Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 000063

 

Д.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс 171/2016/0151/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

          Шүүх хуралдаанд: 

 

                      Прокурор                              А.Оргилбаяр

                      Ялтан                                     Д.Баасандорж

                      Ялтны өмгөөлөгч                А.Мөнхбат, Ж.Уранчимэг, Л.Энхтунгалаг

                      Хохирогчийн өмгөөлөгч    Б.Чинбаатар

                      Нарийн бичгийн дарга       Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолтой Д.Баасандоржид холбогдох, 201509000857 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Д.Баасандорж, ялтны өмгөөлөгч А.Мөнхбат, Ж.Уранчимэг, Л.Энхтунгалаг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Баасандорж нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МВМ” зочид буудлын 406 тоот өрөөнд хамт ажилладаг Ц.Батгэрэлийг “...архи ууж агсан тавьж, намайг гөлөг гэж дуудаж ам руу салаавч хийлээ...” гэснээс маргалдаж түүний толгойн тус газарт санаатай цохиж  “Тархины суурь, 2 талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” бүхий гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Даж овгийн Дажсүрэнгийн Баасандоржийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.т зааснаар шүүгдэгч Д.Баасандоржийг 6 жил 8 сар 10 хоног хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан шүүгдэгч Д.Баасандоржид оногдуулсан 6 жил 8 сар 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2.т зааснаар  шүүгдэгч Д.Баасандоржийн цагдан хоригдсон 324 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Ц.Батгэрэлийн хар өнгийн урдуураа цахилгаантай цамц 1 ширхэг, улаан эрээн шоотой сороочигн цамц 1 ширхэг, дугуй захтай цагаан өнгийн футболка 1 ширхэг, саарал дотоож, улаан хүрэн өнгийн оймс, хар өнгийн өвлийн түрийтэй гутал, өмд 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, хэргийн газраас хураан авсан цусаар бохирлогдсон ариун цэврийн цаас, дрожны хэсэг, цагаан гар нүүрний алчуур, тариур, тамхины иш, ундааны лааз 10 ширхэг, хоосон финлянди 075 литрийн архины шил 2 ширхэг /1 нь хоосон, 1 нь шингэтэй/, абсолют архины шил 1 ширхэг /хоосон/ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах,

 

МВМ зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий DVD бичлэг 3 ширхэг, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны DVD бичлэг 1 ширхэг, туршилт хийсэн ажиллагааг бичсэн DVD бичлэг 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10.т зааснаар шүүгдэгч Д.Баасандоржийн өмчлөлийн Г-2003008285 дугаартай 3 500 000 төгрөгийн үнэ бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн Мангиртын 4-р хэсгийн 111 тоот 500 м2 газар, Худалдаа хөгжлийн банкны 452532639 тоот дансан дахь 239.477 /хоёр зуун гучин есөн мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг тус тус  хүчингүй болгож,

 

Шүүгдэгч Д.Баасандорж нь бусдад төлөх төлбөргүй,түүнд холбогдох иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3.т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1., 304 дүгээр зүйлийн 304.1.т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1.т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баасандоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тус шүүх Д.Баасандоржийг бусдыг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо яллах дүгнэлтэнд дурдсан, мөрдөн байцаалтанд авагдсан гэрчүүдийн /хоёр/ мэдүүлгийг голлон үндэслэсэн ба яллах гэрчүүдийн зөрүүтэй, эргэлзээтэй, үгүйсгэсэн бичгийн баримтуудыг үнэлээгүй нь тогтоол үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж гомдож байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд ...80.1.1, 80.1.3, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт санаа, гэм буруугийн хэлбэр, хохирогчийн үхэл, холбогдогч этгээдийн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо, хэргийн объктив болон субьектив талын шинж зэрэг нотолбол зохих асуудлыг /ажиллагааг/ бүрэн биш хийсэн, эргэлзээтэй байдлууд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь бүрэн бодитой тогтоогдоогүй юм.

 

Мөн хохирогч нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээнд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдэл болох ам руу салаавч гаргаж ичгүүр сонжуургүй дайрч давшилсан байдалд болон түүнд хариу үйлдэл үзүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байдал хавтаст хэргээс харагддаг юм.

 

Иймд Д.Баасандоржид холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.  

 

Ялтан Д.Баасандорж давж заалдах гомдолдоо:

 

Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний өссөн орчин, сурсан мэдлэг, хүмүүжил хэрхэвч бусдын амь насыг санаатай хөнөөх тухай бодож байгаагүйг хэлье. Анхан шатны шүүхээс дараах баримтыг шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд:

 

1.Толгойн баруун талд үүссэн шарх, шархны чиглэлийг хаанаас үүссэн ямар чиглэлтэйг тогтоогоогүй.

 

  1. Отгонцогт гэрч: ...толгойн шарх паар эсвэл цонхны тавцангаас үүссэн ... мөрдөн байцаагч, шинжээчид толгойн шарх паарнаас үүсэх боломжгүй, паарны эрмэгний хамгаалалт паарны дээр туссан цус зэрэг болоод арьс үс илрээгүйг нотолсон.
  2. Хохирогчийн сууж байсан сандал биеийн талаар хамгаалалттай ямар ч үед сандалын түшлэгээс доогуур паартай нь мөргөх боломжгүйг тогтоосон.
  3. Толгойн зүүнээс тодорхой хүчний үйлчлэлээр баруун шанаа хурц ирмэг мөргөсөн тохиолдолд үүсэх шарх босоо, дашуу босоо хэлбэртэй байна. Үүнийг шалгаагүй нь шархны чиглэл тодорхойгүй.

 

2.Анхбаяр гэрч: Хохирогч тэр өдөр агсам тавьж хүн хүнрүү дайраад салаавч өгөөд байсан.

 

Мөнхбат гэрч: ...олон удаа агсам тавьж орон дээр ноцолдоод бид салгасан ...

 

Отгонцогт гэрч: ...банди минь ална даа гээд Баасандоржийн аманд салаавч хийсэн...

 

Мөнхбат: ..гөлөг минь ална даа гээд Баасандоржийн аманд салаавч хийсэн юм шиг байна лээ.

 

Ц.Батгэрэл удаа дараа агсам тавьж хоорондын маргааныг таслах зорилгоор очсон хүнийг доромжилж салаавч хийх зэргээр сэтгэл санаанд дарамт үүсгэсэн. Хохирогчийн тархины цус харвалт миний түлхэхээс өмнө үүссэн байх. Энэ нь тухайн үед саруул үедээ байж байгаад намайг түлхэхэд тархины хүнд гэмтэл нь сэдэрч нас барсан байх боломжтой байна. Энэ нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

15:44 минут /коридорын камер/ Бүрэнбадрах гарч явахдаа Баасандорж цонхон талын сандал дээр сууж байсан. Батгэрэл, Анхбаяр, Болор-Эрдэнэ ноцолдоод орон дээр түлхээд байж байсан.

 

15:46 Отгонцогт, Баасандорж өөрөө гараад явсныг Анхбаяр оруулаад ирлээ гэсэн өөрөө хэсэг хугацааны дараа ороод ирсэн. Мөнхбат: Үүднээс өөрөө ороод ирсэн. Баасандорж: би 00 ороод хүндээр бие зассан. Коридорын камерт гарч яваагүйг нотлосон.

 

15:46-15:48 Отгонцогт: Болор-Эрдэнэ тэврэлдэж байхад нь уруул нь язарч цус гарсан /Батгэрэл/. Үүдэн талын орны дотор сууж байсан учир уруулын цусаа арчсан цаас хоёр орны голд байх утасны хажууд үлдсэн. Цонхон талын орон дээр ноцолдож байсны баталгаа орны дэвсгэр даавуун дээрх цустай даавуу.

 

15:48-15:49 00 өрөөнөөс гарч ирэхдээ цонхон талын орны дээр Анхбаяр, Болор-Эрдэнэ ноцолдож байсныг Отгонцогт, Мөнхбат салгаж суулгасан. Би сууж байсан сандал руу харахад хохирогч Ц.Батгэрэлийг унтаж байна гэж харсан. Отгонцогт: Баасандорж гарах гэтэл Анхбаяр гаргаагүй. Баасандоржийг гарсаны дараа юу ч болоогүй гэж мэдүүлдэг.

 

15:49-15:50 Баасандорж: Болор-Эрдэнэ хохирогч Ц.Батгэрэлд хандан орилоход би шууд биеээрээ хаагаад Болор-Эрдэнэ рүү эргэхэд ...чи аймаар юм байна гээд орон дээр суусан.

Отгонцогт:  Батгэрэл гэнэт сэрээд уруул язалдаг хэн бэ? гээд олон удаа Болор-Эрдэнэ рүү салаавч гаргаж орилсон.

Мөнхбат: мэдүүлэгтээ ...би Анхбаяртай юм ярьж суусан.

 

Баасандорж: Анхбаяр хөөш үзье гээд орилж байсан. ...хоошоо Болор-Эрдэнэ суухад нь эргээд хармагц Батгэрэл дөнгөж өндийгөөд зүүн гараараа салаавч хийгээд архины шил барихад би баруун гараараа хажуу талаас нь түлхсэн. Архины шилэн дээрээс зүүн гарын хээ гарсан.

 

Иймд дараах зүйлийг шалгаагүй.

 

1. Хохирогч Батгэрэл 30 сек-1 мин өмнө орон дээр ноцолдож байсан. Яагаад гэнэт сэрэв. Талийгаач Болор-Эрдэнэ өмнө байхад босч чадаагүй. 30 сек-1 минут өмнө босдог байсан. Миний аманд дөнгөж өнгийсөн. Отгонцогт: ...талийгаач босоогүй гэдэг.

2. Батгэрэл баруун ажиллагаатай хүн байсан. Яагаад гарын дотор алга /зүүн / цус болов. Мөрдөн байцаагч: бугуйн цаг нь хагарч гээд асууж байсан. Яагаад алга болов. Шархны үүсгэсэн зүйл, чиглэл.

3. 15:48-15:49 хооронд талийгаач орон дээрээс босч сандалд суухдаа сандалын зүүн талын бор тавиурын ирмэг мөргөсөн байх таамаглал байна. Учир нь шархны чиглэл, сандалын зүүн талд үүссэн шархны цусны дуслаас харагдаж байна. Энэ үед Отгонцогт, Мөнхбат нар Болор-Эрдэнэ, Анхбаяр хоёр ноцолдож байсныг салгаж байсан үе таарсан.

 

Эрхэм шүүгчид дээрх шалгаагүй баримтыг тогтоолгох зорилгоор анхан шатны шүүхийн шийдвэрийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс гомдолтой холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Хохирогч нар нь анхан шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Баасандоржид холбогдох хэрэгт аль болох хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар мэдүүлэг, тайлбараа өгсөн ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.д зааснаар ял шийтгэсэн нь өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрээс эрс зөрүүтэй гэж үзэж байна.

 

Иймд энэхүү хэргийг үнэн зөв, бодитой, бүрэн дүүрэн шалгуулж шийдвэрлүүлэх нь ач холбогдолтой учир нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Хохирогч Я.Цэнгүүнжав давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

Миний бие Ядмаа овогтой Цэнгүүжав ял шийтгүүлсэн Д.Баасандоржийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Баасандорж нь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан одоогоор миний бие гомдол санал байхгүй болно. Дараагийн шатны шүүх хуралд эмчилгээнд явах тул оролцож чадахгүй. Иймээс шүүх хуралдаанд өөрийнхөө өмнөөс өмгөөлөгч Б.Чинбаатарыг оролцуулах хүсэлтэй байна.

 

Миний бодлоор Д.Баасандорж нь миний хүүтэй адилхан залуу хүн ба хийсэн хэрэгтээ гэмшиж, хөгшин бид хоёрт байнгын холбоотой, тус дэм болж явах хүн чанартай хүүхэд гэж бодож байна.

 

Иймээс Д.Баасандоржийг миний хувьд гомдолгүй учраас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Л.Энхтунгалаг давж заалдах гомдолдоо:

 

2017 оны 01 сарын 26-ны өдрийн Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Уг тогтоолоор 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн “МВМ” зочид буудалд Ц.Батгэрэлийг “архи ууж агсам тавьж, намайг гөлөг гэлээ” гэж санаатай амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.д зааснаар 6 жил 8 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлээр шийтгэсэн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Баасандорж нь хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй өөрөөр хэлбэл уг гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал нь тогтоогдоогүй байхад шүүх санаалтай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Хүнийг санаатай алсан гэмт хэрэгт хэрэг үйлдэгч нь өөрийнхөө үйлдлийн шинж нийгэмд аюултай түүнээс хүний амь нас хохирно гэдгийг ухамсарлаж байгаад уг хор уршгийг бий болгодог шууд санаатай, хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд бус санаатай хэлбэрээр субьектив тал илэрсэн байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч нь хохирогчийн амь насыг хохироох санаа агуулаагүй харин ч түүний буруу үйлдлийг таслан зогсоохоор зүй ёсны шаардлага тавихад хохирогч эсэргүүцэн чамд хамаагүй гөлөг минь гээд ам руу нь салаавчтай гараа хийсэн нь гарч Отгонцогтын мэдүүлгээр нотлогддог. Тэгээд хойш нь болгоход ширээн дээр байсан “Финлянда” архины шилийг шүүрч авахаар нь дахин сандал руу нь түлхсэн гэж шүүгдэгчийн мэдүүлэг нь ул мөрийн шинжилгээгээр архины шилэн дээр хохирогчийн зүүн гарын эрхий долоовор хурууны хээ гарсанаар нотлогддог.

 

Хэрэв шүүгдэгч өөрийгөө хамгаалан сандал руу нь түлхээгүй бол тэр архины шилээр шүүгдэгчийг цохин энэ 2 хүний байдал өөрчлөгдөх боломж байсан байна гэж үзэж болохоор байна. Мөрдөн байцаалтыг явуулахдаа анх 91-р зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн түүндээ тохируулан байцаалт явуулсны улмаас хэт нэг талыг барьсан ажиллагаа явуулжээ гэж дүгнэлт хийх боломж бий болгожээ.

 

Учир нь гэрч Мөнхбат, Отгонцогт нар шүүгдэгчийг араас нь харахад хохирогчийн толгой цээжин тус газарт удаа дараа цохисон гэж мэдүүлж байсан боловч тэр нь мөрдөн байцаалтын туршилтаар шүүгдэгч ямар үйлдэл хийж байгааг тодорхой харах боломж байхгүй харин гар нь хөдлөж байхыг нь харах боломжтой байгааг тодорхой харуулж байдаг. Гэрчүүдэд хууль сануулан байцаалт өгсөн тул үнэнийг өгүүлсэн гэж үзэж болох боловч тухайн обьектод байсан гэрч Болор-Эрдэнэ, Анхбаяр нь шүүгдэгчийг би 1 л түлхсэн юм гээд л байсан гэж байгаагаас үзэхэд тэрээр хүний амь насыг санаатай хохироосон бус харин ч өөрийгөө хамгаалсан гэж хэлж байгаа үйлдлийг нь илэрхийлж байна гэж үзэж болох юм. Энэ үгийг хохирогчийн амь нас хохирсныг мэдээгүй байх үед хэлж байсан ба хүний амь насыг хохироох үйлдэл хийгээгүй гэдгээ илэрхийлж байсан байна.

 

Харин шүүгдэгчийн хохирогчийн амь насыг хохироосон гэм буруутай гэж үзвэл шүүгдэгч нь хохирогчийг архины шил авч цохих нь гэж андуурч хамгаалалт хийж түлхсэн /цохисон/ гэвэл хайхрамжгүй хэлбэрээр болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохоор байна.

Шийтгэх тогтоолоор санаатай хүний амь нас хохироосон гэж үзэж байгаа боловч шууд ба шууд бус санаатай болох ямар баримтаар нотлогдсон нь тодорхой бус байгаа нь ойлгомжгүй байна.

 

Мөн хавтаст хэрэгт авагдсан камерийн бичлэгээр хэрэг учрал болсны дараа өрөөнд байсан хүмүүс гарч явсанаас хойш буудлын 2 үйлчлэгч уг өрөөнд ороод 2 минут хиртэй болсон нь яагаад тэр өрөөнд орж юу хийсэн талаар ердөө тодруулаагүй. Улсын яллагч шүүгдэгч л зөвхөн хохирогч шилэнд хүрсэн гэж байгаа боловч бусад гэрчүүд түүнийг нотлогдоггүй гэж тайлбарладаг боловч бусад гэрч нар Баасандоржийн араас хохирогчийн ямар хөдөлгөөн хийж байгааг харах боломжгүй байгаад дүгнэлт хийдэггүй ба хохирогч шилэнд хүрсэн гэдэг нь ул мөрийн шинжилгээгээр нотлогддог. 

 

Хэрэв шүүгдэгч нь бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр бол хохирогчид учирсан зарим гэмтэл нь яг хаана юунаас үүссэн тогтоогоогүй тухайлбал хохирогчийн баруун шанх хөмсөгний хажууд гарсан гэмтэл нь ямар зүйлийг мөргөн цохигдсоны улмаас үүссэн нь тодорхой бус шинжээч нар нь гавал тархины битүү гэмтэл нь авсан даруйдаа үхэлд хүрнэ гэж байх боловч яллах дүгнэлтэнд уг гэмтлийн талаар дурдаагүй нь ЭБШХ-ийн 218-р зүйлийг зөрчсөн, мөн хэрэг учрал гарсан өрөөний хананд туссан цус, цонхны хөшиг хөшигний чиг доор туссан цус нь хаанаас бий болсон зэрэг нь тодорхой бус, шүүгдэгч нь хохирогчийг хойш нь түлхсэн гэдэг боловч улсын яллагч цонхны паар мөргөж амь насаа алдсан гэж яллаж байгаа нь ойлгомжгүй учир нь хохирогч цээжний тал нь орсон түшлэгтэй сандал дээр сууж байсан ба уг сандлаас хажуу тийшээ цонх мөргөх ямар ч боломжгүй гэдэг нь туршилт хийсэн бичлэгээс тодорхой харагдана. Тэр хүнийг нэг бол өргөж тонгойлгож байгаад толгойг нь цохивол паар мөргөж унах боломжтой харин суугаа буюу зогсоогоороо паар мөргөх ямар ч боломжгүй /паар сандал 2 ердөө 10 гаран см байгаа тул/ зэрэг нотлох шаардлагатай зүйлүүдийг шалгаагүй нь хүний бусдын амь насыг хохироосон онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял халдаасан нь буруу ба энэ асуудлыг хэргийг мөрдөн байцаалтанд буцаан дахин шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Иймээс шийтгэх тогтоол нь ЭБШХ-ийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны ба үндэслэлтэй байх гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ. 

 

Ялтны өмгөөлөгч Ж.Уранчимэг давж заалдах гомдолдоо:

 

Өмгөөлөгч миний бие нь Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.26-ны өдрийн 33 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ЭБШХ-ийн 304 дүгээр зүйлийн 304.1.т заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

 

1.Анхан шатны шүүх дүгнэхдээ шүүгдэгч Д.Баасандорж нь 2015.12.10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МВМ” зочид буудлын 406 тоот өрөөнд Ц.Батгэрэлийг “архи ууж агсан тавьж, намайг гөлөг хэмээн дуудаж ам руу салаавч хийлээ” хэмээн толгойн тус газарт нь санаатай цохиж амь насанд аюултай гэмтэл учруулж санаатай алсан болох нь нотлогдсон гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаагүй, гэрчүүдийн зөрүүтэй, тогтворгүй, эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэсэн ЭБШХ-ийн 284, 290-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэн миний үйлчлүүлэгч Д.Баасандоржид ЭХТА-ийн 91 дүгээр зүйлийн 91.1.т заасан хэрэгт гэм буруутай гэж үзэж 6 жил 8 сар сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

 

2. Шийтгэх тогтоолд бусдыг санаатай алсан гэж дүгнэж байгаагаа тодорхой дурьдаагүй, гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд болон шууд бус санаа зорилгын аль хэлбэрээр үйлдэгдсэн болохыг үндэслэлтэй дэлгэрэнгүй дурдалгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Д.Баасандоржийг ЭХТА-ийн 91 дүгээр зүйлийн 91.1.т заасан бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэсллэтэй гэж дүгнэсэн.

 

3.  Анхан шатны шүүх Д.Баасандоржийг ЭХТА-ийн 91.1.т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо яллах дүгнэлтэнд дурьдсан, мөрдөн байцаалтанд авагдсан 2 гол гэрч болох Отгонцогт, Мөнхбат нарын мэдүүлгийг голлон үндэслэсэн бөгөөд уг 2 гэрчийн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудаар няцаагдаж, үгүйсгэгдэж байгааг үндэслэлгүй хэт нэг талыг буюу яллах талыг барьж асуудлыг шийдвэрлэсэн нь тогтоол үндэслэлгүй байна гэж үзэх үндэс болно.

 

4. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Тухайлбал ЭБШХ-ийн 80.1.1., 80.1.3 гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг бүрэн бодитой тогтоож чадаагүй. Үйлдэл эс үйлдэхүй хор уршгийн хооронд шалтгаант холбоо байх ёстой. Гэмт хэргийн бүрэлдэхүүн объектив болон субьектив шинж тогтоогддоггүй. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн биед учирсан олон тооны шарх гэмтлийг хэн, хэн аль хэсэгт цохиж, өшиглөв гэдгийг хүн нэг бүрийн үйлдлийг нарийвчлан тогтоож чадаагүй.

 

Ийм учраас үхэлд хүргэсэн гэмтлийг хэний, ямар үйлдлээс учирсан болохыг оноон тогтоож, оновчтой хууль хэрэглэж, хэргийг зөв зүйлчлэх боломжыг мөрдөн байцаалтын шатанд хангаж өгөөгүй. Өдий хүртэл хохирогчийн баруун шанаан тус газрын шарх нь хэн ямар хүч үйлчилсэний улмаас, хаанаас, хэрхэн яаж авсан гэмтэл болох нь эргэлзээтэй тодорхой бус, мөн хөшигний хэсэгт тогтсон цусан толбо, сандалны зүүн доод хэсэг дэх цусан толбо, ор хөнжлийн даавуун дээрхи гутлын мөр зэрэг нь хэзээ, хаанаас хэрхэн ий болсон нь тодорхогүй, эргэлзээтэй тогдоогдоогүй байдаг. Дээрхи эргэлзээтэй байдлууд нь хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлтээс харагддаг.

 

5. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баасандоржийн өгсөн мэдүүлгээс: ...тэгэхэд Батгэрэл хажуудаа ууж дуусгаад өрж тавьсан архины шилнүүдээс нэгийг бариад авахаар нь би “чи тайван байж бай л даа” гэж хэлээд хойд талд нь байсан сандал руу түлхчихсэн. Тэгэхэд Батгэрэл арынхаа сандал руу суулгүй хажуу тийш паарны тийшээ унасан. Тэгээд ухаан алдчихсан. Би Батгэрэлийг чи байж бай л даа гээд 2 гараараа түлхчихсэн яг хаашаа түлхсэнээ мэдэхгүй түлхчихээд эргээд харчихсан болохоор унахдаа бас яг яаж унасныг нь хараагүй. Тэгээд анзаараа ч үгүй эргээд харахад Батгэрэл ямар нэгэн хөдөлгөөнгүй уг хэл байхгүй чимээгүй болчихсон байсан бөгөөд царай нь эвгүй болчихсон байсан.

 

Гэрч Б.Отгонцогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг: Талийгаач тухайн үед цонхын дэргэдэх сандал дээр сууж байсан. Талийгаач Болор-Эрдэнэ рүү  салаавч гаргахад Баасандорж боль гэхэд талийгаач салаавч гаргаад Баасандоржийн ам руу нь хийчихсэн.

 

Гэрч Э.Мөнхбатын мэдүүлэг: Намайг араас нь харахад Баасандорж талийгаачийг 2 гараараа цохих шиг болсон. Аль хэсэг рүү нь цохисныг мэдэхгүй. Талийгаачийн толгойнд учирсан гэмтэл юунаас болж үүссэнийг би мэдэхгүй байна.

 

Гэрч Э.Анхбаярын мэдүүлэг: Ямар ч байсан өшиглөх шиг болсон. Харин урд нь хүн зогсож байсан болохоор Баасандоржийн хөл хүрээгүй байх гэж бодож байна.

 

Гэрч Р.Болор-Эрдэнийн өгсөн мэдүүлэг: Баасандорж би түлхчихсэн юмаа яачихваа гээд талийгаачид хиймэл амьсгаа хийж байсан гэх дээрхи мэдүүлгүүдээр Д.Баасандорж нь ЭХТА-ийн 91.1.т заасан хэргийг зориуд санаатайгаар хохирогчийг үхэлд зайлшгүй хүргэх боломжийг урьдчилан харж, түүнийг хүсэж, амь насыг нь бусниулах санаа зорилго агуулаагүй болох нь нотлогдож байгаа бөгөөд харин ч Баасандорж нь хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоохоор Болор-Эрдэнэ хохирогчийн уруулыг язартал нь цохиж цус гарсныг хохирогч мэдээд Болор-Эрдэнэд уурлан намайг яаж байгаа юм бэ? гээд орилоод босч ирээд Болор-Эрдэнэ рүү олон удаа салаавч өгөөд /хх-ийн 101 хуудас/. Отгонцогтын мэдүүлэг: Болор-Эрдэнэтэй маргалдаад байхаар нь хориглотол хохирогч Баасандоржийг “чамд хамаагүй” гэж ам руу нь салаавч өгөөд шил бариад авах шиг болохоор нь биеэ хамгаалаад түлхсэн байдаг нь нотлогдон тогтоогддог.  Дээрхи мэдүүлгээс Болор-Эрдэнэ, хохирогч 2-ын хооронд маргаан болж, хохирогч Болор-Эрдэнийг уруул язаллаа хэмээн уурсан дургүйцсэн нь илт харагдаж байна. Мөн гэрч Отгонцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэргийн материалд авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагддаг бөгөөд, гэрч Мөнхбат нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийхэд эргэлзээтэй, тогтворгүй мэдүүлдэг. Мөн гэрч Мөнхбатаас тухайн үед гэрч Болор-Эрдэнэ яг хаана юу хийж байсан тухай, түүний байршлыг асуухад 4 өөр янзаар маш тогтворгүй эргэлзээтэй мэдүүлдэг. Иймд гэрчүүдийн эргэлзээтэй тогтворгүй, зөрүүтэй мэдүүлгүүдийг дахин сайн шалгаж мэдүүлгийн зөрүүг арилгах арга хэмжээ авч өгнө үү.

 

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч Д.Баасандорж нь ЭБША-ны бүхий л шатанд тогтвортой мэдүүлэг өгдөг бөгөөд түүний мэдүүлгүүд нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсоор байгааг анхаарна уу.

 

6. Мөн шинжээч эмч нар хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг, мөн үхэлд хүргэсэн гэмтлийг Д.Баасандорж ганцаараа учруулсан байна гэдгийг шинжлэх ухааны ямар арга хэрэгсэл, үндэслэл шалгуураар нотолж байгаагаа тайлбарлаж чадаагүй байхад яллах дүгнэлтэнд Д.Баасандоржийн цохилтоор үхэлд хүргэсэн гэмтэл учирсан байна гэж дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй юм.

 

Прокурор яллах дүгнэлтдээ. “Эхлээд нүүрэн тус газарт нь, дараа нь цээжин тус газарт нь өшиглөж гавал тархины битүү гэмтэл учруулсанаар хохирогч тэр даруйдаа нас барсан гэж” дүгнэв. Тэгвэл тухайн хүч үйлчилсэний улмаас тухайн битүү гэмтлийг учруулах эсэхийг нарийн мэргэжлийн дадлага туршлагатай, тархи толгойн мэргэжлийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, нарийвчлалтай дүгнэлт гаргуулах, мөн мөрдөн байцаалтын шатанд дутуу хийгдсэн ажиллагаануудыг 1 мөр хийлгэсний эцэст шүүгдэгч Д.Баасандоржийн гэм бурууг үнэн зөвөөр тогтоож, хууль зөв хэрэглэх боломжийг олгож, хэргийг зөв зүйлчлэхэд ач холбогдолтой байх тул ЭБШХ-ийн 230.1.2.т заасныг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дээрхи зүйлүүдийг нарийвчлан шалгуулж өгөхийг хүсье гэжээ.

 

Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Дажсүрэнгийн Баасандоржид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хянаж үзлээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Баасандоржийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МВМ” зочид буудлын 406 тоот өрөөнд хамт ажилладаг Ц.Батгэрэлийг “...архи ууж агсан тавьж, намайг гөлөг гэж дуудаж ам руу салаавч хийлээ...” гэснээс маргалдаж түүний толгойн тус газарт санаатай цохиж биед нь тархины суурь, 2 талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Дажсүрэнгийн Баасандоржийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.т зааснаар шүүгдэгч Д.Баасандоржид 6 жил 8 сар 10 хоног хорих ял оногдуулж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52 дугаар зүлйийн 52.5.д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаас үзвэл:

 

.... 2015 оны 12 дугаар сарын 10-нд Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн Төмөр толгойн хуурай баяжмалын үйлдвэрийг хүлээн авах улсын комисс Улаанбаатараас  ирж байсан..., энэ үед Төмөрлөгийн үйлдвэрийн захирал Батжавхлан шүүгдэгч Д.Баасандорж руу /санхүү эдийн засгийн хэлтсийн дарга/ утасдаж дэд захирал О.Болор-Эрдэнийг уурхай хүлээж авах комисст авч яваарай гэж гэсэн учир Д.Баасандорж О.Болор-Эрдэнэтэй утасаар ярихад тэрээр “МВМ” зочид буудлын 406 тоот өрөөнд байна гэж хэлсэн...., өрөөнд ороход тэнд О.Болор-Эрдэнэ, цехийн дарга Батгэрэл /талийгаач/, авто замын төслийн дарга Э.Анхбаяр нар архи ууж байсан бөгөөд Болор-Эрдэнэ явахгүй болохоор нь Д.Баасандорж буцаад гарсан...,

 

... Д.Баасандорж буудлаас гарах гэж яваад гар утсаа 406 тоот өрөөнд орхисон учир буцаж 406 тоот өрөөнд ороод утсаа аваад гарах гэхэд нь Э.Анхбаяр явуулахгүй гээд түүний гараас нь татаад байж байтал гаднаас мөн хамт ажилладаг Төмөрлөгийн үйлдвэрийн инженер Б.Отгонцогт, геологич Бүрэнбадрах, хэлтсийн дарга Э.Мөнхбат нар орж ирээд тэд бүгд сууцгааж архи уусан..., энэ үед талийгаач Батгэрэл хүмүүс рүү агсан тавиад маргаж байснаа Анхбаяр, Болор-Эрдэнэ нартай ноцолдсоныг Отгонцогт, Мөнхбат нар салгасан...., дараа нь талийгаач Батгэрэл Болор-Эрдэнэ рүү салаавч гаргахаар нь шүүгдэгч Д.Баасандорж тэдний дундуур орж салгатал талийгаач Батгэрэл Д.Баасандорж руу гарын салаавч гаргаж “май пизда” минь гэхээр нь Д.Баасандорж түүнийг түлхтэл талийгаач Батгэрэл унасан бөгөөд тэд босгох гэтэл босож ирэхгүй болохоор түргэн тусламж дуудсан..., талийгаач эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ.

 

Энэ нь гэрч Э.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Баасандорж Батгэрэлийг “чи муу намайг гөлөг” гэж хэлэх болоогүй шүү гээд орилоод цохиж байгаа чимээ сонсогдохоор нь би Батгэрэлийн сууж байсан зүгт эргээд харахад Баасандорж Батгэрэлийн сууж байсан сандалны урд очоод зогсчихсон Батгэрэлийн толгой цээж хэсэг рүү нь 2 гараараа нэг нэг цохиод миний харснаар зүүн хөлөөрөө цээж орчимд нь өшиглөсөн..., Би босоод Батгэрэлийг татах гэхэд Батгэрэлийн сандалын өмнө очоод дахин Батгэрэлийг 2 гараараа толгой руу нь цохисон..., Гэтэл Батгэрэлийн толгойн баруун хэсгээс /хөмсөг орчмоос/ цус гарахад бид нар сандарсан..., Энэ үед Батгэрэл унтаад байгаа юм шиг нүдээ аниад сандалаа налаад суугаад байсан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Отгонцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Баасандорж Болор-Эрдэнийг өмөөрөөд Батгэрэлийг чи одоо боль л доо гэхэд Батгэрэл гараараа салаавч гаргаад ам руу нь хийгээд дуу нь чангараад май чи муу банди дуугай бай гээд орилоод байсан..., Би хаалга хаагаад харахад Баасандорж Батгэрэлийг гараараа хоёр гурван удаа цохих шиг болсон..., Харахад талийгаачийн баруун шанаанаас цус гарч байсан..., Тэгэхээр нь би ширээн дээрээс сальфетка аваад цусан дээр нь дарж байхад Баасандоржийн хөл орж ирсэн..., Тэгэхээр нь би Баасандоржийг холдуулаад эргээд харахад талийгаач Батгэрэл сандалаас гулсаад уначихсан байсан..., Баасандорж наадах чинь ухаан алдаад уначихлаа гээд байсан..., гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд а өгсөн:

...Болор-Эрдэнэ, Батгэрэл бид 3 архи уугаад сууж байхад манай үйлдвэрийн үйлдвэр эрхэлсэн дэд захирал Энхчулуун, Баасандоржтой орж ирээд Болор-Эрдэнийг авч явна гэсэн..., тэгээд түүнийг согтуу байна гээд үлдээгээд Баасандоржтой хамт гараад явсан..., дараа нь Баасандорж ганцаараа би үлдчихлээ гээд орж ирсэн..., Араас нь 10-20 орчим минутын дараа Мөнхбат, Отгонцогт, Бүрэнбадрах нар орж ирсэн..., Тэгээд юм яриад сууж байсан удалгүй Бүрэнбадрах гадаа санхүүгийн хүмүүсийг хүлээлгэж байгаа явлаа гээд гараад явчихсан...,  Баасандорж, Батгэрэл хоёр маргаад байхаар нь намайг харахад Батгэрэл сандал дээр суучихсан Баасандорж зүүн хөлөөрөө Батгэрэл рүү нэг удаа өшиглөх шиг болсон яг хаана нь өшиглөсөн талаар би хараагүй тэр үед Баасандоржийг хорьж байгаа бололтой Отгонцогт Баасандоржийг зуураад өмнө нь зогсож байсан..., Батгэрэлийг ухаан алдсаны дараа Баасандорж би түлхчихсэн юмаа гээд байсан.... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 89-93, 3-р хх-ийн 64-65-р хуудас/,

 

Гэрч К.Энхчулууны мөрдөн байцаалтын шатанд  өгсөн:

 

...Би 406 тоот өрөөнд орж Баасандоржийг авсан..., Намайг 14 цагийн орчим ороход Болор-Эрдэнэ захирал, Анхбаяр нар нэлээд согтуу талийгаачийн согтуу байгааг анзаараагүй. ... Тэгээд би Баасандоржийг дагуулаад гарсан..., Гараад машины урд суудал дээр би суугаад арын суудал дээр Баасандорж ганцаараа суугаад машиныг жолооч Батбаяр жолоодож явсан бөгөөд машинд суугаад бид 3 уурхай явах гээд алтны уулзвар өнгөрч байх үед Баасандорж би буугаад үлдэе гээд алтны уулзвар өнгөрч яваад Баасандорж машинаас бууж үлдсэн..., гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106-108-р хуудас/,

 

Гэрч О.Болор-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Миний санаж байгаагаар бид нар хоорондоо муудалцаж, зодолдож цохилцсон зүйл байхгүй..., Би Анхбаяр гэх найзтайгаа тоглож ноцолдсоноос ямар нэгэн байдлаар зодоон цохион хийгээгүй..., Тэгж байгаад би унтчихсан байсан..,. Шуугилдаад байхаар нь босоод ирсэн чинь талийгаач буудлын өрөөний 2 орны дунд хэсэгт дээшээ харчихсан байдалтай хэвтэж байсан бөгөөд Баасандорж би түлхчихсэн юмаа яачихваа гээд талийгаачид хиймэл амьсгаа хийж байсан..., Миний санаж байгаагаар бид нар хоорондоо муудалцаж хоорондоо зодолдож цохилцсон зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 103-114, 3-р хх-ийн 66-р хуудас/,

 

Гэрч Э.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн өгсөн:

 

...Отгонцогт бид 2-ыг МBМ зочид буудлын 406 тоот өрөө рүү ороход Болор-Эрдэнэ, Батгэрэл. Баасандорж, Анхбаяр нар 0,75 литрийн Финлянди нэртэй архи уугаад сууж байсан. ...Би орны хөл хэсэг орчим сууж Анхбаяр орны толгой хэсэгт нь суусан...., Би Анхбаяр руу хараад тэдний төсөлд ажилладаг хоёр инженерийн талаар түүнтэй ярилцаж байхад Баасандорж үүдэн талын сандал дээр сууж байсан..., Харин Болор-Эрдэнэ үүдэн талын цонхон талын орны хөлд сууж байсан. Батгэрэл үүдний харалдаа /цонхон талын/ буланд байсан сандал дээр сууж, Отгонцогт бидэнд архи хундаглаад бидний дундуур явж байсан...,

 

Батгэрэл Баасандоржид хандаж ямар нэг үг хэлсэн юм шиг байна лээ би юу гэж хэлсэнийг нь сонсоогүй...., Баасандорж Батгэрэлийг ...чи муу намайг гөлөг... гэж хэлэх болоогүй шүү гэж чангаар орилоод цохиж байгаа чимээ сонсогдсон..., Энэ үед  Отгонцогт талийгаач Батгэрэлийг тэвэрч Баасандоржийн дундуур орж байсан..., Тэгэхэд Батгэрэлийн толгойн баруун хэсгээс /миний харснаар хөмсөг орчмоос/ цус гарахад бид нар бүгд сандарсан..., Баасандорж, Отгонцогт хоёрын нэг нь ванны өрөөнөөс алчуур авчраад түүний цус гарч байгаа шархан дээр 1 минут орчим дарсан..., Энэ үед Батгэрэл унтаад байгаа юм шиг нүдээ аниад сандлаа налаад суугаад байсан..., Цус нь тогтоод алчуураар дарахаа болиход Батгэрэлийн бие нь сулраад сандлаасаа гулсаж газар унахад нь бид нар сандарч Баасандорж, Отгонцогт нар түүнд хиймэл амьсгаа ээлжилж хийсэн...., Энэ үед би эмнэлгийн байгууллагад дуудлага өгөхөд эмнэлгийн ажилтан 5 орчим минутын дараа түргэн тусламж ирээд Батгэрэлийн биед үзлэг хийгээд хүүхэн хараанд өөрчлөлт орсон байна шүү гэж хэлээд Отгонцогт бид хоёрыг носилкид явуулсан..., Баасандорж, Отгонцогт бид гурав Батгэрэлийг носилки дээр хэвтүүлж эмнэлгийн машинд оруулаад Отгонцогтыг эмнэлгийн машинд суулгаад Баасандорж бид хоёр өрөөнд эргэж ороод Баасандорж, Болор-Эрдэнэ, Анхбаяр бид дөрөв хувцсаа өмсөөд араас нь Анхбаярын машинаар эмнэлэг явж байхад Отгонцогт залгаад Батгэрэлийг нас барчихлаа гэж хэлсэн..,. Талийгаач Батгэрэлийн толгойд хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй байна ....гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 95-98, 3-р хх-ийн 62-63-ийн хуудас/,

  Гэрч Т.Бүрэнбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...МВМ зочид буудлын 406 тоот өрөөнд ороход Болор-Эрдэнэ, Баасандорж, Батгэрэл, Анхбаяр нар архи ууж байсан..., Баасандоржоос бусад нь нилээд согтолттой байсан..., Тэгэхэд Анхбаяр, Болор-Эрдэнэ, Батгэрэл гурав хоорондоо тоглоод нэгнийгээ түлхээд, мөр лүүгээ түлхээд орон дээр ноцолдоод байсан..., Баасандорж цонхон талын сандал дээр сууж байсан..., Баасандорж эд нар ингэж архи ууна гэж юу байхав дээ ямар хэцүү юм бэ гэж байсан..., Би ороод удалгүй гараад явчихсан..., Намайг байхад Анхбаяр нэг стакан хагалсан, тэрийг би түүж хогийн саванд хийсэн гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 122-ийн хуудас/,

 

Гэрч Ч.Оюундарийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн:

 

...дуудлага аваад хамгийн удсандаа 5 минутын дараа л тухайн дуудлаганд орсон..., Намайг 406 тоот өрөөнд ороход 5-6 залуу байсан бөгөөд үзэх хүнийг орны хажууд хажуугаар нь харуулсан байдалтай хэвтүүлчихсэн байсан..., Тэгээд би тэр хэвтэж байсан хүнийг дээш нь харуулж үзэхэд ухаангүй нүүр нь хөхөрчихсөн, хүүхэн хараа хоёр талд өргөссөн амьсгал байхгүй, судасны цохилт мэдэгдэхгүй, зүрхний цохилт сонсогдох төдий л байсан..., Тэр залуучуудын зарим нь нилээд согтуу, 2 залуу нь арай гайгүй байсан..., Өвчтөн ухаангүй байсан учраас яаралтай зүрхний массаж хийгээд, зүрхний үйл ажиллагаа дэмжих /Адернил/ тариаг баруун гарын бугалганд 1 мл-ээр 2 удаа хийсэн тэр үед би машинаас носилки аваад ир гэж хэлсэн..,. ...Замдаа талийгаач нас барчихсан очоод сэхээний эмч үзээд найдваргүй болсон байна гэдгийг хэлсэн. ...тэгэхээр намайг үзэх үед л талийгаач нас барж эхэлж байсан гэсэн үг бөгөөд тэр залуучууд эмнэлэг явья гээд байсан би ч гэсэн юмыг яаж мэдэх вэ гэж бодоод эмнэлэг рүү авч явсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 135-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны 405 дугаартай

 

-Ц.Батгэрэлийн цогцсонд хийсэн Дархан-Уул аймгийн ШША-ны шинжээч эмч Д.Туяагийн 2015.12.11-ний өдрийн 01 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

-Талийгаач Ц.Батгэрэлийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины хоёр тал бөмбөлөгийн суурь, 2 талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, баруун чамархайн хуйханд цус хуралт. Баруун нүдний дээд зовхинд шарх, доод уруулын зүүн тал, цээжний зүүн өмнө дээд хэсэг, зүүн сарвууны гадна, баруун бугалганы дунд 1/3-н гадна хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтлүүд нь цогцсоны гадна үзлэг болон цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрхи гэмтлүүд нь тогтоогдож байна.

-Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба олон удаагийн хүч үйлчилсний улмаас тархины хоёр тал бөмбөлгийн суурь, 2 талын чамархай, дух бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт үүссэн байна. Чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

-Талийгаачийн цогцост учирсан гавал тархины битүү гэмтэл. Тархины суурь, 2 талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд зовхины гадна хэсгийн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархайн хуйхан дахь цус хуралт нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Доод уруулын зүүн тал, цээжний зүүн өмнө дээд хэсэг, зүүн сарвууны гадна, баруун бугалганы дунд 1/3-ын гадна хэсгийн цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Талийгаач Ц.Батгэрэлийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурь, хоёр талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, баруун чамархайн хуйхан дахь цус хуралт, баруун нүдний дээд зовхины гадна хэсгийн шарх нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Баасандоржийг түлхэхээс өмнө дээрх гэмтлүүд үүсэх боломжгүй. Зүрх уушгины гадаргууд үүссэн цэгчилсэн цус харвалтууд нь түргэн зуурын үхлийн үед илэрдэг шинж тэмдэг юм. Батгэрэл нь дээрх гавал тархины битүү гэмтэл, тархины битүү гэмтэл, тархины суурь, хоёр талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийг авсаны дараа идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийхгүй.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон эд эсийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины суурь, хоёр талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.

-Хэргийн материалаар нас барсан хугацааг тогтоох боломжгүй, анхны цогцосны үзлэг хийсэн эмч нас барсан хугацааг тогтоодог.

-Талийгаачийн цусанд 0.8 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 121-123-ийн хуудас/ болон

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг камерт үзлэг хийсэн тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний 2015.12.11-ний өдрийн 01, 2016.01.15-ны өдрийн 05 дугаар дүгнэлт, цогсцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, туршилт хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Д.Баасандоржид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулсан, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргаж, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

 

Иймд шүүгдэгч Д.Баасандоржийн болон түүний өмгөөлөгч нарын гаргасан  “...гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, шалтгааныг бүрэн тогтоогоогүй, хэргийн бүрдэл дутуу, нэмж шалгах тогтоох асуудал байгаа учраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх хохирогч Я.Цэнгүүнжавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хойшид миний үр ач, бэрд тусалж байгаасай гэж бодож байна..., иймд шүүгдэгчийг ялаас чөлөөлж, цагаатгаж өгнө үү...”  гэсэн хүсэлт,

Хохирогч Л.Отгончимэгийн “... Дархан буудлын ард баригдаж байгаа нэг өрөө  43м2 орон сууцны гэрчилгээг аваагүй байгаа..., Захиалгын гэрээг над руу шилжүүлсэн гэж захиалгын гэрээний нэг хувийг өгсөн...., Хүүхдийнхээ 18 нас хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг надад өгнө үү гэх саналыг тавьсан. Энэ тэтгэмжийн хувьд миний тооцоолсноор 100.0 гаруй сая төгрөг болж байгаа учир тэтгэмжид тооцож байр газар авахаар тохиролцсон.., нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар, мөн шүүгдэгч Д.Баасандорж хохирогчид оршуулгын зардалд 20,0 сая төгрөг, хүүхэд асарсны цалин 1.200.000 төгрөг, бэлэн 5.000.000 төгрөг, грашны төлбөр 125.000 төгрөг төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлсэнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Баасандорж, ялтны өмгөөлөгч Л.Энхтунгалаг, Ж.Уранчимэг, А.Мөнхбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

 

          ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА        

 

                                                                                                                                              .                                                                                                    С.ЦЭЦЭГМАА