Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 81

 

З.Б, М.Б, Ж.Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

          Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Энхбат, П.Лхагвасүрэн, шүүгдэгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1277 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ДШМ/182 дугаар магадлалтай, З.Б, М.Б, Ж.Б нарт холбогдох 1702000000075 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Б.Ганбулганы бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын  26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

              1. Монгол Улсын иргэн, 1974 оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, *** дүүргийн * дүгээр хороо, *** хорооллын *** дүгээр байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо *** дүүргийн * дүгээр хороо, *** хотхоны *** дугаар байрны ** тоотод түр оршин суух, Ц овгийн З-ын Б,

              2. Монгол Улсын иргэн, 1970 оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт *** дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хэсэг, *** дүгээр гудамжны * тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо *** дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод оршин суух Б овгийн М-ын Б,

             3. Монгол Улсын иргэн, 1963 оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Барилгын үйлдвэрлэлийн удирдлага зохион байгуулалт мэргэжилтэй,*** их сургуулийн *** ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт *** дүүргийн * дүгээр хороо, *** гудамж, ** дүгээр байрны * тоотод оршин суух бүртгэлтэй А овгийн Ж-ийн Б,

            Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Б, тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Б, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Б нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1277 дугаар цагаатгах тогтоолоор Ц овогт З-ын Б, Б овогт М-ын Б, А овгийн Ж-ийн Б нарт холбогдох эрүүгийн 1702000000075 дугаартай хэргийг “шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

              Шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Б нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1702000000075 дугаартай хэргийг прокурорт буцааж,

            Хэрэгт шүүгдэгч З.Б-ийн өмчлөлийн Ү-*** бүртгэлийн дугаартай орон сууц, шүүгдэгч М.Б-ийн эзэмшлийн Г*** дугаар бүхий газар битүүмжлэгдсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” гэх 2 хавтас 385 хуудас зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж,

           Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Б нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргах хязгаарлалт тогтоох, уг хэргийн гэрч болон яллагдагчаар татсан хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ДШМ/182 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1277 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

        Прокурор Б.Ганбулган хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1277 дугаартай цагаатгах тогтоолоор прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээнд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж дүгнэн, шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Б нарыг цагаатгаж, тэднийг гэмт хэрэгт холбогдуулсан прокурорын яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 2023/ДШМ/182 дугаартай магадлалд “... прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх:

З.Б нь Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын санхүүжилтээр түрээсийн орон сууц худалдан авах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тендер зарлаагүй, мөн бусад журам, дүрмийг зөрчин “Б” ХХК-ийн Х хотхоны 223 айлын орон сууцыг худалдах авах эрхийг тус компанид олгож, төрийн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй буюу Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж 298 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм гэж,

харин шүүгдэгч З.Б Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгчийн хугацаа дууссан М.Б-д түрээсийн орон сууц худалдан авах гэрээ байгуулах эрхийг олгосон, улмаар Засгийн газрын 298 дугаар тогтоол албажаагүй байхад, М.Б нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Б” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, *** дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол, Х хотхоны нийт 7.975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдаж авах гэрээг байгуулж, албаны эрх мэдлээ буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

шүүгдэгч З.Б Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа, тус яамны гадаад хамтын ажиллагаа үл хөдлөх хөрөнгийн зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Б-д чиглэл өгч Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпораци Төрийн өмчит үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамаарал бүхий хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпораци Төрийн өмчит үйлдвэрийн газарт хүргүүлэн сонгон шалгаруулалтад оруулж, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, тэдгээр нотлох баримтуудыг няцаан үгүйсгэлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр шүүгдэгч нарыг цагаатган, хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, тус цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байх боловч Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт болон анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлэх эрхгүй болсон тул прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг агуулгын хувьд хүлээн авах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1277 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Дээрх Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны  02 дугаар сарын 09-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 2023/ДШМ/182 дугаартай магадлалыг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: 1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээнд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Б нарын 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж шүүгдэгч нарыг цагаатгаж, тэднийг гэмт хэрэгт холбогдуулсан прокурорын яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүх шүүгдэгч З.Б, Ж.Б, М.Б нарын үйлдлийг яллах дүгнэлт үйлдэж ирсэн хэргийн хүрээнд нотлогдохгүй гэж дүгнэн, шүүгдэгч нарыг цагаатган, гэмт хэргийг үгүйсгэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т заасан “хэргийн бодит байдалтай нийцээгүй" гэж, мөн хэрэгт буй нотлох баримт болон хэргийн оролцогч, прокурорын тайлбар дүгнэлтээр үйл баримтыг тодруулж шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байсан гэж дүгнэсэн байгаа нь анхан болон давж заалдах шатны шүүх нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэж заасан гэмт хэргийн шинжийг зөрүүтэй ойлгож, хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Мөн шүүгдэгч З.Б Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгчийн хугацаа дууссан М.Б-д түрээсийн орон сууц худалдан авах гэрээ байгуулах эрхийг олгосон, улмаар Засгийн газрын 298 дугаар тогтоол албажаагүй байхад, М.Б нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Б” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, *** дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол, Х хотхоны нийт 7.975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдаж авах гэрээг байгуулж, албаны эрх мэдлээ буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

Шүүгдэгч З.Б Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа, тус яамны гадаад хамтын ажиллагаа үл хөдлөх хөрөнгийн зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Б-д чиглэл өгч Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпораци Төрийн өмчит үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Б-тэй шууд болоншууд бус хамаарал бүхий хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпораци Төрийн өмчит үйлдвэрийн газарт хүргүүлэн сонгон шалгаруулалтад оруулж, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, тэдгээр нотлох баримтуудыг няцаан үгүйсгэлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр шүүгдэгч нарыг цагаатган, хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, тус цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж,

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байх боловч Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт болон анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлэх эрхгүй болсон тул прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг агуулгын хувьд хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгаа нь давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгоно гэсэн өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй.

Мөн анхан шатны шүүхийн илт хууль бусаар цагаатгаж шийдвэрлэсэн тогтоолыг хэвээр үлдээсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон" буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1277 дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ДШМ/182 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

            Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганы бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Прокуророос шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Б нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 35.6 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгасан байхаар хуульчилсан бөгөөд энэ үндэслэл буюу хуулийн шаардлагыг хангаж цагаатгах тогтоол гараагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг яллах талын нотлох баримтаар шинжлэн судалж шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байсан. Өөрөөр хэлбэл “хэрэгт хангалттай нотлох баримт байхгүй байна, хэрэг нь нотлогдоогүй” гэж дүгнэсэн атлаа дахин хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ “шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзээгүй” гэдэг байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй. Цагаатгах тогтоол гарсны дараа Нийслэлийн Прокурорын газраас эсэргүүцэл бичсэн. Хэдийгээр давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоол нь хуулийн шаардлага хангаж гараагүй байна гэдэг дүгнэлтийг хийсэн боловч 2022 оны  06 дугаар сарын 03-ны батлагдсан хуулийн өөрчлөлтөөр “... хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн боломж байхгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг хэрэглэлгүйгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

              Шүүгдэгч З.Баянсэлэнгийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байгаа буюу прокурорт буцаасан. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн үйл баримтыг сайтар тогтоох шаардлагатай гэдэг байдлаар буцааж, шүүгдэгч нарт холбогдох үйлдлийг цагаатгасан. Прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна гэж маргаж оролцсон. Прокурор төсвийг төсөв биш гэж дүгнээд байдаг. Дээрээс нь вексель гаргаж түрээсийн орон сууцыг төрийн өмчлөлд худалдаж авсан. Тэр нь одоо ч төрийн өмчид байгаа, ашгаа өгөөд үнээ нөхөөд яваад байгаа байдалд нь дүгнэлт хийгээгүй. Векселийг Барилга хот байгуулалтын яам биш Сангийн яам гаргаж байгаа. Тэгэхээр Векселийн тухай хуулиар зохицуулдаг харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар буруутгаж, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Б” ХХК-д өгсөн гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргасныг шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Улсын Их Хурал Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Прокурор хууль баталсан үйлдэлд нь эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Харин Засгийн газрын тогтоолыг боловсруулсан, хэлэлцүүлсэн сайд, ажлын албаны хүмүүсийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй юм. Түрээсийн орон сууцанд хэдэн хүнийг оруулах уу гэдгийг Төрийн орон сууцны корпораци сонгож шалгаруулдаг. Тэгэхээр З.Б гэдэг тухайн үед Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан хүнийг өөрийн танил, хамаарал бүхий 25 хүнийг түрээсийн орон сууцанд оруулсан гэж прокурор буруутгаад байгаа юм. З.Б эдгээр хүмүүсийн нэрийг ТОСК-д хүргүүлснээрээ ямар гэмт үйлдэл хийсэн юм, 25 хүн түрээсийн орон сууцанд орсноор цаана нь хэдэн хүн гомдол гаргаад маргаан үүссэн талаар баримт хэрэгт байхгүй. Мөн прокурор С.М гэдэг хүн ажилдаа 06 дугаар сарын 02-ны өдөр орсон бол энэ ажил хийгдэхгүй байсан гэдэг. С.М, М.Б нар нь хоёулаа төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байхад буюу Ерөнхий сайд буцааж томилоогүй байхад ажил дээрээ ирчхээд намайг тэр өдөр оруулалгүйгээр Засгийн газрын тогтоол гараад ирлээ гэдэг. Гэтэл С.М ажилдаа орсон бол Засгийн газрын тогтоол гарахгүй байсан гэдгийг прокурор нотолж чадаагүй. Мөрдөн байцаагч олон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулсан гэдэгтэй бид маргахгүй байгаа. Гэхдээ эдгээр нотлох баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдахад шүүгдэгч нар нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан талаар нотлох баримт байхгүй байсан учраас цагаатгаж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч З.Б нь өөрийн ямар хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх сэдэлт зорилгоор “Б” ХХК-ийн нэрийг Засгийн газрын тогтоолд оруулж худалдах, худалдан авах ажиллагааг хийсэн юм бэ гэдгийг тодорхойлох боломжгүй юм билээ. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн 2019 оны 91 дүгээр тогтоолыг прокурор, мөрдөн байцаагч нар биелүүлээгүй. Тогтоолд дурдсан тодорхойгүй зүйлүүд тэр чигээрээ буцаад ирсэн. Үүн дээр анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлтээ хийгээд шийдвэрээ гаргасан. Прокурор Засгийн газрын хуралдаанаар ямар тогтоолыг хэрхэн оруулдаг талаар үйл баримтыг тогтоогоод байгаа болохоос биш цаанаа ямар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл явцуу юмаар олон жил хүмүүсийг буруутгаж, сүүлдээ гэмт хэрэгтэн болгох гэж Улсын дээд шүүх хүлээж авахааргүй үндэслэлээр эсэргүүцэл бичиж байгаатай санал нийлэхгүй байна. Иймд шүүгдэгч З.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

              Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Энхбат хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд тогтоож чадаагүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж /прокурорт буцаасан/ шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын асуудал янз янз болдог. Өнөөдөр улсад хэдэн төгрөгийн хохирол учруулаад гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд тогтоогоогүй. С.М гэдэг хүний чөлөөний хугацаа дуусч эргэж ирээд ажилдаа томилогдох хүсэлт гаргахад М.Б ажлаа өгөлгүйгээр “Б” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь давуу байдал олгож байгаа үйлдэл гэж үзээд байгаа. Гэтэл С.Мг Ерөнхий сайдын захирамжаар ажлаас 6 сарын хугацаагаар чөлөөлсөн байдаг. Чөлөөний хугацаа 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан байдаг бөгөөд тус өдөр нь бүх нийтийн амралтын өдөр байгаа. Мөн Ерөнхий сайд С.Мг буцаагаад ажилд томилсон захирамж нь гараагүй байсан. С.М нь шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд “З.Б сайдтай ямар нэгэн байдлаар ам зөрөлдөөд ажлаа авахгүй гараад явсан” талаар мэдүүлдэг. Тэгэхээр С.М гэдэг хүний гаргасан үйлдэл нь эс үйлдэхүй буюу ажлаа хүлээж аваагүй гэдэг үйл баримтад анхан шатны шүүх тухайлан хууль зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Засгийн газраас гарж байгаа тогтоол нь тухайн гарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэсэн зохицуулалттай гэдгийг хэлмээр байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

              Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч П.Лхагвасүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

            Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... З.Б-д холбогдох хэрэгтэй холбогдуулж “Б” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Энэ 4-5 жилийн хугацаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, хохирогчийг би олж харсангүй, шүүх хуралдаанд ирдэггүй. Хавтаст хэргийн материалд Сангийн яамыг хохирогчоор тогтоосон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчийн эрх, үүргийн талаар зохицуулсан. Хохирогч байхгүй, шүүх хуралдаанд ирдэггүй, шүүхийг хүндэтгэдэггүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй ийм асуудалд иргэний хариуцагчаар татагдаад байгаа. Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 298 дугаар тогтоолоос улбаатай, түүнчлэн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, түүний дагуу хавсралтаар батлагдсан хөтөлбөр, энэ үйл явдлуудтай холбоотойгоор “Б” ХХК холбогдож орж ирдэг. Засгийн газрын тогтоолд “Б” ХХК-ийн нэрийг дурдаад, төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө /15 тэрбум/, ямар аргаар /Вексель/ санхүүжүүлэхийг нь тодорхой заасан. Засгийн газрын тогтоолоор төр үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах үйл ажиллагаа явсан. Үүний дагуу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн 223 айлын орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Барилга хот байгуулалтын яам “Б”  ХХК-тай байгуулсан. Энэ гэрээг болон Засгийн газрын тогтоолыг “Б” ХХК бүрэн хэрэгжүүлсэн. 223 айлын орон сууцыг хүлээлгэж өгсөн. Яллах дүгнэлт, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, хэргийн бодит байдал, хавтаст хэргийн материалыг харьцуулан шинжлэн судлахад “Б” ХХК иргэний хариуцагч мөн үү, үгүй юу гэдэг асуудал яригдана. “Б” ХХК гэрээгээ биелүүлсэн, хэнд ч, ямар ч хохирол учруулаагүй. Анх яллах дүгнэлтэд хохирлыг 1.1 тэрбум, 925 сая төгрөг гэдэг байдлаар тусгаж байсан бол сүүлд 15 тэрбум төгрөг гэж өөрчилсөн. Тус мөнгийг хэн төлөх юм гэхээр дөрвөн субьектэд хуваасан байсан. Тэгж хуваахаар “Б” ХХК-д ашигтай ч юм шиг. Үнэн хэрэгтээ энэ бол хэргийн бодит байдлыг мушгин гуйвуулсан зүйл. Бодит байдал дээр төр нь орон сууцаа авчихсан, 223 айл орчихсон байгаа. Өөрөөр хэлбэл гэрээ хүчин төгөлдөр болж Засгийн газрын тогтоол бүрэн хэрэгжсэн үйл явдал болоод өнгөрсөн. Яллах дүгнэлтэд Засгийн газрын тогтоол хууль бус юм шиг яриад байдаг. Сүүлдээ тогтоолыг гаргах үйл явцыг буруутгаад байдаг. Засгийн газрын тогтоолыг Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасны дагуу иргэн, аж ахуй нэгж байгууллага дагаж мөрдөх ёстой. Засгийн газрын тогтоолтой маргаж түүн дээр яллах дүгнэлт бичиж болохгүй. Гүйцэтгэх засаглалын шийдвэр гарсан учир түүнийг “Б” ХХК биелүүлэхээс өөр арга байхгүй. Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдийг хангалттай нотолж чадсангүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглээгүй. Мөн яллах тал “Б” ХХК ямар гэм буруутай, ямар хариуцлага алдсан учраас иргэний хариуцагчаар татагдсан гэдгийг хавтаст хэргийн материал болон шүүхийн хэлэлцүүлэгт нотолж чадаагүй. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан бөгөөд хэргийн бодит байдалд нийцсэн. Яллах талын буруутгасан нотолгоо нь хэргийн бодит байдалтай нийцээгүй учир цагаатгах тогтоол гарсан гэж үзэж байна. 2016 оны 09 дүгээр сард Улсын Их Хурал Төсвийн тухай хуульд тодотгол хийсэн. Үүнийг би анхан шатны шүүх хуралдаанд хэргийн материалд хавсаргуулсан. Түүнчлэн “Б” ХХК-ийн нэрийг тодорхой заагаад зориулалт, мөнгөн дүнг хуулиар баталсан. Тэгэхээр прокурорын байгууллага Засгийн газрын тогтоол болон УИХ-аас баталсан хуульд яллах дүгнэлт бичээд байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасан засаглалын эрх хэмжээ, хязгаарт халдсан, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн нөхцөл байдал гарч ирж байгааг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас Засгийн газрын 298 дугаар тогтоол, УИХ-аас баталсан Төсвийн тухай хууль, “Б” ХХК-тай байгуулсан гэрээг буруутгасан, хууль бус, гэмт хэргийн шинжтэй гэсэн үйл явдал хавтаст хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдоогүй. “Б” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, нийгэмд аюултай үйлдэлд тооцож гэмт хэрэг болгох гэж байгаа санаархал бол хууль бус юм. Улсад 223 айлын орон сууцыг хүлээлгэж өгсөн бол нийгэмд аюултай үйлдэл биш, харин нийгэмд тустай үйлдэл гэж үзэж байна. Иймд “Б” ХХК иргэний хариуцагчаар татагдаж хариуцлага хүлээх боломжгүй. Хяналтын шатны шүүх эдгээр байдлыг харгалзан үзэж, иргэний хариуцагчийн асуудлыг ашигтайгаар шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:  

                1. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Б.Ганбулганы бичсэн эсэргүүцлийг үндэслэн З.Б, М.Б, Ж.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв. 

               2. Прокуророос З.Б-ийг Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа М.Б, Ж.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж,

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэсэн хэм хэмжээг зөрчин,

                Барилга, хот байгуулалтын яамны “Гадаад хамтын ажиллагаа үл хөдлөх хөрөнгийн зохицуулалтын” хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бд “Б” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны санд шилжүүлэхээр 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах үүрэг өгсөн,

                Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 тоот тогтоолын нэгдүгээр заалтад “төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд орон сууцыг худалдан авах арга хэмжээ авахыг зөвшөөрсүгэй” гэж, уг заалтын хэрэгжилтийг хангуулахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Б-д зөвшөөрөл олгосон шинжтэй байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамны ажлын албаны мэргэшсэн төрийн албан хаагчид “шударга өрсөлдөөний хууль зөрчсөн”, “сонгон шалгаруулалт зөрчсөн” тухай мэдээлсээр байтал Засгийн газарт хандаж, тогтоолд өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох талаар санаачилга гаргаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй,

                    Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Б-гийн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.М 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр,

              Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Б” ХХК-ийн баригдаж байсан ашиглалтад ороогүй, *** дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол, “Х" хотхоны нийт 7.975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.М-тэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй этгээд болох М.Б-д олгосон,  

            Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпораци Төрийн өмчит үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай /өөрийн жолооч, сонгуулийн штабт нь ажиллаж байсан нэг намын гишүүн хүмүүс, нөхөр Т.Т-ын дүү гэх мэт/ хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн,

              Барилга хот байгуулалтын яамны “Төрийн захиргааны удирдлагын газар”-ын даргаар ажиллаж байсан М.Б-г Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон байхад буюу /Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.М 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түрчөлөөлөгдсөн/, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг нь бодитоор хэрэгжүүлэлгүй, эрхгүй албан тушаалтнаар түүний өмнөөс хэлцэл дээр гарын үсэг зуруулан,

             2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Б” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, **** дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол “Х” хотхоны нийт 7.975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах үүрэг чиглэл өгч, гэрээг байгуулан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан,

             М.Б-г Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа З.Б, Ж.Б нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

          “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн Албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн" гэсэн хэм хэмжээг зөрчин,

           М.Б нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.М 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр,

              Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Б” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, *** дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол, "Х” хотхоны нийт 7.975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.М-тэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй эрх нь дуусгавар болсон цаг хугацаанд гэрээг байгуулан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан,

          Ж.Б-г Барилга, хот байгуулалтын яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа М.Б,З.Б нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

          “Б” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны * дугаар хорооллын 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр 2016 оны 05 дугаар сарын 31-ний 298 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж,

         Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпораци Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргэж өгч,

           “Б” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол, Х хотхоны 223 айлын нийт 7.975.36 м2 талбай бүхий орон сууцыг 14.993.676.800 /арван дөрвөн тэрбум есөн зуун ерэн гурван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун/ төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар “Б” ХХК-ийн удирдлагатай яриа хэлэлцээр хийж, Барилга, хот байгуулалтын яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулсан материал, Засгийн газрын тогтоолын төсөлд “Б” ХХК-ийн нэрийг шууд заан оруулж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “... энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ ...” гэснийг, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэг “... улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1.300 айлын орон сууцны сан бүрдүүлэх” гэж заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

           3. Шүүх нь хэргийн бодит байдал ба гэм буруугийн асуудлыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шалгаж, үнэлэх замаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай үйл баримтыг хөдөлбөргүй тогтоосны дараа хууль зүйн зөв, оновчтой дүгнэлт хийж шийдвэрлэх үүрэгтэй атал анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа уг шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

           4. Анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.Б, М.Б, Ж.Б нарын гэм бурууг хянан шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүдэд шүүгдэгч нарын оролцоог нарийвчлан тодорхойлж, тогтоох нь тэдгээрийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн зохистой харьцаанд нөлөөлөх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

              Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг тодорхойлох хэсэгт тусгана гэснийг зөрчиж, шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар хэрэгт цугларсан үйл баримтын хүрээнд дүгнэлтийг бүрэн, оновчтой хийгээгүй атлаа З.Б, М.Б, Ж.Б нарт холбогдох хэргийг “шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэт ерөнхий дүгнэн, зарим асуудлыг огт дүгнэлгүй орхигдуулсан байгааг зөвтгөх боломжгүй байна.

            5. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн зарим дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

              Учир нь анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хэргийн нөхцөл байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, цагаатгах болсон үндэслэлийг тодорхой тусгаагүйгээс гадна улсын яллагчийн дүгнэлт, яллах талын бүхий л нотлох баримтуудыг зайлшгүй няцаан үгүйсгээгүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах хууль ёсны шаардлагыг хангаагүй. 

              Тодруулбал, гэрч А.Г-ын “... Албан бичиг ирэхээс өмнөхөн Барилга, хот байгуулалтын сайд асан З.Б намайг ажил дээрээ дуудаж уулзсан санагдаж байна. Надтай уулзаад түрээсийн орон сууцанд хамрагдахаар яаманд хүсэлт өгсөн иргэдийн нэрс байгаа тэрийг танайх руу явуулна бүртгэж аваад бэлтгэл ажлаа хангаад байж байгаарай гэсэн чиглэлийг надад амаар өгч байсан ... Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Бгаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 07/1952 дугаартай албан бичгээр давхардсан тоогоор 177 иргэний овог нэрийг миний нэр дээр хүргүүлсэн нь сайдын амаар өгсөн чиглэлийг албажуулж над руу явуулсан байсан” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 61-62 дахь тал/, гэрч Ж.Бгийн “... З.Б сайд надад үүрэг чиглэл өгсөн. Түүний дагуу уг 177 хүний нэрсийг ТОСК ТӨҮГ-т хүргүүлсэн. ... М.А нь хүмүүсийн материал барьж ирээд энэ хүн заавал орох ёстой хүн байгаа юм гээд надад материалыг нь өгдөг байсан. Би түүнийг сайдтай ойрхон харилцаатай болохоор нь сайдтай ярилцаж тохироод хүмүүсийн материалыг авчирч байгаа юм болов уу, түрээсийн орон сууцанд орох ёстой хүн юм байлгүй гэж бодоод материалыг нь хүлээж авдаг байсан. М.А 2016 оны 07 дугаар сард л надад хүмүүсийн материал авчирч өгсөн” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 58-59 дэх тал/, гэрч Б.Б-ын “... 2016 оны 07 дугаар сарын 19-20-ны үед манай хэлтсийн дарга Б.Нарантуяа мэргэжилтэн нараа тарахгүй байж байгаарай гэсэн. Ингээд мэргэжилтэн Д, Ш, О бид дөрөв таралгүй байж байхад ажлын бус цагаар Н дарга, А гэх эмэгтэйг дагуулж орж ирээд Барилга, хот байгуулалтын яаманд хүсэлт өгсөн иргэдийн материал гээд хавтастай материалуудыг бид дөрөвт хувааж өгөөд энэ хүмүүсийг бүртгэ гэж хэлсэн. Түүний дагуу шөнө орой болтол сууж Ариумаагийн авч ирсэн хавтастай материалд байсан иргэдийн мэдээллийг бүртгэсэн” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 65-66 дахь тал/, гэрч Д.Д-ний “... Сүүлд нь сонсож байхад Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн давхардсан тоогоор 177 хүнээс 130 орчим нь уг байранд орсон гэж сонсогдож байсан. ... 2017 оны 07 дугаар сарын дундуур М.А-ийн авч ирж Б, О, Ш бид дөрвөөр нэг оройжин түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн Excel файлд нэрсийг нь шивүүлсэн хүмүүс нь тус албан бичигт нэр дурдагдсан хүмүүс байсан байна лээ. Барилга, хот байгуулалтын яамнаас албан бичиг ирүүлэхээсээ өмнө нэрсийг нь М.А гэж хүнээр явуулж санд шивүүлсэн” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 67-68 дахь тал/, гэрч Д.О-ын “... Ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй орон сууцны байранд иргэдийг хамруулахаар сонгон шалгаруулалт явуулж болохгүй гэдэг зарчмын шаардлагаа би хэлсэн. Тэгэхэд З.Б сайд тэр хамаагүй, би хийсэн ажилтай баймаар байна гээд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, иргэдийг түрээсийн орон сууцаар хангах тухай” 131 дугаартай тушаал гаргасан. Нэгэнт дээд шатны байгууллагаас төрийн сайд хүний гарын үсэгтэй тушаал гарсан тул түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулж явуулсан. ... Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг 2016 оны 03 дугаар сард зохион байгуулж дууссан. ... Тэгтэл 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас давхардсан тоогоор 177 иргэний нэрсийг ирүүлсэн. Дээд байгууллагаас, салбарын сайдаас чиглэл өгсөн тул 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр ТОСК-ийн ерөнхий захирал А.Г А/65 тоот тушаал гаргаж сугалаанд орох иргэдийн нэрс дээр нэмж оруулсан. Уг нь бол эдгээр хүмүүсийг оруулахгүйгээр, шинээр нэмж хүн бүртгэхгүйгээр 2016 оны 03 дугаар сард бүртгэсэн Буянт-Ухаа 2 хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдаж чадаагүй иргэдийн дунд зохион байгуулах гэж байсан” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 69-70 дахь тал/, гэрч Т.Г-ын “... Буянт-Ухаа 2 хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдахаар хүсэлт гаргаад сугалаагаар шалгараагүй үлдсэн 2000 гаран хүний дунд Х хотхоны түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг шалгаруулна гэж ярьж байсан. Шинээр нэмж иргэдийг бүртгэхгүй гэж ТОСК ТӨҮГ-ын удирдлагын түвшинд шийдсэн байсан” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 71-72 дахь тал/, гэрч Б.Н-ийн “... 2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр А.Г захирал намайг өрөөндөө дуудсан. Өрөөнд нь ороход О дэд захирал, Барилга, хот байгуулалтын яамны хэлтсийн дарга Б нар сууж байсан. А.Г захирал надад хандаад Барилга, хот байгуулалтын яаманд түрээсийн орон сууцанд хамрагдахаар хүсэлт гаргаж өгсөн иргэдийн материалыг авч ирж өгч байна, ... хүлээж аваад бүртгэ гэхээр нь ... бүртгэлийг зогсоосон, дахиж шинээр иргэд нэмж бүртгэх боломжгүй хэрэв өгөхөөр бол сайдынхаа юм уу, төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичгээр өгч байгаа хүмүүсийнхээ материалын хамт нэрсийг нь хавсралтаар ирүүл гэж хэлсэн. ... Маргааш нь билүү нөгөөдөр нь албан бичгээр давхардсан тоогоор 177 хүний материал ирүүлсэн. ... Яамнаас ирүүлсэн иргэдийн нэрсээс ихэнх нь сугалаагаар түрээсийн орон сууцанд орсон. ... А гэж эмэгтэй манай ажил дээр ирж уулзаад яана аа сайдын нэг хүн сугалаагаар нэр нь гарч ирээгүй байна. Тэр хүнийг оруулахгүй бол болохгүй нь гэж хэлсэн. Тэр нь энэ О юм байлгүй. ... Хэцүү амьдралтай хүмүүс нь хамрагдаж чадахгүй байхад сайдын ойр дотны хүмүүс нь цахим сугалаа нэртэй хуурамч зүйлийн цаана сонгогдож гарч ирээд түрээсийн орон сууцанд ороод байсанд миний хувьд дотроо маш их бухимдаж байсан” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал/, гэрч Э.Х-ын “... Надад өгч программд оруулсан нэрс нь 2137 хүний мэдээлэл байгаагүй, зөвхөн шалгарах ёстой цөөн тооны хүмүүсийн мэдээлэл байсан. Эсвэл би бүх мэдээллийг оруулж өгөөд явсны дараа 2137 хүний мэдээллээс ихэнх хувийг нь устгаж, заавал шалгаруулах ёстой хүмүүсийн нэрсийг программд үлдээсэн байх боломжтой” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 79-80 дахь тал/, гэрч М.А-ийн  “... 170 гаран хүний нэрсийг албан бичгээр материалынх нь хамт миний бие Б эгчийн хамт 2016 оны 07 дугаар сарын 20-ны үед ТОСК ТӨҮГ-ийн хэлтсийн дарга Н-ийн хэлтэст аваачиж өгсөн. Хэлтсийн мэргэжилтэн нар нэрсээр нь тулгаж аваад сүлжээндээ шивсэн. ... Мөн Б эгч өөрийнхөө төрсөн эгч А, төрсөн ах Б хүү Т, нөхрийнхөө дүү О, өөрийнхөө жолооч Б, Б даргын сургуулийн багш Д.У, мөн түүний ойрын хүн болох А.А, яаманд ажиллаж байсан Б.Г, мөн яамныхаа хэлтсийн даргын дүү Т, мөн хэлтсийн дарга Н гэх хүний хувийн компанид ажилладаг Н, Г, ТВ-9 телевизийн зураглаач У, Б гишүүний туслах охины ээж В, МАХН-ын дарга Н.Э-ын жолооч Т.Б, лам Ч.О нарыг түрээсийн орон сууцанд хамруулж өгсөн. ... Сонгон шалгаруулалт болохоос өмнө чи ч орж болно, тэр ч орж болно гээд яаман дээр тохироо нь хийгдчихдэг юм байна лээ. Тэгээд хүмүүсийн нүдэн дээр болохоор цахимаар сонгон шалгаруулалт хийж байгаа юм шиг харагдаж байгаа хэрнээ цаанаа программдаа тохиргоо хийчихдэг юм шиг байна лээ. Би шалгаруулалт явагдах үед нь иргэдийн төлөөллөөр орж суусан. Тэгэхэд яамнаас ТОСК-д миний аваачиж өгсөн нэрсээс ихэнх хүмүүс нь шалгарсан. Би ичиж үхэх шахсан. Тэгээд байж байтал өрх толгойлсон гэр бүл гэсэн ангилалд миний нэр гараад ирсэн тул бас их санаа зовсон” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 81-82 дахь тал/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Д-ийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “... З.Б нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Бгийн гарын үсэгтэй 07/1952 дугаартай албан бичгээр давхардсан тоогоор 177 иргэнийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж шийдвэрлэж өгнө үү гэсэн албан бичгийг ТОСК ТӨҮГ-т хүргүүлж, дээрх 177 иргэнээс 117 иргэн нь түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаж үүнээс 25 иргэн нь З.Б-ийн хамаарал бүхий буюу түүний төрсөн эгч, нөхрийнх нь дүү, МАХН-ын ажилтан, гишүүн болон тус намын дарга Н.Э-ын хувийн телевизийн ажилтан, 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль явагдах үед З.Б-ийн сонгуулийн штабт нь ажилласан иргэд болон түүнийг сайдаар ажиллаж байх хугацаанд Барилга, хот байгуулалтын яаманд жолооч, мэргэжилтнээр ажилд орсон нэр бүхий хүмүүс хамрагдсан байна. Үүнээс сугалаагаар нэр нь гараагүй өөрийн нөхрийн дүү Т-ын О-г тус сугалаагаар түрээсийн орон сууцанд хамрагдах эрх авсан өрх толгойлсон эмэгтэй Д-ийн Э-ийн оронд түрээсийн орон сууцанд шууд хамруулсан байна” гэх мөрдөгчийн магадлагаа /13 дугаар хавтаст хэргийн 193-197 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар З.Б-ийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу давхардсан тоогоор 177 иргэнийг түрээсийн орон сууцанд хамруулах тухай тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Б-ийн гарын үсэгтэй 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07/1952 дугаартай албан бичгийг Ж.Б нь ТОСК ТӨҮГ-т хүргэж өгснөөр дээрх 177 иргэнээс 117 нь түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаж, үүнээс 25 иргэн нь З.Б-тэй хамаарал бүхий хүмүүс байсан гэсэн үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийхгүйгээр тэднийг цагаатган шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

                  6. Түүнчлэн анхан шатны шүүхээс Ж.Бгийн Барилга, хот байгуулалтын яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа З.Б-ийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Б” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны 7 дугаар хорооллын 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр 2016 оны 05 дугаар сарын 31-ний 298 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулсан үйлдэл болон М.Бгийн Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа нь дуусгавар болсон үед буюу төрийн жинхэнэ албан хаагч С.М нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэж өгөлгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олголгүйгээр “Б” ХХК-ийн захирал Б.Мтэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан үйлдэл зэрэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

             7. Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтыг анхан шатны шүүх тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитойгоор нь хянаж чадаагүйн улмаас хэргийн үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, З.Б, М.Б, Ж.Б нарыг цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамааруулж магадлалдаа зөв дүгнэлт хийсэн боловч Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг  ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр “хэргийг прокурорт, эсхүл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” эрх хэмжээгүй болсон гэж дүгнэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй шийдвэр болжээ.

          8. Ийнхүү давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг “хэргийн бодит байдалтай нийцээгүй” хэмээн дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох ...” эрх хэмжээ олгогдсоны дагуу хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Б.Ганбулганы бичсэн эсэргүүцлийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1277 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ДШМ/182 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Ч.ХОСБАЯР

                                     ШҮҮГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                             Б.ЦОГТ