Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 0013

 

                            М.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

                                                                                    Хэргийн индекс 132/2016/00421/И

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг М.Хүрэлбаатар даргалж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр, Булган аймгийн давж заалдах шатны шүүхийн Эрүү,Иргэний хэргийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 495 дугаартай шийдвэртэй,

М.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Боловсрол соёлын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмэлжлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч П.Ган-Очирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч М.Эрдэнчимэг

              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

Хариуцагчийн төлөөлөгч Д.Цогоо

Хариуцагчийн өмгөөлөгч П.Ган-Очир

Нарийн бичгийн дарга Г.Ангирмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Булган аймгийн биеийн тамир, спортын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллагын орон тоонд бүтцийн өөрчлөлт орж намайг аймгийн Боловсрол, соёлын газарт шилжүүлж, мэргэжилтнээр ажиллах тушаал гаргасан юм. Би тушаалаа аваад Боловсрол, соёлын газарт очсон боловч дарга Д.Цогоо манайд цалингийн сан байхгүй гээд ажилд аваагүй. Үүний дагуу би Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул би давж заалдсанаар шүүхийн магадлал миний талд гарсан тул би Боловсрол, соёлын газрын даргад дахин хандаж ажилдаа оръё гэсэн боловч өнөөдрийг хүртэл намайг ажилд аваагүй байна. Би орон тоотойгоо, цалинтайгаа ирсэн ажилдаа оръё, цалингаа авъя гэсэн боловч намайг шүүхэд ханд гэсэн. Би 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилж байна. Би Биеийн тамир, спортын газарт ТЗ-5 шатлалаар цалинжиж байсан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед цалингаа тооцоход 12381450 төгрөг болж байсан ба шүүхийн шийдвэр гартал ажилгүй байсан хугацааны цалин 13870990 төгрөг болж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Булган аймгийн Боловсрол, соёлын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1а/1369 тоот албан бичгээр зөвлөмжилснөөр Улсын их хурлаар “Засгийн газрын бүтцийн тухай” хууль 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдсантай холбогдуулан салбарын төсвийн ерөнхийлөн захирагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын асуудлыг бүхэлд нь хариуцахаар болсон. Үүнтэй уялдуулан аймгийн Боловсролын газарт зөвхөн соёлын арга зүйчийн нэг орон тоо болон цалингийн сан нэмэгдэж байгаа болно гэсний дагуу батлагдсан төсөвтөө багтааж өмнө нь тухайн байгууллагад ажиллуулахаар явуулсан мэргэжлийн нэг мэргэжилтэнг ажиллуулсан болно. Мөн М.Эрдэнэчимэгийн үндсэн мэргэжил нь УБДС-ийн Түүх, пионерын удирдагч тул соёлын мэргэжилтний орон тооны ажлын байрны шаардлага хангахгүй болно. М.Эрдэнэчимэгийн хувьд Боловсролын газарт ажилд орсон, гарсан тушаалгүй тул мөнгийг нөхөн төлөх боломжгүй юм. 2016 онд Боловсрол, соёлын газрын цалингийн сан өмнөх оноос 10 хувь буурч батлагдсан. Одоогийн байдлаар цалин, нийгмийн даатгалын шимтгэлд өр үүсч, амралтын цалингуудаа дутуу олгоод байна. Иймд Боловсрол, соёлын газрын зүгээс М.Эрдэнэчимэгийн нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 495 дугаар шийдвэрээр

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасныг баримтлан М.Эрдэнэчимэгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 12506325 /арван хоёр сая таван зуун зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг Булган аймгийн Боловсрол, соёлын газраас гаргуулж нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлээс 1364667 /нэг сая гурван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун жаран долоо/  төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

        Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан М.Эрдэнэчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Боловсрол, соёлын газарт үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213053 /хоёр зуун арван гурван мянга тавин гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгээс 14252 /арван дөрвөн мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж Төрийн санд, хариуцагч Булган аймгийн Боловсрол соёлын газраас 215051 /хоёр зуун арван таван мянга тавин нэг/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч М.Эрдэнчимэгт олгохоор тус тус шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь нэхэмжлэлдээ миний бие спортын газар ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 23-ны байгууллагын орон тооны бүтцийн өөрчлөлт орж намайг аймгийн Боловсрол соёлын газарт шилжүүлж мэргэжилтнээр ажиллуулах тушаал гаргасан. Боловсрол соёлын газрын дарга Д.Цогоо цалингийн сан байхгүй гэж ажилд аваагүй гэжээ. Гэтэл нэхэмжлэлгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Аймгийн Засаг даргын болон бусад эрх бүхий байгууллагаас М.Эрдэнэчимэгийн Боловсрол соёлын газарт томилсон тушаал шийдвэр гараагүй. Ер нь М.Эрдэнэчимэг нь тухайн Боловсрол соёлын газарт ч ажлын байрны болон мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа болно. Мөн Боловсрол соёлын газарт ажилд авсан тушаал байхгүй байхад шүүх ямар нотлох баримтаар үндэслэн ажилгүй байсан хугацааны болон ажилд эгүүлэн тогтоож байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

                                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь Булган аймгийн Боловсрол,соёл газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэжмжээний нөхөн олговор 13,870,990 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд анхан шатны гаргажээ.

Хэрэгт цугаларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийг Булган аймгийн биеийн тамир , спортын газар мэргэжилтэнээр ажиллаж байхад нь тухайн байгууллагын ажиллагсадын орон тоонд бүтэцийн өөрчлөлт орж Боловсрол, соёлын газарт шилжүүлж мэргэжилтэнээр ажиллуулах тушаал гарч Боловсрол, соёлын газар цалингийн сан байхгүй гэсэн үндэслэлээр ажилд аваагүй байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн 167 магадлалаар М.Эрдэнэчимэгийг Булган аймгийн Боловсрол, соөлын газарт “Соёлын өв хариуцсан мэргэилтэн”-ний ажил, албан тушаал эсхүл түүнтэй адилтгах албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн байна./х.х-ийн 5-8/

Ажил олгогч дээр дурдьсан шүүхийн шийдвэрийн дагуу М.Эрдэнэчимэгийг ажилд аваагүй нь хөдөлмөрийн эрх зүйн харицаан дахь түүний эрхийг зөрчсөн нь зохигчдын тайлбар бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон шүүх маргаан бүхий эрх зүйн харицаан дахь хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлаж, түүний ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрийг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол улсын иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хариуцагчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

  2. Хариуцагч  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        М.ХҮРЭЛБААТАР

ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                              Ё.БЯМБАЦЭРЭН