Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 00506

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1920 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 96 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2в-4-3 тоотод оршин суух, Соном овогт Содномын Хандаа /РД:ГЭ20071546/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00421/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, нарийн бичгийн даргаИ.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Хандаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн Сайхан суманд төрсөн 96 настай. Би 1944 онд Д.Жигжид гэгчтэй гэр бүл болж мал маллан амьдарч байгаад 1954 онд Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэл үүсгэн байгуулагдахад анхгы ууган гишүүнээр элсэж мал маллан ажиллаж байсан. 1965 онд нөхөр маань нас барж Булган аймаг руу шилжин ирж Худалдаа бэлтгэлийн трестын гуанзанд 1965-1976 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Сайхан сумын архив шатаж малчнаар ажиллаж байсан хугацааны бичиг баримт устаж алга болсон тул малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Хандаа нь манай хадам ээж юм. Манай ээж Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд 1954 онд анхны гишүүнээр элсэн малчин, саальчнаар ажиллаж байгаад 1964 онд Булган аймагт шилжин ирж худалдааны байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт орсон юм. Нэгдэлд ажиллаж байсан үеийн бичиг баримт нь устаж алга болсноос болоод зөвхөн худалдааны байгууллагад ажиллаж байсан хугацаагаараа тэтгэвэр тогтоолгосон байдаг. Одоо ээж маань 96 настай, хэвтэрт миний асамжинд амьдарч байна. Иймд С.Хандааг 1954-1964 онуудад Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар 1954 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1964 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Хандаа нь Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар 1954 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай лавлагаа, тухайн үед С.Хандаатай хамт ажиллаж байсан гэх гэрч З.Доржсүрэнгийн... С.Хандаа нь манай сумын нэгдлийн анхны гишүүн хүн. Манай нэгдэл 1952 билүү 1954 онд байгуулагдахад нэгдэлд анхны гишүүнээр элсэн орж байсан. Нөхрийг нь малиг Жигжид гэх хүн байсан бөгөөд Жигжид Хандаа нар нь 1 өргөмөл хүүтэй байсан. Их-Эхлэлт нэгдэлд малчин саальчнаар ажиллаж байсан. Угийн малчин улсууд юм. Би өөрөө Их-Эхлэлт нэгдэлд 1959 онд гишүүнээр элсэж байсан. Би өөрөө нэгдэл тартал ажиллаж байсан. С.Хандаа яг хэдий он хүртэл ажилласныг хэлж мэдэхгүй байна.. гэх мэдүүлэг гэрч Ч.Долгорсүрэнгийн...С.Хандаа гэж хүний нөхөр малиг Жигжид гэх хүн байсан. Манай нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан. Нэгдэл үүссэн байгуулагдах цаг үеэс ажиллаж байсан. Би өөрөө 1982 онд Их-Эхлэлт нэгдэлд ажилд орсон. Би өөрөө Сайхан сумын уугуул хүн бөгөөд амралтаараа нутагтаа ирэхэд Жигжид Хандаа нар нь нэгдэлдээ ажиллаж байсан. Малчин, саальчнаар ажиллаж байснаас гадна нэгдлийн зовудад ажиллаж байсан. Мал тууж жин тээхээс бусад бүхий л ажлыг хийж байсан. Малиг Жигжид гуайнх Сайхан сумын Зараан толгой, Цөнгөрөг гэх газруудаар нутаглаж байсан. Өргөмөл ганц хүүтэй хүн байсан... гэх мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Соном овогт Содномын Хандааг Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд 1954 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар нийт 11 /арван нэгэн/ жил ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булганаймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН