Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1739

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00485 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-нд холбогдох

 

“Ц” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Б-ны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн № 26 тоот мэдэгдэх хуудас, “Ц” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглосон 2015 оны 10 дугаар сарын 14-ний 3/35720 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компани 2004 онд ...... дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Шинэ өглөө хотхоны барилгыг захиалан бариулсан ба тус барилгаас орон сууц худалдан авсан иргэн Ц.Э нь уг орон сууцаа иргэн Б.Б-д худалдаж улмаар энэхүү асуудлаас хамааралтай шүүхийн маргааны дагуу манай компаниас төлбөр гаргуулан иргэн Б.Б-д олгуулах тухай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2724/с дугаартай шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д зааснаар компанийг төлөөлөх эрхтэй болохоо нотлон, компанийн гүйцэтгэх захирал нь уг ажиллагаанд төлөөлөн оролцож байхад компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын эрхэд халдан, улмаар компанийн дотоод бүтцийн үйл ажиллагаанд саад, хүндрэл учруулж шүүхийн шийдвэрт заагдаагүй, хуулиар хүлээсэн эрх үүргээ хэтрүүлсэн хууль бус үйл ажиллагааг явуулж байна.

Компанийн дотоод зохион байгуулалтын шаардлагаар Гүйцэтгэх удирдлага удаа дараа өөрчлөгдөж ирсэн, мөн компанийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ хүрээнд Монгол улсын хэмжээнд бүх компани шинэ хуульд нийцүүлэн шинэчилсэн бүртгэлээ хуулийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхэд, манай компани ч ийнхүү бүртгэлийг хийлгэсэн ба эдгээр нөхцөл байдлын дагуу компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолоор Н.Б нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн мөн Төлөөлөн Удирдах зөвлөлийн тогтоолоор түүнийг Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, П.А-ыг Гүйцэтгэх захирлаар томилсон байгаа болно.

Ийнхүү компанийн Гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бүртгэлийг хийлгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар хандахад бүртгэл хийлгэх тухай материалыг хүлээн авахаас татгалзан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглосон гэсэн тайлбар өгсний дагуу тус Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 01/103 тоот албан бичгээр гомдол гаргасныг Бүртгэлийн хяналтын газартаа шилжүүлж, тус газраас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8/14385 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/35720 тоот албан бичгээр “Ц” ХХК-ийн бүртгэлд хориг тавьсан байна. Иймд “Ц” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөх бүртгэлийг хийх боломжгүй болохыг мэдэгдье гэсэн хариуг ирүүлсэн юм. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газар хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаагаа явуулахдаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны бичгийг үндэслэн ийнхүү бүртгэл хийхгүй гэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Бүртгэхээс татгалзах” гэж заасны дагуу уг заалтад дурдсан үндэслэлээр бус хууль бусаар ийнхүү татгалзсан нь хуулийг зөрчсөн үйл ажиллагаа болоод байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад компанийн Гүйцэтгэх захирал Н.Б нь өөрийгөө хуулийн дагуу эрх бүхий этгээдээс томилогдсон Гүйцэтгэх захирал нь болохоо илэрхийлж, томилсон тогтоолын хуулбарыг баталгаажуулан өгч, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д зааснаар компанийг төлөөлөх эрхтэй болохоо нотлон, улмаар энэхүү явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж оролцож ирсэн, улмаар Н.Б нь компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга болох талаар танилцуулсан ч түүнд холбогдуулан ийнхүү хилээр гарахыг хориглох тухай дахин Мэдэгдэх хуудас ирүүлсэн тул энэ хууль бус ажиллагаанд нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан 2015 оны 10 дугаар сарын 01-нд 01/072 тоот албан бичгээр гомдол гаргасан болно.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд гаргасан энэхүү гомдолтой холбогдуулан хуульд зааснаар 14 хоногийн дотор хариу өгөх байтал ийнхүү хариуг өгөхгүйгээр элдэв шалтаг шалтгаан дурьдан удаашруулж, улмаар энэ хугацаанд уг гомдолтой холбоотойгоор дээр дурдсанаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/35720 тоот албан бичгээр “Ц” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхгүй байхыг мэдэгдье гэсэн хууль зөрчсөн албан бичгийг зориудаар хүргүүлэн, үүгээрээ шүүхийн шийдвэрт заагдаагүй, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрх үүргээс гадуур хууль бус албан бичгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төрийн байгууллагууд нь эрх мэдлээ хэтрүүлэн компанийн дотоод үйл ажиллагаанд хүндрэл, хохирол учруулсан, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсаар байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа шаардаж явсны эцэст гомдлын хариуг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна. Иймд:

1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Ц” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Н.Б-ны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № 26 тоот мэдэгдэх хуудас хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

2. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Ц” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглосон 2015 оны 10 дугаар сарын 14-ний 3/35720 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гомдлын шаардлага тус тус гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2724/с дугаар шүүхийн шийдвэрээр “Ц” ХХК-иас 229 151 863 төгрөгийг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3/29104 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “Ц” ХХК-ийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа авахад Н.Б нь “Ц” ХХК-ийн 90 хувийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн тул Н.Б д хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч “Ц” ХХК-ийн захирал Н.Б-ны улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн албан бичгийг холбогдох газарт хүргүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т “...шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагааны тухай гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргана”, 143.3-т “Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж заасан.

Төлбөр төлөгч “Ц” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан өөрийн компанийн шилжилт хөдөлгөөнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг албан ёсоор гаргаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг зөрчин нэхэмжлэл гаргасан “Ц” ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан компаний төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргын Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн, компанийн шилжилт хөдөлгөөнд бүртгэлд өөрчлөлт хийхгүй байгаа талаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулйин 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.2, 133 дугаар зүйлийн 133.4.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч НШГА-ны “Ц” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Н.Б-ны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн № 26 тоот мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Ц” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглосон 2015 оны 10 дугаар сарын 14-ний 3/35720 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Ц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй гэж үзэж байна.

1.1 Шүүх гомдлын 1 дэх шаардлагын тухайд хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Шийдвэр гүйцэтгэх алба, түүний шийдвэр гүйцэтгэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Н.Б д ирүүлсэн “Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай” №26 тоот мэдэгдэх хуудсаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4-т заасныг зөрчсөн, тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд компанийг төлөөлж Гүйцэтгэх захирал Н.Б оролцож байсан, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Гүйцэтгэх захирал П.А томилогдсон тухай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг тус албанд хүргүүлж, үүгээрээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд компанийг төлөөлөн оролцож эхэлсэн, мөн Н.Б-ныг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэдгийг нотолсон компанийн эрх зүйн баримтууд болох бичгийн нотлох баримтууд /хх-ийн 99, 100, 101 дэх талд/-ыг өгсөн байхад хуулийн дээрх заалтыг зөрчсөн асуудалд гомдлоо гаргасан.

Гомдлын дагуу маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхдээ Н.Б нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга уу, эсхүл Гүйцэтгэх захирал уу гэдгийг зайлшгүй үнэлэх, ингэснээр түүнийг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх нь үндэслэлтэй юу гэдгийг шийдэх учиртай.

Шүүх шийдэхдээ Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилсон Тогтоолын хуулбар хэрэгт /хх-26/ авагдсан байна гэсэн боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон лавлагаагаар нэхэмжлэгч “Ц” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу удирдлага нь Н.Б байсан болох нь тогтоогдож байна, иймээс хариуцагчийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 26 тоот мэдэгдэх хуудас үндэслэлтэй байна гэж үнэлж, дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Компанийн тухай хуулийн 1 дүгээр зүйлээс үзвэл компанийн эрх бүхий этгээд хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд болон Гүйцэтгэх захирал нь хэн бэ гэдгийг Компанийн тухай хууль, компанийн дүрмээр тогтоож, энэ дагуу Хувьцаа ззэмшигчдийн хурлаас Төлөөлөн удирдах зөвлөлөө сонгон, Төлөөлөн удирдах зөвлөл нь Гүйцэтгэх захирлаа томилж, үүнийгээ тогтоол гаргаж баталгаажуулахаар заасны дагуу хэрэгт /хх-26/ авагдсан баримтаар Н.Б нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, улмаар хэрэгт авагдсан хурлын шийдвэр /хх-99/, тогтоол /хх-100/, /хх-101/-ууд нь компанийн Гүйцэтгэх захирал хэн болохыг тодорхойлж нотлоод байгаа ба Улсын бүртгэлийн лавлагаа нь захирал хэн болохыг нотлох цорын ганц баримт биш байхад хариуцагчид хамааралтай нотлох баримтыг нэг талаас нь үнэлж, эдгээр бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь, үнэн зөв, эргэлзээгүйгээр, бүрэн дүүрэн үнэлээгүйгээр Н.Б нь захирал, түүнд мэдэгдэх хуудас ирүүлсэн нь үндэслэлтэй гэж буруу үнэлсэн нь нотлогдож байна.

1.2. Нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлээгүй, хариуцагч талын аман тайлбараар унэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, холбогдох жүрмыг хэрэглээгүй болох тухайд:

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч буюу шийдвэр гүйцэтгэгч тайлбарлахдаа зөвхөн “Ц” ХХК-д уг мэдэгдлээ илгээсэн, өөр газар хүргүүлээгүй тул хэн нэгний гадаадад зорчих эрх түдгэлзээгүй гэж аман тайлбар хийсэн нь хүргүүлсэн үү, үгүй юу гэдгийг нотлохгүй, Учир нь:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, түүнийг үндэслэн гарсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/199 дүгээр Тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, тоо бүртгэл хөтлөх журам”-ын

2.1-д “Шийдвэр гүйцэтгэгч нь гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэхийн өмнө төлбөр төлөгчид урьдчилан мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ” гэж,

2.3-т “Энэ зүйлийн 2.1-д заасан ажиллагааг гүйцэтгэснээс хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Шийдвэр гүщэтгэх алба, хэсэг нь төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх саналыг мэдэгдэх хуудсын хамт албан бичгээр Шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлнэ” гэж,

2.7-д “Аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, хэсгээс ирүүлсэн саналыг Улсын ерөнхий гүйцэтгэгч  хянаж, гадаадад зорчих цагаачлах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж,

2.8-д “Энэ зүйлийн 2.7-д заасны дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж үзвэл энэ тухай Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх газарт албан бичгээр болон цахимаар ажлын 5 хоногийн дотор мэдээлэл хүргүүлнэ” гэж тус тус заасан байна.

Үүнээс үзвэл төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэгчээс журмын 2.1-д зааснаар “Мэдэгдэх хуудас” ирүүлсэнийг л мэдсэн, үүнээс цааших ажиллагаа нь төлбөр төлөгчид мэдэгдэх боломжгүй тул хариуцагчийн бусад байгууллагад илгээгээгүй, түдгэлзүүлээгүй гэж ийнхүү амаар тайлбарласнаар нь энэ ажиллагаа хийгдээгүй гэж дүгнэж болохгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4 дэх хэсэгт зааснаар Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч түдгэлзүүлэх эрхтэй байна гэж хуулийн заалтаар үнэлж, дүгнэсэн ба үүгээрээ шийдвэр гүйцэтгэгч түдгэлзүүлэхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Н.Б-ны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна, тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй, өөрөөр хэлвэл хууль, түүнийг үндэслэн гарсан журмын дээрх заалтуудаар энэ нь үгүйсгэгдэх ба журмын 2.1-д зааснаар мэдэгдэл ирүүлсэн, харин журмын 2.3, 2.7, 2.8-д заасан ажиллагаа нь хэрхэн хийгдэх, хийгдсэн үгүй эсэхийг төлбөр төлөгч мэдэх боломжгүй, энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй, энэ нь тухайн байгууллагын дотоод асуудал байхын зэрэгцээ ийнхүү журмын 2.1-д зааснаар мэдэгдэх хуудас ирүүлсэн нь өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тул төлбөр төлөгчийг айлгасан, хуурсан, дарамталсан болохоос зохих ёсоор хийгдээгүй байна гэж үзэх боломжгүй байгаа бөгөөд шүүх ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуульд үндэслэн гарсан эрх зүйн акт болох энэ журмын дагуу зохицуулагддаг болохыг мэдэхгүйгээс шийдвэр гүйцэтгэгчийн амаар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт үндэслэн буруу шийдвэр гаргасан болох нь нотлогдож байна.

2. Шүүх гомдлын 2 дахь шаардлагын тухайд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн:

2.1. Шүүх дүгнэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д, мөн хуулийн 5.4.4 болон 5.4.10 дахь хэсэгт заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг барьцаалах ... тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох шаардлагатай бол эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэнэ...” гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч нэхэмжлэгч тус “Ц” ХХК-ийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.4.4-д зааснаар “ ...үйл ажиллагаагаа зогсоох тухай” бүртгэлийг хийлгүүлэхгүйн тулд, мөн 5.4.10-д зааснаар “ ...өөрийн хөрөнгийн хэмжээгээ өөрчлүүлэх”-ийг хийлгүүлэхгүйн тулд эд хөрөнгөө захиран зарцуулахыг хориглож, бүртгэлд өөрчлөлт хийхгүй байх тухай 3/35720 тоот албан бичгийг хүргүүлсэн гэж үнэлэлт дүгнэлт өгч, ингэснээрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй, байна хэмээн хуулийг ийнхүү тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “улсын бүртгэлийг энэ хуулийн 5.3-5.5-д заасан мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтөлнө” гэсэн байх бөгөөд 5.3-д “иргэний 5.4-д хуулийн этгээдийн 5.5-д эд хөрөнгийн ...” гэх зэргээр тодорхойлсон ба үүгээрээ ямар мэдээлэл бүхий нотлох баримтаар юуг бүртгүүлэхийг заасан, тус хуулийн 5.4.4, 5.4.10 гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй хуулийг, хуулийн энэхүү зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд “Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах”, харин хуулийн 36.2-т битүүмжлэх, барьцаалахдаа хэрхэн яаж гүйцэтгэхийг нь тодорхойлон заасан байгаа ба хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хийлгэхгүй хязгаарлах замаар хөрөнгөө захиран зарцуулахыг нь хориглох тухай асуудлыг зохицуулсан зохицуулалт биш юм.

Үүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34, 57, 58, 59, 60, 61, 62, 133 дугаар зүйлүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах асуудлыг хуульчлан тодорхойлсон байгаа болно.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт “компанийг өөрчлөн байгуулах, компанийг нийлүүлэх, компанийг нэгтгэх, компанийг хуваах, компанийг тусгаарлах, компанийг өөрчлөх зэргээр аль ч өөрчлөлт орох” тохиолдолд шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийн асуудал нь эрх залгамжлагчид шилжээд, шийдэгдээд явахаар зохицуулалагдсан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 62 дугаар зүйлүүдэд маш тодорхой зааснаар компанийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхгүй байх ямар ч шаардлага байхгүй, энэ нь хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бус харин дээр заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хийгдэх ажиллагаануудад хамаарахгүй байх тул хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус ажиллагаа болох нь нотлогдож байгаа болно.

Иймээс тус албаны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3/35720 тоотоор “Ц ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхгүй байхыг мэдэгдье” гэсэн албан бичгийн мэдэгдэл нь илт хууль бус, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус үйлдэл болох нь тогтоогдож байгаа, улмаар энэ албан бичгийг үндэслэн холбоотой бусад компанийн бүртгэлд өөрчлөлт хийхгүй байгаа зэргээрээ компанийг, холбоотой бусад компаниудыг хохироож, ихээхэн хор хохирол, үр дагавар үүсгэсэн хууль бус албан бичиг байх тул зайлшгүй хүчингүй болгох шаардлагатай болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 00485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Ц” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Б-ны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №26 тоот мэдэгдэх хуудас болон “Ц” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглосон 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/35720 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2724/с дугаар шийдвэрээр хариуцагч “Ц” ХХК-иас 229 151 863 төгрөгийг гаргуулж, Б.Б-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ. 

 

Төлбөр төлөгч компанийн ерөнхий захирал Н.Б-ны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтанд оруулсан талаар шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай “Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэх хуудас”-аар нэхэмжлэгчид мэдэгдэж, “Ц” ХХК-ийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьж, хариу ирүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн этгээдийн бүртгэлийн газарт, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/35720 дугаартай албан бичиг хүргүүлсний дагуу нэхэмжлэгч компанийн бүртгэлд хориг тавьж, өөрчлөлт хийхийг хориглосон болох нь зохигчдын тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8/14285 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр барагдуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд явуулах ёстой.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.4-т “Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх эрхтэй” гэж заасан байхад шийдвэр гүйцэтгэгч 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай “Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэх хуудас”-ыг нэхэмжлэгч “Ц” ХХК-д хүргүүлсэн нь хууль бус болжээ.

 /хэргийн 50 дугаар тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус мэдэгдлийг эрх бүхий байгуулагад хүргүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхийг тодорхойлсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар бусдын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх эрх хэмжээ түүнд олгогдоогүй тул нэхэмжлэгч компанийн төлөөлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх бөгөөд хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавихтай холбоотой ажиллагаа явуулах талаар хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагааны тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт зохицуулаагүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн бүртгэлд хориг тавьж, өөрчлөлт хийхийг хориглосон Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/35720 дугаартай албан бичгийг хууль бусад тооцох үндэслэлтэй болно. /хэргийн 113 дугаар тал/

 

Гэтэл анхан шатны шүүх нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах болон улсын бүртгэлийн харилцааг зохицуулсан талуудын хоорондын маргаанд хамааралгүй хуулиудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

 

Мөн нэхэмжлэгч “Ц” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан гомдолд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөрийн 3/641 дугаар албан бичгээр хариу өгснөөс хойш 6 хоногийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасны дагуу гомдол  гаргах хугацааг хэтрүүлээгүй байна. /хэргийн 7, 8 дугаартал/

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00485 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Ц” ХХК-ийн ерөнхий захирал Н.Б-ны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн № 26 дугаар мэдэгдэх хуудас болон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлсэн “Ц” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглосон 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/35720 дугаар Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ      

           

                                                                                                 С.ЭНХТӨР