Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2020/0264

 

 У.Х-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

         Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаар шийдвэртэй, У.Х-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Ж-д холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаар шийдвэрээр:

        Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Э.Ж-ийн 0151924 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох иргэн У.Х-ийнг омдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

        Гомдол гаргагч У.Х-ийн өмгөөлөгч С.О-ийн давж заалдах гомдолдоо: “ ...   Анхан шатны шүүх У.Х-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-д “Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг ... торгоно” гэсэн зөрчлийг үйлдсэн гэж дүгнэсэн байна.Гэвч тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалд У.Х нь 6 ширхэг тарвагыг хэн нэгэнд худалдсан эсхүл хэн нэгнээс худалдан авсан талаарх баримт огт байхгүй.

        Хэрэв У.Х хэн нэгэнд худалдсан бол худалдан авсан этгээд, эсхүл хэн нэгнээс худалдан авсан бол худалдсан этгээд мөн адил хариуцлага  хүлээхээр байна. Мөн түүнчлэн хэдэн төгрөгөөр худалдсан, эсхүл худалдан авсан талаарх нотлох баримт байхгүй атал худалдах, худалдан авах үйлдэл гаргасан гэж дүгнэсэн байна.

       Ийнхүү шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар огт нотлогдоогүй үндэслэлээр У.Хийг буруутгаж, түүнийг 6 ширхэг тарваганы мах худалдсан, худалдан авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

        Дүгнэлтэд нөлөөлж болох дараах нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. У.Х нь дайвар ачааг Улаанбаатараас хотоос ирж авах хүний дугаар болон дайсан хүний дугааруудыг тухайн үед хэлсээр байхад зөрчил шалгасан байцаагч мэдүүлэг авах үедээ мэдүүлэгт тусгаагүй бөгөөд мэдүүлэг авахдаа дайсан хүний талаар У.Хаас асууж тодруулаагүй, нэмж хэлэх зүйл  байгаа эсэхийг асуугаагүй байна.

       Ингээд У.Х түүний өмгөөлөгч нар мэдүүлэг өгсөн тухайн үед амаар өдөр нь бичгээр “мэдүүлэгт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасаар байхад өөрчлөлт оруулалгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн11 дэх хэсгийг зөрчсөн байцаагчийн хууль бус эс үйлдэхүйн талаар мөн У.Х хүний дайсан ачааг явч явсан гэж мэдүүлсээр байхад тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг олж тогтоох зорилгоор ачааг хүлээж авах хүний утасны дугаараар үүрэн холбооны оператораас дугаар эзэмшигчийн мэдээлэл болон дуудлагын түүх, боломжтой бол ярианы бичлэгийг гаргуулах авах ажиллагаа явуулаагүй. Түүнчлэн Ховд аймгийн орон нутгийн хооронд зорчих автобусны зогсоолоос 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн камерийн бичлэгийг гаргуулах зэрэг ажиллагааг явуулж зөрчил үйлдсэн хүнийг олж тогтоох үүргээ биелүүлээгүй атал энэ нөхцөл байдлуудад дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

      Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэсэн байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн  туха й хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг нь худалдсан, худалдан авсан ... гэх үндэслэлээр шийтгэл оногдуулахдаа шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй атал харин ч энэ заалтыг буруу тайлбарлан хэрэглэж У.Х өөрөө дайвар авсан гэдгээ нотлоогүй тул түүний Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчихдоо хүнээс дайвар авсан гэдгээ нотолж чадаагүй тул түүнд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

       Энэ зөрчилд холбогдогч өөрийгөө зөрчил үйлдээгүй  гэдгээ өөрөө нотлох үүрэгтэй. Хэрэв өөрийгөө буруугүй гэдгээ нотолж чадаагүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэсэн агуулгатай буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

     Мөн У.Х-ийнавч явсан ачаанаас 6 ширхэг тарвага гарч ирсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ ... худалдах, худалдан авах зөрчлийн шинжтэй үйлдэл  гэж дүгнэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэснийг зөрчиж дайж авч явах үйлдлийг худалдах, худалдан авах үйлдэлтэй адилтган шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн байна.

      Түүнчлэн У.Х 0151924 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох гомдол гаргасан байтал анхан шатны шүүх шийтгэлийн хуудсын зарим хэсэг болох нөхөн төлбөр оногдуулсан хэсэгтэй маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу иргэн У.Х-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

         Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эмээлт дэх шалган нэвтрүүлэх товчоон дээр хяналт шалгалт хийж байхдаа Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд явсан 55-57 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж байсан У.Х-ийн ачаанаас хуулиар хориглосон хугацаанд болон агнах зохих зөвшөөрөлгүйгээр 6 ширхэг тарвагыг илрүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0151924 дүгээр шийтгэлийн хуудсаар Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 12 дугаар зүйлийн 12.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/278 дугаар тушаалыг тус тус зөрчиж 6 ширхэг тарвагыг дайн авч яваа зөрчлийг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн У.Х-т 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 6 тарвагын нөхөн төлбөрт 2,040,000.0 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

        У.Х-ийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “ ... 6 ширхэг тарвага дайвар байсан, тарвага гэдгийг мэдээгүй, дайсан хүний утасны дугаар, зөрчил үйлдэгчийг тодруулалгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, 6 ширхэг тарвагад хэрхэн нөхөн төлбөр тооцсон нь тодорхойгүй, Зөрчлийн тухай хуулийн төсөөтэй хэрэглэсэн, дайвар болохыг нотлох ажиллагааг явуулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэжээ.

         Улсын байцаагч нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уг зөрчлийг илрүүлж, тэмдэглэл үйлдэж, фото зургаар бэхжүүлсэн байх бөгөөд У.Х нь 6 ширхэг тарваганы мах авч явсан талаар мөн өдөр бичгээр тайлбар гаргахдаа бусдын ачааг дайж явсан талаараа мэдэгдээгүй, тэдгээр хүмүүсийн нэр хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийг улсын байцаагчид өгөөгүй, тухайн өдөр ачаа дайсан этгээдээ олох боломж олгоогүй байна.

        Харин 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр У.Хт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч, мэдүүлэг авахад “хүний ачаа дайж явсан” гэж тайлбар өгсөн боловч өөрийгөө зөрчил гаргаагүйг нотлох эх сурвалжийг заагаагүй, шүүхэд ч энэ талаар баримт нотолгоо гаргаагүй, нотлох баримт цуглуулах хүсэлт гаргаагүй байх тул улсын байцаагчийг “нотлох” үүргээ гүйцэтгээгүй гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 3-д “... эрх бүхий албан тушаалтанд оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж зааснаар У.Х зөрчил үйлдээгүйг, уг зөрчлийг өөр этгээд үйлдсэн болохыг нотлох эх сурвалжаа заагаагүй тул түүнд хариуцлага ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

      Улсын байцаагчаас “тухайн тарвагыг агнасан, зарим нь арьсгүй байсан тул эр, эмийг тогтоох боломжгүйгээс нөхөн төлбөрийн хамгийн бага хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцсон” гэх тайлбарыг буруутгах боломжгүй бөгөөд Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ тооцох журмын дагуу тарваганы эр, эмийг тогтоолгүй нөхөн төлбөр тооцсоны улмаас У.Х-ийнэрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

          Мөн давж заалдах гомдолд “... хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалд У.Хийг  6 ширхэг тарвагыг хэн нэгэнд худалдсан, эсхүл хэн нэгнээс худалдан авсан талаар баримт байхгүй байхад худалдсан, худалдан авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн... ” гэжээ.

          Хяналт шалгалтын явцад У.Х нь 6 ширхэг тарвагыг авч явсан нь газар дээрээ нотлогдсон, Амьтны тухай хууль болон журмаар агнахыг хориглосон тарвагыг агнасан байдалтайгаар авч явсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.  

          Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/278 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвагыг агнахыг 3 жилийн хугацаагаар хориглосон нь нийтэд илэрхий бөгөөд хориглосон хугацаанд агнасан тарвага авч явах нь зөрчилд тооцогдохыг иргэн бүр мэдэх боломжтой байсан. Гэтэл У.Х нь хориглосон хугацаанд тухайн тарвагыг өөрөө агнаагүй, бариагүй атлаа агнасан тарвагыг ямар нэгэн зөвшөөрөл, дагалдах бичиггүйгээр авч явсан нь нотлогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-д заасан Амьтны тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил гэж үзэж, хариуцлага ногдуулсныг “хууль төсөөтэй хэрэглэсэн” гэж үзэхээргүй байна.  

       Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, У.Х-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.