөн өөрийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж Солонгос улс руу эмчилгээнд явах шаардлагатай зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар зориулалтын дагуу эзэмших ажил хойшлогдсон боловч хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоснор газар эзэмших эрхийг зөрчиж байгаа нь хууль бус” гэсэн үндэслэлүүдээр тайлбарлан дээрх захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Энэ дагуу хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын “Газар эзэмших эрх цуцлах тухай” 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот захирамжийн нэхэмжлэгч иргэн Ч.Эад холбогдох хэсэг нь түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй эсэхийг хянаж үзвэл дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс тухайн газрыг анх “агуулахын зориулалтаар” эзэмшиж байгаад “үйлчилгээтэй орон сууцны зориулалт”-тай болгож эзэмшихээр гаргасан хүсэлтийг Замын-Үүд сумын Засаг даргаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар өргөн барьсныг үндэслэж гарсан Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 32, 41 тоот тогтоолуудаар Газрын тухай хууль дахь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх”-ийг зохицуулсан 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”-аар заасан эрх хэмжээний хүрээнд дээрх төлөвлөгөөнүүдэд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тухайн газрыг “үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалтаар эзэмшүүлэхээр тусган баталж, шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Харин уг төлөвлөгөөнд тусгагдсан зориулалт бүхий газрыг Замын-Үүд сумын Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”-аар заасан сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж, эзэмшүүлэхдээ мөн хууль дахь “Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах” асуудлыг зохицуулсан 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1,29.2,29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасан хүрээнд шийдвэрлэж, улмаар уг шийдвэрийг үндэслэж буюу Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар холбогдох гэрээг байгуулж, гэрчилгээг олгож шийдвэрлэхээр байсан байна.
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх зүйлүүдэд заасан хуулийн шаардлагаас үзвэл мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь зүйлүүдэд тус тус зааснаар иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих, газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээс бусад болон мөн төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэйгээс бусад, түүнчлэн уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь зүйлүүдэд “0,07 га, 0,1 га, 100 га хүртэл болон 5 га хүртэл” гэж заасан газрын хэмжээнээс илүү газрыг эзэмшихээр тус тус хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэхдээ тухайн шатны Засаг дарга нь дуудлага худалдаа болон төсөл шалгаруулах зарчмын аль нэгийг сонгон хэрэгжүүлж эзэмшүүлэх, улмаар тухайн шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээг олгохоор зохицуулжээ.
Энэ дагуу нэхэмжлэгч нь хуулийн дээрх агуулга, шаардлагад үндэслэн өөрийн эзэмшиж байсан газрын анхны зориулалтаа өөрчилж “үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар” эзэмшихийн тулд Газрын тухай хууль дахь “Газар эзэмших эрх дуусгавар болох” асуудлыг зохицуулсан 39 дүгээр зүйлийн 39.1.3-д “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан”-аар газар эзэмших эрх дуусгавар болохоор зохицуулагдсны дагуу тэрээр “агуулахын зориулалтаар” эзэмших нөхцөлтэй байгуулсан өмнөх газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргаснаар тухайн зориулалтаар эзэмших эрхээ дуусгавар болгож, улмаар мөн хууль дахь “Газар эзэмших эрх дуусгавар болоход газрыг чөлөөлөх” асуудлыг зохицуулсан 41 дүгээр зүйлийн 41.1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” гэж зааснаар газрыг Замын-Үүд сумын Засаг даргын мэдэлд шилжүүлэн өгч, харин “үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар” уг газрыг эзэмших тухай хүсэлтээ Газрын тухай хууль дахь “Газар эзэмших тухай хүсэлт гаргах” асуудлыг зохицуулсан 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь зүйлүүдэд заасны дагуу шинээр гарган шийдвэрлүүлэхээр байсан нь хуульд нийцэхээр байжээ.
Нэхэмжлэгч Ч.Эаас эзэмшил газрын зориулалтыг өөрчлөхөөр гаргасан хүсэлтэд үндэслэн тухайн газрыг “үйлчилгээтэй орон сууцны зориулалт”-тай болгож эзэмшүүлэх талаар сумын болон аймгийн газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тусган баталсныг буруутгах үндэслэлгүй талаар дээр дүгнэснээр газрын зориулалтыг дээрх байдлаар тусгаж баталсан нь тухайн Хурлуудын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь зүйлд заасан эрх хэмжээнд нийцэж байна гэж үзэх үндэслэлтэй байх хэдий ч Замын-Үүд сумын Засаг дарга нь дээрх төлөвлөгөөнд заагдсны дагуу газрыг эзэмшүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дуудлага худалдаа явуулах зарчмаар, эсхүл төсөл шалгаруулах зарчмын аль нэгийг сонгож, улмаар эдгээр үйл ажиллагааг эрх бүхий этгээдээс батлагдсан холбогдох журмын дагуу явуулснаар газрыг эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргахаар байсныг зөрчиж иргэнд буюу нэхэмжлэгч Ч.Эад өмнө нь “агуулахын зориулалтаар” газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн захиргааны акт болох 2011 оны 139 тоот захирамжийг сүүлд гаргасан нэхэмжлэгчид уг газрыг “үйлчилгээтэй орон сууцны зориулалт”-тай болгон эзэмшүүлж шийдвэрлэсэн 2013 оны А/238 тоот захирамжаараа шууд хүчингүй болгож, улмаар уг захирамжаа үндэслэн тухайн газар болох Замын-Үүд сум дахь 150 хүүхдийн цэцэрлэгийн замын хойд талд байрлалтай, 1500 м.кв хэмжээтэй газрыг “үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар” эзэмшүүлэхээр газар эзэмших гэрээ, гэрчилгээг шууд байгуулж, олгосон нь дээр дурдсан Газрын тухай хуульд заасан журам, нөхцөл, шаардлагыг зөрчсөн байгаагаас гадна мөн хууль дахь “Төрөөс газрын талаар баримтлах зарчим”-ыг зохицуулсан 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.6-д “газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах” талаар заасан зарчмуудад нийцэхгүй байна.
Нөгөө талаар “хууль дээдлэх” нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд үүний дагуу захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь дээрх зарчимд нийцэж, түүнээс батлан гаргаж байгаа захиргааны акт хууль ёсны байх нөхцөл бүрдснээр уг захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн хамгаалал бий болгож, тэдэнд тэгш эрхийн боломж олгодог.
Гэтэл “хууль дээдлэх” үндсэн зарчим болон мөн Газрын тухай хуульд заасан зарчим, шаардлага, нөхцөл, журамд нийцээгүй, түүнийг зөрчиж гарсан захиргааны байгууллагын хууль бус актын үндсэн дээр нэхэмжлэгчийн олж авсан газар эзэмших эрх нь мөн хууль бус болохын хувьд Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот захирамжийн нэхэмжлэгч Ч.Эад холбогдох хэсэг нь түүний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь анх хууль ёсоор эзэмшиж байсан газраа зориулалтыг өөрчилж, тухайн газрыг “үйлчилгээтэй орон сууцны зориулалт”-тай болгож эзэмших эрхийг дээр дурдснаар Газрын тухай хуульд заасан үндэслэл, журам, нөхцөл, шаардлагын дагуу олж аваагүй байх тул түүний хүчингүй болгуулахаар нэхэмжилж буй дээрх захиргааны актын түүнд холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж үндэслэлгүй байна.
Үүнээс үндэслэн нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актаар нэгэнт түүний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэгчийг тухайн газрыг эзэмшихдээ Газрын тухай хууль дахь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай асуудлыг зохицуулсан 40 дүгээр 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж үзэх, мөн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх үндэслэлүүд үүсэх боломжгүй бөгөөд улмаар үүнтэй уялдан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “хариуцагч нь газар эзэмших эрх цуцалсан шийдвэрээ Газрын тухай хуульд заасны дагуу мэдэгдээгүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрчилгээ хүчингүй болгосон, газраа зохих ёсоор эзэмшиж, ашиглаж байсан, орон сууцны барилга барьж байгуулах явцад хүндэтгэн үзэх тодорхой нөхцөл, шалтгаан байсан” гэсэн агуулгаар нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбаруудыг хүлээн авах үндэслэлгүй байна.Түүнчлэн нэхэмжлэгчээс хүсэлт гаргаснаар орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшиж байсан газрын элсийг зөөлгөж, зайлуулж байсныг гэрчлүүлэхээр шүүх хуралдаанд оролцуулж авсан гэрчийн мэдүүлэг нь маргаж буй захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх асуудлыг нотолж буй мэдүүлэг биш тул нотолгооны ач холбогдолгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Иймд дээр тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/08 тоот захирамжаар иргэн Ч.Эын хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрх, ашиг, сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзэж, нэхэмжлэгчээс гаргасан дээрх захиргааны актыг хүчингүй болгох, улмаар газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Чын Эын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох, газар эзэмших эрх сэргээх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭНД