Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 87

 

                                                        ******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 957 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаар магадлалтай, ******д холбогдох 2209000000971 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. ******, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, менежмент мэргэжилтэй, “****” ХХК-д импорт хариуцсан менежер ажилтай, ам бүл 4,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 698 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. 

2.Шүүгдэгч ****** нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежерээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа бусдад өрөө төлөх, цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор тус байгууллагаас түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Сanon EOS5D mark4” загварын мэргэжлийн зургийн камер, Сanon 24/70 F/2.8 II мэргэжлийн линз, Турбо дент майхан, оффис камер цоож зэрэг эд зүйлсийг завшсаны улмаас тус байгууллагад 15,733,440 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ийг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоос тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 15,733,440 төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгохоор шийдвэрлэжээ. 

4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 957 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.

5. Шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Анхан шатны шүүх гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлтэд дурдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохиох байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн байна. ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 5,000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дээрх ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч ******аас 15,733,440 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар шүүхээс ******ийг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй болжээ. Мөн ****** нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 698 дугаар шийтгэх тогтоолыг биелүүлэгдсэн эсэх талаар нотлох баримт авагдаагүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх нөхцөл байдал үүссэн эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй байна.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг гарсан байдал”, 2 дахь хэсэгт “...гэмт хэргийг хэн үйлдсэн...” 1.5 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ...” зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй гэж, Тодруулбал, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон гэж, магадлалын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт заасан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 15,733,440 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Гэтэл ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг боловч хохирогч *******д Саnоn Е0350 markЗ загварын мэргэжлийн зургийн камер буцаан өгсөн, мөн Турбо дент майхан, оффис камер, цоож зэргийг огт аваагүй талаар үйл баримт хэрэгт тодорхой авагдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан үндэслэлийг баримтлан хэргийг прокурорт буцаах байтал хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, уг ажиллагаанд прокурор хяналтаа хангалттай тавиагүй байна гэж анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, холбогдох хохирогч, гэрч нараас мэдүүлэг огт аваагүй, хохирол төлбөрийн өгсөн байтал өгөөгүй мэтээр хавтаст хэрийг бүрдүүлж, хохирол төлбөрийн үнэлгээг өөр цаг хугацаагаар тогтоож өндөр гаргасан нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулж байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах боловч Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна гэж өмгөөлөгч надаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн ******ийн зөрчигдсөн эрхийг сэргээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ. 

6. Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс ******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол үндэслэлийг заана” гэж тусгасан. “****” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар тухайн алдагдсан гэх эд зүйлд нийт 15,733,440 төгрөгийн хохирол учирсан гэдэг байдлаар дүгнэлтээ гаргасан. Гэтэл гэмт хэрэг 2020 оны 06 дугаар сарын 02-ноос 2021 оны 02 дугаар сарын хооронд үйлдэгдсэн гэдгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тэгэхээр гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас 1-2 жилийн дараа тухайн алдагдсан эд зүйлд хөрөнгийн үнэлгээ гаргасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу тухайн шинжээчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй, дангаараа нотлох баримт болох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл энэ нь оролцогчдын эрхийг зөрчсөн байх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт болж чадаагүй байна. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс илрүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан тухайн шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг дагаж мөрдөлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа учир хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.” гэв. 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолсон байна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй, оролцогчийн эрхийг хязгаарлаагүй гэж дүгнээд ******д эрүүгийн хариуцлага оногдуулсан. Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотлоогүй байна, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байна. Гэвч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Хэргийн бодит байдал дээр хохирогч *******д “EOS 5D” маркийн мэргэжлийн камерыг буцааж өгсөн, Турбо дент майхан, оффисын цоож зэргийг аваагүй талаарх нөхцөл байдал нь хавтаст хэргийн материалд тодорхой авагдсан байдаг. Мөн холбогдох гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй зэрэг нөхцөл байдал нь уг хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөрүүтэй гарсан. Иймд өмгөөлөгчийн хувьд хяналтын журмаар гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна. Хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор хэргийг дахин шалгах, ******д оногдуулсан ял шийтгэлд нөлөөлөх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт өөрчлөлт орох бодит хууль зүйн үр дагавар байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарын хамтран гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 370 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул ******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв. 

9. Шүүгдэгч ****** нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежерээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа бусдад өрөө төлөх, цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор тус байгууллагаас түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Сanon EOS5D mark4” загварын мэргэжлийн зургийн камер, Сanon 24/70 F/2.8 II мэргэжлийн линз, Турбо дент майхан, оффис камер, цоож зэрэг эд зүйлсийг завшсаны улмаас тус байгууллагад 15,733,440 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд нь анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч ******ийг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. 

10. Давж заалдах шатны шүүх дээрх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй, өмнөх шийтгэх тогтоол биелэгдсэн эсэх талаар нотлох баримт авагдаагүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх нөхцөл байдал үүссэн болох нь тодорхойгүй байх боловч шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх эрх хэмжээг хуулийн өөрчлөлтөөр хязгаарласан гэж дүгнэжээ. 

11. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүмүүсийн үйлдэл, оролцооны талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана”  гэж заасан байна. 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, ял шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх талаар шүүхээс хийсэн дүгнэлт, хэрэглэсэн хууль, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг хуулийн дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэжээ.

Хуулиар тогтоосон энэхүү бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхийг хянаснаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, шийдэл гаргах боломжтой болох юм. 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг.

Эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь болно. 

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.

Тодруулбал, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон байна.  

13. ******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаар магадлалд “...хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах боловч Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан...” гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. 

Учир нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан хэм хэмжээг давж заалдах шатны шүүх заавал хэрэглэх ба уг зохицуулалтыг хэрэглээгүй нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөнд тооцогдож, мөн зүйлийн 2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. 

14. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч ****** нь “Саnоn ЕОS5D mагк4” загварын мэргэжлийн зургийн камер, Саnоn 24/70 Р/2.8 II usm мэргэжлийн камерын линз зэргийг барьцаанд тавих санал гаргаж, барьцаат зээлийн газарт хамт ажилладаг ********* гэх хүнтэй очин барьцаанд тавьж, мөнгийг хувааж хэрэглэсэн, мөн оффис камер, цоожийг захирлын таньдаг инженер гэх хүнд захирлын хэлснээр өгсөн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлсэн байхад эдгээр нөхцөл байдлыг шалгах ажиллагааг хийгээгүй нь Эрүүгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д “...гэмт хэрэг гарсан байдал”, 1.2-т “... гэмт хэргийг хэн үйлдсэн...”, 1.5-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...” зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй, уг ажиллагаанд прокурор хяналтаа хангалттай тавиагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 

15. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч ****** нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 698 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байжээ. Давж заалдах шатны шүүхийн “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 698 дугаар шийтгэх тогтоолыг биелүүлэгдсэн эсэх талаар нотлох баримт авагдаагүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх нөхцөл байдал үүссэн эсэх нь тодорхойгүй байна.” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. 

Үүнээс гадна прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгч ******ийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэл итгэмжлэн хариуцуулсан эд зүйлсийг завшсаны улмаас “****” ХХК-д 15,733,440 төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, учруулсан хохирлыг тусгасан хэдий ч “****” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Сanon EOS5D mark4” загварын мэргэжлийн зургийн камер, Сanon 24/70 F/2.8 II мэргэжлийн линз, Турбо дент майхан, оффис камер, цоож зэрэг эд зүйлсийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөр буюу гэм хэрэг төгссөн цаг хугацаанаас хойш 1 жил 2 сарын байдлаар үнэлснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг хангахуйц баримт гэж дүгнэхэд эргэлзээтэй байна. 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн39.6 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсанд хамаарна. 

16.  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоохоос гадна мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс энэхүү тогтоолд дурдсан нөхцөл байдлуудыг заавал тодруулах шаардлагатай тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 957 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

                           ДАРГАЛАГЧ                                       Ч.ХОСБАЯР 

                           ШҮҮГЧ                                                С.БАТДЭЛГЭР                                                                                      

                                                                                       Б.БАТЦЭРЭН  

                                                                                       М.ПҮРЭВСҮРЭН 

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ