Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 С.Ширзагдад холбогдох эрүүгийн

хэргийн тухай    

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                            М.Батзаяа

            Ялтны өмгөөлөгч                              Н.Энхжаргал

            Ялтан                                                 С.Ширзагд

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан;

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн эсэргүүцлийг үндэслэн, С.Ширзагдад холбогдох 201603000207 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх суын 3 дугаар багийн төв орон сууцны 11 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоног баривчлах ял оногдуулж, 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ялийн хугацаа дуусаж сулгагдсан, Боржигон овогт Сосорбурамын Ширзагд /РД:АЯ68011017/

С.Ширзагд нь хувийн таарамжгүй харилцаа буюу хардалтын улмаас өөрийн эхнэр Н.Цогзолмааг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг даргын тамгын газрын хажууд 2015 оны 09 дүгээр сард толгойн тус газар нь чулуугаар цохиж хөнгөн зэргийн гэмтэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3-р багийн нутаг Төвийн орон сууцны 11 тоотод 2015 оны 10 дугаар сард гараараа толгойн тус газар цохиж дух хэсгийг хагалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн гарын ядам хурууг мушгиж хөнгөн зэргийн гэмтэл, 2016 оны 02 дугаар сард үснээс нь татаж орны толгой мөргүүлэн баруун хөмсгийг гэмтээж хөнгөн зэргийн гэмтэл учруулж улмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, архи, тамхи нэхэж зодох зэрэг сэтгэцийн болон бие махбодид хүчирхийлэл учруулан тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Архангай аймгийн Прокурорын газраас С.Ширзагдад холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор:

Боржигон овогт Сосорбурамын Ширзагдыг бусдыг байнга зодож тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

С.Ширзагдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж;

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Ширзагдад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.Ширзагдын цагдан хоригдсон  9 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож;

С.Ширзагд нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдан;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ширзагдад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 85 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар С.Ширзагдад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг өмгөөлөгч Н.Энхжаргал миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний үйлчлүүлэгч С.Ширзагд нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Н.Цогзолмааг удаа дараа зодон биед нь гэмтэл учруулсан үйлдэлдээ маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшдэг, энэ талаараа  анхан шатны шүүхэд мэдүүлсэн. С.Ширзагд өмнө нь 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 72 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлэн ял эдэлж байсан боловч түүний ялтай байдлын хөөн хэлэлцэх хугацаа нь Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон байх тул түүний үйлдлийг анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. С.Ширзагд нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэх боловч одоогоор 14 настай охинтойгоо 2-уулаа амьдардаг. Ойр төрлийн ах дүү төрөл төрөгсөд байхгүй, түүнийг ял эдлэх хугацаанд охин нь ганцаараа хүнд байдалд байгаа зэрэг амьдралын нөхцөл байдлыг нь давхар харгалзан түүнд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 85 тоот шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял оногдуулсныг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасны дагуу тэнсэн хянан харгалзах ял оногдуулж өгнө үү гэжээ.

Дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд:

Монгол Улсын харьяат, 1968 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн төв орон сууцын 11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоног баривчлах ялаар шийтгэгдэж, 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сосорбурамын Ширзагд. Регистрийн дугаар: АЯ68011017.

Ялтан Сосорбурам овогтой Ширзагд нь 2015 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын тамгын газрын байрны ойролцоо хардалтын улмаас өөрийн эхнэр Н.Цогзолмааг толгойн тус газар нь чулуугаар цохиж бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл, 2015 оны 10 дугаар сард Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3-р баг, Төв орон сууцын 11 тоотод гараараа мөн толгойн тус газар нь цохиж бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн гарын ядам хурууг мушгиж хөнгөн зэргийн гэмтэл, 2016 оны 02 дугаар сард үснээс нь татаж орны толгой мөргүүлэн баруун хөмсгийг нь гэмтээж хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан, улмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи, тамхи нэхэж зодох зэрэг сэтгэцийн болон бие махбодын хүчирхийлэл учруулан тарчлаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 93 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн 201603000207 дугаартай хэргийг Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд ялтан С.Ширзагдыг бусдыг байнга зодож тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ширзагдад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар С.Ширзагдын цагдан хоригдсон 9 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор тус тус шийдвэрлэжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолыг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцан дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Уг хэргийн шүүх хуралдаанд Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батзаяа улсын яллагчаар оролцсон байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “улсын яллагч Б.Батсайхан” гэж буруу бичиж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.3 дахь хэсгийг зөрчжээ.

Мөн тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч С.Ширзагд нь хувийн таарамжгүй харилцаа буюу хардалтын улмаас өөрийн эхнэр Н.Цогзолмааг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын тамгын газрын хажууд 2015 оны 11 дүгээр сард толгойн тус газар нь чулуугаар цохиж хөнгөн зэргийн гэмтэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг Төвийн орон сууцын 11 тоотод 2015 оны 11 дүгээр сард гараараа толгойн тус газар цохиж дух хэсгийг хагалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн гарын ядам хурууг мушгиж хөнгөн зэргийн гэмтэл, 2016 оны 02 дугаар сард үснээс нь татаж орны толгой мөргүүлэн баруун хөмсгийг гэмтээж хөнгөн зэргийн гэмтэл учруулсаж улмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, архи, тамхи нэхэж зодох зэрэг сэтгэцийн болон бие махбодид хүчирхийлэл учруулан тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь...” гэж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг дутуу, алдаатай бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “...шүүгдэгч С.Ширзагдын цагдан хоригдсон 11 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох талаар дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 4 дүгээр заалтанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ширзагдын цагдан хоригдсон 9 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэж заасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурорыг оролцуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болж чадаагүй байна.

 

            Учир нь анхан шатны шүүхийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай 2016 оны 08 сарын 26-ны өдрийн 399 дүгээр захирамжинд шүүх хуралдаанд улсын яллагч М.Батзаяаг оролцуулахаар заасан байх ба шүүгдэгч С.Ширзагдад холбогдох хэргийг 2016 оны 09 сарын 19-ний өдөр шийдвэрлэсэн бөгөөд тус шүүх хуралдаанд улсын яллагч М.Батзаяа оролцсон болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

            Гэтэл шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдаанд улсын яллагч Б.Батсайхан оролцсон гэж бичсэн байх ба үүнийг давж заалдах шатны шүүх өөрчлөх боломжгүй юм.

 

            Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй бөгөөд мөн эсэргүүцэлд бичсэн ...гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг дутуу, алдаатай бичсэн, цагдан хоригдсон хугацааг буруу бичсэн... зэрэг алдаа байгааг дурдах нь зүйтэй.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

            Давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул ялтан С.Ширзагдад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзуулахаар гаргасан ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1-т заасныг удирдлага болгон;

                       

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 85 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Ширзагдад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол С.Ширзагдад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                Б.НАМХАЙДОРЖ

                             

                                                                                   М.МӨНХДАВАА