Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00023

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: **ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 тоот тогтоол, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн ** багийн Засаг  дарга **од холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн **д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй 119/2017/0015/3 индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагч Д.Жигмэдцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөрөн, гуравдагч этгээд **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.     

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ** шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн Засаг даргаар 2013 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна.  2017 оны 04 сарын 22-ны өдрийн ** багийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох хурал явагдсан. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дараах хууль зөрчсөн үйл ажиллагаа явууллаа. Үүнд:

1. Анх хурал явагдах зарыг иргэдэд өгөхдөө Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урлагийн зааланд гэж зарласан атлаа санаатайгаар спорт зааланд болгон өөрчилж иргэдийг төөрөгдүүлсэн.

2. Санал өгсөн иргэдийн дотор харъяаллын хувьд тус багийн иргэн биш 11 иргэнийг санал хураалтанд оролцуулсан. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

3. ** багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хуралд нийт 305 иргэн оролцсоноос **д 113 иргэн санал өгсөн ** надад 105 хүн санал өгсөн ба хүчингүй 8 саналын хуудас байсан. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дахь хэсэгт заасан 50-иас дээш  хувийн ирцэд хүрэлцэхгүй байгаа болно.

4. Харъяаллын хувьд өөр багийн иргэдээр санал өгүүлсэн тодруулбал **гэх өөр багийн хаягтай хүнээр санал өгүүлсэн.

5. Саналын хуудсыг 1-305 хүртэл дугаарлаж санал хураасан нь иргэний саналыг нэрийн жагсаалтаар хөөж хэнд санал өгсөнийг мэдэх боломжтой болгосон нь иргэдийг нууцаар чөлөөтэй санал өгөх эрхэд халдсан.

6. Ийнхүү ** багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох хуралдааны үйл ажиллагааг хууль зөрчин явуулж холбогдох багийн Засаг даргын нэрийг Засаг даргад томилуулахаар санал болгосон. Үүнийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай “Багуудын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нарыг түр томилох тухай захирамж, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай “Багуудын Засаг дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай захирамжаар тус тус чөлөөлж, томилж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ нь миний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчөөд зогсохгүй сонгогч иргэдийн сонгох эрхийг давхар зөрчсөн үйл ажиллагаа боллоо.

Иймээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 тоот тогтоол, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн ** багийн Засаг дарга **д холбогдох хэсэг, мөн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн **д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Жигмэдцэрэн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2017оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ** багийн тэргүүлэгчид, иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх иргэдийн Нийтийн хурал явагдсан. Уг хуралдаанаар миний бие иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон. Ийнхүү иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдож багийн Засаг дарга сонгох ажиллагааг явуулахдаа эрх зүйн мэдлэг дутуугийн улмаас Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн нь үнэн юм.

Тодруулбал багийн иргэдийн Нийтийн Хуралд 305 иргэн оролцсоноос **д 113 иргэн, **од 105 санал өгсөн, хүчингүй саналын 8 хуудас гарсан. Дээрх санал хураалтын дүнгээс хувь тооцохдоо иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн тооноос хувь тооцолгүй санал өгсөн иргэдийн тооноос хувь тооцож **гийн нэрийг ** багийн Засаг даргад сонгогдсонд тооцож Баян-Өндөр сумын Засаг даргад батламжлуулахаар тогтоол гарсан. Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дахь заалтад үл нийцэж байгааг хурал болсоноос хойш мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв. 

            Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөрөн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өндөр сумын 21 багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаж багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Уг хурлаас иргэдийн олонхийн саналаар сонгогдсон иргэнийг  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дахь заалтыг баримтлан тухайн иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол гаргаж, томилуулах санал гаргаж, томилуулах санал ирүүлсний дагуу 5 өдөрт багтаан сумын Засаг даргын захирамж гарган томилж батламжилсан. Уг захирамжид багуудын Засаг дарга нарыг Авлигатай тэмцэх газрын мэдэгдэл ирэх хүртэл хугацаагаар түр томилсон. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10, Б/11 дугаартай захирамжууд нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна” гэв.

Гуравдагч этгээд ** шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “** миний зүгээс уг хуралд бүрдүүлэх ёстой Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.6-д заасны дагуу бүрдүүлсэн байх ёстой шүүхийн ял шийтгэлгүй, өр зээл төлбөргүй гэсэн бичиг баримтууд бүрэн бүрдүүлж өгсөн ба уг бичиг баримтууд Баян-Өндөр сумын иргэдийн Нийтийн Хуралд өгсөн хурлын материал дотор бүрэн байгаа болно. Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ** багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргад  нэр дэвшигч **той өрсөлдөж уг хуралд 226 иргэдийн саналаас 8 санал хүчингүйд  тооцогдон актлагдсан, 218 иргэдийн саналаас 113 санал авч 51,8%-иар уг тогтоол хүчин төгөлдөр болсон. Хурлын байрыг өөрчилсөн, иргэдийн бүртгэж оруулсан зохион байгуулалтыг нэхэмжлэгч тал хариуцсан байсан тул эндээс гарсан үр дагаврыг нэхэмжлэгч тал хүлээнэ. Миний бие олонхийн саналаар багийн Засаг даргад баталсан ** багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагт эхэлж 16 цаг 30 минутад дууссан. Уг хурал цэгцтэй тайван явагдсан. Миний бие уг хурлын үйл явц хуулийн дагуу гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын  гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч **ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 тоот тогтоол, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн ** багийн Засаг  дарга **од холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн **д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох сонгууль тус тус явагджээ.

            ** баг нь 1400 өрхтэй бөгөөд энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасанчлан /...хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно/ хуралдааны ирц бүрэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.

            2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ** багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 226 иргэд оролцсон болох нь  Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр  сарын 22-ны өдрийн “** багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох” хуралдааны тэмдэглэл[1] болон тус өдрийн “Багийн засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 тоот тогтоол[2], тооллогын комиссын “Санал хураалтын дүнгийн тухай” 04 тоот тогтоолоор[3] тус тус нотлогдож байна.

            Түүнчлэн ** багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хуралд нийт 226  иргэн оролцож саналын хуудас тараагдан, хүчинтэй 218, хүчингүй 8 хуудас байсан болох нь ** багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын  2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 04 тоот тогтоол, тус хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа ба тус хүчинтэй саналын хуудаснаас санал хураалтын дүнг тооцсон нь зүйтэй бөгөөд  нэхэмжлэгч ** болон хариуцагч Д.Жигмэдцэрэн нарын “...** багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хуралд нийт 305 иргэн оролцсоноос **д 113, ** 105 хүний санал тус тус авсан ба хүчингүй 8 саналын хуудас гарсан. Дээрх санал хураалтын дүнгээс хувь тооцохдоо иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн тооноос хувь тооцолгүй санал өгсөн иргэдийн тооноос хувь тооцож **гийн нэрийг ** багийн Засаг даргад сонгогдсонд тооцож Баян-Өндөр сумын Засаг даргад батламжлуулахаар тогтоол гаргасан. Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дахь заалтад үл нийцэж байгаа...” гэх тайлбар нь үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

            ** багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 04 тоот тогтоолд ** 50.8%, ** 46.4% гэж буруу тооцжээ.

            Хүчинтэй 218 саналын хуудаснаас ** 113 санал буюу 51.8% санал, ** 105 буюу 48.16 %  санал тус тус авсан байна.

            Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн ...” зааснаар  багийн Нийтийн Хуралд зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэн оролцох байтал ** багийн харьяалалгүй **, **

, Х.**/РТ:75032179/, **, **нар оролцож санал өгсөн нь ирцийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлээр нотлогдож байгаа, энэ нь саналын дүнд нөлөөлсөн” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Учир нь хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №1088 албан бичиг[4], ** багийн иргэдийн Нийтийн Хурлын ирцийн бүртгэлийн 1 дүгээр хуудасны 35,  2 дугаар хуудасны 69, 5 дугаар хуудасны 176, 180, 181, 184, 7 дугаар хуудасны 229, 230, 8 дугаар хуудасны 269,  9 дүгээр хуудасны 303, 331 дүгээрт[5] тус тус бүртгэгдсэн “**, **, **, **, **нар нь ** багийн харьяалалгүй иргэд бөгөөд маргаан бүхий ** багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон болох нь тогтоогдож байна.

            Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд “** багийн харьяалалгүй иргэн **нар нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ** багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож санал өгсөн нь нэр дэвшигч **, ** нарын саналын дүнд нөлөөлөхүйц байдлыг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй.

            Тодруулбал Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 04 тоот тогтоолоос үзэхэд ** 113, ** 105 хүний санал тус тус  авсан бөгөөд уг тогтоолоос үзэхэд дээрх нэр бүхий 2 нэр дэвшигч 8 хүний саналын зөрүүтэй харагдаж байгаа боловч үүнээс 11 /харьяаллын бус/ хүний саналыг хэн алинаас хасч нөгөө талд нь оруулан тооцвол саналын дүнд нөлөөлөхүйц байдлыг бий болгосон, энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 /Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн оролцож болох бөгөөд .../, 26 дугаар зүйлийн 26.2 “...Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.../-т заасныг тус тус зөрчсөн  гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нөгөөтэйгүүр Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д  “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” заасан сонгогдох эрхийг зөрчжээ.

            Иймд 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар **г олонхийн санал авсан гэж үзээд /51.8% санал/ ** багийн Засаг даргад сонгогдсоноор тооцож, сумын Засаг даргад уламжилсан “Багийн засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 тоот тогтоолыг[6] хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах”,  25 дугаар зүйлийн 25.1 “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална,  26 дугаар зүйлийн 26.2-д “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж тус тус заасан хэдий ч ** багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дүгээр тогтоол нь өөрөө хууль бус шийдвэр тул түүнийг үндэслэн /Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалт/ ** багийн Засаг даргаар ажиллаж байсан **ыг үүрэгт ажлаас чөлөөлж, **г томилсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10, Б/11 тоот шийдвэр /захирамж/ нь үндэслэлгүй юм.

            Иймд Орхон аймгийн “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн ** багийн Засаг  дарга **од холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн **д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.12, 106.4  дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 тоот тогтоол, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн ** багийн Засаг дарга **од холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн **д холбогдох” хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн иргэдийн Нийтийн Хурлын санхүүгээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.САРАНГЭРЭЛ

                                                      

 

 


[1] ХХ-ийн 18, 116-221 дүгээр тал

[2] ХХ-ийн 114 дүгээр тал

[3] ХХ-ийн 115 дугаар тал

[4] ХХ-ийн 78, 79 дүгээр тал

[5] ХХ-ийн 122-130 дугаар тал

[6] ХХ-ийн 114 дүгээр тал