Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0285

 

Д.Н-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.О нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.Н-ын гомдолтой, Орхон аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.Н-ын Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын Улсын байцаагч Д.О-т холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0063635 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо: “...хариуцагч ямар хууль зөрчсөн талаар шийтгэлийн хуудсанд дурдаагүй байхад анхан шатны шүүх Д.Н-ыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь заалтаар буруутгасан ба 11 дүгээр зүйлийн 3 дахь заалтад нийцүүлэн гаргасан Эрүүл мэндийн сайдын А/293 дугаар тушаалаар батлагдсан журмаар буруутгаж, уг хуулийг зөрчсөн, мэргэжлийн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Гэтэл дээрх заалтуудыг хэрэглэж, эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ хэрэглээгүй. Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь заалт нь хуулийн этгээд тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хэрэглэж заалт бөгөөд Д.Н нь хуулийн этгээд биш төдийгүй Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төлөөлөх эрхтэй этгээд биш. ...Гэтэл уг заалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан зөрчилд тохирсон албадлагын арга хэмжээг хэрэглэхийг дээрх заалтаар зохицуулсан. Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад “мэргэшсэн эмч” үүргээ биелүүлээгүй бол гэж тусгайлан заасан заалттай байгааг анхаарч үзээгүй. Мэргэшсэн эсхүл мэргэжлийн гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж, хариуцлага тооцох эсэхийг хуульд зааж өгсөн бөгөөд Д.Н-д холбогдох хэргийг мэргэжлийн үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй. ...шүүх Д.Н-ыг мэргэжлийн үүргээ биелүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулиар зохицуулаагүй асуудлаар буруутгасан. Харин Зөрчлийн тухай хуульд мэргэшсэн эмчид хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан. Д.Н нь мэргэшсэн эмч эсэхэд дүгнэлт хийгээгүй. Тусламж үзүүлээгүй гэх талийгаач нь анхнаасаа олон эрхтний хурц дутагдал хордлогын улмаас нас барсан байх бөгөөд тусламж үзүүлээгүй удааснаас болж амь нас хохирсон гэж тогтоогдоогүй байхад эрх бүхий албан тушаалтан тусламж үзүүлээгүй удааснаас болж хүндрэл гарсан гэж шүүх хуралдаан дээр буруутгаж байгаа нь ойлгомжгүй. Цагдаагийн ажилтан биеийн зовиурын талаар мэдээлэл өгөөгүй, өвчтөнтэй ярилцахад биеийн зовиурын талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд эмч талийгаачийн дэргэд очиж ярилцах гэж оролдон биеийн байдлыг ажиглаж байгааг тусламж үзүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны бүртгэлийн картыг тухайн өдөр ээлжинд гарч байгаа сувилагч хөтөлдөг бөгөөд илэрч байгаа зовиурын талаар мөн сувилагч бичдэг гэх бөгөөд энэ талаар хэрэгт ямар ч нотлох баримт авагдаагүй байхад Д.Н-ыг буруутгасан нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч Д.Н-ыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан “иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх” үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасныг тогтоож, 200 000 төгрөг торгох, эмчлэх эрхийг нь 3 сараар хасах шийтгэл оногдуулсан Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0063635 дугаар шийтгэлийн хуудас Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.3-д заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар эмнэлгийн яаралтай тусламжийг тухайн иргэнд ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүрэгтэй, ийнхүү иргэнд яаралтай тусламж үзүүлэхдээ Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/293 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журам, Эмнэлгийн яаралтай тусламжид үйлчлүүлэгчийг эрэмбэлэх зааврыг үйл ажиллагаандаа дагаж мөрддөг байна.

Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журмын 5.3-д яаралтай тусламжийн эмч, сувилагч үйлчлүүлэгчийг угтан авч, бүртгэл, хяналтын картад бүртгэн, анхны үзлэгээр амин үзүүлэлт, эмгэг шинжүүдийг тодорхойлон, эрэмбэлж, шаардагдах тусламж, үйлчилгээнд шуурхай хамруулна гэж заасан байх ба Эмнэлгийн яаралтай тусламжид үйлчлүүлэгчийг эрэмбэлэх зааврын 2.1-д үйлчлүүлэгчийн биеийн байдал, амин үзүүлэлт, эмнэл зүйн шинж тэмдгийг үндэслэн эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх үндсэн зорилготойгоор яаралтай тусламжийг үзүүлэх бөгөөд үйлчлүүлэгчийг эрэмбэлэх үйл ажиллагааны нийтлэг зарчмын 3-т эрэмбэлэлийг үйлчлүүлэгчийг хүлээж авснаас хойш 5 минутын дотор хийж гүйцэтгэх ёстой гэж зохицуулжээ.

Гэтэл Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн яаралтай тусламжийн хэсгийн их эмч Д.Н нь дээрх хууль болон журам, зааварт заасан үүргээ биелүүлэлгүй, эмнэлгийн яаралтай тусламжийг талийгаач Д.Б-д үзүүлээгүй болох нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс “... их эмч Д.Н нь энэ журамд заасан ... үйлчилгээг Д.Б-д үзүүлээгүй, тодруулбал, өвчтөн Д.Б нь тус Яаралтай түргэн тусламжийн хэсгийн Хүлээн авахад 13 цаг 42 минутад хүргэгдэн ирсэн байхад түүнийг бүртгэл, хяналтын картад бүртгэж аваагүй, анхан шатны үзлэг, амин үзүүлэлт, эмгэг шинжүүдийг тодорхойлох анхны үзлэгийг хийгээгүй, үүнийг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн, мэргэжлийн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.3-д “Эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж иргэнд яаралтай тусламж үзүүлэх эрүүл мэндийн байгууллага болон түүнийг төлөөлөн үйлчилгээ үзүүлэх этгээдийн аль зөрчил гаргасан этгээдэд нь шийтгэл оногдуулахаар зохицуулсан байх тул “хариуцагч хуулийг буруу хэрэглэсэн байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсанчлан нэгэнт их эмч Д.Н нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан иргэнд яаралтай тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй, холбогдох журам, зааварт заасан үйлчилгээг үзүүлэлгүй, эс үйлдэхүй гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.3-т заасан зөрчлийн шинжийг бүрэн агуулсан болох нь тогтоогдож байх тул түүнд энэ үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь зөв, Д.Н-ын гаргасан зөрчилд оногдуулсан шийтгэл нь тохирсон гэж үзэхээр байна.

Гомдол гаргагчийн “...хариуцагч ямар хууль зөрчсөн талаар шийтгэлийн хуудсанд дурдаагүй байхад анхан шатны шүүх Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасан үндэслэлээр буруутгасан ба 11 дүгээр зүйлийн 11.3-т нийцүүлэн гаргасан Эрүүл мэндийн сайдын А/293 дугаар тушаалаар батлагдсан журмаар буруутгаж, уг хуулийг зөрчсөн, мэргэжлийн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, учир нь маргаан бүхий шийтгэлийн хуудсанд Д.Н-ыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн гэж тодорхой бичсэн төдийгүй хариуцагчийн тайлбарт холбогдох хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн талаар тайлбарласан байна.

Түүнчлэн “...тусламж үзүүлээгүй гэх талийгаач нь анхнаасаа олон эрхтний хурц дутагдал хордлогын улмаас нас барсан байх бөгөөд тусламж үзүүлэлгүй удааснаас болж амь нас хохирсон гэж тогтоогдоогүй” гэж гомдол гаргагчаас маргах боловч нэгэнт яаралтай тусламжийг үзүүлэх үүргээ нэхэмжлэгч үзүүлээгүй болох нь нэгэнт тогтоогдсон тул энэ талаарх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Х.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                  Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН