Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01534

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/04448 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 28,778,763 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэрээр хариуцагч *******-ээс 13,000 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХЗХ-нд олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлалаар өөрчилж, хариуцагчаас 22,646 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн 97 дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрийг биелүүлэхээр гэрээ байгуулсан. Тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай зардал, урамшууллын гэрээ байгуулахад доллараар гэрээ хийж, ажиллагааны зардал тооцох боломжгүй гэсэн үндэслэлээр 22,646 ам.долларыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеийн ам.долларын төгрөгтэй тэнцэх ханшаар буюу 1400.3 төгрөгөөр тооцож 31,711,420 төгрөгт хөрвүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч ******* ХЗХ нь татан буугдаж, шаардах эрх шилжүүлэх гэрээгээр ******* төлбөр авагчийн эрх үүргийг шилжүүлж авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсоор ирсэн. Төлбөр төлөгч нь тухайн үед ханшийн зөрүүгүйгээр, удаашруулахгүйгээр төлсөн бол нэхэмжлэгч тал хохирохгүй байсан. Гэвч хариуцагч ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, нэг ч төгрөг төлөхгүй, шүүхэд удаа дараалан нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэж, анх зээл өгснөөс хойш 9 жил 3 сар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгснөөс хойш 6 жил 4 сарын хугацаа өнгөрсөн нь төлбөр авагч талын бизнесийн үйл ажиллагааг доголдуулж, мөнгийг түгжих, олох ёстой байсан орлогыг хааж, бодит хохирол учруулсан. Хариуцагч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд үлдэгдэл нийт төлбөр болох 62,410,783 төгрөгийг төлсөн байдаг. Төлбөр авагчийн зүгээс олон жилийн дараа ямар ч ханшийн өөрчлөлтгүйгээр төгрөгөөр тооцож төлбөр төлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасныг зөрчсөн буюу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоолыг биелүүлээгүй. *******-ын нэхэмжлэлтэй хариуцагч *******-т холбогдуулан гэм хорын хохиролд 28,778,763 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж хуульд заасан үүргийг хариуцагч ******* нь зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь нэхэмжлэгч талд эд хөрөнгийн алдагдал санаатай учруулсан гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжилж байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлавал гэм хорын хохирол шаардаад байгаа юм, бичгээр тодруулахдаа орох байсан орлого гэдэг агуулгаар шаардсан. 2010 онд бид ам.доллар зээлж байсан, 6 жилийн турш хариуцагч янз бүрийн байдлаар гомдол гаргаж, бүүр алга болж эрэн сурвалжлагдаж байсан ба хамгийн эцэст байр нь зарагдах дээрээ тулах үед төлсөн. Гэхдээ 2019 оны ам.долларын ханшаар төлөөгүй, 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч урамшууллаа авахын тулд ам.доллароор гарсан шийдвэрийг хөрвүүлснээс болж төгрөгөөр 31,711,420 төгрөг төлсөн. Улмаар шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2013 оны 05 дугаар сарын ханшаар 2019 оны 09 дүгээр сарын 11-нд төлж байна, ам.доллар 2013 онд 1,400 төгрөг байсан бол 2019 онд 2,671 төгрөг байхад бид 1,400 төгрөгөөр тооцож авч байгаа нь энэ хохирлыг үүсгээд байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.2. ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* ХЗХ-нд 4,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл 62,410,783 төгрөг, нийт 66,410,783 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Энэ тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Ам.долларын ханшийн зөрүүг шаардах эрхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлд зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар төгрөгөөр тогтооно гэсэн байдаг. Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар валютын ханш гэдэг зүйл үргэлж өсөж, буурч байдаг учраас шийдвэр гарах үеийн ханшаар тогтоож төгрөгөөр төлбөр барагдуулдаг байхыг заасан. Төлбөр төлөгч ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлоо хамгаалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан зүйл байхгүй. Гурван шатны шүүх ******* ХЗХ түүний эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна. Иргэн ******* зээлийн гэрээний харилцааг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн тэр байдлыг нь шат шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн байтал нэхэмжлэгч биелүүлээгүй байна гэх шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжилж байгаа болно гэж тодруулжээ. Нэхэмжлэгч иргэний хуулийн гэрээний эрх зүйн харилцааны зохицуулалтаас иш татаж үндэслэл болгожээ. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын 2010 онд байгуулсан зээлийн гэрээний маргааныг 2012-2013 онд бүх шатны шүүх шийдвэрлэсэн тухай дээр дурдсан. Тухайн зээлийн гэрээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх явцад л дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тэр харилцаанд хуулийн үндэслэл болох боломжтой юм. Гэтэл зээлийн харилцааг шүүх эцэслэн шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгэсний гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага (ИХ-ийн 227)-ыг хохирол гэж нэхэх шаардах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-ээс гэм хорын хохиролд 28,778,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 сарын 27-ны өдрийн 1597 дугаартай шийдвэрээр хариуцагч *******-ээс 13,000 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 сарын 03-ны өдрийн 854 дугаартай магадлалаар өөрчлөлт оруулж хариуцагчаас 22,646 ам доллар, 34,168,820 төгрөг гаргуулан гэж өөрчлөлт оруулсан. Улсын дээд шүүх 97 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Хэрэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архиваас гаргуулсан материал авагдсан бөгөөд уг материалд төлбөр төлөгч ******* нь дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй удаашруулсан дараах нөхцөл байдал, үйл баримтыг нотолсон баримтууд авагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлээд барьцааны үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураагаад үнийн саналыг төлбөр төлөгч болон авагч нараас авсан. Төлбөр төлөгч талаас барьцаа хөрөнгөө 150 сая төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрсөн. Гэтэл төлбөр төлөгч анхны дуудлага худалдаа зарлагдахад барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан маргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, 3 шатны шүүхээр явсан. Төлбөр төлөгч оршин суух хаягаа тодорхой байлгах, хаягаа өөрчлөх тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох хаягаа ******* дүүргийн ******* хороо, ******* байр, ******* тоот гэж өгчихөөд шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт очдоггүй, аав ******* гэх хүн төлөөлөх боловч хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаягтаа байхгүй гээд хүлээж авахгүйгээр буцаагддаг албадан дуудлага худалдааны тогтоол ирж гардаж авдаггүй, төлбөр төлөгчийн мэдүүлсэн хаягаар хүргүүлэхээр авдаггүй зэргээс болоод шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдээгүй гэх үндэслэлээр дандаа явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулдаг. Төлбөр төлөгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас санаатайгаар зайлсхийж эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж, хугацаа алдаж байсан. Төлөөлөгч ******* гэх хүн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрөө оролцчихоод, өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдолтой байна гэж шүүхэд удаа дараалан нэхэмжлэл гаргах замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулдаг. Анхнаасаа төлбөр төлөх санаа зорилго байгаагүй. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлэх үед дүр эсгэж 2 сая төгрөг төлсөн, удалгүй жилийн дараа дахиад 2 сая төгрөг төлсөн ба 5 жилийн хугацаанд төлбөрийн 10 хувийг ч төлөөгүй. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсээр байгаад 6 жилийн дараа барьцаа хөрөнгө нь дуудлага худалдаагаар зарагдах аргагүй нөхцөл байдалд орж 2019 оны 09 сард үлдсэн 62 сая төгрөг төлсөн. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг хариуцагч *******ийг эрхийнхээ хүрээнд гомдол гаргаж байсан мэтээр дүгнэсэн нь илтэд нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт юм. Учир нь хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс татгалзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байсан үйлдэл нь нэхэмжлэгч *******-ын эрх ашгийг ноцтой хохироож, зээлдүүлсэн мөнгийг нь түгжиж хохироосон шалтгаант холбоо бүхий хохирол учирсныг анхан шатны шүүх үнэлж дүгнэсэнгүйд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэх алба зөвхөн зардал, урамшууллын мөнгийг тухайн үедээ тооцохын тулд ам.долларыг монгол төгрөгт шилжүүлэн төлбөр авагчтай зардал, урамшууллын гэрээ хийсэн нь шийдвэр гүйцэтгэх байгууллага болон төлбөр авагчийн хооронд үүсэх харилцаанд нөлөөлж, төлбөр төлөгч *******-т ашигтай байдал үүсгэж, төлбөр авагчийг хохироох харилцаа байх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч бүтэн 6 жилийн дараа төлбөрөө авахад ам.долларын ханшийн зөрүүнд бодитойгоор 28,788,763 төгрөгөөр хохирсон. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж заасан байгаа нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон шүүхийн шийдвэрийн дагуу ам.доллараар төлбөр төлүүлэхийг хориглосон заалт огт байхгүй болохыг нотолж байна. Учир нь төлбөр төлөгч ******* нь ам.долларын зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн асуудлыг шүүх хянан шийдвэрлэж Нийслэлийн шүүхийн 2012 оны 854 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 22,646 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ******* болон ******* нарын хооронд төлөх ёстой 22,646 ам.долларыг 1400 төгрөгийн ханшаар тооцоод ийм хэмжээний төлбөр төлнө гэсэн тохиролцоо, мөн шүүхийн шийдвэр огт байхгүй. Энэ зээлийн гэрээний зүйл нь анхнаасаа төгрөг биш ам.доллар зээлсэн учир ам.доллар л гаргуулах шүүхийн шийдвэр гарсан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг болон талуудын хүсэл зоригийг дур мэдэн гуйвуулж төлбөр төлөгчөөс төлөгдөх төлбөрийг төгрөгөөр төлүүлж, төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой хохироож, төлбөр төлөгчид илт ашигтай байдал бий болгож байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хариуцагч нар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гуйвуулж биелүүлсэн энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэсэн ерөнхий хуулийг баримтлах ёстой зарчмыг зөрчиж байна. Төлбөр төлөгч төлбөрийг төлөхгүй санаатайгаар хугацаа авах зорилгоор шүүхэд удаа дараа хандах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийх, улмаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцагч ******* санаатайгаар болон санамсаргүйгээр 6 жил саатуулсанаар ханшийн зөрүү үүсэж нэхэмжлэгчийг хохироосон нь баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх энэ санаатай үйлдлийг Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байгаа мэтээр тайлбарлаж шийдсэн нь өрөөсгөл бөгөөд төлбөр төлөгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгчид хохирол учирсан байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Хариуцагчийн шүүхэд хандах эрх нь хэрэгжиж байгаа мэт боловч нөгөө талд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байгаад шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашгийг анхаарч үзэхгүй байгаад гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр авагчийн хоорондын харилцаа, төлбөр авагч төлбөр төлөгчийн шүүхийн шийдвэрийн үндсэн дээрх харилцааны ялгаа заагийг анхан шатны шүүх тайлбарлахгүйгээр маргааны хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Энэ хэрэг маргааны хувьд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа, Улсын дээд шүүхээр 1 удаа хянан шийдвэрлэгдсэн. Хамгийн сүүлд давж заалдах шатны шүүхээс төлбөр төлөгчийн буруутай үйлдлийн улмаас 6 жилийн хугацаа өнгөрсөн эсэх, энэ хэрэг маргаан ямар шалтгааны улмаас эцэслэн шийдвэрлэгдэхгүй 6 жилийн хугацаа өнгөрсөн болох, төлбөр төлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулж гомдол гаргаж байсан эсэх, түүнийг шүүх хэрхэн шийдвэрлэж байсан талаарх шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдаагүй байна гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Анхан шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой материалыг судалж үзэхэд төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан шүүхэд гомдол гаргасан байсан. Төлбөр төлөгчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн учир хуулиар олгогдсон шаардах эрхийнхээ хүрээнд шүүхэд хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 80 гаруй хувийг хангаж шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд байдаг. Нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт заасан хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаад мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэснийг үндэслэж давж заалдах гомдол гаргасан байдаг. Гэтэл дээрх хуулийн зүйл, заалт нь талууд ямар нэгэн үүрэг гүйцэтгэхдээ төлбөр мөнгөө гадаад мөнгөн дэвсгэртээр тооцож болно гэсэн зохицуулалт болохоос шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зохицуулалт огт биш. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, би танай байшинг барьж өгье, төлбөрөө ам.доллар, евро, юаниар авна гэх байдлыг чөлөөтэй болгож зохицуулсан хуулийн зохицуулалт болохоос шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой болон мөнгөний ханштай холбоотой зохицуулалт биш юм. Төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолд төлбөр авагчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан. Энэ маргаанд бид бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон. Өөрөөр хэлбэл, бид төлбөрөө төлж дууссан, шүүхийн тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авъя, барьцааны хөрөнгө чөлөөлсөн албан тоотоо төлбөр авагчаас гаргуулъя гэх бие даасан шаардлагыг гаргасан. Түүнчлэн 3 шатны шүүхээс төлбөр авагчийн зүгээс гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, төлбөр авагчаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон барьцааг чөлөөлсөн бичгийг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан байхад 2019 оноос хойш 6 жилийн хугацаанд тухайн шүүхийн шийдвэр огт хэрэгжээгүй. Хариуцагч тал нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авсан боловч барьцаа хөрөнгийг чөлөөлсөн бичгийг аваагүй тул энэ талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Бид тухайн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж дууссан байхад 6 жилийн хугацаанд бидний үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах, ашиглах, өмчлөх эрх хангагдаагүй. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн бол өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар төлбөрийг тооцно гэж заасны дагуу бид магадлал гарсан өдрөөр валютын ханшийг тооцох ёстой. Гэтэл гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх газарт очсон өдрөөр валютын ханшийг тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч тал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татаж, бид гуравдагч этгээдээр орсон хэрэгт валютын ханш өөрчлөгдсөнөөр бид 28,000,000 төгрөг дутуу авсан учир энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ талаарх асуудлыг 3 шатны шүүх хэлэлцэж, шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч талын зүгээс нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг дахин дахин дурддаг. Нэхэмжлэгч тал нь ам.долларын ханшийн зөрүүгээр 1,400 төгрөгөөс 2,600 төгрөгийн ханшийн зөрүү гарсан гэх үндэслэлээр 28,000,000 төгрөгийг нэхэмжилдэг. Гэтэл өнөөдөр ам.долларын ханш 3600 төгрөг болсон бөгөөд магадгүй 2 жилийн дараа 5,000 төгрөг болж ч болно. Хэрэв энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч тал дахин нэхэмжлэл гаргах магадлалтай байна. Жишээлбэл, бид нэхэмжлэлийн шаардлагаа 2600 төгрөгөөр шаардахад шүүх хангаж шийдвэрлэсэн, одоо ам.долларын ханш 3600 төгрөг болсон байна гэх мэтээр эцэс төгсгөлгүй үргэлжлэх маргаан болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасан тул энэ маргааны хувьд Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан өдрийн ханшаар тооцох ёстой. Тухайн тогтоол гарснаас хойш гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлэх хүртэл 6 сарын хугацаа байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь валютын ханшийг тодорхойлохдоо шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхэлсэн өдрийн ханшаар тооцож, та нар 66,000,000 төгрөг төлнө гэсэн учир бид 66,000,000 төгрөгийг төлсөн. Хариуцагчийн оршин суух хаяг өөрчлөгдсөн тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулсан гэж нэхэмжлэгч тал дурддаг. Энэ хэрэг маргаанд холбогдох бүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд миний бие хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд хэрэгт авагдсан баримтад миний нэргүй баримт байхгүй. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд анхнаасаа хариуцагч *******ийн аав О.Тамир гэх хүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд итгэмжлэлийн хугацаа дууссан тохиолдолд итгэмжлэлийг дахин сунгасан. Тиймээс *******ийг эрэн сурвалжлах ямар ч шаардлага байгаагүй буюу ******* ямар нэгэн байдлаар оргон зайлсан асуудал огт байхгүй. *******ийн хувьд нэхэмжлэгч талын хэлсэн орон сууцанд амьдардаггүй бөгөөд тухайн орон сууцанд түүний аав амьдардаг буюу уг орон сууц нь *******ийн нэр дээр бүртгэлтэй байдаг хэдий ч түүний аавын орон сууц юм. Иймд *******ийг эрэн сурвалжилснаас шалтгаалж хугацаа алдсан асуудал байхгүй. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдэхгүй 6 жил болсон шалтгаан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар алдаатай ажиллагаа явуулдаг байсан тул бид өөрсдийн эрх ашгаа хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах нь хариуцагч талын эрхийн асуудал юм. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс та нар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар биднийг хохироосон гэх асуудлыг ярьдаг. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон төлбөр авагч нарын харилцаа тусдаа, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын харилцаа тусдаа гэх агуулгыг давж заалдах гомдолдоо дурддаг. Гэтэл энэ нь төлбөр авагч болон төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж байгаа асуудал болохоос тус бүрийн харилцаа гэх асуудал огт байхгүй тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан гэм хорын хохиролд 28,778,763 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

3. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаартай шийдвэрээр *******-ээс зээлийн гэрээний үүрэгт 13,000 ам.доллар, мөн 34,168,820 төгрөгийг гаргуулан ******* ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт 13,000 ам.долларыг 22,646 ам.доллар болгон өөрчилсөн өөрчлөлт оруулж, уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эхэлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *******ийн зүгээс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл 62,410,783 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 106000059575 дугаар дансанд шилжүүлж, нийт 66,410,783 төгрөгийг төлбөр төлөгч хүлээн авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

5. Нэхэмжлэгч нь ...шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 22,646 ам.долларыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргийн дагуу 2013 ондоо төлж барагдуулсан бол нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учрахгүй байсан бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, улмаар 22,646 ам.долларыг 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2013 оны 05 дугаар сарын ханшаар тооцон төгрөгөөр төлж барагдуулсан нь нэхэмжлэгчид ханшийн зөрүүтэй холбоотой эд хөрөнгийн алдагдлыг бий болгосон тул уг алдагдлыг гэм хорын хохирол гэж, хариуцагч нь ...шүүхийн шийдвэрийг биелүүлж дууссан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатай удаашруулж байсан зүйлгүй, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлж байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбарласан.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй.

5.2. Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ******* ХЗХ-ноос шаардах эрх шилжүүлэх гэрээгээр шүүхийн шийдвэрт заасан 22,646 ам.долларыг шаардан авах эрхийг шилжүүлэн авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авсан хугацаанаас буюу 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрх үүссэн гэж үзнэ.

5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой дараах гомдлыг гаргаж, шүүх шийдвэрлэсэн байна. Үүнд:

5.3.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2612 дугаартай шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон;

5.3.2. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4220 дугаартай шийдвэрээр барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон олгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүйд тооцсон;

5.3.3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8881 дугаартай шийдвэрээр барьцаа хөрөнгийг санал болгох хурлаар оруулахаар шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцсон;

5.3.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/0459 тоот шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон;

5.3.5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01553 дугаартай шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025 дугаар магадлалаар өөрчилж, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэм буруутай эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан эсэх шалтгаант холбоог тогтоох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцнэ.

6.1. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлоо эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

6.2. Хариуцагчийн гаргасан гомдлуудыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргасан гомдлыг нэхэмжлэгч М.Гантулгыг шаардах эрх шилжүүлэн авсан 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш шүүх хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

6.3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан зарчмаар үнэлж, хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах байдлаар нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан гэж үзэхгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв болжээ.

Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн агуулгаар шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримтаас үзэхэд хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулсан гэм буруу тогтоогдохгүй байна.

6.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр авагчийн эрхийг хангахад чиглэх боловч энэ ажиллагааны явцад төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, хуульд заасан журмыг зөрчих учиргүй.

6.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болоогүй нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

7. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/04448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,900 төгрөгийн 301,844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар илүү төлсөн 56 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР