Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0241

 

К улсын иргэн ЖЗ-ны гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагч ЖЗ, орчуулагч Д.Х, гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч гаалийн улсын байцаагч Ж.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 90 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, К улсын иргэн ЖЗ гомдолтой, Буян-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 90 дүгээр шийдвэрээр: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 3.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3, 6.6 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1, Гаалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 55 дугаар зүйлийн 55.1, 58 дугаар зүйлийн 58.2, 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагч К улсын иргэн Ж З-ны гомдлыг бүхэлд нь хангаж, Буянт-Ухаа дахь гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0123732 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсаар ногдуулсан хураасан 210 892 юань, 976 ам.доллар, торгуулийн 12 567 995 төгрөгийг гомдол гаргагчид буцаан олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч гаалийн улсын байцаагч Ж.М давж заалдах гомдолдоо: “...К улсын иргэн ЖЗ нь гаалийн хяналтын бүсэд гаалийн хилээр нэвтрэхдээ биедээ авч яваа валютын талаар гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан болон гаалийн улсын байцаагчийн зүгээс мэдүүлэх боломж олгон зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг өгөхөд өөрийн гараар бичиж, гарын үсэг зурсан мэдүүлэгт өөрийн авч яваа 210892 юань, 976 дугаар америк доллар зэрэг валютаа зөвхөн 100000 гэж мөнгөн дүнг худал мэдүүлж зөрчил гаргасан. ...Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 5.5.2, 6.6-д заасныг тус тус зөрчсөн зөрчил гаргасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан Гаалийн хяналт шалгалт хийсэн тэмдэглэл, зөрчил гаргагч ЖЗ-ы өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан гаалийн мэдүүлгийн маягт болон зөрчлийн хэрэгт холбогдогчоор өгсөн мэдүүлэг, зөрчилд холбогдсон бараа болох валют, гаалийн хяналтын бүсийн теле камерын бичлэг, зөрчил гаргагч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч оногдуулсан торгуулийг сайн дураараа төлж барагдуулсан зэрэг баримтуудаар хууль бус үйлдэл нь нотлогдож байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ зөрчлийн хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй шийдвэрлэсэн тул эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, ЖЗ-ы шүүхэд гаргасан гомдлыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0123732 дугаартай шийтгэлийн хуудсаар К улсын иргэн ЖЗ-г “улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад худал мэдүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан” болохыг тогтоож, зөрчилтэй 210 892 юань, 976 ам.долларыг хураан авч, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт заасны дагуу 12 567 995.1 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, үүний эс зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргагч ЖЗ “...гаальд мэдүүлэхээс зайлсхийгээгүй, ... гаалийн мэдүүлгийг бүрэн бичих боломж олгоогүй” гэж маргажээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж зааснаар зорчигч нь 15 сая төгрөгөөс дээш хэмжээний валютыг биедээ авч яваа бол гаальд заавал мэдүүлэх ёстой.

Мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх ...валютыг” ойлгохоор заасан, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 55.2.4-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг нэвтрүүлэхдээ ... зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр ... мэдүүлнэ”, 55.3-т “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ”, 55.9-д “Улсын хилээр нэвтрэх зорчигч .../-ийн/ хувийн хэрэглээний эд зүйл болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ” гэж тус тус заасан.

Түүнчлэн, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гаалийн байгууллага нь зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг хэрэглэж болно”, 228.2-т “Зорчигч гаалийн хилээр нэвтрэх гарцаа өөрөө сонгоно”, 228.3-д “Энэ хуулийн 8.1-д заасан бараа байхгүй тохиолдолд зорчигч гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч болно” гэж, мөн 230 дугаар зүйлийн 230.1-д “Гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан байх бөгөөд уг журмын 5.5-д “Дараах бараатай зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад бичгээр мэдүүлнэ”, 5.5.2-т “15 сая төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют”, 5.6-д “Гаалийн улсын байцаагч зорчигчийн гаалийн мэдүүлгийг хүлээн авсан эсхүл зорчигч ногоон гарцыг сонгож, нэвтэрсэн үеэс гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно”, 6.4-т “Энэ журмын 5.5-д заасан тохиолдолд зорчигч улаан гарцаар нэвтэрнэ”, 6.11-д “Зорчигч ногоон гарцыг сонгосон бол энэ журмын 5.5-д заасан бараа байхгүй хэмээн мэдүүлсэн гэж үзнэ” хэмээн тус тус журамлажээ.

Үүнээс үзвэл, зорчигч нь 15 сая төгрөг, түүнтэй тэнцэх болон дээш хэмжээний валютыг биедээ авч яваа бол заавал гаальд мэдүүлж, гаалийн улаан гарцаар нэвтрэх үүрэгтэй, хэрэв гаалийн мэдүүлэг бичээгүй буюу ногоон гарцыг сонгож нэвтэрсэн бол түүнийг гаальд мэдүүлэх бараа авч яваагүй гэж мэдүүлсэнд тооцохоор байна.

Гэтэл гомдол гаргагч ЖЗ нь 210 892 юань, 976 ам.долларын валютыг биедээ авч явсан хэрнээ Монгол Улсын хилээр нэвтрэхдээ гаалийн мэдүүлэг хөтлөөгүй буюу улаан гарцыг сонгоогүй, гаалийн ногоон гарцыг сонгон гаалийн хяналтын бүс рүү нэвтэрсэн төдийгүй гаальд мэдүүлэх боломж олгосоор байхад авч яваа валютын хэмжээг худал мэдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байх тул түүнийг их хэмжээний валютыг гаальд мэдүүлэхээс зайлсхийж, худал мэдүүлсэн зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль, журмын дээрх заалтуудад нийцсэн байна.

Гомдол гаргагчаас “...гаалийн мэдүүлэг бөглөсөн, мэдүүлэг бичих боломж олгоогүй, гаальд мэдүүлэхээс зайлсхийгээгүй” гэж маргах боловч хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материалд хавсаргагдсан гэрэл зургуудаас харахад гаалийн хяналтын бүсэд нэвтрэхээс өмнөх бүртгэлийн танхимд гаалийн мэдүүлгийн маягт болон холбогдох гаалийн мэдүүлэг хөтлөх “Санамж” Хятад, Орос, Англи, Монгол хэл дээр бичигдэж байршсан байхад ЖЗ эхнээсээ гаальд мэдүүлэлгүй гаалийн хяналтын бүс рүү нэвтэрсэн, улмаар гаалийн мэдүүлэг бичихгүйгээр их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил үйлдэгдэж дууссаны дараа гаалийн байгууллагаас түүнд гаалийн мэдүүлгийн хуудас өгч, гаальд мэдүүлэх боломж олгосон байх тул түүний дээрх тайлбарыг хүлээн авах  үндэслэлгүй.

Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ”, 4.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж заасан тул ЖЗ гаалийн хяналтын ногоон гарцыг сонгон нэвтэрсэн үеийг Монгол Улсын хилээр нэвтэрсэнд тооцох тул нэгэнт хилээр нэвтэрсний дараа нөхөж гаалийн мэдүүлэг бичсэнээр түүний үйлдлийг зөвтгөхгүй, “...гаалийн мэдүүлэг бүрэн бичих боломж олгоогүй, гаалийн улсын байцаагчаас зөвлөгөө авсны дараа гүйцээж бичих байсан” гэж маргасан нь ач холбогдолгүй.

Энэ талаарх анхан шатны шүүхийн “...ЖЗ бэлэн мөнгийг мэдүүлэхгүй буюу нуух санаа зорилго агуулаагүй болох нь түүний гаалийн хяналт шалгалтын улсын байцаагчид мэдүүлэх мөнгө байгаа гэж хэлснээр тогтоогдож байна ... мэдүүлгийн хуудас өгсөн боловч мэдүүлгийн хуудсыг бөглөж дуусаагүй байхад бэлэн мөнгөтэй тулган шалгаж нуусан, дутуу мэдүүлсэн зөрчил гаргасан гэж урьдчилан дүгнэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэсэн дүгнэлт үндэслэлгүй.

Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.6-д “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эмэнд гаалийн бүрдүүлэлт хийх танхимд улаан, ногоон гарцын таних тэмдэг, тайлбар, танилцуулгыг зорчигчид харагдахаар газар байрлуулсан байна” гэж заасны дагуу Буянт-Ухаа дахь Гаалийн газар нь гаалийн бүрдүүлэлт хийх танхимд ирж буй зорчигчдод ямар тохиолдолд гаалийн мэдүүлэг зайлшгүй хөтлөх талаарх холбогдох “Санамж” байршуулж, гаалийн мэдүүлэг хөтлөх хэсгийг байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургаар[1] тогтоогдож байхад анхан шатны шүүхээс “...хяналтын бүс 1 дор байрлаж байгаагаас гаалийн хяналт шалгалтын бүсийг ялгаж ойлгоогүй ...” гэж гомдол гаргагчийг зөвтгөсөн нь ойлгомжгүй, хэрэв улаан, ногоон гарц мэдэгдэхгүй байсан бол гаалийн ажилтнаас тусламж авах боломжтой байсан, мөн гомдол гаргагч урьд өмнө нь удаа дараа Монгол улсад зорчиж байсан төдийгүй ямар тохиолдолд гаалийн мэдүүлэг хөтлөх зайлшгүй шаардлагатай болохыг тайлбарласан Англи, Орос, Хятад, Монгол 4 улсын хэлээр холбогдох санамж бичигдсэн байдлаар гаалийн хяналтын талбай руу нэвтрэхийн өмнө буюу бүртгэлийн танхимд байршсан байх тул энэ үндэслэлээр гаальд үнэн зөв мэдүүлэх үүргээс чөлөөлөхгүй, зорчигч гаальд мэдүүлэх бараа байгаа бол гаалийн мэдүүлгийг гаалийн хилээр нэвтрэхээс өмнө бичих үүрэгтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 90 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.4, 228 дугаар зүйлийн 228.2, 228.3-д заасныг баримтлан гомдол гаргагч К улсын иргэн ЖЗ Буян-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ж.М-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0123732 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, торгуульд төлсөн болон хураасан мөнгийг буцаан гаргуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч гаалийн улсын байцаагч Ж.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН

 

 


[1] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд авагдсан