Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0280

 

“Нк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 82 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, “Нк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 82 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Нк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэрийн “Нк” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн ашигт малтмалын хайгуулын ...тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо: “...“Нк” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч “Бм” ХХК-ийн захирал Д.Д нь нас барсан хэдий ч 49 хувийг эзэмшдэг компанийн гүйцэтгэх захирал Н.Т нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх боломжтой байсан. Нөгөөтэйгүүр гүйцэтгэх захирал Н.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар ирсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж дан ганц Д.Д нас барсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

... Ашигт малтмалын газрын тосны газрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1/431 тоот албан бичигт “тусгай зөвшөөрлүүдийн хайгуулын тайлан болон бусад мэдээ, тайлан баримттай танилцах эрхтэй болохыг үүгээр уламжилъя” гэснээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг өвлөх эрхээ албан ёсоор нээлгэсний дараа хариуцагч байгууллагад хандах боломжтой гэж үзээгүй болно.  

... нэхэмжлэгчийн 49 хувийг иргэн Н.Т эзэмшдэг ба компанийн гүйцэтгэх захирлаар Н.Т нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр томилогдсон нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагддаг. Иймд компанийн гүйцэтгэх захирал болох Н.Т нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх боломжтой байсан нь эндээс харагдаж байна. ...цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг компанийн албан ёсны хаяг буюу “Сонгинохайрхан дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар байр 7 тоот” хаягаар хүргүүлэхэд шуудангийн буцалтаар “18 хороонд ийм хаяг байхгүй” гэсэн шалтгаанаар буцсан байна. Төрийн захиргааны байгууллага Кадастрын хэлтэст бүртгүүлсэн компанийн албан ёсны хаягаар хүргүүлсэн.

Энэ бүгдээс харахад төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй байна. Нөгөө талаар тухайн компанийн ашигт малтмалын хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй тул цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг өдөр тутмын сонин болох “Монголын мэдээ” сонины 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн мягмар гаригийн 86 дугаарт нийтэлсэн.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу ... хаяг байдаг эсэх талаар анхан шатны шүүх Улсын бүртгэлийн газарт ийм хаяг байдаг эсэх талаар лавлагаа аваагүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн “Монголын мэдээ” сонины 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаартай сониныг анхан шатны шүүхээс гаргуулж хэргийг анхан шатны шүүхээс дахин хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй” гэж зохицуулжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч “Нк” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ...дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч “Нк” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн /2018 оны 05 дугаар сарын 08-аас 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх/ төлбөрөө 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан, энэ хугацаанд төлөөгүй бол нэмж 30 хүртэл хоног буюу 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлбөрийг алдангийн хамт төлөх үүрэгтэй байсан боловч ээлжит жилийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй, энэ үйл баримтын талаар маргаангүй байна.

Харин нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээгүй, үүнтэй холбогдуулан компанийн үйл ажиллагааг хариуцан явуулдаг байсан хувьцаа эзэмшигч нас барсан учраас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх ёстой гэж мэдээгүй... ” гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 7/3633 дугаартай албан бичгээр хайгуулын ...дугаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдах үндэслэл бүрдсэн, хуульд заасан хугацааны дотор алданги төлөх боломжтой талаарх мэдэгдлийг тус компанийн албан ёсны хариуцагчид бүртгүүлсэн хаяг болох “...” хаягт шуудангаар илгээсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй учир хариуцагч захиргааны байгууллага нь тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, цуцалсан талаарх мэдэгдлийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 7/6022 дугаартай албан бичгээр мөн хаягт хүргүүлжээ.

Ийнхүү хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлүүдийг хариуцагчид  бүртгүүлсэн тус компанийн албан ёсны хаягаар, шуудангаар хүргүүлсэн байх тул мэдэгдлийг хүлээж аваагүй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, хуульд заасан мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс “... хариуцагчаас мэдэгдлийг буруу хаягаар явуулсан” гэж маргах боловч  “...” гэх хаяг нь нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэгт бичигдсэн байх төдийгүй өмнө нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус хаяг тэмдэглэгдсэн албан бланк дээр хүсэлт[1] гаргаж байжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл” бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж буй зорилго нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон зохицуулалт болохоос мэдэгдэл авсны дараа төлбөрөө төлнө гэсэн ойлголт биш, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг учраас төлбөр төлөөгүй шалтгаанаа “... мэдэгдэл хүлээн аваагүй”-тэй холбон тайлбарласан нь үндэслэлгүй, мэдэгдэл хүлээн авсан эсэхээс үл хамаарч хуулийн хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч хуулийн этгээдийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч захиргааны байгууллага нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийж, “Нк” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул “...мэдэгдэл хүлээн аваагүй” гэж маргасныг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг байсан хувьцаа эзэмшигч нас барсан учраас төлбөр төлөх талаар мэдээгүй” гэж маргах боловч компанийн дүрэм болон улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр нэхэмжлэгч компанийн хувьцааг “Бм” ХХК болон иргэн Н.Т нар эзэмшдэг, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшигч Н.Т нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байх тул дээрх хугацаанд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-д заасны дагуу Н.Т компанийг төлөөлөн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байжээ.

Үүнээс үзвэл хувьцаа эзэмшигч “Бм” ХХК-ийн захирал Д.Д нас барсны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Н.Т нь компанийг төлөөлөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ашигт малтмалын хайгуулын ...дугаар тусгай зөвшөөрөлтэй холбогдох асуудлаар хандаж байсан[2] тул “...тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан, төлбөр төлөх ёстой байсан зэргийг мэдэх боломжгүй байсан...” гэх зэрэг нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, Н.Т өөр компанид ажилладаг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй зэрэг нь үүнийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүхээс “...хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч нас барсныг ... мэдсэний улмаас тус компанийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг өв нээлгэсний дараа шийдвэрлэнэ гэж хүлээлт үүсгэсэн атлаа маргаан шийдвэрлэгдэж дуусаагүй байх хугацаанд тусгай зөвшөөрлийг ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэж цуцалсан нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь “нийтийн эрх зүйн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд хууль ёсоор үүссэн итгэл болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар бий болсон” тохиолдолд үйлчлэхээр зохицуулагдсан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/4231 дугаартай албан бичгээр “Нк” ХХК-ийн хувьцааг өвлөж авснаар тусгай зөвшөөрлийн мэдээ тайлан, холбогдох баримттай танилцах эрхтэй талаар  нотариатчид мэдэгдсэнээс биш нэхэмжлэгчид давуу байдал олгосон шинжтэй акт гаргаагүй байх тул хууль ёсоор итгэл үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй, үүнээс өөрөөр хариуцагч захиргааны байгууллага компанийн хувьцааг өвлөхтэй холбоотой асуудал шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд “Нк” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй, хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргээс чөлөөлөх эсхүл үүргээ биелүүлэхийг хойшлуулах агуулга бүхий итгэлийг төрүүлэхээр үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээргүй байна.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “Нк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Т тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөх боломжтой байсан, хариуцагч Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу мэдэгдэх ажиллагааг хийсэн, маргаан бүхий акт хууль зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул “нэмэлт нотлох баримт цуглуулуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 82 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Нк” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ... тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                              

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 


[1] Хх-76

[2] Хх-76