Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 11

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.Н-ын гомдолтой

            Хариуцагч: ОАМХГ-ын ЭЧХУБ Д.О-т холбогдох “ОАМХГ-ын ЭЧХУБ-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0063635 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2020/0005/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагч Д.О, гэрч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Н миний бие 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн тасагт өглөөний 08 цагаас 16.00 цаг хүртэл ээлжинд их эмчээр ажилласан бөгөөд уг өдөр 23 хүнийг хүлээн авч эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлсэн бөгөөд яаралтай мэс ажилбар 3 удаа хийгдсэн. Энэхүү тусламжийг иргэдэд үзүүлж байх үед Д.Б гэх өвчтөнг 13.50 минутын үед цагдаа авчирсан бөгөөд уг цагдаа нарыг ирэх үед бусад өвчтөнийг үзэж, эмчилгээ хийж байсан. Түүнийг үзүүлэхээр ирж байгаа цагдаа сувилагч бид нарт мэдэгдэж, тэргэнцэр дээр тухайн хүнийг суулгаж оруулж ирсэн боловч надад үзүүлээгүй. Тухайн үед цагдаагийн ажилтнаас нэр, хаягийг асууж тодруулсан боловч “Ар гэр болон гэрийн хаяг тодорхой бус. Хэд хоног хоол унд идээгүй өлссөн байгаа” гэж хэлсэн. Тухайн үед өвчтөнөөс биеийн байдал хэр байна? гэхэд өвчтөн эмнэл зүйн зовиураа огт хэлээгүй. Цагдаагийн ажилтан 102-р эргэж авна гээд явсан. Яагаад бүртгэл хийгдээгүй вэ? гэхээр тухайн хүний нэр, хаяг бүх юм тодорхой бус, ар гэр байхгүй байсан учраас бүртгэлийн журнал дээр бүртгэл хийх боломжгүй байсан. Тухайн үед 2 сувилагч, 1 үйлчлэгч гээд 4-үүлээ ажиллаж байсан. Сувилагч тэргэнцэртэй өвчтөнийг кордерийн хэсэгт түр хугацаагаар гаргасан. Эмчилгээний өрөөнд 2 хүний эмчилгээ хийгдэж байсан. Би текний ард очиж онош болон бусад эмчилгээ оношилгоог бүртгэл журнал дээр бичиж байсан. Цагдаа ажилтан  “өлссөн” гэж байсан учраас үзлэг хийгээгүй, эргэлзэж эхэлсэн. Яаралтай тусламжаар гаднаас өвчтөн орж ирэхэд өөрсдөө зовиураа хэлэх ёстой байгаа. Боломжгүй бол асран хамгаалагчаас нь зовиур бүх юмыг нь тодруулж дараа, дараагийн эмчилгээг нь хийдэг байгаа. Тухайн өвчтөний ар гэрээс хүн байхгүй учраас хэсэг хугацааны дараа зовиураа хэлэх байх гэж бодож байсан. Сувилагч өвчтөнд 2 мантуун бууз, уух юм аваачиж өгсөн. Тэр үед “таны бие ямар байна” гэж асуухад зовиураа хэлээгүй байсан. Тэр үед би ажлаа хийгээд явж байсан. 16 цагийн үед Б эмчид ажлаа хүлээлгэж өгөхдөө “102-оос хүн ирж авна” гээд цагдаагийн байгууллагын ажилтны хэлснийг дамжуулж хэлсэн. Тэр үед өвчтөн бас өвчний зовиураа хэлээгүй. Гадна талаас харж ажиглахад яаралтай түргэн тусламж үзүүлэхээр зүйл харагдаагүй. Архи үнэртсэн байсан учраас согтуу байгаа юм болов уу? гэж бодож, цагдаагийн хэлсэн үгэнд эргэлзсэн байгаа. Архи дарс уусан хүмүүсийг эхний удаа 102 эрүүлжүүлж яаралтай түргэн тусламж үзүүлэх шаардлагатай бол 102-н эмчийн хамт манайх руу тээвэрлэх журамтай. Сүүлийн үед ийм асуудал гарч байгаа учраас Цагдаагийн газар болон манай эмнэлэг хоёр аль, аль талдаа хэлэлцэж байгаа гэсэн. Намайг үүргээ биелүүлээгүй гэж буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн үед ямар ч завсаргүй яаралтай тусламж үзүүлэх өвчтөн нар үзүүлж байсан. Тухайн өвчтөнг яаралтай үзүүлэх шаардлагатай өвчтөн ирж байгаа талаар хэн ч надад мэдэгдээгүй.

Зөрчлийн тухай хуулийн 6.8-р зүйлийн 2.3 зааснаар байгууллагыг буруутгаж байгаа атлаа намайг буруутган эмчлэх эрхийг хасч байгааг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №0063635 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү”[1] гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн 2 ажилтан дагуулж ирсэн гэх Б гэж үйлчлүүлэгчийн талаар тодорхой хэлж байна. Д.Н үүргээ биелүүлээгүй гэдгийг шалгасан баримт байна уу гэхээр хэргээс харагддаггүй. Д.Н цагдаагийн ажилтан ямар зовиуртай, ямар өвчтөн ирж байна вэ? гэдгийг асуугаад гаргасан гэдгийг цагдаагийн ажилтан болон хариуцагч хэлдэг. Энэ хүн яаралтай түргэн тусламж хүсч ирснээр А, В, С ангиллын аль өвчтөн байсан бэ? гэдгийг энэ хэрэг дээр шалгаж тогтоогоогүй байна. Тусламж авахгүй байсаар байгаад нас барсан. Нас барсан шалтгаан нь анхнаасаа яаралтай тусламж авсан ч амь насыг нь аврах боломжгүй архины хордлоготой хүн гэдэг нь тогтоогдож байгаа. Тусламж авах хүн өөрийнхөө эмнэл зүйн зовиураа хэлээгүй. Дагуулж ирсэн цагдаагийн ажилтнаас асуухад бас өвчин зовиурыг нь хэлээгүй. Эмч “танд ямар өвчин зовиур байна” гэхэд нь харьцахгүй, өвчин зовиураа хэлэхгүй, “өлсөж байна” гэдэг ганцхан үг хэлсэн байдаг. Цагдаагийн ажилтан “өлссөн” гэсэн зүйл хэлдэг. Энэ яриад байгаа зүйл нь эмнэл зүйн зовиур мөн үү, биш үү гэдгийг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл яаралтай түргэн тусламжаар үйлчлүүлэх ёстой өвчтөн үү, аль эсвэл эрүүлжүүлэхэд очих ёстой хүн үү гэдэг нэг ч мэдээлэл өгөөгүй. Тэгэхээр энэ өвчтөн “өлсөж байна” гэдэг нь эмнэл зүйн зовиур мөн үү, биш үү? гэдэг асуудлыг зөрчлийн хэрэг дээр дүгнэх ёстой байсан. Энэ байдлыг шалгасан баримт байхгүй байна.

Хоёрдугаарт, цагдаагийн ажилтны анхны хэлсэн үгээр дүгнэлт хийж дараагийн ээлжийн Б эмчид ээлж хүлээлгэж өгөхдөө хэлж үлдээсэн байдаг. Цагдаагийн ажилтан авчирсан. Өлссөн гэсэн гэдгийг нь Б-т хэлсэн байдаг. Цагдаагийн ажилтны хэлсэн үгийг Б-т дамжуулж хэлсэн байхад үүнд Д.Н-ыг яагаад буруутгаад байгаа юм. Өвчтөн бол гаднаас нь харахад хүнд гэмтсэн зүйл байхгүй. Архи нилээн үнэртүүлсэн байсан. Архи уучихсан хүн эрүүлжүүлэхэд очих байтал эрүүлжүүлэхийн эмч үзээгүй шууд 103 руу авчирч өгсөн. Ямар зовиуртай болоод яаралтай тусламж руу авчирснаа цагдаагийн ажилтан илэрхийлэхгүй болохоор А, В, С гэсэн 3 ангиллын өвчтөн мөн эсэх, тэр ангилал нь тогтоогдохгүй байхад эмчийг буруутгаж байгаа зүйл нь энэ хүн ирээд зөндөө удаж байхад гэдэг байдлаар хандаж байна уу гэсэн ойлголтыг төрүүлж байна.

Дараагийн асуудал нь зөрчлийн хэрэг дээр буруутгаж байгаа зүйлчлэлийн асуудал байгаа. Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь заалтаар буруутгаж байгаа. 6.8 дугаар зүйлийн 2.3-д “эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах” заалт байдаг. Энэ заалт нь байгууллагын тухай заалт байгаа. Эмчийн эрх биш эмнэлгийн байгууллагын эрхийг хасах заалт байгаа. Тэгэхээр Д.Н-ын хувьд энэ байгууллагын төлөөлөгч мөн үү гэвэл төлөөлөх эрхтэй этгээд биш. Эмнэлгийг төлөөлөх эрхтэй этгээд нь эмнэлгийн захирал Батсүх гэж хүн байгаа. Тэгэхээр энэ процесс дээр байгууллага дээр байгаа заалтыг хэрэглээд явчихсан асуудал байгаа. Мэргэшсэн эмчийнх нь хувиар арга хэмжээ авсан юм гэж тайлбарлаж байгаа. Гэтэл мэргэшсэн эмчийнх нь хувиар биш байгууллага үүргээ биелүүлээгүй бол гэдэг заалтаар арга хэмжээ авсан нь хуулийн хувьд тохиромжгүй асуудал болж байгаа юм.

Гуравдугаарт, мэргэжлийн туслалцаа үзүүлэх эмч маань яаралтай түргэн тусламж үзүүлэх аль, ямар заалтыг яаж зөрчсөн юм бэ? гэдгийг нэг бүрчлэн тогтоож байж Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар заалтыг хэрэглэхээр байгаа. Журмаараа байна уу, хуулиараа байна уу аль заалтыг зөрчсөн юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Д.Н-ын гаргасан гэх үйлдэл нь зөрчил юм гэдгийг тогтоосон баримт шийтгэлийн хуудас дээр байхгүй байна. Хариуцагчийн гаргаж байгаа тайлбараар Эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн гэж байна. Эрүүл мэндийн тухай хууль нь Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлээр зохицуулагдаж байгаа. Эмнэлгийн түргэн тусламж, үйлчилгээний тухай хуулийг зөрчих гэдэг заалт байгаа. Эмнэлгийн түргэн тусламжийн ямар заалтыг Д.Н эмч зөрчсөн бэ гэдэг асуудлыг тодорхойлоогүй. Мэргэшсэн эмч үүргээ биелүүлээгүй бол 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт байгаа. Мэргэшсэн эмч үүргээ биелүүлээгүй бол ямар арга хэмжээ авах уу? гэдэг нь Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1-ээр зохицуулсан байгаа. Тэгвэл хүндрүүлсэн заалтыг яагаад хэрэглэх болсон бэ? гэдэг нь тодорхойгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.3-д “Эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол” гэдэг заалт байгаа. Тэгэхээр хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага нь Бүсийн оношилгоо эмчилгээний төв мөн үү. Энд ажиллаж байгаа Д.Н эмч мөн байсан уу? гэдэг асуудлыг нарийн шалгах ёстой байсан.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг барьж шийдвэрлэж байгаа нь буруу, үндэслэлгүй байна. Хариуцагч Эрүүл мэндийн сайдын А/293 дугаартай тушаалыг барьж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл журам барьж зөрчил гаргасан гэж үзэж хуулийн хариуцлага хүлээлгэсэн шүү гэсэн зохицуулалт нь нөгөө журам дээрээ байгаа юу?. Хэрвээ энэ журмыг зөрчвөл Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт журам дээр байхгүй байсан. Мэргэшсэн эмчид хариуцлага хүлээлгэж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцлага хүлээлгэх байсан. Хууль хэрэглээг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Д.Н бол мэргэшсэн эмч хүн гэдэг дээр маргаагүй” гэв.

            Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их эмч Д.Н нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламжийн хүлээн авах тасагт ээлжийн хэсгийн их эмчийн үүргийг гүйцэтгэж байсан. Ээлжийн их эмчийн үндсэн үүрэг гэдэг бол тэнд ажиллаж байгаа багийг удирдах, зохион байгуулах, тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 28.3, 10.3-д заасан болон Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрэм, журмын дагуу үзүүлэх үүрэгтэй байдаг. Энэ үзүүлэх үүрэг нь албан тушаалын тодорхойлолт, их эмчийн ажил үүргийн хуваарьт тодорхой дурдсан байдаг. Д.Н-ын өөрийн гүйцэтгэж байгаа ажил үүргийн хуваарийн хувьд ажлын 8 цагийн хугацаанд тодорхой цаг хугацаагаар үйлчилгээ үзүүлсэн бүх бүртгэл, журналыг бүртгэж баримтжуулдаг. Мөн яаралтай түргэн тусламжийн хүлээн авах тасгаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийг камерын бичлэг буюу дүрс бичлэгээр баримтжуулдаг байгаа. Д.Н бол тосч үйлчлэх үндсэн зарчимтай байдаг. Эрүүл мэндийн сайдын А/293 дугаартай тушаалд зааж өгсөн байгаа. Цагдаагийн байгууллагын 2 ажилтан өвчтөнийг түрж оруулж өгч Д.Н-д хүлээлгэж өгсөн байдаг. 30 гаран секундын дараа сувилагч тэр хүнийг коридор руу түр гаргаад дараа нь Д.Н эмч коридорт тэр хүнтэй үзлэг хийхгүйгээр асуулт тавьж харьцсан байдаг. Яаралтай түргэн тусламжийн тасагт ирсэн өвчтөнд онош гэхээсээ илүү биеийн байдалд нь үндсэн үнэлгээг хийж эрэмбэлэх ёстой. Эрүүл мэндийн сайдын А/293 дугаартай тушаалд 4 янзын эрэмбэ байгаа. Энэ хүнд тохирох эрэмбийг нь тавьж шаардлагатай тохиолдолд дараагийн арга хэмжээг авч мэргэжлийнхээ үүргийг биелүүлэх ёстой байсан. Д.Н өөрөө энэ хүнтэй харьцсан. Ийм учраас яаралтай түргэн тусламжийн тасгийн үндсэн зарчим зөрчигдөж байна.

Д.Н ажлын 8 цагт 21 хүнд үйлчилгээ үзүүлсэн байдаг. Цагийн хугацаагаар авч үзвэл 1 цагт 3-4 хүнд үйлчилсэн учраас ачаалалтай гэж үзэх үндэслэл байхгүй. Эрэмбийн ангиллаар буюу А ангилалд багтах хүний амь нас эрсдэхээр үйлчлүүлэгч ирээгүй. С, В эрэмбэтэй үйлчлүүлэгч нар ирсэн. В гэдэг нь 30 минут хүлээгдэх, С гэдэг нь 2 цаг хүлээгдэх байдалтай хүмүүс ирж үйлчлүүлсэн. Ихэнх тохиолдолд ямар үйлчлүүлэгчийг яаралтай түргэн тусламж үзүүлэх үйлчлүүлэгчид гэж авч үзэх вэ гэхээр хүүхэд, өндөр настай хүн, авто машины осолд өртсөн хүмүүс яаралтай түргэн тусламж үзүүлэх ангилалд ордог. Ийм тохиолдол харьцангуй гайгүй бол дараагийн үйлчлүүлэгчдээ үйлчлэх зарчимтай байдаг. Ийм тохиолдлын өвчтөн Д.Н дээр ирээгүй байгаа. Хийж байгаа үйлдэл нь 1 хүүхдэд унтуулгатай боолт хийсэн байдаг. Энэ нь 13 цаг 30 минутад буюу талийгаачийг орж ирэхээс өмнө дууссан байдаг. Тэгэхээр талийгаач Бийг 13 цаг 43 минутад цагдаагийн ажилтан эмчилгээний өрөөнд оруулсан байдаг. Ингэхэд Д.Н текнийхээ цаанаас гарч ирж цагдаагийн ажилтан болон үйлчлүүлэгчтэй харьцаж байсан. 30 секундын дараа сувилагч талийгаачийг коридорт гаргасан байдаг. Биеийн байдлыг нь үнэлэхдээ асуултанд хариулахгүй байгаа тохиолдолд биеийн байдлыг нь хүнд гэсэн хэлбэрлүү оруулах боломж байсан. Тэгэхээр хүнийхээ биеийн байдлыг зөв үнэлж чадаагүй. Өөрөө бол манайд ийм юм зөндөө гардаг. Тухайн үед цагдаагийн байгууллагын ажилтан авчирсан. Ар гэр, хаяг нь тодорхойгүй хүмүүс хонож өнжөөд явдаг. Тийм болохоор би үзээгүй гэсэн тайлбар өгдөг. Ямар ч тохиолдолд эмч, эмнэлгийн мэргэжилтэн шууд үйлчилж биеийн байдлыг нь үнэлэх ёстой. Хамгийн анх хүлээж авсан эмч яаралтай түргэн тусламж үзүүлэх ёстой. Үүнийг манайд анагаах ухаанд эмчлэгч эмч гэж нэрлэдэг. Тэгэхээр хамгийн анхны эмчлэгч эмч байх ёстой хүн бол Д.Н байгаа. Д.Н үзлэг хийгээгүй хойшлуулсан. 13 цаг 42 минутаас 16 цаг 00 минут хүртэл хугацаа байсан. Яаралтай түргэн тусламжийн тасаг шууд оношлох гэхээсээ илүү үзлэг хийж эмчилгээ хийх нь чухал. Үүнийгээ хийгээгүй. Д.Н ачаалалтай байсан уу гэхээр тухайн үед 13 цаг 42 минутад үзлэг хийж дараа нь эмнэлгийн 2 хүн орж ирж даралт үзүүлсэн. Өмнө нь эмчилгээ хийлгэж байсан 2 хүн бол орон дээр эмчилгээгээ үргэлжлүүлээд байж байсан. Эд нар текнийхээ ард байсан. Яг энэ үйлдэл дээр талийгаачийг хүлээж авч байхад Д.Н ачаалалгүй байсан гэж үзэх боломжтой байгаа. Хамгийн гол алдаа юу вэ? гэхээр 16 цагт ажлаа хүлээлцэхдээ Б эмчид цагдаагийн байгууллагын ажилтан ирж авна гэж хэлсэн байдаг. Б эмч 16 цаг 03 минутад Д.Н-тай ирж уулзаж 16 цаг 05 минутад Д.Н, Б 2 талийгаачийг хараад ярилцаж байдаг. Энэ үед хамтраад биеийн байдлыг нь үзсэн бол байдал арай өөр байх байсан. Ядаж хугацаа алдахгүй байх байсан. Хажуу талд нь ээлж хүлээлцэж авч байсан сувилагч энэ хүнийг хэзээ ирж авах вэ? манайх ачаалалтай байна гэж хэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагын ажилтан аюулгүй байдлыг нь хангаж эмнэлэг дээр хүргэж ирсэн байхад эмч үзлэг хийх үүргээ биелүүлээгүй байна. Тэгэхээр цагдаагийн ажилтанд эргэлзээд үзээгүй гэж болохгүй юм. Д.Н цаг хугацаандаа ажлынхаа байран дээр байж байгаад үүргээ биелүүлж байсан байна. Гэхдээ үүргийг чандлан биелүүлэх удирдамж зааврыг мөрдөх гэдэг бол эмч, эмнэлгийн мэргэжилтний хуулиар зохицуулсан асуудал. Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3-д “эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандарт мөрдөнө” гэж заасан байгаа. Эмнэл зүйн удирдамж гэдэг нь Эрүүл мэндийн сайдын А/293 дугаартай тушаал, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтны мөрдөх стандарт байгаа. Энэ стандарт журмаа үндэслээд биеийн амин үзүүлэлтийн зөв үнэлгээг гаргах асуудлыг үүрэг дотор биччихсэн байгаа. Д.Н бол хүнийг хүлээж аваад амин үзүүлэлтийг нь хэмжээд дараа нь эргэлзээ төрөх юм бол нарийн мэргэжлийн эмчид хандаж болох байсан. Гэтэл Д.Н нэг ч дусал хийгээгүй, биеийн амин үзүүлэлт, шинжийг нь тодорхойлоогүй учраас бүртгэл байхгүй. Картаар бүртгээгүй бүртгэлд аваагүй учраас талийгаачийг эмнэлгийн үйлчилгээнд тодорхой хэмжээгээр хамрагдсан гэж үзэх боломжгүй байна. Д.Н ажлын 8 цагт ажил үүргийнхээ тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй байна. Энэ зөрчил дээр давхардсан зөрчил гарч ирж байгаа. Өөрөө хүний биеийн байдлыг бодитоор үнэлээгүй байж дараагийн эмчдээ цагдаа ирж авна гээд хэлчихдэг. Энэ нь дараагийн эмчийн үзлэг шинжилгээ хийх нөхцөл байдлыг хойшлуулж талийгаач эмнэлгийн нэг ч тусламж үйлчилгээ авч чадаагүй байж байгаад амь нас нь хохирсон байгаа. Зөрчлийн хэрэг үүсгээд шалгаж байхдаа Д.Н-ыг энэ хүнийг ямар нэгэн байдлаар гадуурхсан, биеийн байдлыг нь үзээгүй байдал байна уу гэж сайн тодруулж асуусан. Д.Н ийм сэтгэл гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Д.Н, Б хоёр хоорондоо амаар ээлжээ хүлээлцсэн. Хэргийн бодит байдлыг хэлж ээлжээ хүлээлгэж өгөх байсан. Ээлжээ буруу хүлээлцэж бодит байдлын үзлэг Б очоогүйгээс талийгаачид эмнэлгийн тусламж очоогүй нас барсан. Ийм ёс зүйн зөрчил гаргасан. Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4-д заасан ёс зүйн зөрчил гаргасан. Ёс зүйн хэм хэмжээг чандлан мөрдөнө гэсэн үүргээ биелүүлээгүй байгаа. Ямар нэгэн байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийж байхад яагаад чи тэр хүнийг үзэхгүйгээр Б-т 102-оос цагдаагийн ажилтан ирж авна гэж хэлсэн бэ гэхээр Цагдаа ирээд аваад явна гэж бодсон. Өмнө нь ийм хүн хэд, хэдэн удаа ирж байсан болохоор үзээгүй гэж мэдүүлсэн. Д.Н ингэж хэлээгүй бол Б-тай нүүр тулж мэдүүлэг авах байсан. Гэтэл Д.Н өөрөө би тэгж хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр өдөр ажлын 8 цагт Д.Н 21 үйлчлүүлэгч хүлээж авсан. Харьцангуй давхцаж орж ирсэн өвчтөн бага, ачаалал багатай байсан. Д.Н бол яаралтай түргэн тусламж үзүүлж чаддаг мэргэшсэн эмч. Яаралтай асуудал гарвал цаана нь 2 эмч, 8 сувилагчийн нөөц байгаа. Архины хүнд хордлогоос болсон хүнд амиа алдахаас нь өмнө тэр хугацаанд болохоосоо нь болохгүй хүртэл ажлаа хийх ёстой байсан. Ядаж үзлэг хийхэд ийм байсан шүү гэж хэлэх боломжтой байсан. Аль, аль нь архины хордлогоос гадна ямар зориуртай байна гэдгийг бодох ёстой байсан. Гэтэл тэр хүн би 2 хоног хоол идэж чадаагүй гэж хэлж байхад нь даралтыг нь хэмжиж, биеийн амин үзүүлэлт, эмгэг шинжүүдийг тодорхойлох үзлэг хийх боломжтой байсан. Гэтэл тийм үйлдэл хийхгүй, хуульд заасан үүргээ биелүүлж чадаагүй байна. Үүргээс биелүүлээгүйгээс болж Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан. Сувилагч талийгаачийг коридорт гаргаж тавьсан гэж байна. Камерын бичлэг дээр хүргэж өгсөн 2 цагдаа, сувилагч, Д.Н 4 тойрч байгаад талийгаачийг коридорт гаргасан байдаг. Тэгэхээр сувилагч бие дааж тийм шийдвэр гаргаагүй гэж бодож байна гэв.”[2] гэв.

            Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Н-аас ОАМХГ-ын ЭЧХУБ Д.О-т холбогдуулан “Улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0063635 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлыг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            ОАМХГ-ын ЭЧХУБ-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0063635 дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Д.Н-ыг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчсөн гэж үзэж, уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.3-т зааснаар хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох, эмчлэх эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.

            Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн яаралтай тусламжийн хэсгийн их эмч Д.Н нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 08:00-16:00 цагийн хооронд ээлжийн их эмчээр ажилласан байх бөгөөд тухайн ээлжийн их эмчээр ажиллаж байх хугацаанд 13 цаг 42 минутад цагдаагийн хоёр ажилтан өвчтөн Д.Б-ийг тэргэнцэрт суулган Хүлээн авах өрөөнд хүргэж ирсэн боловч их эмч Д.Н нь тухайн өвчтөнд үзлэг хийгээгүй, эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлээгүй болох нь 2025000121 дугаартай зөрчлийн хэргийн материал, хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгээр тус тус нотлогдож байна.

            Тухайн өвчтөнг Яаралтай түргэн тусламжийн Хүлээн авах өрөөнд оруулж ирэх үед их эмч Д.Н нь өөр өвчтөнд үзлэг хийж байгаагүй, өмнө үзлэгт хамрагдсан хоёр хүн эмчилгээгээ үргэлжлүүлж байсан ба тухайн цаг мөчид өвчтөн Д.Б-д үзлэгийн ажиллагааг эхлүүлэх бүрэн боломжтой байхад үзлэг хийгээгүй, 16.00 цагт ажил хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд үзлэг хийгээгүй нь зөрчлийн хэргийн материал, хэргийн оролцогчдын тайлбар, камерын бичлэгээр тогтоогдсон.

            Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Д.О нь их эмч Д.Н-ын өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй эс үйлдэхүйг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчсөн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй, зөрчлийг бүрэн шалгаж, бодит нөхцөл байдлыг зөв тогтоосон байна.

            Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ““Эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оншлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг” ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 /Түргэн тусламжийн үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий түргэн тусламжийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, өмчийн бүх хэлбэрийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай эмнэлэг үзүүлнэ/, 11.2 /Түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн чиглэлээр сургагдсан эрүүл мэндийн бусад ажилтнаас бүрдсэн баг үзүүлнэ/-т зааснаар түргэн тусламжийн үйлчилгээг мэргэжлийн болон тусгай эмнэлэг болон тухайн эмнэлгийг төлөөлөн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэхээр заажээ.

            Иймд ажил, үүргийн хуваарийн дагуу тухайн өдрийн 8.00-16.00 цагийн хооронд Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламж үйлчилгээний хэсгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг их эмч Д.Н болон тухайн ээлжид гарч байгаа баг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй, тухайн байгууллагын эмнэлгийн тусламж үйлчилгээний ажил эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүдээр дамжин хэрэгжихээр байжээ.

            Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 3-т “Түргэн тусламжийн үйлчилгээний зохион байгуулалт, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталсан журмаар зохицуулна” гэж зааснаар Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/293 дугаар “Журам, заавар батлах тухай” тушаалаар түргэн тусламжийн үйлчилгээний зохион байгуулалт, үйлчлэх хүрээг зохицуулсан байна. Энэхүү журмаар эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг ямар журмаар хэрхэн гүйцэтгэх, үзлэг оношилгоог хэрхэн хийх, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тогтоосон, эрүүл мэндийн салбарт дотооддоо мөрдөх нэгдсэн стандарт байх бөгөөд энэхүү журамд заасан ажиллагааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйлчилгээг үзүүлэхэд баримтлах нэгдсэн стандарт гэж үзнэ.

            Тус журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журам”-ын 5.3-т “Яаралтай тусламжийн эмч, сувилагч үйлчлүүлэгчийг угтан авч, бүртгэл, хяналтын картад бүртгэн, анхан шатны үзлэгээр амин үзүүлэлт, эмгэг шинжүүдийг тодорхойлон, эрэмбэлж, үйлчилгээнд шуурхай хамруулна” гэж заасан. Их эмч Д.Н нь энэ журамд заасан эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг Д.Б-д үзүүлээгүй, тодруулбал, өвчтөн Д.Б нь тус Яаралтай түргэн тусламжийн хэсгийн Хүлээн авахад 13 цаг 42 минутад хүргэгдэн ирсэн байхад түүнийг бүртгэл, хяналтын картад бүртгэж аваагүй, анхан шатны үзлэг, амин үзүүлэлт, эмгэг шинжүүдийг тодорхойлох анхны үзлэгийг хийгээгүй, үүнийг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн, мэргэжлийн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй.  

            Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 /Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ/-т зааснаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн дээрх эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 /Хуульд заасан: 2.1.эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй; 2.2.эх барих тусламж, үйлчилгээнд тавигдах шаардлагыг биелүүлээгүй; 2.3.эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...торгоно/-т зааснаар шийтгэл  оногдуулах үндэслэл болно.      

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь заалт нь байгууллагад хамааралтай заалт бөгөөд хүнд хамааралгүй, тийм учраас хүндрүүлсэн зүйлийг баримтлан шийтгэл оногдуулсан” гэж маргаж байгаа бөгөөд энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.  

            Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т

2.Хуульд заасан:

2.1.эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй;

2.2.эх барих тусламж, үйлчилгээнд тавигдах шаардлагыг биелүүлээгүй;

2.3.эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол” гэсэн гурван төрлийн зөрчилд “учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...торгоно” гэсэн шийтгэлийн арга хэмжээг оногдуулахаар хуульчилсан.

Их эмч Д.Н-ын гаргасан зөрчил нь эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг үзүүлээгүй эс үйлдэхүйгээр илэрч байгаа бөгөөд энэхүү зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.3-т заасан “учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...торгоно” гэсэн хуулийн хүрээнд 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр торгож, эмчлэх эрхийг 3 сараар хасах шийтгэл оногдуулсан нь зөрчилд холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хуульд заасан шийтгэлийн хэмжээ хязгаарыг хэтрүүлээгүй, улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарч байгаа бөгөөд хууль зөрчөөгүй байна.

Иймд МХГ-ын ЭЧХУБ-ийн шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн арга хэмжээ нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 /Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна/, 3.1 дүгээр зүйлийн 2 /Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна/-т зааснаар зөрчлийн шинж байдал, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон, хуульд заасан үндэслэл журмын хүрээнд гарсан гэж үзэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

       1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.Н-ын ОАМХГ-ын ЭЧХУБ Д.О-т холбогдуулан гаргасан “ОАМХГ-ын ЭЧХУБ-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0063635 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ

[1] ХХ-ийн 1-4 дэх тал.

[2] ХХ-ийн 15-23 дахь тал.