Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01449

 

 

     

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч О.Одгэрэл, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03440 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

 

2022 оны 12 сарын 05-ны өдрийн 5368 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 3247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг *******д даалгах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. 2022 оны 11 сарын 29-ний өдөр *******, ******* нар *******тай утсаар холбогдож уулзсан. ******* олон хүмүүсийг БНСУ-ын Янь Янь хот руу аялуулахаар 50 хүний гадаад пасспорт болон нийт 347,460,000 төгрөг аваад сүүлийн хэд хоног утас нь холбогдохгүй байгааг хэлсэн. ******* нь 5 давхар үл эд хөдлөх хөрөнгө *******гийн нэр дээр байдаг тул худалдан борлуулж хүмүүсийн мөнгийг өгье гэж *******, ******* нарт хэлэхэд тэд Зарагдахыг хүлээвэл удна, хамгийн хурдан мөнгөтэй болох арга бол ББСБ-аас зээл авч болно, бид хоёр хүмүүсээс мөнгө авч ******* руу шилжүүлсэн болохоор бид хоёрыг дарамтлаад байна. Тэгэхээр одоогоос та хүмүүстэй уулз, манай нөхөр мөнгийг авсан гэж тайлбарлахгүй бол танай гэрийг бүх хүмүүст зааж өгнө гэсэн.

******* анхнаасаа өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориг байгаагүй, зөвхөн зээлийн барьцаанд тавьж, нөхөр ******* болон *******, ******* нарын гэрээний үндсэн дээр бусдаас авсан мөнгийг төлж барагдуулах зорилгоор *******тай 2022 оны 12 сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн.

Иймд *******, ******* нарын хооронд 2022 оны 12 сарын 05-ны өдөр байгуулсан 5368 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ******* дүүргийн ******* хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

*******, ******* нарын хооронд 2023 оны 07 сарын 24-ний өдөр байгуулагдсан 3247 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох үл хөдлөх эд хөрөнгийн 0000750708 бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн ******* тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч *******гээс *******д шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******гийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2023 оны 05 сарын 26-ны өдрөөс 2023 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд дансаар болон бэлнээр 336 сая төгрөгийг *******д төлсөн. Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсоны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулан тухайн өдөртөө улсын бүртгэлд бүртгүүлж ******* дүүргийн ******* давхар тоот хаягт байрлалтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авснаас хойш 2023 оны 10 сарын 23-ны өдөр, 2023 оны 11 сарын 24-ний өдрүүдэд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийлгэсэн бөгөөд энэхүү тусгай тэмдэглэгээ нь хууль бус байсан учраас тэмдэглэгээг хүчингүй болгосон болно.

******* нь уг нэхэмжлэлийн хариуцагч биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. ******* дээрх маргаан бүхий эд хөрөнгийг худалдан авах үед ******* нь ******* банкны барьцаанд байгаа гэж хэлж байсан бөгөөд төлбөрөө төлөхөд саадгүй шууд зээлийг *******а гэж байсан тул харилцан тохиролцсон төлбөрөө төлж дуусгаснаар уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу худалдан авсан төдийгүй албан ёсны үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагааг авч гэрээгээ байгуулан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлснээр өмнөх өмчлөл дуусгавар болж шинэ өмчлөгчөөр тогтоогдсон болно.

******* дээрх эд хөрөнгийг ямар нэгэн төлбөр тооцооны хэрэгсэл болон *******д шилжсэн талаар огт мэдэхгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан. 2022 оны 12 сарын 02-ны өдөр ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******гаас худалдан авсан болохыг мэдсэн. Гэхдээ ******* нь *******д үл хөдлөх эд хөрөнгөө худалдахдаа өөрийн нөхөр *******ын өр төлбөрт тооцон бусдад худалдахыг зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдсон. Иймээс *******д холбогдох шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******гийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ******* аялал жуулчлалын чиглэлээр 7, 8 жил ажиллаж байсан. *******гийн нөхөр *******тай 2022 оны 06 сард өмнө нь хамтарч ажиллаж байсан танил ахаараа дамжуулан танилцсан. ******* нь өөрийгөө Америкийн виз гаргадаг, мөн Азийн орнууд руу аялал зохион байгуулдаг, M tour гэдэг компанитай, энэ компаниараа үйл ажиллагаа явуулж байгаа, би одоо БНСУ-ын Янь Янь хот руу 7 шөнө 8 өдрийн аялал зохион байгуулах гэж байгаа, аяллын компани болохоор аялал зохион байгуулах үедээ ажилтан хөлслөөд үйл ажиллагаа явуулдаг. Чи энэ аяллын бүртгэл дээр ажиллаад өгөх үү, тэгээд олсон ашгаасаа хувь өгье гэж хэлсний дагуу түүний бизнесийн үйл ажиллагаанд тусалж, аяллын бүртгэл хийх буюу БНСУ-ын Янь Янь хотын аялалд хамрагдах иргэдийг бүртгэж, төлбөрийг өөрийн дансаар хүлээн авч, дараа нь *******ын ******* банкны ******* тоот дансанд аялалд бүртгэгдсэн иргэдийн төлбөрийг шилжүүлэх байдлаар ажилласан.

2022 оны 11 сарын 29-ний өдөр ******* руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба дараа нь *******ыг Америк явсан гэдгийг мэдээд *******ын эхнэр *******гийн ******* дугаараар холбогдож *******тай цуг хохирогчидтой уулзаж 48 хүний гадаад паспорт бусад бичиг баримтуудыг авсан. ******* нь тухайн өдөр хохирогчдын хажууд надад нэг лагерийн байшин байгаа гэхдээ тэнд манай ээж амьдарч байгаа учраас тэр байшинг өгөх боломжгүй. Харин миний нэр дээр байдаг ******* дүүргийн, ******* давхарт байх үйлчилгээний зориулалттай оффис байгаа тэрийг *******д өгөөд худалдан борлуулж өрөө барагдуулъя гэж ******* хэлж хохирогч нартай тохиролцож худалдах, худалдан авах гэрээ хийхээр болсон. 2022 оны 12 сарын 05-ны өдөр 5368 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 2022 оны 12 сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, ******* дүүргийн, *******  талбайтай үйлчилгээний зориулалттай объектын өмчлөгчөөр тогтоогдсон.

******* нь Үнэгүй.мн дээр ******* дүүргийн, ******* давхарт байх үйлчилгээний зориулалттай оффисыг худалдахаар зар тавьсан тул зарын дагуу ******* нь объектыг ирж үзээд худалдан авахаар болж 2023 оны 07 сарын 24-ний өдөр байгуулсан ******* бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийг 336,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан.

******* нь *******ын зуучилж өгсөн 39 хохирогчийн хохирол болох 184,494,800 төгрөгийг *******ын ******* банкны ******* тоот данс руу шилжүүлж 39 хохирогчийн хохирлыг өгч барагдуулсан. *******ын зуучилж өгсөн 3 хохирогчийн хохирол болох 45,000,000 төгрөгийг *******од бэлнээр өгч хохирлыг барагдуулсан. Үлдсэн 7 хохирогчийн өрийг ******* нь өөрийн ******* банкны ******* тоот данснаас хохирогч нарт 105,000,000 төгрөгийг шилжүүлж 7 хохирогчийн хохирлыг барагдуулан нийт 49 хүний өр төлбөрийг төлж хохиролгүй болгосон. ******* нь өөрийн хүсэлтээр нөхөр *******ын өрийг барагдуулах зорилгоор ******* дүүргийн, ******* байх үйлчилгээний зориулалттай оффисыг худалдахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. Иймд *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5368 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* давхар тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж,

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* давхар тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг *******д олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,995,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 2,995,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******гийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

5.1. Анхан шатны шүүх ...Нэхэмжлэгч ******* нь ....280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах зорилгогүйгээр дүр үзүүлж хийсэн тул хариуцагч ******* эд хөрөнгийн үнийг төлөөгүй, хариуцагч үнэ төлөхгүйгээр 5368 дугаартай хэлцлээр халхавчилж өмчлөх эрхийг олж авсан байх тул талуудын хооронд байгуулсан 5368 дугаартай хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Учир нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

Харин нэхэмжлэгч ******* нь өөрийн нөхөр болох *******ын бусдад төлөх төлбөрийг төлөх зорилгоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******д худалдан борлуулж, хариуцагч ******* нь *******ын бусдад төлөх төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, түүний өмнөөс бусдад төлөх төлбөрийг төлсөн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдал болон 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцэж байна. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 12 сарын 05-ны өдөр байгуулсан 5368 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.3-т төлбөрийг бүрэн төлж дууссан гэж заажээ.

Нэхэмжлэгч ******* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бусдад худалдан борлуулах замаар нөхөр *******ын бусдад төлөх өр, төлбөрийг төлснийг түүнийг үл хөдлөх эд хөрөнгөө худалдах зорилгогүйгээр дүр үзүүлж хэлцэл хийсэн, мөн хариуцагч ******* эд хөрөнгийн үнийг төлөөгүй гэж үзэхгүй.

Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч *******гаар нөхөр *******ын бусдад төлөх өр, төлбөрийг төлүүлсний дараа түүнд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шаардаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна ... Хариуцагч *******, ******* нарын хооронд 2023 оны 07 сарын 24-ний өдөр байгуулсан 3247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд ингэж үзэх боломжгүй юм ... ******* нь *******гаас худалдан авсан үл хөдлөх хөрөнгө нь эрхийн маргаантай буюу *******г тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш болохыг мэдээгүй байхдаа гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөр төлж байсан болох нь тогтоогдож байна.

...Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь тухайн хөрөнгийн өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэж, шинэ өмчлөгчийн өмчлөх эрхийг хамгаалахаар байна.

Гэтэл, шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хоёрдмол утга, санаагүй хуулийн дээрх зохицуулалтыг үл хэрэглэж, үл хөдлөх эд хөрөнгийн шинэ өмчлөгч болох хариуцагч *******гийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан эрхийг тус тус зөрчиж, хариуцагч ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 07 сарын 24-ний өдөр байгуулсан ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. ...******* өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг анхнаасаа худалдан борлуулах худалдах зорилгогүй байсан болохыг хэргийн зохигчид болох *******, ******* нар шүүхэд амаар, бичгээр тайлбарладаг. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнд ******* нь *******ын бусдад төлөх төлбөрийг төлөхөөр тохиролцсон тухай ямар нэгэн агуулга бүхий заалт, зохицуулалт байхгүй болохыг нотлох баримтыг шинжлэн судалж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн болно.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсгийг үндэслэсэн байх боловч чухам ямар үйл баримттай холбогдуулан энэ зохицуулалтыг эшлэсэн нь ойлгомжгүй байгаа тул хууль зүйн тайлбар өгөх боломжгүй байна. Гэрээний 3.3-т төлбөрийг бүрэн төлж дууссан" гэсэн заалт байгаа боловч *******гаас *******д гэрээний хүрээнд нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй нь анхнаасаа энэ хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг хангалттай тодорхойлж байна.

6.2. Худалдагч тал нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авагч тал нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж худалдан авч өөрийн өмч бий болгох хүсэл зориг аль аль талд нь байхгүй байсан нь тогтоогдсон. Талууд худалдах, худалдан авах зорилгоор бус харин үл хөдлөх эд хөрөнгийн нэрийг түр шилжүүлж зээл авах зорилгоор гэрээ байгуулж байгаа нь худалдах, худалдан авах ажиллагаанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг бий болгох бус харин худалдсан мэт дүр зургийг бий болгох зорилгоор хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзнэ.

 

6.3. ... Шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн эрх зүйн байдлын талаарх маргаан огт явагдаагүй бөгөөд энэ талаар шүүхээс ямар нэгэн дүгнэлтийг хийгээгүй.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундаа өмчлөх хамтран өмчлөх эд хөрөнгө мөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, шилжүүлэх тохиолдолд ******* өөрийн гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүдийн бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээнэ. Тийм зөвшөөрөл хийгдээгүй тул бусдад шилжүүлсэн нь мөн л хуульд нийцсэн үйлдэл болохгүй тул худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох эрх зүйн үр дагавартай болно. Хариуцагч тал нь ******* гэгчийг дурддаг, түүний шалгагдаж байгаа гэх эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийн прокурор, шүүхийн байгууллагаар үнэлэгдэж, дүгнэгдээгүй нотлох баримтуудыг эшлэж байр сууриа илэрхийлдэг.

 

6.4. Маргаан бүхий иргэний хэрэгт ******* гэгч хэргийн оролцогч байхгүй болохыг шүүхээс анхаарахыг хүсэж байна. Түүнчлэн прокурор, шүүхээр эцэслэн үнэлэгдээгүй байгаа нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй. Бид хариуцагч *******, ******* нарын бизнесийн маргааныг хууль хяналтын байгууллага шалгаж шийдвэрлэх шатандаа байгаа гэж ойлгож байгаа. Бидэнд байгаа мэдээллээр ******* нь *******д ямар нэгэн өр төлбөргүй гэсэн байна. Аль ч тохиолдолд эдгээр иргэдийн бизнесийн маргаан *******гийн өмч хөрөнгөд, өмчлөх эрхэд халдах үндэслэл болохгүй юм.

... Үл хөдлөх эд хөрөнгийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 02 сарын 01-ний өдөр 101/Ш32023/03547 дугаартай шүүгчийн захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг ******* мэдэж байсан бөгөөд энэ үйл баримтыг мэдсээр байж бусадтай үгсэн хуйвалдаж үл хөдлөх эд хөрөнгийг *******д шилжүүлсэн байдаг.

6.5. ...Хариуцагч *******, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 07 сарын 24-ний өдөр байгуулагдсан 3247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.10 дахь хэсэгт дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

6.6. Энэ хэргийг өмнө нь буюу 2023 оны 07 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 183/ШШ2023/02260 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тухайн үед хариуцагчаас давж заалдах гомдол гарч давж заалдах шатны шүүх хэргийг хянах үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* нь битүүмжилсэн шүүгчийн захирамжтай байтал хууль бусаар бусдад шилжүүлсэн үйл баримт гарч ирснийг дахин шалгаж эцэслэн шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******гийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******гийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 5368 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 3247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* давхар тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг *******д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

нэхэмжлэлийн үндэслэлээ ...*******д анхнаасаа худалдах хүсэл зориг байгаагүй ... хүмүүсийн мөнгийг төлж барагдуулъя гэж шийдээд зээлийн барьцаанд тавих зорилгоор худалдах, худалдан авах гэрээ хийсэн ...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна ... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...нийт 49 хүний аялал болон барьцааны нийт 359,990,000 төгрөгийг *******т шилжүүлсэн боловч аялал хийгдээгүй ...******* холбогдохоо больсон тул эхнэр *******тай уулзаж, нөхцөл байдлыг тайлбарласан, хүмүүс надаас мөнгөө нэхсэн, хэцүү байдалд орсон, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг анхнаасаа ******* худалдахаар надад шилжүүлсэн ... миний бие уг хөрөнгийг *******д худалдаж 49 хохирогчийн хохирлыг төлж хохиролгүй болгосон ... ******* өөрийн хүсэлтээр нөхөр *******ын өрийг барагдуулах зорилгоор ******* дүүргийн, ******* давхарт байх үйлчилгээний зориулалттай оффисыг *******д худалдахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ хийсэн... гэж,

 

Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... 2023 оны 05 сарын 26-ны өдрөөс 2023 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэл дансаар болон бэлнээр 336,000,000 төгрөгийг *******д төлсөн, эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан ... үл хөдлөх хөрөнгийг *******д хэрхэн шилжсэн талаар мэдэхгүй, хэргийн материалтай танилцаад мэдсэн ... ******* нь *******д үл хөдлөх эд хөрөнгөө худалдахдаа өөрийн нөхөр *******ын өр төлбөрт тооцон бусдад худалдахыг зөвшөөрсөн болох нь тогтоогдсон ... гэсэн агуулгатай тайлбар гаргаж, маргасан байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 12 сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******д шилжүүлж, хариуцагч ******* хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бусд тооцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Учир нь Дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл хүсэл зориг гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгодог.

Нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэдэг. Хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлэлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үздэг.

 

7. Нэхэмжлэгч *******гийн ...би хамгийн түрүүнд яаж тэр олон хүний хохирлыг барагдуулах вэ л гэж бодсон ... энэ 5 давхар үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр байдаг, энийг хурдан зарж хүмүүсийн мөнгийг өгье гэж хэлсэн..., хариуцагч *******гийн ... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анхнаасаа ******* худалдах зорилгоор надад шилжүүлсэн, уг хөрөнгийг би *******д худалдаж 49 иргэний хохирол төлбөрт нийт 334,494,800 төгрөг төлсөн... гэх тайлбар, хэргийн оролцогчийн хүсэлтээр гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн нөхцөл байдал, *******ын эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, тодорхой үр дүн хүрэх зорилготой байсан нь тогтоогдоно.

Тодруулбал, нэхэмжлэгч ******* өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө *******д шилжүүлэх болсон шалтгаан нь *******ын бусдад учруулсан өр төлбөрийг барагдуулах зорилготой байсан талаар зохигч хэн аль нь маргаагүй, хариуцагч ******* өмчлөх эрхийг шилжүүлж авсны дараа хэлэлцэн тохиролцсоны дагуу нэр бүхий хохирогчдын хохирол төлбөрийг шилжүүлж байсан үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, мэдэж байсан зэргээс анхнаасаа худалдах хүсэл зориг байгаагүй, хэлцлийг дүр үзүүлж хийсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

8. Хариуцагч ******* үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсны дараа хөрөнгийг худалдан борлуулж, нэр бүхий иргэдийн төлбөрийг барагдуулсныг үүрэг гүйцэтгүүлэгч ******* зөвшөөрч, мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн ...нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж зааснаар үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

9. Талууд гэрээний 3.1-д Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов, гэрээний 3.3-т төлбөрийг бүрэн төлж дууссан гэж тусгасан нь нотариатын үйлчилгээний хөлс бага хэмжээгээр төлөх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг шалтгаантай буюу талуудын жинхэнэ хүсэл зоригт нийцээгүй, өөр учир шалтгаанаар гэрээнд тусгагдсан боловч гэрээний энэ заалт нь худалдах, худалдан авах хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

10. Дээрх үндэслэлээр *******, ******* нарын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй тул *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 07 сарын 24-ний өдөр 3247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулахгүй, уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

11. Хариуцагч ******* өмчлөгчийн хувьд 2023 оны 07 сарын 24-ний өдөр 3247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******д шилжүүлж, хариуцагч ******* гэрээний төлбөрт 183,500,000 төгрөгийг 2023 оны 05 сарын 26-ны өдөр бэлнээр төлж, үлдэх 152,520,000 төгрөгийг 2023 оны 05 сарын 26-ны өдрөөс 2023 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд *******гийн ******* банкны ******* тоот дансаар шилжүүлжээ. /1хх44-56/

 

12. Улмаар ******* ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, ******* дүүргийн ******* давхар тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2023 оны 07 сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. /1хх-238/

 

13. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар *******гийн өмчлөх эрх хуулиар хамгаалагдана.

14. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 3247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* давхар тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг *******д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх хариуцагч *******гийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

15. Харин анхан шатны шүүх *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 12 сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн энэ шийдлийг хэвээр үлдээх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах талуудын зарчимд нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******гийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03440 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 5368 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 3247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* давхар тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг *******д даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2 гэж дугаарлан 2,995,900 гэснийг 907,950 гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарыг 3 гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,908,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН