Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 887

 

Б.Н, Т.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, Н.Намжилцогт,

шүүгдэгч Т.Ды өмгөөлөгч С.Батсайхан, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, Н.Намжилцогт, шүүгдэгч Т.Ды өмгөөлөгч С.Батсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Н, Т.Д нарт холбогдох эрүүгийн 1908004810131 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .................................., 1992 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131-3 дугаар байрны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /........................./;

2. ........................., 1981 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн худгийн 10 тоотод оршин суух бүртгэлтэй, /........................./,

Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

Б.Н нь ганцаараа 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Нүхтийн ам гэх газарт Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад “Анхааралд өртөхөөргүй”, Монгол Улсад “Мэдээлэл дутмаг” зэрэглэлд багтдаг, Олон улсын САЙТИС-ийн 2 дугаар хавсралтад бүртгэгдсэн, Монгол Улсад ховор зүйлийн амьтны жагсаалтад бүртгэгдсэн бие гүйцсэн, эм бодгаль хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, улмаар 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багын худгийн 10 тоотод байрлах амбаарт хүрэн баавгайн гаралтай түүхий эд болох хар хүрэн өнгийн зүстэй толгой, сарвуутай арьсыг хадгалсан,

мөн Б.Н нь Т.Дтай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” захын орчим 29-17 УНС улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгсэлд Олон Улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад “Анхааралд өртөхөөргүй”, Монгол Улсад “Мэдээлэл дутмаг” зэрэглэлд багтдаг, Олон улсын САЙТИС-ийн 2 дугаар хавсралтад бүртгэгдсэн, Монгол Улсад ховор зүйлийн амьтны жагсаалтад бүртгэгдсэн бие гүйцсэн, эм бодгаль хүрэн баавгайн гаралтай түүхий эд болох хар хүрэн өнгийн зүстэй толгой, сарвуутай арьсыг бусдад худалдаалах зорилгоор тээвэрлэсэн,

Т.Д нь Б.Нтай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” захын орчим 29-17 УНС улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгсэлд Олон Улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад “Анхааралд өртөхөөргүй”, Монгол Улсад “Мэдээлэл дутмаг” зэрэглэлд багтдаг, Олон улсын САЙТИС-ийн 2 дугаар хавсралтад бүртгэгдсэн, Монгол Улсад ховор зүйлийн амьтны жагсаалтад бүртгэгдсэн бие гүйцсэн, эм бодгаль хүрэн баавгайн гаралтай түүхий эд болох хар хүрэн өнгийн зүстэй толгой, сарвуутай арьсыг бусдад худалдаалах зорилгоор тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.Ды үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Т.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч Б.Нын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Ды хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилж, Хар дархад овгийн Баатарын Насанжаргалыг “хууль бусаар ан агнах” гэмт хэргийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалж, бусадтай бүлэглэн худалдаалах зорилгоор тээвэрлэж үйлдсэн гэм буруутайд, Хуацай овгийн Түмэнжаргалын Дашлхаханыг “хууль бусаар ан агнах” гэмт хэргийг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдаалах зорилгоор тээвэрлэсэн гэмт үйлдэлд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Дд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хувь тэнцүүлэн ногдох хэсэг болох 7.500.000 төгрөгийг шүүгдэгч Т.Даас гаргуулж улсын төсөвт оруулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н, Т.Д нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Н төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж, Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүүгдэгч Б.Нын өмчлөлийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн КЛ-3665 гол төмөрийн дугаартай, КЛ-3665 замагтай, КО-91/30 винтов маркийн буу нэг ширхэг, Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторид хадгалагдаж буй хүрэн баавгайн хар хүрэн зүстэй толгой, сарвуу бүхий нэг ширхэг арьсыг тус бүр улсын орлого болгон хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх хорих ялыг тухайн өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анхан шатны шүүх хуралдаанаас шүүгдэгч Б.Нын өмгөөлөгчөөр оролцсон. Шүүгдэгч Б.Н нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч Б.Н мэдүүлэгтээ “би малаа маллаж явсан. Гэтэл гэнэт урдаас баавгай дайрсан” гэдэг. Өөрөө анхан шатны шүүх хуралд энэ тухайгаа тодорхой мэдүүлсэн байдаг. Дайрахад нь би баавгайг буудсан. Харин сандарсан байсан тул хэдэн удаа буудсан болохоо санахгүй байна гэдэг. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч  Б.Н өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр анхан шатны шүүх хурал болсон. Шүүх хурлаар хэлэлцээд хоёр шүүгдэгчийг хоёуланг нь гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84.3 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн завсарлага авсан. Завсарлага авсан хугацаанд 2 шүүгдэгч хоёулаа төлбөрөө төлөх ёстой байсан. Гэтэл Дашлхаханы хувьд төлбөрөө төлөөгүй. Энэ нь манай үйлчлүүлэгчид нөлөөлсөн байх боломжтой. Анхан шатны шүүхээс хоёуланг нь гэмт буруутайд тооцсон тул хоёулаа хохирлыг төлөх ёстой. Шүүгдэгч Б.Н өөрт оногдсон хохирлоо төлсөн тул төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх хуралд прокуророос миний үйлчлүүлэгчид 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан. Гэтэл анхан шатны шүүх 3 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгч Б.Нын эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлж ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Н нь 2 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн, удахгүй төрөх гэж байгаа. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ныг нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Сэргэлэнбат өмгөөлөгчтэй санал нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулах нь оновчтой биш. Харин торгох ял оногдуулах нь оновчтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж дүгнэсэн байдаг. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хохирлыг төлсөн гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх ингэж дүгнэчихээд хоёр төрлийн санкцаас хорих ялыг оногдуулсан. Дүгнэлт маань эрүүгийн хариуцлагатайгаа уялдаатай байх ёстой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харахад шүүгдэгч Б.Н хоригдох юм бол ар гэрийн амьдрал нь хэцүү болно. Эхнэр нь жирэмсэн, хүүхдүүд нь бага насны хүүхдүүд байдаг. Иймд уг зүйл ангид заасан торгуулийн ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Ды өмгөөлөгч С.Батсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-т заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасан “гэмт хэргийн хамжигч”-аар гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай гэж дүгнэжээ. Тэгвэл  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн хохирол, хор уршгийг Т.Ды хувьд нотлогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.5 дугаар зүйлийн 1-д “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж хуульчилжээ. Энэхүү гэмт хэрэг ялтан баавгайг агнах, түүний түүхий эдийг Сэлэнгэ аймгийн Мандал сумаас тээвэрлэх, худалдаалахад хэрхэн дэмжлэг үзүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотлобол зохих байдал”-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогоогүй байна. Уг эрүүгийн хэрэгт баавгайн арьсыг Сэлэнгэ аймгийн Мандал сумаас галт тэрэг болон таксигаар тээвэрлэж ирэхээс өмнө хууль бусаар ан агнасан Б.Нд “таны баавгайн арьсыг зараад өгье” гэж хэлээд арьсыг өөрөө хадгалж байгаад худалдахаар тээвэрлэсэн үйлдэл тогтоогдсоны үндсэн дээр Т.Дыг баавгайн арьсыг худалдах, тээвэрлэх гэмт хэрэгт урьдчилан амласан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасан зүйл ангийг журамлан түүний гэм бурууг тогтоох учиртай. Гэтэл хэргийн бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр баавгайн арьсыг Т.Даар зуучлуулан түүний зааж өгсөн хүнд худалдах зорилгоор машиндаа тээвэрлэн түүн дээр ирснээр машинд сууж хамт Эмээлтэд очоод цагдаад баригдсан байдаг. Мөн баавгайн арьсыг худалдах хэлцэл хийх хүсэл зоригийг зөвхөн арьс авч явсан Б.Нд л байна уу гэхээс Т.Дд арьс худалдах хүсэл зорилго илэрхийлэгдэх боломжгүй юм. Тэгээд ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт “ховор амьтаны түүхий эд худалдахад зуучилсан” үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй байна. Харин ч Т.Д нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “баавгайн арьс зарна” гэж мэдээлэл тавиагүй байсан бол хууль бусаар ан агнасан энэ гэмт хэрэг илрэхгүй байх боломжтой байсан. Эндээс харахад Т.Ды үйлдэл хууль бус ан агнасан гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдэл юм. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг буруу хэрэглэж Т.Даас 7.500.000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, баавгайг хууль бусаар агнасны улмаас учирсан гэм хорыг гэм буруутай этгээд хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсаны хариуцлагаас чөлөөлөгдөнө”  гэж зааснаас үзэхэд баавгайг хэн хууль бусаар агнасан нь тогтоогдсон учир Т.Д нь уг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна. Иймд Т.Дыг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Д нь баавгайн арьсыг зарж борлуулах талаар зар тавьж, худалдан авагч олж өгөх зорилгоор дэмжлэг үзүүлж тусалсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Б.Н нь шунахайн сэдэлтээр баавгайг агнасан болох нь тогтоогдсон. Энэ нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөн шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд  мэдүүлэхдээ “баавгай гараад ирэхэд буудсан боловч мод руу зугтаж орсон. Араас нь хоёр удаа буудсан” гэсэн байдаг. Баавгайн арьс, сарвуу зэргийг авсан болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна гэж үзэв.

Б.Н нь ганцаараа 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Нүхтийн ам гэх газарт Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад “Анхааралд өртөхөөргүй”, Монгол Улсад “Мэдээлэл дутмаг” зэрэглэлд багтдаг, Олон улсын САЙТИС-ийн 2 дугаар хавсралтад бүртгэгдсэн, Монгол Улсад ховор зүйлийн амьтны жагсаалтад бүртгэгдсэн бие гүйцсэн, эм бодгаль хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, улмаар 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн худгийн 10 тоотод байрлах амбаарт хүрэн баавгайн гаралтай түүхий эд болох хар хүрэн өнгийн зүстэй толгой, сарвуутай арьсыг хадгалсан,

Б.Н, Т.Д нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” захын орчим 29-17 УНС улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгсэлд Олон Улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад “Анхааралд өртөхөөргүй”, Монгол Улсад “Мэдээлэл дутмаг” зэрэглэлд багтдаг, Олон улсын САЙТИС-ийн 2 дугаар хавсралтад бүртгэгдсэн, Монгол Улсад ховор зүйлийн амьтны жагсаалтад бүртгэгдсэн бие гүйцсэн, эм бодгаль хүрэн баавгайн гаралтай түүхий эд болох хар хүрэн өнгийн зүстэй толгой, сарвуутай арьсыг бусдад худалдаалах зорилгоор тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Волоожийн “...Манай сумын нутагт Нүхтийн ам гэх газар байдаг, битүү ой модтой газар юм. Нүхтийн ам гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарахгүй. Харин өвөл 1 дүгээр сард баавгай явж байсан гэхээр би гайхаад байгаа. Уг нь баавгай ичсэн байх ёстой. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон бөгөөд эм бодгаль хүрэн баавгай нь 7.500.000 төгрөгийн үнэлгээтэй. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар тухайн амьтны адил үнэлж нөхөн төлбөр тогтооно гэж заасан, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байдаг тул гэм буруутай этгээдээс 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /хх 87-88/,

гэрч О.Баттулгын “...17 цагийн орчим вокзалын арын зам дагуу явж байтал нэг танихгүй залуу гараа өргөхөөр нь би авсан. Тэгсэн тэр залуу “Монос” гэх газар очно гэсэн. Тэгээд “Монос” гэх газар очиж нэрийг нь мэдэхгүй нэг залуутай уулзсан. Тэгээд тэр 2 залуу хоорондоо эд зүйл худалдаалах гээд яриад байсан. Яг юуны талаар ярьсныг нь би мэдэхгүй байна. Тэр хоёр залуу “Эмээлт” зах дээр хүн үзье гэж байна гээд надтай мөнгө тохироод явсан. “Эмээлт” зах дээр очсон чинь бөөн хүмүүс ирээд худалдаалах гэж байсан эд зүйлийг нь үзэж хараад байсан. Тэгээд би баавгайн арьс байна гэдгийг нь мэдсэн. ...” /хх 10-11/,

гэрч Р.Ганзоригийн “...Өдийд ичээнээс гарчихсан явж байдаг баавгай гэж юу байх вэ дээ. Б.Н бол ан гөрөө хийдэг, буу эзэмшдэг хүн. ...” /хх 94/,

гэрч Т.Төмөрцоожийн “...тэр надад сонин болгоод л ярьсан. Би буудсан баавгайгаа яасан гэдгийг нь сонирхож асуугаагүй. Нүхтийн ам гэдэг газар нь Б.Нынхаас ойролцоогоор 5-6 км зайд байдаг. ...” /хх 95/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх бөгөөд тухайн автомашин нь 29-17 УНС гэсэн улсын дугаартай “Саппа” маркийн саарал өнгийн автомашин байх бөгөөд ...автомашины баруун талын урд хаалгаар дотор орж үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ...зүүн талын урд сандал болон хойд сандал хоёрын гол хэсэгт цагаан цэнхэр өнгийн шуудайд хийсэн эд зүйл байх бөгөөд уг эд зүйлийг үзэхэд баавгайн арьс бүхий үсэрхэг, хүрэн бор өнгийн хөлдсөн байдалтай байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-7/,

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн “...тухайн хэрэгт хамаарах амьтны сарвуу, толгойн яс бүхий арьс нь хүрэн баавгайн зүйлд хамаарах бөгөөд бие гүйцсэн, эм бодгаль болохыг тодорхойлов. Хүрэн баавгайн арьсанд 1-2 см голчтой 5 нүх байсан нь дээрх амьтныг буудаж агнасан болохыг илтгэж байна. Хүрэн баавгай нь ховор зүйл бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад “Анхааралд өртөхөөргүй” болон манай оронд “Мэдээлэл дутмаг” зэрэглэлд багтдаг. Олон улсын САЙТИС-ийн 2 хавсралтад бүртгэгдсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ”-нд үнэлснээр Хүрэн баавгайн эр бодгаль 6.500.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх 106/,

эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 20-23/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 48/, Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн Б.Нын буу эзэмшдэг талаарх лавлагаа /хх 78/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар зөв дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ныг “хууль бусаар ан агнах” гэмт хэргийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалж, бусадтай бүлэглэн худалдаалах зорилгоор тээвэрлэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Дыг “хууль бусаар ан агнах” гэмт хэргийг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдаалах зорилгоор тээвэрлэсэн гэмт үйлдэлд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Т.Даас 7.500.000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн хэргийн болон хувийн байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат “...Б.Н өөрт оногдсон хохирлоо төлсөн тул төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх хуралд прокуророос миний үйлчлүүлэгчид 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан. Гэтэл анхан шатны шүүх 3 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгч Б.Нын эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлж ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Н нь 2 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн, удахгүй төрөх гэж байгаа. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ныг нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Н.Намжилцогт “...Хохирлыг төлсөн гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх ингэж дүгнэчихээд хоёр төрлийн санкцаас хорих ялыг оногдуулсан. Дүгнэлт маань эрүүгийн хариуцлагатайгаа уялдаатай байх ёстой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харахад шүүгдэгч Б.Н хоригдох юм бол ар гэрийн амьдрал нь хэцүү болно. Эхнэр нь жирэмсэн, хүүхдүүд нь бага насны хүүхдүүд байдаг. Иймд уг зүйл ангид заасан торгуулийн ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Т.Ды өмгөөлөгч С.Батсайхан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн хохирол, хор уршгийг Т.Ды хувьд нотлогдоогүй. ...хэргийн бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр баавгайн арьсыг Т.Даар зуучлуулан түүний зааж өгсөн хүнд худалдах зорилгоор машиндаа тээвэрлэн түүн дээр ирснээр машинд сууж хамт Эмээлтэд очоод цагдаад баригдсан байдаг. Мөн баавгайн арьсыг худалдах хэлцэл хийх хүсэл зоригийг зөвхөн арьс авч явсан Б.Нд л байна уу гэхээс Т.Дд арьс худалдах хүсэл зорилго илэрхийлэгдэх боломжгүй юм. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт “ховор амьтаны түүхий эд худалдахад зуучилсан” үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй байна. ...Т.Даас 7.500.000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, баавгайг хууль бусаар агнасны улмаас учирсан гэм хорыг гэм буруутай этгээд хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Иймд Т.Дыг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Н нь ганцаараа баавгайг агнасан байх бөгөөд харин Т.Дтай бүлэглэн баавгайн түүхий эдийг худалдаалах зорилгоор тээвэрлэж явсан нь гэрч О.Баттулгын “...Тэр хоёр залуу “Эмээлт” зах дээр хүн үзье гэж байна гээд надтай мөнгө тохироод явсан. “Эмээлт” зах дээр очсон чинь бөөн хүмүүс ирээд худалдаалах гэж байсан эд зүйлийг нь үзэж хараад байсан. Тэгээд би баавгайн арьс байна гэдгийг нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 10-11/, Хөхтний экологийн лабораторийн шинжээчийн “...Хүрэн баавгайн арьсанд 1-2 см голчтой 5 нүх байсан нь дээрх амьтныг буудаж агнасан болохыг илтгэж байна. ...” гэх дүгнэлт /хх 106/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгасан байх бөгөөд анхан шатны шүүх мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Нын нөхөн төлбөрийн зарим хэсгийг нөхөн төлсөн, гэм буруугаа зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор багасгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Д нь гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгтээ 67 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасны дагуу түүнд оногдуулах торгуулын ялаас 1.005.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж заажээ.

Шүүгдэгч Т.Д нь баавгайн түүхий эдийг тээвэрлэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд баавгайг хууль бусаар агнасан этгээд болох Б.Наас нөхөн төлбөрт 15.000.000 төгрөг гаргуулах хуулийн үндэслэлтэй байх бөгөөд Б.Н нь 7.500.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 7.500.000 төгрөгийг нэмж төлүүлэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дах заалтын “Шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Дд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хувь тэнцүүлэн ногдох хэсэг болох 7.500.000 төгрөгийг шүүгдэгч Т.Даас гаргуулж улсын төсөвт оруулсугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр болох 7.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Наас гаргуулж улсын төсөвт оруулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Т.Ды цагдан хоригдсон 67 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 1.005.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялын 7.500.000 төгрөгөөс хасаж, эдлэх торгуулийн ялын хэмжээг 6.495.000 төгрөгөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Ды эдлэх 6.495.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Дыг шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, Н.Намжилцогт, шүүгдэгч Т.Ды өмгөөлөгч С.Батсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                             Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ