| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2023/0679/З |
| Дугаар | 001/ХТ2026/0005 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2026/0005
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Татварын ерөнхий газрын татварын
улсын байцаагч нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0391 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2025/0645 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Т.С, Я.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 528 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-********* дүгээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах,
2.Хэргийн нөхцөл байдал: “Ж” ХХК нь харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх “А” ангиллын тусгай зөвшөөрөлтэй, татварын улсын байцаагч нараас уг хуулийн этгээдийн 2018-2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 77,349,961,133 төлбөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь гадаад улсын 6 оронд интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсны төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөр, апплейкшн ашигласны төлбөр, гишүүнчлэлийн төлбөр зэргээр нийт 105,748,621,396 төгрөгийг шилжүүлсэн байна.
3.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт нь хоёр хэсэгтэй буюу “өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан татварын албаар баталгаажуулсан алдагдлаас тайлант хугацаанд шилжүүлсэн тооцсноос өмнөх жилийн алдагдлыг хааж, үлдэх хэсэг буюу орлогыг тухай бүр шивээгүй, и-баримтын бичилт хийгээгүй, татвар бууруулсан” зөрчилд, 553,300,087 төгрөгийн төлбөр тогтоосныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, энэ хэсэгт нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс актын зөвхөн суутгагчийн үүрэгт холбогдох зөрчлийг хянасан болно.
4.Нэхэмжлэгчээс “цахим орчинг үүсгэн байгуулах, харилцан холболт хийх, мэдээллийн транзит урсгалыг дамжин өнгөрүүлэх үйл ажиллагаа явуулдаг, харилцагч байгууллагууд манай байгууллагаас хүлээн авсан төлбөрөөс улсдаа татвар төлдөг, 2012 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо хуралдсан Олон Улсын цахилгаан холбооны бага хурлаас баталсан Олон Улсын харилцаа холбооны журмыг баримталж төлбөр нэхэмжилсэн улсдаа төлнө, улс улсдаа тус тусдаа төлөхгүй, өөр өөрөөр төлөхгүй, харилцаа холбооны улс болгон нэгдсэн журамтай, харилцан ашигтай, хос сүлжээ хэрэглэж, интернетийн хямд, найдвартай үйлчилгээ хүргэх зорилгын хүрээнд татвар давхардахгүй байх тусгайлсан зохицуулалттай” гэж,
5.Хариуцагчаас “Дубайн журмыг хэрэглэхгүй, учир нь Монгол Улс соёрхон батлаагүй, албан ёсоор хэвлэн нийтлээгүй, дотоодын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ, давхар татварын гэрээний тухайд, тухайн улс орны оршин суугчийн сертификат авчирч давхар татварын асуудлыг шийдүүлэх ба хяналт шалгалтын хугацаанд ийм баримт өгөөгүй” гэж тус тус маргасан.
6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр татварын улсын байцаагчийн актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Үүнд:
6.1.1992 оны 12 дугаар сард Швейцарын Холбооны Улсын Женев хотноо хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бус бага хурлаас шинэчлэн боловсруулж гарын үсэг зурсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын дүрэм, конвенцыг Монгол Улсын Их Хурлаас 1994 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Олон улсын цахилгаан холбооны байгууллагын дүрэм, конвенцыг соёрхон батлах тухай хуулиар соёрхон баталсан бөгөөд Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 1994 оны 10 сарын №10/29/ дугаарт нийтэлсэн байна.
6.2.Улсын Их Хурлын 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Олон Улсын цахилгаан холбоон байгууллагын үндсэн дүрэм, нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулиар соёрхон баталсан Америкийн Нэгдсэн Улсын Миннеаполис хотноо 1998 оны 11 дүгээр сард хуралдсан Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн хурлаас баталсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Yндсэн дүрэм, Конвенци-д орсон нэмэлт, өөрчлөлтийн ШБЗ 31-д “3.Энэхүү Үндсэн дүрэм, конвенцын заалтуудад цаашид цахилгаан холбооны ашиглалтыг зохицуулдаг захиргааны доорх нэр бүхий журмаар нэмэлт хийх ба тэдгээрийг бүх гишүүн орнууд биелүүлэх үүрэгтэй” гээд Олон Улсын цахилгаан холбооны журам, Радио холбооны журам гэж заасны дагуу Олон Улсын цахилгаан холбооны журмууд нь Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн баримт бичгийн нэг хэсэг болох бөгөөд гишүүн орнууд бүгд дагаж мөрдөх үүргийг хүлээж байна.
6.3.2012 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо хуралдсан Олон улсын цахилгаан холбооны бага хурлаас баталсан Олон улсын харилцаа холбооны журмын 64-т “8.3.1.Тухайн улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу олон улсын харилцаа холбооны үйлчилгээний хураамжийн төлбөрт төсвийн татвар ноогдуулдаг бол, онцгой нөхцөл байдалд авах арга хэмжээнээс бусад тохиолдолд, тус татварыг зөвхөн тухайн улсын хэрэглэгчдэд үзүүлсэн олон улсын үйлчилгээний төлбөрт ногдуулж, нэхэмжилсэн улсдаа төлнө” гэж, 76-д “Эдгээр зохицуулалтууд болон түүний 1, 2-р Хавсралтууд нь салшгүй хэсэг бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, Үндсэн дүрмийн 54-р зүйлийн бүх заалтыг баримтлан мөрдөгдөх болно” гэж тус тус заажээ.
6.4.Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод 2012 онд хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын бага хурлаас баталсан Төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зураагүй боловч тухайн баримт бичгийн дагуу үүрэг хүлээхээ хүлээн зөвшөөрч дагаж мөрдөх, эсхүл түр мөрдөх талаар Ерөнхий нарийн бичгийн даргад Төгсгөлийн баримт бичиг хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын дотор мэдэгдээгүй тул уг баримт бичгийг мөрдөх үүргийг хүлээнэ.
6.5.Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод 2012 онд хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын бага хурлаас баталсан Төгсгөлийн баримт бичиг болох Олон улсын харилцаа холбооны журмыг хэрэглэх боломжтой бөгөөд мөн журмын 8.3.1 дэх заалтад заасан “онцгой нөхцөл байдалд авах арга хэмжээ” байгаа эсэхийг татварын хяналт шалгалтын явцад нотлох баримт цуглуулж, тогтоосны үндсэн дээр дахин шийдвэр гаргах шаардлагатай, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.
6.6.Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас дээрх батлагдсан маягтын дагуу Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын нэр бүхий хуулийн этгээдүүд нь гадаад улсын байнга оршин суугч татвар төлөгч мөн болохыг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй тул дээрх Засгийн газар хоорондын Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, гадаад улс хоорондын хэлэлцээрийг маргааны үйл баримтад хэрэглэх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
7.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нөхөн төлбөр, алдангийг хэвээр үлдээж, торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
7.2.Олон улсын харилцаа холбооны журмын холбогдох заалт буюу 8.3.1-д “Тухайн улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу олон улсын харилцаа холбооны үйлчилгээний хураамжийн төлбөрт төсвийн татвар ногдуулдаг бол, онцгой нөхцөл байдалд авах арга хэмжээнээс бусад тохиолдолд, тус татварыг зөвхөн тухайн улсын хэрэглэгчдэд үзүүлсэн олон улсын үйлчилгээний төлбөрт ногдуулж, нэхэмжилсэн улсдаа төлнө” гэсэн заалт нь давхар татварын харилцааг зохицуулсан байх бөгөөд Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлаагүй, албан ёсоор нийтлэгдээгүй олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх хууль зүйн үндэслэлгүй.
7.3.Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга) 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсантай уялдуулж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд мөн өдөр дээр дурдсан өөрчлөлт орсон бөгөөд эдгээр хуулийн зохицуулалтаас дүгнэхэд татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгч гэдэгт татвар суутгагчийг хамааруулахгүй бөгөөд хариуцагч нар “Ж” ХХК-ийг татвар суутган төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн энэ тохиолдолд шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган төлөгчийн хөрөнгөөс алдангийн хамт нөхөн төлүүлэх эрхтэй байна.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
8.1.Маргаанд Олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх эсэхийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөрүүтэй дүгнэлт хийсэн. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоо дагаж мөрдөх үүрэгтэй, түүнийг захиргааны байгууллага үйл ажиллагаандаа мөрдөнө, үгүй гэхэд шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэх байсан.
8.2.Монгол Улс конвенц, дүрэмд нэгдэн орсон, түүнийг соёрхон баталсан байтал давж заалдах шатны шүүхээс тухайн үйл баримт, гэрээ, конвенц, Олон Улсын гэрээний тухай хууль, Улсын дээд шүүхийн тогтоолыг маш явцуу байдлаар, буруу тайлбарлан хэрэглэсэн нь хууль хэрэглээний зөрүү үүсгэж байна.
8.3.Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэвээр үлдвэл Монгол Улсын нэгдэн орж байгаа, соёрхон баталж байгаа олон улсын гэрээ, хэлцлийн хүлээн зөвшөөрөгдөх байдалд сөрөг нөлөө үүсэх болон нөгөө талаар олон улсын өмнө ч Монгол Улс нэгдэн орсон гэрээ, конвенцоо практик дээр дагаж мөрддөггүй жишиг үүсэх магадлалтай.
8.4.Хяналтын шатны шүүхээс Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцыг захиргааны байгууллага, цаашлаад шүүхүүд ямар тохиолдолд хэрэглэх шаардлагатай, хэрэглэхгүй байх боломжтой талаар тус гомдлыг хянан хэлэлцэх замаар нэгдсэн ойлголт, зарчим тогтоох нийтлэг ач холбогдолтой байна.
8.6.Гэхдээ улс орон бүр өөр өөрсдийн салангид дүрмийг тогтоох боломжгүй, харилцан хамааралтай, нэгдсэн гэж хэлж болохуйц дүрэм журам шаардагдана. Татварын харилцаа ч адил буюу Монгол Улс дэлхийн дүрмээс өөр дүрэмтэй байх боломжгүй. Өөр хэлбэл эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтоох зарчмын ач холбогдолтой.
8.7.Захиргааны байгууллага өмнө нь нэхэмжлэгч компанид татварын хяналт шалгалтууд хийж байхдаа дээрх асуудлыг зөрчил гэж үзээгүй, татварын ногдуулалт, төлөлтийг хэвийн гэж дүгнэж байснаа гэнэт их хэмжээний төлбөр тогтоосон. Энэ нь татвар төлөгчид “хууль ёсны итгэл хамгаалагдах” нөхцөл байдал үүссэн гэж үзэх үр дагавартай. Яг адил нөхцөл байдалд тодорхой хугацааны дараа хяналт шалгалт хийхдээ өмнө нь зөрчил биш гэж үзэж байсан асуудлаа зөрчил гэж үзсэн.
8.8.Эдийн засгийн харилцаанд оролцож буй этгээдүүд нь төрийн үйл ажиллагаа, захиргааны гаргасан шийдвэрт итгэх, итгэсний үндсэн дээр үйл ажиллагаагаа төлөвлөж, эрхлэн явуулаад бурууддаг жишиг байж болохгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, татварын нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шинээр акт үйлдэхийг хариуцагчид даалгасан анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.
10.Маргааны үйл баримтын тухайд “Ж” ХХК нь 105,748,621,396 төгрөгийг гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд “интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсны төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөр, апплейкшн ашигласны төлбөр, гишүүнчлэлийн төлбөр” гэсэн зориулалтаар шилжүүлсэн байх бөгөөд энэхүү хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай асуудал нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн гадаад улсад шилжүүлсэн төлбөрөөс татвар суутгах эсэх, олон улсын гэрээний зохицуулалт хэрэглэгдэх эсэх тухай байна.
11.БНМАУ-ын Ардын Их Иурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 130 дугаар зарлигаар “Швейцари улсын Монтрё хотод зохион байгуулсан Олон улсын цахилгаан холбооны конвенцыг, тайлбарын хамт” баталсан, мөн Олон улсын цахилгаан холбооны байгууллагын дүрэм, конвенцыг соёрхон батлах тухай 1994 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 1992 оны 12 дугаар сард хуралдсан "Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенц”-ийг соёрхон баталсан, дараа нь АНУ-ын Миннеаполис хотноо 1998 оны 11 дүгээр сард хуралдсан “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенц”-д орсон нэмэлт, өөрчлөлтийг 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар соёрхон баталсан, улмаар Мексикийн Нэгдсэн Улсын Гуадалахара хотноо 2010 оны 10 дугаар сард хуралдсан “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенц”-д орсон нэмэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар тус тус соёрхон баталжээ.
12.Харин маргааны үйл баримтад холбогдуулан талуудын маргаж буй 2012 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо хуралдсан Олон улсын цахилгаан холбооны бага хурлаас баталсан Олон улсын харилцаа холбооны журмыг Монгол Улсын Их Хурлаас соёрхон батлаагүй, талууд уг асуудлаар маргаагүй байна.
13.Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д “Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж, Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын Их Хурал дараах олон улсын гэрээг заавал соёрхон батална”, 8.1.5-д “чөлөөт худалдаа, давхар татвар, хөрөнгө оруулалттай холбогдсон олон улсын гэрээ” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад татварын маргаанд Улсын Их Хурлаас соёрхон баталсан олон улсын гэрээг хэрэглэх зохицуулалттай бөгөөд энэ тохиолдолд 2012 онд Дубай хотноо баталсан Олон улсын харилцаа холбооны журмыг шүүх энэхүү маргаанд хэрэглэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
14.Монгол Улсын нэгдэн орсон 1994 оны Олон улсын цахилгаан холбооны байгууллагын дүрмийн[1] Дөрөвдүгээр зүйлд “Байгууллагын үндсэн баримт бичгүүд”, 31-ийн 3-д “Энэхүү дүрэм, мөн түүнчлэн конвенцийн заалтуудыг цахилгаан холбооны ашиглалтыг зохицуулдаг байгууллагын бүх гишүүд зайлшгүй дагаж мөрдөх ёстой, доор дурдагдсан захиргааны дүрмүүдийн заалтуудыг баяжуулан тодотгоно: Олон улсын цахилгаан холбооны дүрэм, Радио холбооны дүрэм” гэж, мөн 1998 оны Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенцид орсон нэмэлт өөрчлөлтөд[2] Дөрөвдүгээр зүйл, байгууллагын баримт бичиг, ШБЗ (шийдвэр, баримт бичиг, зөвлөмж) 31-д “Энэхүү үндсэн дүрэм, конвенцийн заалтуудад цаашид цахилгаан холбооны ашиглалтыг зохицуулдаг захиргааны доорхи нэр бүхий журмаар нэмэлт хийх ба тэдгээрийг бүх гишүүн орнууд биелүүлэх үүрэгтэй: Олон улсын цахилгаан холбооны журам, Радио холбооны журам” гэж тус тус заажээ.
15.Олон улсын цахилгаан холбооны журам нь анх 1988 оны Мельбурны бага хурлаар[3] батлагдсан бөгөөд Монгол Улс 1994 он, 2003 он, 2015 онд Олон улсын цахилгаан холбооны байгууллагын дүрэм, конвенци, нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлахдаа уг журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байх тул энэ тохиолдолд 1988 оны Мельбурны журмыг маргааны үйл баримтад хэрэглэх үндэслэлтэй байна.
16.Тодруулбал, 2012 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо хуралдсан Олон улсын цахилгаан холбооны бага хурлаас баталсан Олон улсын харилцаа холбооны журмын тайлбарт (governance, conferences, World conference on international telecommunications (WCIT-12), The treaty signing process explained) “2012 оны Дубайн гэрээнд гарын үсэг зурж нэгдээгүй улс орнуудад 1988 оны Мельбурны Олон улсын цахилгаан холбооны журам үйлчлэх” талаар тодорхой зохицуулсан, уг “Олон улсын цахилгаан холбооны журам”-ын[4] 6.1.3-д “Тухайн улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу, олон улсын цахилгаан холбооны үйлчилгээний төлбөр хураамжид (Collection charges) санхүүгийн татвар ногдуулах тохиолдолд, онцгой нөхцөлөөс шалтгаалан өөрөөр хэлэлцэн зохицуулснаас бусад тохиолдолд, тус татварыг зөвхөн тухайн улсын хэрэглэгчдэд үзүүлсэн олон улсын үйлчилгээнд ногдуулна” гэж заажээ.[5]
17.Түүнчлэн Мельбурны Олон улсын цахилгаан холбооны журмын 9.1-д “а) Олон улсын цахилгаан холбооны конвенцын 31 дүгээр зүйлд (Найроби, 1982) заасны дагуу гишүүн улсуудыг бүхэлд нь хамруулахгүйгээр харилцаа холбооны асуудлаар онцгой хэлэлцээр байгуулах боломжтой. Үндэсний хууль тогтоомжид нийцсэн нөхцөлд гишүүн улсууд өөр улсад ижил зөвшөөрөл олгогдсон гишүүн улсын эрх бүхий үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, хувь хүмүүстэй харилцан онцгой хэлэлцээр байгуулахыг өөрийн улсын эрх бүхий үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, хувь хүмүүст зөвшөөрч болно. Эдгээр хэлэлцээр нь холбогдох гишүүн улсын нутаг дэвсгэрийн хүрээнд эсхүл хоорондын тусгай зориулалтын олон улсын цахилгаан холбооны хэрэгцээг хангах зорилготой тусгай сүлжээ, систем, үйлчилгээг байршуулах, ашиглах, ашиглуулахтай холбоотой байх ба шаардлагатай тохиолдолд санхүү, техник, үйл ажиллагааны нөхцөлийг хамруулан тохиролцож болно. b) Онцгой хэлэлцээрүүд нь гуравдагч улсын харилцаа холбооны байгууламжийн хэвийн үйл ажиллагаанд техникийн аливаа хохирол учруулахааргүй байх ёстой” гэж, уг журмын Хавсралт №1-ийн[6] 1.6-д “Тухайн эрх бүхий үйл ажиллагаа эрхлэгчийн дансны тарифын хувь хэмжээ эсхүл бусад орлогод санхүүгийн татвар ногдуулсан бол, бусад эрх бүхий үйл ажиллагаа эрхлэгчид энэ санхүүгийн татварыг төлөх үүрэг хүлээхгүй” гэж, 3.3.4-т “Хэрэглэгч улсад ногдуулсан төлбөрийн хураамж (татвар, хураамж, шимтгэл гэх мэт)-ийг эрх бүхий үйл ажиллагаа эрхлэгч хариуцна. Үйлчилгээ үзүүлэгч улсад ногдуулсан ийм төрлийн аливаа төлбөр, түүний дотор гуравдагч орны зуучлагч банкнуудын ногдуулсан төлбөрийн хураамжийг үйлчилгээ үзүүлэгч хариуцна” гэж тус тус заасан байна.
18.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, энэ тохиолдолд татварын улсын байцаагч нараас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ хэрэглэвэл зохих Олон улсын гэрээг хэрэглээгүй, холбогдох захиргааны байгууллагуудаас мэргэжлийн туслалцаа аваагүй байх тул шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
19.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “... цахилгаан холбоо, интернэтийн сүлжээ нь дэлхий нийтийг хамарсан, улс болгон хоорондоо холбогдож байж оршин тогтнодог онцлогтой, улс орон бүр өөр өөрсдийн салангид дүрмийг тогтоох боломжгүй, харилцан хамааралтай, нэгдсэн дүрэм журам шаардагдана, нэг л татвар төлнө” гэж маргаж байх бөгөөд хариуцагчаас холбогдох Олон улсын гэрээг судалж, нэхэмжлэгч хуулийн этгээд суутгагчийн үүрэгтэй эсэх талаар үндэслэлээ тайлбарлах нь захиргааны актад хуульд үндэслэх зарчимд нийцэх юм.
20.Тухайлбал, маргааны гол үйл баримт болох интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсны төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөр, апплейкшн ашигласны төлбөр, гишүүнчлэлийн төлбөр зэрэг нь олон улсын цахилгаан холбооны үйлчилгээний төлбөр хураамжид хамаарах эсэх, онцгой нөхцөлөөс шалтгаалан өөрөөр хэлэлцэн зохицуулсан эсэх, онцгой нөхцөл байдал гэдэгт юуг ойлгох, “татварыг зөвхөн тухайн улсын хэрэглэгчдэд үзүүлсэн олон улсын үйлчилгээнд ногдуулна” гэсэн нь ямар агуулгатай болох, хэрэглэгчийн хүрээ, “тухайн эрх бүхий үйл ажиллагаа эрхлэгчийн дансны тарифын хувь хэмжээ эсхүл бусад орлогод санхүүгийн татвар ногдуулсан бол, бусад эрх бүхий үйл ажиллагаа эрхлэгчид энэ санхүүгийн татварыг төлөх үүрэг хүлээхгүй” тухай зохицуулалт маргааны үйл баримтад хэрхэн хэрэглэгдэхийг татварын алба шинжлэн судлах шаардлагатай.
21.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс давхар татварын гэрээг хэрэглэх талаар маргасан, нэхэмжлэгч хуулийн этгээд нь гадаад улсын 6 оронд төлбөр шилжүүлснээс 3 улстай Засгийн газар хоорондын Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр байгуулсан байсан, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 293 дугаар тушаалаар баталсан “Татварын харилцан тохирох журам”-ын 4.1-т “Давхар татварын гэрээнд өөрөөр заагаагүй бол давхар татварын гэрээнд нийцээгүй байдлаар татвар ногдуулсан, ногдуулах нөхцөл үүссэнийг анх мэдсэнээс тус гэрээнд өөрөөр заагаагүй бол 3 жилийн хугацаанд багтаан хүсэлт гаргана” гэж заажээ.
22.Нэхэмжлэгчээс “… гадаад улсаас холбогдох бичиг баримтыг авах гэхээр Олон улсын гэрээний дагуу татвар төлөхгүй гээд баримт өгөхгүй байгаа тул баримт бүрдүүлж өгч чадахгүй байгаа” гэж хяналтын шатны шүүх хуралдаанд тайлбарласан, татварын улсын байцаагч нараас Олон улсын гэрээний холбогдох журам, түүний хавсралтыг шинжлэн судалж, шилжүүлсэн гүйлгээний зориулалт тус бүрээр ялгаж судалсны эцэст хэрэв татвар суутгах үүрэг нэхэмжлэгчид үүсэх бол давхар татварын асуудлыг мөн түүнчлэн дүгнэж, тухайн тохиолдолд хэрэглэх эсэхийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
23.Анхан шатны шүүхээс “Олон улсын цахилгаан холбооны журмууд нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн баримт бичгийн нэг хэсэг болох бөгөөд гишүүн орнууд бүгд дагаж мөрдөх үүргийг хүлээж байна” гэж зөв дүгнэсэн боловч “Дубай хотод 2012 онд хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын бага хурлаас баталсан Төгсгөлийн баримт бичиг болох Олон улсын харилцаа холбооны журмыг хэрэглэх боломжтой” гэж дүгнэсэн нь энэ тогтоолын 13-т зааснаар буруу, түүнчлэн хэрэглэвэл зохих 1988 оны Мельбурны журмыг маргааны үйл баримтад хэрэглээгүй атлаа “Олон улсын гэрээний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт” заасныг маргааны үйл баримтад хэрэглэсэн нь буруу бөгөөд Монгол Улс Олон улсын гэрээнд нэгдэн орж, соёрхон батлахдаа уг гэрээний үндсэн баримт бичигт хамаарах Олон улсын цахилгаан холбооны журмыг монгол хэлнээ орчуулж, гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн орчуулгыг хянан баталгаажуулах ёстой, энэхүү ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарах юм.
24.Давж заалдах шатны шүүхээс “… Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлаагүй, албан ёсоор нийтлэгдээгүй Олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх хууль зүйн үндэслэлгүй, … хариуцагч нар “Ж” ХХК-ийг татвар суутган төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн энэ тохиолдолд шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган төлөгчийн хөрөнгөөс алдангийн хамт нөхөн төлүүлэх эрхтэй” гэж дүгнэхдээ Монгол Улс “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенц, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлахдаа 1988 оны Мельбурны журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байгааг дүгнэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон буруу байна.
25.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын тухайд, татварын улсын байцаагч нараас 1988 оны Мельбурны Олон улсын цахилгаан холбооны журам, түүний хавсралтыг Гадаад хэргийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэргэжлийн туслалцаа авч, баталгаат орчуулга хийлгэж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн шилжүүлсэн төлбөр бүрт хамаарах эрх зүйн дүгнэлтийг хийж, суутгагчийн үүрэгтэй эсэх талаар 6 сарын дотор шинжлэн судалж, төлбөр тогтоох эсэхийг шийдвэрлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.
26.Энэхүү хэргийг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд дээр дурдсанаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж, харин харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх “А” ангиллын тусгай зөвшөөрөлтэй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн татварын харилцаанд Олон улсын гэрээний холбогдох зохицуулалт хэрэглэгдэх агуулгаар хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоож шийдвэрлэв.
27.Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нөхөн ногдуулалтын актын 3 болон 4 дэх хэсэг буюу “гадаадын аж ахуйн нэгжид орлого олгохдоо аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч, төсөвт төлөөгүй” гэх хэсгийг түдгэлзүүлж, дахин шинээр акт үйлдэхийг хариуцагч нарт даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2025/0645 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0391 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын дүрэм, конвенц”-ыг соёрхон батлах тухай хууль, 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенц”-д орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль, 1994 оны Олон улсын цахилгаан холбооны байгууллагын дүрмийн Дөрөвдүгээр зүйлийн 31-ийн 3, 1998 оны “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенц”-д орсон нэмэлт өөрчлөлтийн Дөрөвдүгээр зүйл, ШБЗ 31-ийг тус тус баримтлан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-********* дүгээр нөхөн ногдуулалтын актын 3 болон 4 дэх хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинээр акт гаргахыг хариуцагч татварын улсын байцаагч нарт даалгасугай” гэж өөрчилсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий НА-*********** дүгээр нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
[1] 3 дахь хавтаст хэргийн 202 дугаар хуудасны ард
[2] 6 дахь хавтаст хэргийн 26 дугаар хуудасны ард
[3] International Telecommuninication Regulations (adopted 9 December 1988, entered into force 1 July 1990) ITU Doc WATTC-88 (1989) (ITR), https://www.itu.int/dms_pub/itu-t/opb/reg/T-REG-ACT-1988-PDF-E.pdf, (Сүүлд үзсэн: 2025.12.03).
[4] International Telecommunication Regulations (adopted 9 December 1988, entered into force 1 July 1990) ITU Doc WATTC-88 (1989) (ITR), https://www.itu.int/dms_pub/itu-t/opb/reg/T-REG-ACT-1988-PDF-E.pdf
[5] Шүүхийн академи, Олон улсын гэрээ, конвенцийг хэрэглэх харьцуулсан судалгаа, 2025 он
[6] International Telecommuninication Regulations (adopted 9 December 1988, entered into force 1 July 1990) ITU Doc WATTC-88 (1989) (ITR), https://www.itu.int/dms_pub/itu-t/opb/reg/T-REG-ACT-1988-PDF-E.pdf,