Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0281

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 770 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 770 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 32.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.3 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрээс “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ... тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хугацаа сунгуулах өргөдөл гаргахад жил бүрийн төлбөр төлсөн байхыг шаарддаг хэдий ч 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д зааснаар хугацаа сунгуулах өргөдөл гаргахад жил бүрийн төлбөр төлсөн байхыг шаардахгүй тул “М” ХХК-ийн сунгуулах өргөдлийг хүлээн авсан болно. Нөгөө талаар “М” ХХК-ийн зүгээс төлбөр төлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хоцроосон талаар ямар ч хүсэлт ирүүлж байгаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөр төлөөгүй хоцроосон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн сунгах өргөдөл гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар хүсэлт ирүүлж түүнийг Кадастрын хэлтсийн дарга хүлээн авч тусгай зөвшөөрлийг сунгасан. Харин ээлжит жилийн төлбөр төлөх үед нэхэмжлэгч компани ямар ч хүндэтгэн үзэх шалтгаан дурдаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсанаар сунгуулах өргөдөл гаргахад хүндэтгэн үзэх шалтгаантай байсан юм чинь төлбөр төлөх үед ч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөө талаар нэхэмжлэгч компани хугацаа сунгуулах өргөдөл гаргах үедээ тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх ёстой гэдгээ мэдэж байсан. Энэ талаар ч нэхэмжлэгч компанид амаар мэдэгдсэн бөгөөд тухайн компанийн захирал Ц.Б нь энэ хугацаанд төлбөр төлөх боломжтой байсан нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас харагдаж байна. ...мэдэгдлийг тухайн компанийн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн албан ёсны хаягаар нь хүргүүлсэн. Иймд хариуцагч байгууллага хуульд зааснаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хаягаа тодорхой бүртгүүлээгүй, утас нь холбогдохгүй байсан нь нэхэмжлэгч компанийн өөрсдийн буруутай үйл ажиллагааг гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч “М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн /2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх/ төлбөрөө 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой, энэ хугацаанд төлөөгүй бол нэмж 30 хүртэл хоног буюу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлбөрийг алдангийн хамт төлөх үүрэгтэй боловч ээлжит жилийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй, энэ үйл баримтын талаар маргаангүй байна.

Харин тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй шалтгаанаа “хариуцагчаас тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээгүй, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаан байсан, компанийн гүйцэтгэх захирал өвчтэй байсан” гэж тайлбарлах боловч энэ талаар төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй байна.  

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгч компанид 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/172 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, хуульд заасан хугацааны дотор алданги төлөх боломжтой талаарх мэдэгдлийг тус компанийн албан ёсны хаяг болох “...” хаягт шуудангаар хүргүүлсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй учир хариуцагч захиргааны байгууллага нь тус компанийн хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, цуцалсан талаарх мэдэгдлийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 7/921 дугаартай албан бичгээр мөн дээрх хаягаар хүргүүлжээ.

Ийнхүү хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлүүдийг хариуцагчид  бүртгүүлсэн тус компанийн албан ёсны хаягаар, шуудангаар хүргүүлсэн байх тул мэдэгдлийг хүлээж аваагүй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, хуульд заасан мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлсэн гэж үзэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл” бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж буй зорилго нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон зохицуулалт болохоос мэдэгдэл авсны дараа төлбөрөө төлнө гэсэн ойлголт биш, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг учраас төлбөр төлөөгүй шалтгаанаа “... мэдэгдэл хүлээн аваагүй”-тэй холбон тайлбарласан нь үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч “М” ХХК нь төлбөр төлөх хугацаанд компанийн гүйцэтгэх захирал Ц.Б өвчтэй байсан гэж тайлбарлах боловч энэ талаар төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй нь тогтоогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгсөн “Хос-Үжин” эмнэлгийн магадалгаагаар Ц.Б-ыг компанийн үйл ажиллагааг огт явуулах боломжгүй хүнд өвчтэй байсан гэж тогтоогдохгүй төдийгүй түүнийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй өвчтэй байсныг нотлох баримт үгүй байна.

Иймээс нэхэмжлэгч “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 87 дугаар шийдвэр хуульд нийцсэн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүхээс “...хариуцагч нь нэхэмжлэгч компанийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж хүлээн зөвшөөрч тусгай зөвшөөрлийг сунгасан атлаа ... ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулаагүй нь үндэслэлгүй ... ” гэж үйл баримтыг буруу дүгнэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-аас 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө гаргаагүй талаар дурдаж, тус компанийн хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс тооцон 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Дээрх хүсэлтэд “...Ц.Б нь 2018 оны 12 дугаар сард өвчтэй” байсан гэж бичсэн байх бөгөөд үүнээс хойш өвчтэй байсан талаарх баримтыг гарган, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг хариуцагчид гаргаж өгөөгүй байхад дээрх хүсэлтэд үндэслэн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн байх ёстой 2019 ны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх бүх хугацаанд түүнийг өвчтэй байсан хэмээн үзэх ёстой гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах болон ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа нь цаг хугацааны хувьд өөр өөр өдөрт хамаарч байхад “...Ц.Б-ыг 2018 оны 12 дугаар сард өвчтэй байсан” гэсэн хүсэлтийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл түүнийг өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тооцох ёстой байсан гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн “М” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй байхад тусгай зөвшөөрлийн хугацааг хариуцагч сунгасан нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхөөс чөлөөлсөн эсхүл ээлжит төлбөр төлөх хугацааг хойшлуулсан явдал биш төдийгүй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан нь түүнд ээлжит жилийн төлбөрөө төлөхгүй байх давуу байдал үүсгэхгүй.

Тиймээс анхан шатны шүүхийн “... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа ...тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн .. баримтыг төлсөн байхыг хуулиар шаардсан байхад хариуцагч энэ үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгасан атлаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр 10 хоногийн дараа өөрсдийн сунгасан тусгай зөвшөөрлөө хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, .. тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН