Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2020/0266

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            Д.О-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, О.Б, хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаар шийдвэртэй, Д.О-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаар шийдвэрээр:

Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.1, 41 дүгээр зүйлийн 41.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.О-ын ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 10-аас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олговор 25,496,467 /хорин таван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж Д.Очирбатад олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Төрийн албан тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар Төрийн нарийн бичгийн албан тушаал нь тэргүүн түшмэлийн албан тушаалд хамаарч байх ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.1-д зааснаар “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” гэж тус тус зохицуулжээ. Нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн яамны Төрийн  нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийн зохицуулалттай зөрчилдөж, захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөлийг үүсгэхээр байна” гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уур эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх...” гэсэн заалтыг зөрчсөн дүгнэлт хийсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан болохыг анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хүний эрхийг зөрчсөн захиргааны маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлж байгаа болохоос 2020 оны 2 дугаар сарын маргаан биш болохыг шүүх анхаараагүйгээр барахгүй өнгөрсөн цаг хугацааны асуудлыг эдүүгээчлэн шийдвэрлэж болохгүй гэх хуульчийн алтан дүрмийг зөрчин шүүхийн шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл хуулийг буцаан хэрэглэхгүй болохыг анхан шатны шүүгчид анхаарсангүй.

Мөн нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” эрхийн дагуу нэхэмжлэл гаргасан бөгөөд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д зааснаар нэхэмжлэлээр үүссэн маргаан болохыг шүүх анхаарсангүй.

Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан бөгөөд энэ тухайн захиргааны акт гарах үеийн нөхцөл байдлыг хуулийн дагуу тогтоох үйл ажиллагаа юм.

Энэ бидний авч үзэж буй маргаан нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөнтэй холбоотой маргаан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөнтэй холбоотой маргааны зарим хэсэг нь иргэний хуулийн бүрэлдэхүүнд орох хөдөлмөрийн хуулиар зохицуулах харилцаа тул иргэний хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зохицуулалтыг анхан шатны шүүх анхаарсангүй.

Шүүхийн шийдвэр нь гагцхүү Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гаргасан 2018 оны 01 дүгээр сард буюу тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол улсын Үндсэн хууль ба Төрийн албаны тухай хуулийг хэрэглэснээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой. Гэтэл гуравдагч этгээдийн эрх ашигт илтэд үйлчлэн хууль хэрэглээнд алдаа гаргаж хэрэг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийг хэрэглэн нэхэмжлэгчийн эрхийг  зөрчлөө.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай “2002 оны” хуульд заасан төрийн албан хаагчид тавигдах болзол шаардлагыг хангасан гэж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж байсан иргэний хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүйгээр зөрчсөн ажлаас халагдснаас хойш хүчин төгөлдөр болсон Төрийн албаны тухай хуулийг барьж шийдвэрлэж байгаа нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

2019 онд хүчин төгөлдөр болсон Төрийн албаны тухай хуулинд заасан төрийн албан хаагчийн шалгуур үзүүлэлт нь шинээр төрийн албан тушаалд томилогдох иргэнд үйлчлэх бөгөөд мөн шүүх 2018 оны үйл явдлыг хэлэлцэж байгаа болно.

Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.12, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/55 дугаар тушаал, “Зүрхний төрөлхийн гажиг, тосгуур хоорондын таславчийн цоохой, оношилгоо, мэс заслын эмчилгээ, MNS 6384-10.2013 стандарт, “Гол судасны хавхлагын нарийсал, гажиг, оношлогоо, мэс заслын эмчилгээ MNS 6384-10.2013 стандарт” гэж Эрүүл мэндийн сайдын 2018 оны а/210 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Д.О-ыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас халжээ” гэсэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлтийг хийжээ.

Энэ дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 тушаалд хоёр өөр нэршил бүхий боловч стандартын МNS 6384-10.2013 дугаар бичсэн илэрхий алдаатай тушаал байгаад дүгнэлт хийсэнгүй.

Мөн шүүх “Д.О нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны Б/20 дугаар тушаалаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан ба ажил олгогчоос түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2018 оны 05 сарын 18-ны өдрийн А/91 дүгээр тушаалаар ...мэс  заслын багийн бүрэлдэхүүнийг баталсан атлаа түүний үр дагаварыг хариуцахгүй гэж маргаж буй нь..” гэсэн галзуу солиотой хүний өдрийн тэмдэглэл шиг, Монгол Улсад болон дэлхийн аль ч улсад мэс заслын баг буюу мэргэшсэн эмчийн өмнөөс өөр хүн хариуцлага хүлээдэг ийм гаж тушаалыг хуульд нийцсэн гэж үздэг шүүхтэй болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэндийн сайд нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/200 дугаартай тушаалаар АНУ-ын 2 иргэнд Монгол улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тушаал гаргаж, энэ тушаалд заасан АНУ-ын 2 иргэний 2018 оны 5 дугаар сарын 21 ба 22-нб өдрүүдэд хийсэн мэс заслаас болж Монгол Улсын хоёр иргэн нас барсан бөгөөд улс төрийн албан тушаалтны шийдвэрээр Монгол Улсын хоёр иргэн амь насаа алдсан болохыг ард түмнээс нуух зорилгоор төрийн албан хаагч Д.О буруутай мэтээр мэдээлэл цацаж төрийн албан хаагчийг ажлаас халсан энэ үйл явдалд шүүх бодит бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй.

Д.О-ыг Улсын нэгдүгээр эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг гүйцэтгэхээр өмнө энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Улсын нэгдүгээр эмнэлгийн ерөнхий захирал байсан Б.Б нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр А/41 дүгээртэй Улсын нэгдүгээр эмнэлгийн ерөнхий захирлын тушаал гаргаж зүрхний нээлттэй мэс засал хийх багийн бүрэлдэхүүнийг баталсан байхад шүүх энэ талаар дүгнэлт мөн хийсэнгүй. Эрүүл мэндийн сайдын болон өмнөх Улсын нэгдүгээр эмнэлгийн ерөнхий захирал байсан Б.Б нарыг тушаалын дагуу бүрдүүлсэн мэс заслын баг 2018 оны 5 дугаар сарын 21, 22-нд мэс засал хийсэн болохыг шүүх анхаарсангүй. Нэхэмжлэгч Д.Очирбат нь өмнөх шийдвэрийг хэрэгжүүлж буй албан тушаалтан билээ. Өөрөөр хэлбэл 2 Монгол хүний амь нас үрэгдсэн асуудлыг Эрүүл мэндийн сайд Д.С, Улсын Нэгдүгээр эмнэлгийн ерөнхий захирал байсан Б.Б нарын шийдвэр бөгөөд түүнийгээ ард түмнээс нуух зорилгоор Д.О-ыг ажлаас буруутай мэтээр харагдуулах үйл ажиллагааг зохион байгуулсан болохыг анхан шатны шүүгчид анхаарсангүй.

Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалын утга нь “халсугай” гэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримтлаагүй буюу хууль хэрэглээний илэрхий алдаатай тушаал байгааг хуульд нийцсэн гэж буруу дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн хуулийн 38.1.2 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээ цуцлах ба сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах заалт биш бөгөөд дээрх тушаалд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн Хөдөлмөрийн  тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг баримтласан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад хэрэглэх заалт биш бөгөөд энэ нь Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажилд олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна” гэж ойлговол зохино” гэсэнтэй зөрчилдөж байгааг шүүх анхаарсангүй.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” мөн зүйлийн 4-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр гаргаж байгаагаа анхан шатны шүүх анзаарсангүй.

Мөн уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дэх заалтыг баримтлаагүй тушаал байгаа нь хуулийг зөв хэрэглээгүй тушаалыг хуульд нийцсэн гэж хуулийг буруу тайлбарлан хуульд нийцэхгүй дүгнэлт хийжээ.

Мөн шүүх Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дараах хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.

Хавтас хэрэгт Засгийн газраас ирсэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулж дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн захиалганд тухайн албан тушаалд ажиллаж байсан Д.О нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөн талаар шүүхэд маргаантай байгаа тул сонгон шалгаруулалт явуулах боломжгүй гэсэн хариуг Төрийн албаны зөвлөл өгч байсан талаарх баримтад шүүх огт дүгнэлт хийгээгүй байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлага нь төрийн албаны шалгалтанд орсон иргэний хувьд биш төрийн жинхэнэ албан хаагч ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу төрийн албаны хуульд заасан сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт явууллаа энэ нь нэхэмжлэгч миний эрхийг зөрчиж байна. Шүүх энэх талаар дүгнэсэнгүй.

Шүүгч “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая...” гэж тангараг өргөсөн билээ. Гэтэл Монгол Улсын Үндсэн Хуулийн дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” ЗХХШ тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй “ гэсэн хуулийг үгүйсгэсэн дүгнэлт хийдэг шүүгчтэй шүүхтэй болжээ. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгч нь үндсэн хууль ба тухайн харилцааг зохицуулж буй хэм хэмжээг үгүйсгэн дүгнэлт хийх ёсгүй билээ.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.1-д заасан байхад нөөцөөс бүрдүүлэхгүй сонгон шалгаруулалт явуулж байгаа үйлдээ хууль нийцэж байгаа гэж тайлбарлаад Төрийн албаны зөвлөл нь үйл ажиллагааг зөв гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул эхлээд Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу нөөцөөс бүрдүүлэх үүргээ Төрийн албаны зөвлөл биелүүлэх ёстойг анхаарсангүй. Харин бүүр хуулийн УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан журмыг иш үндэс болгож, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж хэрэг маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэлгүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Шүүх ажлаас үндэслэлгүй халагдсаны нөхөн олговор олгохдоо Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж байсан хугацааны цалинг хасаж тооцсон нь буруу юм. Хөдөлмөр эрхэлсэн бол түүндээ тохирсон цалин хөлсийг авах эрхтэй бөгөөд улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн захирлын ажлын түр орлон гүйцэтгэсэн хугацаанд ажилласан цалингаа авсан болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаар шийдвэрт нэхэмжлэлийг бүрэн хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.  

1. Нэхэмжлэлийн “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлагын тухайд:

Маргаан бүхий 15 дугаар тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг тус тус үндэслэн “Өөр ажилд томилогдох” болсонтой нь холбогдуулан Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Уг тогтоолыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “ ... өөр албан тушаалд томилогдох хүсэлт гаргаж байгаагүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг зөрчиж чөлөөлсөн, ажил албан тушаалаа хангалттай биелүүлж байсан, Эрүүл мэндийн яамнаас хуурамч бичиг баримт явуулсан, урьдчилсан мэдүүлэг явуулаагүй, миний гарын үсэг биш” гэж, хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “... 2017 онд Эрүүл мэндийн яаман дээр үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн илтгэх хуудас гарч, зөрчлүүд илэрсэн, мөн 2018 онд Үндэсний аудитын газраас зөрчил арилгуулах албан шаардлага, төлбөрийн актууд ирсэн нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан үеийн зөрчилтэй холбоотой, үндсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж чадаагүй, өөрийн албан тушаалын чиг үүргийг мэдэхгүй, ажиллаж байх хугацаандаа төсвийн алдагдалтай байсан, хүний  нөөцийн чадвар сул, ажлын үүргээ хангалттай биелүүлж чадаагүй тул үйлчилгээний албан тушаалд бууруулан томилсон ...” гэж маргаж[1], холбогдох илтгэх хуудас, аудитын дүгнэлт, албан шаардлага зэрэг нийт 139 хуудас баримтыг ирүүлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д төрийн жинхэнэ албан тушаалтныг “төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох болсонтой” холбогдуулан чөлөөлөхдөө тухайн этгээдээс заавал зөвшөөрөл авах талаар заагаагүй байна. Маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн зөвхөн дээрх заалтыг баримталсан тул Д.О-ыг “өөр ажил буюу үйлчилгээний албан тушаалд томилогдох болсон” нь мөн хуулийн 22.1-д зааснаар “албан ажлын зайлшгүй шаардлага” гарсантай холбоотой, эсхүл мөн хуулийн 23.1-д зааснаар “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”-тэй холбоотой албан тушаал бууруулсан эсэх талаарх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоосны дараа уг акт тухайн хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Хэрэгт Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаар хуралдааны Д.О-д холбогдох асуудлыг хэлэлцсэн дэлгэрэнгүй тэмдэглэл авагдаагүйгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “албан тушаалын үүргээ хангалтгүй биелүүлж байсан учраас төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн” гэх тайлбар, нэхэмжлэгчийн “надаас зөвшөөрөл аваагүй атлаа өөр ажилд томилно гэж албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлсөн” гэх тайлбаруудын аль нь үндэслэлтэй болох нь тогтоогдохгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдал буюу маргаан бүхий акт гарах болсон шалтгааныг тогтоогоогүй, хариуцагчийн дээрх тайлбар, ирүүлсэн баримтуудыг няцаасан дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авсан нь үндэслэл муутай байна. Тэрээр маргаан бүхий акт гарснаас хойш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын албан тушаалд Д.О-ыг томилохоор нэр дэвшүүлэхтэй холбоотой дүгнэлт гаргуулахаар Эрүүл мэндийн яамны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1а/137 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газар руу хүргүүлсэн нэр дэвшигчийн анкет, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ажлын байрны тодорхойлолтуудын огноо зөрүүтэй байдлыг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн маргаан бүхий тушаалыг хууль бус гэж дүгнэх үндэслэлээ болгосон нь логик алдаатай дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч энэ талаар маргаж байхад эхлээд нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн шалтгааныг тогтоож “албан ажлын зайлшгүй шаардлагаар” өөр ажилд томилсон бол түүнээс зөвшөөрөл авсан эсэх талаар дүгнэх, харин “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”-тэй холбоотой чөлөөлсөн бол зөвшөөрөл авсан эсэх нь хамааралгүй, харин “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” эсэхийг дүгнэх шаардлагатай болно.

Гэтэл анхан шатны шүүх “... өөр ажилд шилжүүлэн томилох хүсэлт” гаргаж байгаагүй, өөр ажилд томилогдон ажиллахыг зөвшөөрсөн, эсхүл албан тушаалд шилжин ажиллахаар хүсэлт гаргасан аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж хэргийн нөхцөл байдлыг нэг талаас нь үнэлж, маргаан бүхий 15 дугаар тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан зохицуулалтад нийцээгүй гэж  дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

Иймд Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, уг хуралдаан дээр Д.Очирбатыг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх ямар үндэслэл хэлэлцсэн, түүнтэй холбоотой шаардлагатай нэмэлт баримт цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг тогтоож, тухайн асуудлыг зохицуулсан хуулийг хэрэглэж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

          2. Нэхэмжлэлийн “Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

          Уг тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/55 дугаар тушаал, Монгол Улсын “Зүрхний төрөлхийн гажиг, тосгуур хоорондын таславчийн цоорхой, оношилгоо мэс заслын эмчилгээ MNS 6384-2.2013” стандарт, Монгол Улсын “Гол судасны хавхлагын нарийсал гажиг, оношилгоо, мэс заслын эмчилгээ MNS 6384-10.2013” стандарт, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/210 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Д.О-ыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас халжээ.

          Үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “ ... ажилд хамааралгүй асуудлаар мэс засал хийх явцад өвчтөн нас барсан, мэс засал хийх, удирдах эрхгүй захиргааны албан тушаалтанд мэс засалтай холбоотойгоор ажлаас халсан, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, гэрээ байгуулаагүй, урьдах захирлын баталсан А/41, А/44 дүгээр тушаалын дагуу тухайн мэс засал хийгдсэн” гэж, хариуцагч Эрүүл мэндийн сайдаас “ажил үүргээ биелүүлээгүй, нээлттэй мэс засал хийх орчин нөхцөл, мэргэжлийн  хүний нөөц, зориулалтын багаж тоног төхөөрөмж бүрдээгүй байхад мэс засал хийх тушаал гаргаж, 2 хүний амь нас хохирсон ноцтой алдаа гаргасан, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах үүрэгтэй албан тушаалтан бөгөөд үүргээ биелүүлж чадаагүй тул хариуцлага тооцсон” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын 2016 оны А/41 дүгээр тушаалаар[2] Зүрх шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэхийн бэлтгэл болгож нээлттэй зүрхний мэс заслыг хөгжүүлэх багийг байгуулж, улмаар мөн оны А/44 дүгээр тушаалаар[3] тус эмнэлгийн Зүрхний шилжүүлэн суулгах өндөр технологийн багийн ахлагчийг чөлөөлсөн байна.

Мөн нэхэмжлэгч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг гүйцэтгэж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/91 дүгээр тушаал[4] гаргаж Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Ютагийн их сургуулийн зүрхний мэс заслын баг хамтран 2018.05.21-22-ны өдрүүдэд зүрхний нээлттэй мэс заслын тусламж үйлчилгээ, эмчилгээ үзүүлэхийг зөвшөөрчээ.

Үүнээс үзвэл түүнийг өөрийнх нь гаргасан дээрх А/91 дүгээр тушаалын дагуу 05 дугаар сарын 21, 22-ны өдөр хийгдсэн мэс засал амжилтгүй болсонтой холбоотой буруутгасан байх тул “... 2016 оны А/41, А/44 дүгээр тушаалын дагуу мэс засал хийгдсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Харин Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/200 дугаар тушаалаар[5] Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл анх удаа олгох 9 гадаадын эмнэлгийн мэргэжилтний нэр, төрөлжсөн мэргэшлийн чиглэл, зөвшөөрлийн төрөл, хүчинтэй хугацааг баталсны дотор дээрх мэс заслыг хийсэн АНУ-ын 2 эмч багтжээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Монгол улсад эмчлэх тусгай зөвшөөрөл нь олгогдоогүй этгээдээр мэс засал хийлгэхээр тушаал гаргасан боловч үүний улмаас мэс засал амжилтгүй болсон гэж шууд үзэхээргүй байна.

Мөн Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/210 дугаар тушаалаар[6] байгуулсан дээрх нээлттэй мэс засал хийсэн багийн үйл ажиллагаатай танилцаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг Д.О-д хариуцлага тооцуулахаар дүгнэлт гаргасан боловч уг мэс засал амжилтгүй болсон шалтгааныг юу гэж үзсэн, Д.О-ыг юунд буруутгасан талаар дэлгэрэнгүй дүгнэлт, тэмдэглэл, баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн “... техник технологийн боломж нөхцөл бүрдээгүй байхад мэс засал хийхийг зөвшөөрсөн” гэж нэхэмжлэгчийг буруутгаж албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Анхан шатны шүүх дээрх баримтыг цуглуулсны үндсэн дээр тухайн 2018.05.21-22-ны өдрүүдийн мэс заслын үр дүнтэй холбоотойгоор Д.О-д хариуцлага тооцсон нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзлээ.

Иймд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх баримтуудыг бүрэн цуглуулсны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

        

 

 

 

 


[1] Хэргийн 1-р хавтас 105-109 дэх тал

[2] Хэргийн 3-р хавтасны 171 дэх тал

[3] Хэргийн 4-р хавтасны 169-170 дахь тал

[4] Хэргийн 4-р хавтасны 173-177 дахь тал

[5] Хэргийн 4-р хавтасны 76-77 дахь тал

[6] Хэргийн 4-р хавтасны 105-107 дахь тал