Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1756

 

 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/00935 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Болор гоулд" ХХК-д холбогдох

 

Татварын өр 40 736 028 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Болор гоулд" ХХК нь тус хэлтэст 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр "Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, хуурай замаар хийгдэх ачаа тээвэр, төрөлжсөн бус барааны бусад барааны жижиглэх худалдаа" чиглэлээр бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 40 397 778 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 338 250 төгрөгийн татварын өрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй байна. Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт хуульд заасны дагуу татвар төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг гардуулж, гарын үсгийг зуруулж, 10 хоногийн дотор төлж барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд "Болор гоулд" ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 40 397 778 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 338 250 төгрөгийн татварын өрийг төлөөгүй байх тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтыг үндэслэн татварын өр 40 736 028 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч "Болор гоулд" ХХК 40 736 028 төгрөгийн өр нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж эс зөвшөөрч маргаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 338 250 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 40 736 028 төгрөгийн өр нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл нэхэмжлэлийг түдгэлзүүлж өгнө үү. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 338 250 төгрөгт маргахгүй гэжээ.

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар "Болор гоулд" ХХК-иас 35 708 750 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 027 278 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар "Болор гоулд" ХХК-иас 282 852 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Болор гоулд” ХХК татвараас зайлсхийсэн хэргээр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б.Энхбат эрүүгийн хэрэг үүсгэж уг хэрийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Энэ тухай би Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоол болон мэдүүлгийг хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүх нь уг нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт... хэрэгт авагдсан Улсын мөрдөн байцаах газрын эрүүгийн хэрэг үүсгэсэн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 240042 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай дүгнэлтэд дурдсанаар тус компанийн 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангын өр хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн эрүүгийн хэрэгт Баянзүрх дүүргийн татварын хэлтэсээс манай байгууллагыг татвараас зайлсхийсэн буюу татвар нуун дарагдуулсан талаар дүгнэлт гаргаж өгсөн гэтэл дахин шүүхэд аж ахуйн нэгжийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараа төлөөгүй гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тухай шүүхэд тайлбар болон хүсэлт гаргаж байсан. Гэтэл шүүх миний хүсэлтийг хүлээн авч эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан бөгөөд энэ хугацаанд эрүүгийн хэргээс ямар материал татаж авсан талаар надад танилцуулаагүй мөн хэргийн материалтай танилцуулаагүй намайг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийсэн нь хэт нэг талыг барьсан бөгөөд шүүхэд тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлсэн боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч "Болор гоулд" ХХК-д холбогдуулан татварын өр 40 736 028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 338 250 төгрөгийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч татгалзлаа татварын тайланд тусгагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын 40 736 028 төгрөгийн асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч "Болор гоулд" ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 35 370 500 төгрөгийн өр төлбөртэй болох нь хэргийн 36-37, 43-45 дугаар талд авагдсан "Болор гоулд" ХХК-ийн 2013 оны 1, 2, 6, 9 дгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь хугацаандаа төлөх татварын өрийг төлүүлэхийн тулд татварын улсын байцаагчийн хийвэл зохих ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэсний үндсэн дээр Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн бөгөөд анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэжээ.

 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хариуцагч "Болор гоулд" ХХК нь 2013 оны 1, 2, 6, 9 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг мэдүүлэхдээ 35 370 500 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэж заажээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийнх нь мэдүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг үндэслэн татварын өр төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 35 708 750 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч "Болор гоулд" ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэнэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж бичиг баримт хуурамчаар үйлдсэн татвараас зайлсхийсэн асуудлаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа талаар баримтууд хэрэгт авагдсан боловч 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар мэдүүлсэн татварын өр төлбөртэй уг асуудал холбоотой, давхацсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд “Болор гоулд” ХХК-ийн 2012 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийж 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 240042 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтэд 2012 онд “Болор гоулд” ХХК нь нэмэгдсэн өртгийн падаан дээр хий бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн бөгөөд уг үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

Дээрх татварын улсын байцаагчийн дүгнэлт нь “Болор гоулд” ХХК-ийн 2012 оны үйл ажиллагаанд хамаарч байх тул хариуцагч байгууллагын татварын албанд мэдүүлсэн 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд мэдүүлсэн өр төлбөрт хамааралгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд түүний энэ талаарх тайлбар болон гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүх хариуцагчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн, хариуцагч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан, шүүх хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаад 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хуралдааны товыг мэдэгдсэн тул хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй.

 

Хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцах эрхтэй бөгөөд уг эрхийг хэрэгжүүлэхэд шүүх саад болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэргийн материалтай танилцуулаагүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль буруу хэрэглэснийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/00935 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1” гэснийг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч "Болор гоулд" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 632 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

 

                                                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ