Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 730

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Б.Баярхүү, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Хар дархад овогт Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Х овогт Т.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908004810131 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Хар дархад овогт Б.Н, Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, ...... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар ......., урьд:

            - Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 188 дугаартай талсан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2. Хуацай овогт Т.Д, Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131-3 дугаар байрны 13 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар ......, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Шүүгдэгч Б.Ннь ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Нүхтийн ам гэх газарт Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад “Анхааралд өртөхөөргүй”, Монгол Улсад “Мэдээлэл дутмаг” зэрэглэлд багтдаг, Олон улсын САЙТИС-ийн II хавсралтад бүртгэгдсэн, Монгол Улсад ховор зүйлийн амьтны жагсаалтад бүртгэгдсэн бие гүйцсэн, эм бодгаль хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын .... тоотод байрлах амбаарт хүрэн баавгайн гаралтай түүхий эд болох хар хүрэн өнгийн зүстэй толгой, сарвуутай арьсыг хадгалсан, мөн яллагдагч Б.Ннь Т.Дтай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” захын орчим .... УНС улсын дугаартай, Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэлд Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад “Анхааралд өртөхөөргүй”, Монгол Улсад “Мэдээлэл дутмаг” зэрэглэлд багтдаг, Олон улсын САЙТИС-ийн II хавсралтад бүртгэгдсэн, Монгол Улсад ховор зүйлийн амьтны жагсаалтад бүртгэгдсэн бие гүйцсэн, эм бодгаль хүрэн баавгайн гаралтай түүхий эд болох хар хүрэн өнгийн зүстэй толгой, сарвуутай арьсыг бусдад худалдаалах зорилгоор тээвэрлэсэн,

Шүүгдэгч Т.Д нь Б.Н гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эмээлт” захын орчим .... УНС улсын дугаартай, Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэлд Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад “Анхааралд өртөхөөргүй”, Монгол Улсад “Мэдээлэл дутмаг” зэрэглэлд багтдаг, Олон улсын САЙТИС-ийн II хавсралтад бүртгэгдсэн, Монгол Улсад ховор зүйлийн амьтны жагсаалтад бүртгэгдсэн бие гүйцсэн, эм бодгаль хүрэн баавгайн гаралтай түүхий эд болох хар хүрэн өнгийн зүстэй толгой, сарвуутай арьсыг бусдад худалдаалах зорилгоор тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...шүүгдэгч Б.Ннь ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Нүхтийн ам гэх газарт Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад “Анхааралд өртөхөөргүй”, Монгол Улсад “Мэдээлэл дутмаг” зэрэглэлд багтдаг, Монгол Улсад ховор зүйлийн амьтны жагсаалтад бүртгэгдсэн бие гүйцсэн, эм бодгаль хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн худгийн 10 тоотод байрлах гэрийнхээ амбаарт хүрэн баавгайн гаралтай түүхий эд болох хар хүрэн зүстэй толгой, сарвуутай арьсыг хадгалсан,

            - мөн шүүгдэгч Б.НТ.Д нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” захын орчим .... УНС улсын дугаартай, “Toyota Carina” загварын тээврийн хэрэгслээр Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад “Анхааралд өртөхөөргүй”, Монгол Улсад “Мэдээлэл дутмаг” зэрэглэлд багтдаг, Монгол Улсад ховор зүйлийн амьтны жагсаалтад бүртгэгдсэн бие гүйцсэн, эм бодгаль хүрэн баавгайн гаралтай түүхий эд болох хар хүрэн зүстэй толгой, сарвуутай арьсыг бусдад худалдаалах зорилгоор тээвэрлэсэн...” гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Нын шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нүхтийн аманд адуундаа явж байсан. Тэгтэл гэнэт баавгай гарч ирээд над руу дайрсан...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Т.Ды шүүх хуралдаанд өгсөн: .”.. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн орчим Н над руу яриад “баавгайн арьс авах хүн байна уу” гэж асуусан. Би асууж үзье гэж хэлээд “We” чатаар Б гэдэг хүнтэй холбогдоод баавгайн арьсыг зарахаар болсон. Тэр хүн “Эмээлт”-д аваад ир гэж хэлсэн. Тэгээд Н бид хоёр Монос дээр уулзаад “Эмээлт”-д очиход цагдаа нар ирсэн байсан бөгөөд бид хоёрыг саатуулсан...” гэсэн мэдүүлэг;

            3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.В мөрдөн байцаалтад өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын тасгийн дарга, Байгаль орчны хяналтын ахлах байцаагчаар томилогдоод 2 сар болж байна, харин Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 10 жил ажилласан, өмнө нь сумандаа байгаль хамгаалагчаар 3 жил ажилласан. Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн шинжилгээний дүгнэлттэй танилцаа. Дүгнэлтээр хар хүрэн зүстэй, толгой сарвуу бүхий хүрэн баавгайн арьс нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон эм бодгаль хүрэн баавгайнх болохыг тогтоосон байна. Манай сумын нутагт Нүхтийн ам гэх газар байдаг, битүү ой модтой газар юм. Нүхтийн ам гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарахгүй. Харин өвөл 1 дүгээр сард баавгай явж байсан гэхээр би гайхаад байгаа, уг нь баавгай ичсэн байх ёстой. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон бөгөөд эм бодгаль хүрэн баавгай нь 7,500,000 төгрөгийн үнэлгээтэй. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар тухайн амьтны адил үнэлж нөхөн төлбөр тогтооно гэж заасан, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байдаг, гэм буруутай этгээдээр 7,500,000 төгрөгийг хоёр дахин үржүүлэн 15,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/;

            4. Хэргийн газарт үзлэг хийсэн “...СХД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх бөгөөд тухайн автомашин нь ..... УНС гэсэн улсын дугаартай “Саппа” маркийн саарал өнгийн автомашин байх бөгөөд...автомашины баруун талын урд хаалгаар дотор орж үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд...зүүн талын урд сандал болон хойд сандал хоёрын гол хэсэгт цагаан цэнхэр өнгийн шуудайд хийсэн эд зүйл байх бөгөөд уг эд зүйлийг үзэхэд баавгайн арьс бүхий үсэрхэг, хүрэн бор өнгийн хөлдсөн байдалтай байв..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар хуудас/;

            5. Гэрч О.Б...17 цагийн орчим вокзалын арын зам дагуу явж байтал нэг танихгүй залуу гараа өргөхөөр нь би авсан. Тэгсэн тэр залуу "Монос” гэх газар очно гэсэн. Тэгээд "Монос” гэх газар очиж нэрийг мэдэхгүй нэг залуутай уулзсан. Тэгээд тэр 2 залуу хоорондоо эд зүйл худалдаалах гээд яриад байсан. Яг юуны талаар ярьсныг нь би мэдэхгүй байна. Тэгсэн тэр хоёр залуу "Эмээлт” зах дээр хүн үзье гэж байна гээд надтай мөнгө тохироод явсан. Эмээлт зах дээр очсон чинь бөөн хүмүүс ирээд худалдаалах гэж байсан эд зүйлийг нь үзэж хараад байсан. Тэгээд би баавгайн арьс байна гэдгийг нь мэдсэн. Тэгсэн цагдаа ирсэн. Би Н, Д гэх хоёр залууг танихгүй. Өнөөдөр цагдаагийн газар ирээд нэрийг нь мэдэж байна. Надад баавгайн арьсны талаар яриагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/;

            6. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Б 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б.Н эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/;

            7. Мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Б 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20- 23 дугаар хуудас/;

            8. Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.О 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48 дугаар хуудас/;

            9. Мөрдөгч, цагдаагийн хошууч Г.О 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд /хх-ийн 50-51 дүгээр хуудас/;

            10. Цагдаагийн Ерөнхий Газрын бүртгэл хяналтын төвийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22/251 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...Галт зэвсгийн бүртгэл мэдээллийн санд Б.Н нь ан агнуурын зориулалтын ОХУ-д үйлдвэрлэсэн гол төмрийн КЛ3665, замгийн КЛ3665 дугаартай урт буу эзэмшдэг...” талаарх лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/;

            11. Гэрч Р.Г “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний орчим тус багийн "Нүхтийн ам” гэх газраас баавгай агнасан эсэх талаар мэдсэн сонссон зүйл байхгүй. Өдийд ичээнээс гарчихсан явж байдаг баавгай гэж юу байх вэ дээ. Б.Н бол ан гөрөө хийдэг, буу эзэмшдэг хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/;

            12. Гэрч Т.Т “...Тэр надад сонин болгоод л ярьсан. Би буудсан баавгайгаа яасан гэдгийг нь сонирхож асуугаагүй. Нүхтийн ам гэдэг газар нь Б.Н ойролцоогоор 5-6 км зайд байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95 дугаар хуудас/;

            13. Гэрч Н.Б “...Б.Н агнасан талаар сонсож дуулаагүй, Б.Ннь баавгай дайрсан учир өөрийгөө хамгаалахаар баавгайг агнасан тухай албан ёсоор хэлж мэдэгдэж байгаагүй. Манай сумын нутагт Нүхтийн ам гэх газар байдаг, энэ газар багийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийш 15 орчим км газарт байдаг, битүү ой мод бүхий хөвчийн уул хангай газар. Нүхтийн ам газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарахгүй, Нүхтийн ам гэх газрын ойролцоо манай багийн хадлангийн бүс нутаг учир тусгай хамгаалалттай газар биш гэдгийг сайн мэдэж байна. Өвөл баавгай явж байна гэхээр их сонин санагдаад байгаа юм, уг нь ичсэн байх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 99 дүгээр хуудас/;

            14. Шүүгдэгч Б.Н гэрчээр өгсөн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байх Тарни 8 дугаар багт байх гэртээ байж байгаад Нүхтийн ам гэх газар луу явсан. Ширгийн захаар явж байтал хүрэн өнгийн баавгай гараад ирсэн. Өөрийнхөө винтов буугаар нэг удаа цээжин тус газар нь нэг удаа буудсан. Тэгээд баавгай үхсэн. Тэгэхээр нь би баавгайг тэр газарт нь шулаад махыг нь баавгай алсан газраа хаяад арьс, толгой, 4 сарвууг нь аваад явсан. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр танил дүү Д утсаар холбогдоод баавгайн арьс, толгой, сарвуу байна. Худалдаж авдаг хүн байна уу гэж асуухад Д баавгайн арьс, толгойгоор нь чихмэл хийдэг хүн байгаа гэсэн. Тэгээд би Улаанбаатар хот орж Дтай уулзахаар болоод 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгээс 13 цагийн вагонд баавгайн арьсаа аваад Улаанбаатар хотод орсон. Тэгээд 16 цаг өнгөрч байхад ирээд Д холбогдоход 5-н шарын хажууд байх Моносын тэнд аваад ирээч гэсэн. Тэгэхээр нь би вокзалаас такси бариад Моносын тийшээ очоод Дтай уулзсан. Тэгсэн Д нэг хүн авна гэсэн. Эмээлтэд байгаа гэсэн. Тэгэхээр нь бид хоёр такситайгаа Эмээлт ороход Д утсаар яриад ирчихлээ гэсэн, цагдаагийн алба хаагчид ирээд барьсан...хууль бусаар ан амьтан агнаж болохгүй талаар мэднэ...баавгайн арьс, толгой, 4 сарвууг би мөнгө олох зорилгоор худалдах гэж байсан. Таксины жолоочийг танихгүй, хориотой ан авч явааг мэдээгүй, би нуугаад угаасаа хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/;

            15. Шүүгдэгч Т.Д гэрчээр өгсөн “...12 цагийн орчим Н над руу утсаар яриад баавгайн арьс авах хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би хүмүүсээс асууя гэж хэлсэн. Н нэг сая, таван зуун мянган төгрөгөөр зарна гэж надад хэлсэн. Би интернэтээр зар тавиад нэг хүнтэй холбогдоод зарахаар болсон. Тэгсэн намайг Б гэдэг хаягаар Эмээлт зах дээр уулзъя гэж хэлсэн. Тэгээд би Нтай “Монос”-ын уулзвар дээр уулзахаар болсон. Н бид хоёр 17 цагийн орчим Моносын уулзвар дээр уулзаад шууд цааш эмээлт зах орж Б гэх хүнтэй уулзсан. Тэгсэн Б гэх хүн цагдаа байсан...Н надаа хэзээ, хаанаас, хэнтэй хамт явж байгаад баавгай агнасан талаараа яриагүй...Нтай хамт жолоо бариад явж байсан Б гэх хүнийг танихгүй. Өнөөдөр цагдаагийн газар ирээд нэрийг нь мэдсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/;

            16. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн “...Тухайн хэрэгт хамаарах амьтны сарвуу, толгойн яс бүхий арьс нь Хүрэн баавгайн зүйлд хамаарах бөгөөд бие гүйцсэн, эм бодгаль болохыг тодорхойлов. Хүрэн баавгайн арьсанд 1-2 см голчтой 5 нүх байсан нь дээрх амьтныг буудаж агнасан болохыг илтгэж байна. Хүрэн баавгайн нь ховор зүйл бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар ОУ-д “Анхааралд өртөхөөргүй” болон манай оронд “Мэдээлэл дутмаг” зэрэглэлд багтдаг. Олон улсын САЙТИС-ийн II хавсралтад бүртгэгдсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ”-нд үнэлснээр Хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 106 дугаар хуудас/;

            17. Хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Тод үнэлгээ” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “...ОХУ-д үйлдвэрлэгдсэн КЛ3665 гол төмрийн дугаартай, КЛ3665 замагтай, КО-91/30 винтов маркийн буу нь 2019 оны 01 дүгээр сарын байдлаар 1,500,000 төгрөгийн үнэ ханштай байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 143-146 дугаар хуудас/;

            18. Шүүгдэгч Б.Н иргэний үнэмлэхийн лавлагаа (1х-ийн 29 дүгээр хуудас), оршин суух газрын тодорхойлолт (1х-ийн 140 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1х-ийн 79 дугаар хуудас), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (1х-ийн 135 дугаар хуудас), шүүгдэгч Т.Ды иргэний үнэмлэхийн лавлагаа (1х-ийн 31 дүгээр хуудас), оршин суух газрын тодорхойлолт (1х-ийн 67 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1х-ийн 80 дугаар хуудас);

            19. Шүүгдэгч Б.Н, Т.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 117-119, 126-127 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч хүрэн баавгайн арьс авч явсан Б.Н, Т.Д, О.Б нараас ямар учиртай баавгайн арьс болох талаар тодруулах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тэднээс хуульд заасан журмын дагуу гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд ийнхүү мэдүүлэг авах үед гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх талаар болон тэдний хэн аль нь гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар ямар нэгэн баримт хэрэгт цуглараагүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байх тул шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.Н өмгөөлөгч Х.С гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Б.Н өөрийн амь насыг бодит аюулаас зайлуулахын тулд гэмт хэргийн шинжтэй хийсэн үйлдэл нь гарцаагүй байдалд орсны улмаас гэмт хэрэг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гарцаагүй байдал нь: Нэгдүгээрт, бодит аюул тулгарсан байх ёстой байдаг. Б.Н мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлгээ үнэн зөвөөр тогтвортой өгч байсан, тухайн үед айж сандарсандаа баавгай руу хэдэн удаа буудсанаа мэддэггүй. Гэртээ ирээд бууныхаа сумыг харахад 3 сум нь байхгүй байсан учраас 3 удаа буудсан гэж бодож байгаа. Хоёрдугаарт, аюулаас хамгаалж байгаа зүйл нь хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд “хүн амьд явах эрхтэй” гэж заасан байдаг. Иймд Б.Ннь өөрийн амиа хамгаалахын тулд тухайн үйлдлийг хийсэн гэх үндэслэлтэй байна. Гуравдугаарт, тулгарсан аюулыг зайлуулах ямар ч арга хэмжээ байгаагүй. Б.Нд буудахаас өөр арга байгаагүй гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд батална. Дөрөвдүгээрт, гарцаагүй байдалд хийсэн үйлдэл нь тулгарсан аюулаас бага байх ёстой байдаг. Хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Харин баавгай нь 7,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн. 2018 оны өвөл маш дулаан байсан. Тиймээс 01 дүгээр сарын 24-ний өдөр баавгайтай таарсныг худлаа гэх үндэслэл байхгүй байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд зааснаар гарцаагүй байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж гэм буруугүйд тооцох нь зүйтэй. Улсын яллагч шүүгдэгч Б.Ныг баавгайн арьсыг хадгалсан гэж буруутгаж байна. Миний үйлчлүүлэгч өөрөө “сарвуу, толгойг нь авсан, бусад махыг нь хаясан” гэдгээ хэлж байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар дээр очиж үзлэг хийж өгөөч гэсэн хүсэлтийг гаргахад хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Баавгайн арьсыг зарж борлуулж болох талаар мэдээллийг сонсоогүй байсан бол энэ хэрэг үйлдэгдэхгүй байх байсан гэсэн эргэлзээ төрж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Т.Д өмгөөлөгч Б.О гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Т.Д нь баавгайн арьсыг бусдад худалдаалах зорилгоор тээвэрлээгүй.  Н нь Мандал сумаас уг баавгайн арьсыг галт тэргээр тээвэрлэж ирсэн. Тэгээд 29-17 УНС улсын дугаартай Toyota Carina загварын такситай ирээд Моносын гадаа Т.Дтай уулзаж, уг такситайгаа арьсаа аваад Эмээлт рүү явсан байна. Т.Д нь зөвхөн Нд баавгайн арьс авах хүн олж өгөөд тэр хоёрыг уулзуулахаар авч явсан. Иймд Т.Ды үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна. Учир нь Т.Ды авто машинаар тээвэрлээгүй. Т.Дд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Анхан шатны шүүх өмгөөлөгч нарын дүгнэлтэд дурдсан асуудлаар дараах дүгнэлт, няцаалтыг өгч байна. Үүнд:

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр энэ хэрэгт хамаарах амьтны сарвуу, толгойн яс бүхий арьс нь хүрэн баавгайн зүйлд хамаарах бөгөөд бие гүйцсэн, эм бодгаль болохыг, мөн хүрэн баавгайн арьсанд 1-2 см голчтой 5 нүх байсан ба дээрх амьтныг буудаж агнасан болохыг тус тус тодорхойлсон, шүүгдэгч Б.Н  хүрэн баавгай өөр лүү нь дайрсан тул амиа хамгаалж буудсан гэх боловч энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, харин эсрэгээрээ Улаанбаатар хот руу шүүгдэгч Т.Д  утсаар холбогдож зарж борлуулах талаар ярьж тохирон хот руу орж ирсэн, мөн хүрэн баавгайн арьсыг зориуд толгой, дөрвөн сарвууг нь үлдээж шулж янзалсан байгаа зэргээс дүгнэвэл шүүгдэгч Б.Н шунахайн сэдлээр хүрэн баавгай агнаж, толгой сарвуу бүхий арьс болох түүхий эдийн зүйлийг ашиг олох зорилгоор гэртээ хадгалж, улмаар бусдад худалдан борлуулах зорилгоор Т.Д үгсэн тохиролцож тээвэрлэсэн гэж үзэх бодитой үндэслэл байна.

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн Дөрөвдүгээр бүлэгт тусгайлан хуульчилсан бөгөөд хуульд заасан нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуулиар хамгаалсан үнэт зүйлд хохирол учруулсан тохиолдолд тухайн этгээд энэ талаар хууль сахиулах байгууллагад заавал мэдэгдэж, өөрийн үйлдлийн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдлыг зохих журмын дагуу шалгуулсан байхыг шаардана.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд “...өөрийгөө хамгаалж тусгай зөвшөөрөлгүйгээр хүрэн баавгай алсан...” гэж мэдүүлж байгаа боловч тэрээр гарцаагүй байдлын улмаас Эрүүгийн хуульд заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хуульд заасан журмын дагуу шалгуулаагүй байхын зэрэгцээ ашиг олох зорилгоор толгой, дөрвөн сарвууг нь үлдээн арьсыг нь өвчиж авсан, улмаар худалдан борлуулах зорилгоор бусадтай үгсэн тохиролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний үйлдсэн “хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.   

Шүүгдэгч Т.Д нь хүрэн баавгайн арьсыг худалдан борлуулах зорилгоор Эмээлт гэдэг газар луу авч явах үйлдэл хийхээсээ өмнө шүүгдэгч Б.Н урьдчилан үгсэж тохиролцсоны үндсэн дээр толгой сарвуу бүхий хүрэн баавгайн арьсыг худалдан авах хүн хайж олсон, улмаар шүүгдэгч Б.Н худалдан авагчтай уулзуулах, баавгайн арьсыг худалдан борлуулах зорилгоор хамт явж байгаа нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ өөрийн сайн дураар хийсэн үйлдэл байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Өмгөөлөгч Б.О хувьд шүүгдэгч Т.Д нь өөрийнхөө тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй учир гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгах дүгнэлт гаргаж буй нь үндэслэлгүй бөгөөд хориотой зүйлсийг тээвэрлэх үйлдлийг гэмт этгээд өөрийн тээврийн хэрэгслээс гадна галт тэрэг, нисэх онгоц, автобус, такси гэх мэт нийтийн тээврийн хэрэгслийг, түүнчлэн үндэсний болон олон улсын шуудан илгээмж ашигласан байхыг мөн адил хамааруулан ойлгоно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ..тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, ...тээвэрлэсэн” шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Н хувьд ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ...тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, ...тээвэрлэсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар, шүүгдэгч Т.Д хувьд тусгай зөвшөөрөлгүйгээр агнагдсан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар тус бүрдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг гэмт хэрэгт тооцогдож, нэг зүйлчлэгдэх тул гэмт хэргийн талаарх прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Гэхдээ эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний практикт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаарх ерөнхий ангийн хэм хэмжээг журамлан зүйлчилдэггүй бөгөөд зөвхөн ял шийтгэл оногдуулахад ялгамж тогтоосон, эсхүл хэрэглэх хуулийг өөрчилсөн буюу хууль буцаан хэрэглэсэн тохиолдолд тухайн зүйл, хэсэг, заалтыг журамлаж тусгай ангид заасан гэмт хэргийн зүйл, хэсэг, заалтаар зүйлчилдэг онцлогтой. Иймд прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж зүйлчилсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, хууль хэрэглэх эрх бүхий албан тушаалтан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн эрх зүйн зарчмууд, үйлчлэх хууль, нутаг дэвсгэр, цаг хугацаа, нэг гэмт хэрэгт, эсхүл нийлмэл гэмт хэрэгт тооцох, мөн гэм буруу гэх мэт олон төрлийн хэм хэмжээг үндэслэн хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр гэмт явдлыг зүйлчилдэг боловч энэхүү хууль зүйн дүгнэлт хийхэд ашигласан бүх хэм хэмжээгээ журамлаж зүйлчилдэггүй.

Мөн прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд гэмт хэрэг хамтран үйлдсэн талаарх зүйлчлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Тодруулбал, шүүгдэгч Б.Н энэ гэмт хэрэгт хамаарах ховор амьтан болох хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүний түүхий эдийн зүйлийг гэртээ хадгалсан үйлдлийг бие даан гүйцэтгэсэн бөгөөд урьдчилан үгсэн тохиролцсоны үндсэн дээр тухайн түүхий эдийн зүйлийг худалдан борлуулах зорилгоор шүүгдэгч Т.Д хамт тээвэрлэж явсан байх тул бүх үйлдлийг гардан гүйцэтгэсэн шүүгдэгч Б.Н энэ гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Н хувьд худалдан борлуулах зорилгоор тээвэрлэсэн үйлдэлд нь дэмжлэг үзүүлсэн буюу өөрийн хүсэл зоригоор хүрэн баавгайн арьс худалдан авах хүн хайж олсон, шүүгдэгч Б.Н баавгайн арьс худалдан авах хүн рүү дагуулж явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийн хамжигч гэж үзнэ.

Прокурор гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон бөгөөд гүйцэтгэсэн үүрэг оролцоо нь харилцан адилгүй байгаа хүмүүсийг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэсэнд хамаарах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн байх тул үүнийг хасаж, зохион байгуулагч гэснийг гүйцэтгэгч гэж, гүйцэтгэгч гэснийг хамжигч гэж тус бүр хөнгөрүүлэн өөрчилж зөвтгөх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Хар дархад овогт Б.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Хуацай овогт Т.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч Б.Н хувьд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Ды хувьд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр хөнгөрүүлэн өөрчлөв.      

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Ныг “хууль бусаар ан агнах” гэмт хэргийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалж, бусадтай бүлэглэн худалдаалах зорилгоор тээвэрлэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Д “хууль бусаар ан агнах” гэмт хэргийг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдаалах зорилгоор тээвэрлэсэн гэмт үйлдэлд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ”-нд үнэлснээр Хүрэн баавгайн эм бодгаль 7,500,000 төгрөгөөр үнэлэгдэж байх бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 15,000,000 төгрөгөөр тогтоолоо.

Шүүгдэгч Б.Н, Т.Д нарын хэн аль нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хамтран хариуцах нь зүйтэй бөгөөд 15,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нь эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцэхээс өмнө шүүх хуралдааныг ажлын тав хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан завсарлах хугацаанд шүүгдэгч Б.Ннь шүүхээс тогтоосон 7,500,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч Т.Ды өмгөөлөгч Б.О “...миний үйлчлүүлэгч хүрэн баавгайг агнаагүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхгүй. Шүүхээс гэм буруутайд тооцогдсон этгээд бүр хохирлыг төлнө гэсэн үндэслэл байхгүй. Хохирлыг учруулсан хүн л нөхөн төлөх ёстой. Дашлхахан нь баавгайг алаад ир гэж хэлээгүй, зөвхөн баавгайн арьс авах хүнийг олж, зуучилж өгсөн. Ийм учир Дашлхахан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй...” гэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон хүн бүр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй. Жишээ нь, хулгайлах гэмт хэргийн тухайд орон байр луу нэвтрээгүй, хулгайлах үйлдлийг гардаж хийгээгүй боловч гадна хүн харж зогсох байдлаар дэмжлэг үзүүлсэн хүн ч гэмт хэрэг хамтран үйлдсэнд тооцогдох бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран хариуцдаг болохыг өмгөөлөгчид сануулах нь зүйтэй.

Хууль бусаар ан агнах гэмт хэргийн тухайд зөвхөн агнасан буюу амьтны амь тасалсан хүнээс гадна захиалагч, худалдан авагч, зуучлагч, дамжуулан борлуулагч гэх мэт олон төрлийн хүмүүсийг энэ гэмт хэргийн субъект байж болохоор хуульчилсан. Хууль тогтоогчийн үзэл санаа нь ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийн эрэлтээс үүдэлтэй хууль бус зах зээлтэй бүх талаас нь тэмцэх явдал юм. Иймд хүрэн баавгайг агнаагүй хэдий ч арьсыг нь худалдан борлуулах зорилгоор гэмт хэрэгт хамтран оролцож идэвхтэй үйлдэл хийсэн тул шүүгдэгч Т.Д нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран хариуцах хууль зүйн үндэслэлтэй.  

Жич: прокурорын яллах дүгнэлтэд “...Олон улсын САЙТИС-ийн II хавсралтад бүртгэгдсэн...” хэмээн тусгаж, хэргийн нөхцөл байдлыг тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь Монгол Улсын соёрхон баталсан болон нэгдэн орсон гэрээний жагсаалтад САЙТИС гэсэн гэрээ одоогоор алга.

Олон улсын эрх зүйд “Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora” гэсэн конвенцыг “CITES” гэсэн англи нэрийн товчлол хэлбэрээр түгээмэл хэрэглэдэг боловч Монгол Улс 1996 онд энэхүү олон улсын гэрээнд нэгдэн орохдоо “ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛДААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ” гэсэн албан ёсны нэрээр (Монгол орчуулга) нэгдэн орсон бөгөөд энэхүү конвенцын Нэгдүгээр хавсралтаар устах аюулд орсон төрөл зүйлийг, Хоёрдугаар хавсралтаар устах аюулд орж болзошгүй төрөл зүйлийг, Гуравдугаар хавсралтаар улс орнууд дотооддоо зохицуулах шаардлагатай гэж үзсэн төрөл зүйлийг тус тус жагсаажээ.

Прокурор нь яллах дүгнэлт үйлдэх үедээ шинжээчийн дүгнэлтэд САЙТИС гэж бичсэн албан бус нэр томьёог үг, үсэггүй хуулбарлан тусгажээ. Зүй нь, прокурор яллах дүгнэлт үйлдэхээсээ өмнө хамаарал бүхий олон улсын болон үндэсний хууль тогтоомжоо судалж үзэхээс гадна хэрэглэх хэм хэмжээ нь мөн эсэх, хуулийн хүчин төгөлдөр байгаа эсэхийг хянаж үзэх учиртай. Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон чиг үүргийг хэрэгжүүлж буй хуульчийн хувьд цаашид олон улсын гэрээг хэрэглэж эрх зүйн баримт бичиг үйлдэхдээ албан ёсны орчуулга бүхий монгол нэрээр нь тусгаж, мөн судалж байвал зохино.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ннь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Т.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус бүр тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ннь урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд хамааруулахгүй.  

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.Ннь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Д нь 7,500,000 төгрөг төлөх төлбөртэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Нын ОХУ-д үйлдвэрлэсэн КЛ3665 гол төмрийн дугаартай, КЛ3665 замагтай, КО-91/30 винтов маркийн 1 ширхэг бууг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох, мөн хүрэн баавгайн хар хүрэн өнгийн зүстэй толгой сарвуутай арьсыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторид хүлээлгэн өгөх саналыг шүүхэд гаргаж байна...”гэв.

            Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ннь шүүхээс тогтоосон хохирол болох 7,500,000 төгрөгийг төлсөн. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тухайн баавгайг шунахайн сэдэлтээр биш харин өөрт учирсан аюулыг арилгахын тулд үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Тиймээс хорих ялын доод хэмжээг оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Т.Ды өмгөөлөгч Б.Оюунбилэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Дашлхахан нь баавгайн арьс авах хүнийг олж, зуучилж өгсөн гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн. Миний үйлчлүүлэгчид тус зүйл ангийн хорих ялын доод хэмжээг оногдуулж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

            Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох хуулийн үндсэн шаардлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон бөгөөд үүнд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байхыг шаарджээ.

            Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь хууль зүйн хувьд хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар ямар нэгэн маргаангүй бөгөөд эдгээрийг бүхэлд нь сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх явдал юм. Шүүгдэгч Б.Н, Т.Д нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн шаардлагыг хангаагүй тул өмгөөлөгч нараас гаргасан тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй.

            Нөгөөтээгүүр, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн хувьд нэгэнт учруулсан хор уршгийг арилгах боломжгүйн зэрэгцээ энэ төрлийн гэмт хэргийн улмаас бий болох эх дэлхийн экологийн тэнцэл алдагдах, цаг агаарын өөрчлөлт гэх мэт сөрөг нөлөө нь ирээдүйд ч үргэлжилсээр байдгаараа бусад төрлийн гэмт хэргээс ялгарах онцлогтойг тэмдэглэхийн зэрэгцээ энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг мөнгөөр илэрхийлж арилгах боломжгүй байдгийг дурдах нь зүйн хэрэг. 

Шүүхээс шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял тус бүр оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үүрэг оролцоо, тэдний хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэхэд үр нөлөөтэй гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бөгөөд өөрийнх нь өмч болох ОХУ-д үйлдвэрлэгдсэн  КЛ 3665 гол төмөрийн дугаартай, КЛ3665 замагтай, КО-91/30 винтов маркийн нэг ширхэг буу, Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторид хадгалагдаж буй хүрэн баавгайн хар хүрэн зүстэй толгой сарвуу бүхий нэг ширхэг арьсыг тус бүр улсын орлого болгож, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Т.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч Б.Нын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Ды хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Хар дархад овогт Б.Ныг “хууль бусаар ан агнах” гэмт хэргийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалж, бусадтай бүлэглэн худалдаалах зорилгоор тээвэрлэж үйлдсэн гэм буруутайд, Хуацай овогт Т.Дыг “хууль бусаар ан агнах” гэмт хэргийг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдаалах зорилгоор тээвэрлэсэн гэмт үйлдэлд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэм буруутайд тус бүр тооцсугай.

3.Шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял тус бүр шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Дд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тус бүрд нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хувь тэнцүүлэн ногдох хэсэг болох 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Т.Даас гаргуулж улсын төсөвт оруулсугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н, Т.Д нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Нтөлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж, Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүүгдэгч Б.Нын өмчлөлийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн КЛ 3665 гол төмөрийн дугаартай, КЛ3665 замагтай, КО-91/30 винтов маркийн нэг ширхэг буу, Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторид хадгалагдаж буй хүрэн баавгайн хар хүрэн зүстэй толгой сарвуу бүхий нэг ширхэг арьсыг тус бүр улсын орлого болгон хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА