Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 129/2014/0117/Э |
Дугаар | 13 |
Огноо | 2016-09-30 |
Зүйл хэсэг | 268.1., |
Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 13
|
Прокурор Н.Цогтбаяр
Ялтны өмгөөлөгч В.Удвал
Ялтан Б.Эрдэнэбаатар
Нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан;
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгорын шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч В.Удвалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Эрдэнэбаатард холбогдох 201303000485 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Архангай аймгийн Жаргалант сумын засаг дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан баг, 3 дугаар хороо 4 тоотод оршин суух, 2007 онд Монгол Улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хүндэт жуух бичиг, 2005 онд Нийгмийн халамжийн тэргүүний ажилтан, 2012 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан, 2013 онд аймгийн тэргүүний сум, 2016 онд шилдэг сум цол тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Тугч овогт Баасандоржийн Эрдэнэбаатар /РД:АВ73011013/
Баасандоржийн Эрдэнэбаатар нь Архангай аймгийн Жаргалант сумын засаг даргаар ажиллаж байхдаа Сангийн сайдын 2012 оны 290 тоот тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ын 3.19 дэх хэсгийн зөрчин тус сумын Хоолт багийн нийтийн халуун усны барилгын зураг төсвийн ажлыг Гандирс-Од ХХК-ийн архитектор ажилтай Н.Энхсайханаар гүйцэтгүүлж, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5137033728 дугаарын дансаар 900.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Б.Эрдэнэбаатарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор:
Тугч овогт Баасандоржийн Эрдэнэбаатарыг хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;
Б.Эрдэнэбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатараас гэмт хэрэг үйлдэж олсон 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлого болгон;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнбаатарын цагдан хоригдсон 2 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож;
Б.Эрдэнэбаатар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдан;
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багт байрлах 35 м.кв хувийн орон сууц, 64 м.кв үйлчилгээний зориулалт бүхий барилга, 60 м.кв хувийн сууц, 1110 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалган;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж;
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Ялтан Б.Эрдэнэбаатарын өмгөөлөгч В.Удвалын гаргасан давж заалдах гомдолд:
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай шийтгэх топгоолыг эс зөвшөөрч байна. Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга ажилтай Б.Эрдэнэбаатарыг Сангийн сайдын 2012 оны 290 дугаарт тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”ын 3.19 дэх хэсгийг зөрчин тус сумын Хоолт багийн нийтийн халуун усны барилгын зураг төсвийн ажлыг Гандирс-Од ХХК-д архитектор ажилтай Н.Энхсайханаар гүйцэтгүүлж, 2013 оны 6 сарын 24-ний өдөр 51370033728 дугаарын дансаар 900.000 төгрөгийн хээл хахууль авсан гэж үзэж Архангай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж 20103000485 тоот хэргийг Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Эрдэнэбаатарыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл “Гандирс-Од” ХХК-ний ажилтан Б.Энхсайхан нь өөрийн компаний тамга, тэмдгийг ашиглан компанидаа бус өөртөө ашигтайгаар уг ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд Б.Эрдэнэбаатар нь ажпын хөлс болох 3 сая төгрөгийг “Ганхэмжүүр”ХХК-ний дансаар Б.Энхсайханд шилжүүлэн өгч өөрийн хувийн дансаар 900.000 төгрөгийг авч, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хууль болон журмаар зохицуулсан албан тушаалынхаа хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэж түүнийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглсэн гэж үзэж байна. Н.Энхсайханаар Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн Халуун усны зураг төсвийг хийж гүйцтэгүүлж, түүнд хөлсийг шилжүүлсэн байх бөгөөд хэрэв Б.Эрдэнэбаатар Н.Энхсайханаар өөрийнхөө данс руу 900.000 төгрөгийг шилжүүлэн авч ашигласан гэж үзвэл түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг илүү агуулж байх тул Б.Эрдэнэбаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн зааснаар өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралд Б.Эрдэнэбаатарын хамт оролцох хүсэлттэй байна гэжээ.
Ялтан Б.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төсвийн тухай хууль 2011 оны 11 сард батлагдсан. Энэхүү хуулийг 2012 оны 01 сараас эхэлж дагаж мөрдөнө гэж заасан байна. Төсвийн тухай хууль ч шинэ, ажилд томилогдсон миний бие ч шинэ байсан. Шинэ ажилчин байсан гээд төрийн албаны туршлага надад байгаагүй биш байсан. Байсан мөртлөө алдаа гаргасан. 2012 оны 12 сарын 21-ний үеэр Хоолт багт иргэдийн нийтийн хурал болсон. Хоолт баг нь хамгийн алслагдсан сум мөртлөө хүн ам ихтэй, багийнхаа төв дээр суурьшил ихтэй учраас зөөврийн худагтай, бохир шингээх цооногтой, халуун ус байгуулах ажлыг хурлын нэгдүгээр жагсаалтаар гаргасан. Одоо бодоод байхад тухайн үед би сэтгэлийн хөөрөлтэй энгэр дээр гарчихсан эхний хагас жилдээ багтаана, болохгүй бол 2013 оны 09 сард хичээл эхлэхээс өмнө хийж гүйцэтгэнэ гэж хэлж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 900 000 төгрөгийг ямар зориулалтаар авсан, 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудлын талаар дурдсан. Аудитын шалгалт 2014 оны баримтаар хууль зөрчсөн байна гэж тогтоосон. Тогтоосон актыг би хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Цаасаар гэрээ байгуулаагүй улмаас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд хохирол учирсан тул 2014 оны 07 сард хохиролгүй болгосон. Миний хийлгэж дуусгасан зураг төсөл өнөөдөр ажил болж чадсангүй. Хийж дуусгасан зураг төслийн 2 хувиас нэг нь хэргийн материалд, нөгөө хувь нь Н.Энхсайханд байгаа. Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг хууль зүйн дагуу үндэслэлтэй гаргасан гэж үзэж байгаа. Гомдлоо дэмжиж байна гэв.
Ялтны өмгөөлөгч В.Удвал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх шийдвэр гаргахдаа шийтгэх тогтоолдоо Н.Энхсайхан гэрчийн мэдүүлгийг үнэлээд шийдвэрлэсэн мөртлөө Н.Энхсайханыг ашиг сонирхлын үүднээс хахууль авсан гэж дүгнэдэг. Энэ нь учир дутагдалтай. Тийм болохоор Н.Энхсайханы гэрчээр өгсөн мэдүүлэг илүү үндэслэлтэй нь бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. 2014 оны 10 сарын 27-ны өдрийн 149 тоот магадлал хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ магадлалаар Н.Энхсайханы сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг илүү үнэлж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэж өмгөөлөгч миний зүгээс ойлгосон. Мэдүүлэгт “Б.Эрдэнэбаатар, Н.Энхсайхан нар анх хэлцэл хийхдээ 1000 000 төгрөгийг Б.Эрдэнэбаатарын хувийн данс руу хийхээр тохирсон гэж үзэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд зааснаар аваагүй. Яллагдагчаар өгсөн мэдүүлгийг илүү аваад үзвэл Н.Энхсайхантай 2000 000 төгрөгөөр хийхээр тохирсон нь Н.Энхсайхан өөрийнхөө ажлын хөлс 2000000 төгрөгийг л авсан. Эргүүлээд Б.Эрдэнэбаатар үлдсэн 1000 000 төгрөгийг Н.Энхсайханы дансаар өөртөө авсан нь хахууль мөн үү, Н.Энхсайханы хүсэл сонирхол байсан уу гэж үзэх ёстой. Н.Энхсайхан бол ажилласан хөлс мөнгөө л авсан. Эндээс харахад Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл буюу хээл хахууль авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Магадлалын дараагийн нэг үндэслэл нь Б.Эрдэнэбаатарын заавраар Н.Энхсайхан нэр дээр шилжүүлсэн 900 000 төгрөгийг үхэр авах гэж байсан гэж худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээсээр байтал прокурор гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн жинэхэн байдалтай нийцээгүй байна гэж үзсэн. Тэгтэл дахиад Н.Энхсайханыг худал мэдүүлэг өгсөн гэж хэрэгсэхгүй болгоод байна. Тийм учраас магадлалын заалт бүрэн дүүрэн хэрэгжсэн эсэх дээр шүүх бүрэлдэхүүн анхаарах байх гэж бодож байна. Өмгөөлөгч миний зүгээс мөн нэг зүйл дээр санал хийлэхгүй. Н.Энхсайханы өгсөн хахуулийг Б.Эрдэнэбаатар авсан гэж яригдаж байгаа. Тэгтэл прокурор Н.Энхсайханыг гэм буруугаа хүлээсэн учраас өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтаар зохицуулсан. Гэтэл өнөөдөр прокурор гэм бурууг тогтоогоод байна. Хээл хахууль авсан уу, үгүй юу гэдгийг шүүхийн шатанд тогтоох ёстой гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх хуулийн зохицуулалт гэм буруугаа хүлээж байгаа тохиолдолд өршөөнө гэсэн зохицуулалттай. Үүнээс шүүхээс шийдээгүй байхад прокурор шийдэж байгаа нь зөрчилдөөнтэй байна гэж үзэж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн дахин анхаарах байх гэж найдаж байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
Прокурор Н.Цогтбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Б.Эрдэнэбаатар нь Архангай аймгийн Жаргалант сумын засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Сангийн сайдын 290 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 3.19 дэх заалтыг зөрчсөн. Тус сумын Холт багийн Халуун усны зураг төслийн ажлыг Гандирс-Од ХХК-ийн архитектор ажилтай Н.Энхсайханаар 3 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцоод хууль бус ажиллагаа хийж 900 000 төгрөгийг буцаан авч, хээл хахууль авсан үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Үүнийг анхан шатны шүүх хэлэлцээд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасан. Тухайн шийтгэх тогтоол хуульд заасан журмын дагуу гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
Ялтан Б.Эрдэнэбаатар нь Архангай аймгийн Жаргалант сумын засаг даргаар ажиллаж байхдаа Сангийн сайдын 2012 оны 290 тоот тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ын 3.19 дэх хэсгийн зөрчин тус сумын Хоолт багийн нийтийн халуун усны барилгын зураг төсвийн ажлыг Гандирс-Од ХХК-ийн архитектор ажилтай Н.Энхсайханаар гүйцэтгүүлж, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5137033728 дугаарын дансаар 900.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.
Хэргийн зүйлчлэл зөв бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэгт тохирчээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхийг хүссэн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч В.Удвалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр дамжуулж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
М.МӨНХДАВАА