Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 000060

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Т.Гантулга, Ч.Дэлгэрзаяа нарт

                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Индексийн дугаар 142/2017/0105/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

   Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                          Ц.Идэрмөнх

              Нарийн бичгийн дарга                    Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр шүүхийн тогтоолтой, Чулуунбаатарын Дэлгэрзаяа, Төмөрбаатарын Гантулга нарт холбогдох, 201714000049 дугаартай, эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу Хабитат 11б-11 тоотод оршин суух, урьд нь 2015 оны 01 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 12 сарын 30-нд эдлээгүй үлдсэн 4 сар 4 хоног хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, АД-95122519 регистрийн дугаартай, Жаргал овгийн Чулуунбаатарын Дэлгэрзаяа,

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа алт мөнгөний дархан ажиллуулдаг, ам бүл 4, эцэг, эмээ, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 20-30 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ЙЕ-96053111 регистрийн дугаартай, Томынхон овгийн Төмөрбаатарын Гантулга.

 

Шүүгдэгч Ч.Дэлгэрзаяа, Т.Гантулга нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 15 дугаар гудамжинд насанд хүрээгүй Д.Сүхбат, Б.Дөлгөөнмөрөн нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж Д.Сүхбатын 4500 төгрөг, метал гинж, Б.Дөлгөөнмөрөнгийн 1000 төгрөгийг дээрэмдэж нийт 43. 328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр шүүхийн тогтоолоор:

 

Шүүгдэгч Ч.Дэлгэрзаяа, Т.Гантулга нарт холбогдох 201714000049 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцааж,

 

Хэргийг прокурорын газарт очтол шүүгдэгч Ч.Дэлгэрзаяа, Т.Гантулга нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлага хангаагүй байна.

 

Яллагдагч Ч.Дэлгэрзаяад мөрдөн байцаалтын шатанд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т заасан ялын агуулгыг прокуророос 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр яллах дүгнэлт үйлдэх үед ял өөрчилж сонсгох тухай тогтоолоор өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д заасан ялыг сонсгосон. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/48 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч Ч.Дэлгэрзаяа нь ялтай байх хугацаандаа согтуугаар Т.Гантулгатай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн довтлон 43.328 төгрөгийн хохирол учруулж, дээрмийн гэмт хэргийг давтан үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Тогтоол болон яллах дүгнэлт нь өөр хоорондоо агуулга, хууль хэрэглээний хувьд зөрүүгүй бичигдсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, хэргийг шийдвэрлэх боломжгүй, яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирохыг бичсэн байхыг шаардах бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Ч.Дэлгэрзаяагийн үйлдсэн гэмт хэрэгт тохирох тусгай ангийн зүйл хэсгийг тодорхой тогтоон бичсэн, энэ нь түүнд ял сонсгосон тусгай ангийн зүйл, хэсэгттэй тохирсон, хуульд заасан шаардлага хангасан байгаа болно.

 

Харин шүүхийн тогтоолд Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн аль зүйл, хэсгийг ямар байдлаар хэрхэн зөрчсөнийг тодорхой заагаагүй, хуульд үндэслээгүй хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь тогтоол хууль ёсны байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2.т заасан шаардлага хангаагүй байна.

 

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.д “Хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэсэн бөгөөд прокурорын тогтоол болон яллах дүгнэлт тус хуулийг ноцтой зөрчсөн зүйлгүй.

 

Шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцүүлэн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулах зарчмыг хэрэгжүүлэн хэргийг бүх талаар хэлэлцэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн, нөлөөлж болохуйцаар хуулийн шаардлага зөрчигдөөгүй байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

        Эсэргүүцлээ дэмжиж байна, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах саалтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Улсын яллагчийн эсэргүүцэл хуулийн үндэслэлтэй байна.

 

         Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Орхон аймгийн Прокурорын газраас Ч.Дэлгэрзаяа, Т.Гантулга нарыг бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 15 дугаар гудамжинд насанд хүрээгүй Д.Сүхбат, Б.Дөлгөөнмөрөн нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн Д.Сүхбатын 4500 төгрөг, метал гинж, Б.Дөлгөөнмөрөнгийн 1000 төгрөгийг дээрэмдэж нийт 43.328 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

         Ч.Дэлгэрзаяа урьд нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д заасан гэмт хэрэг үйлдэж 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ялаас хугацааны өмнө тэнсэн суллагджээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд  :

 

...Мөрдөн байцаалтын шатанд Ч.Дэлгэрзаяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1.д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгосон атлаа яллах дүгнэлт үйлдэхдээ ...18 дугаар зүйлийг журамлаагүй... байгаа бөгөөд ... Ч.Дэлгэрзаяад ял сонсгосон хуулийн зүйл, хэсэг прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөрүүтэй байгаа тул хэргийг шийдвэрлэх боломжгүй.... гэж үзэж хэргийг мөрдөн байцаан буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь :

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлд “...гэмт хэргийг давтан...” үйлдэх тухай ойлголтыг тусгаж өгсөн байх ба харин хуульд тухайн этгээд гэмт хэрэг “давтан” үйлдсэн бол эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт хүндрүүлэх нөхцөл болгон хэргийг зүйлчлэхээр хуульчилсан байдаг учраас 18 дугаар зүйлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар нэг зүйл, хэсэгтээ давхар баримтлах хуулийн зохицуулалт байхгүй. Тухайлбал ... давтан., эсхүл бүлэглэж ... дээрмийн гэмт хэрэг үйлдсэн бол зүйлчлэлийг хүндрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар зүйлчлэхээр тогтоожээ. 

 

 Гэвч мөрдөн байцаалтын шатанд Ч.Дэлгэрзаяад ял сонсгохдоо эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийг журамлаад яллах дүгнэлт үйлдэхдээ журамлаагүй байгаа нь хэргийг мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ” ...эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний улмаас шүүгдэгчид хүнд ялтай хууль хэрэглэх шаардлага гарсан, эсхүл эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн ...” гэж үзэх нөхцөл биш юм.   

 

Өөрөөр хэлбэл энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, зүйлчлэл зөрүүтэй гэж үзэх үндэслэл болохгүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд хамааралгүй байна.

 

Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2., 317 дугаар зүйлийн 317.1.1., 319 дүгээр зүйлийн 319.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Жаргал овогтой Чулуунбаатарын Дэлгэрзаяа, Томынхон овогтой Төмөрбаатарын Гантулга нарт холбогдох, 201714000049 дугаартай, 1 хавтастай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ч.Дэлгэрзаяа, Т.Гантулга нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

            ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                            Ц.ТУЯА