Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2020/0023/З |
Дугаар | 221/МА2020/0272 |
Огноо | 2020-04-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2020/0272
Г.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.З, Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Б-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.12, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.2, 81 дүгээр зүйлийн 81.3, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг тус тус баримтлан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, Цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо: “... Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Д би Г.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч Цагдаагийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан захиргааны хэрэг маргаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа болно.
Өмгөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0153 шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд:
1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Нэхэмжлэгч Г.Б нь Баянзүрх дуүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа хамт ажилладаг алба хаагчийн гуйлтаар иргэн П-той зүй бусаар харьцаж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэж цагдаагийн албанаас халж, “цагдаагийн хошууч” цолыг хураах шийтгэл оногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/910 дугаар тушаалын Г.Б-д холбогдох хэсэг хууль зөрчөөгүй ” гэж дүгнэснийг эс зөвшөөрч дараахь агуулга бүхий тайлбарыг гаргаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаартай тушаал нь хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн тул хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус тушаал гаргасан гэж үзэхээр байна. Учир нь Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг ноцтой зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар болон саналыг харгалзан авч үзэлгүйгээр албанаас халах тушаалыг гаргасан буюу сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдолд хамаарахгүй, шалтгаанаа нотолсон баримт байхгүй байхад нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ алба хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна” гэж заасныг харгалзан үзээд сахилгын шийтгэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шат дараалалтайгаар оногдуулж болохоор хуульчилсан байхад албанаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй зөрчлийн шинж байдалтай нийцээгүй, Г.Б-ын тухайд өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл тооцуулж байгаагүй учир дээрх заалтыг баримтлан сахилгын шийтгэлийг шат дараалалтай оногдуулах бүрэн боломжтой байсан гэж үзэхээр байна.
Захиргааны байгууллага захиргааны актыг гаргахдаа “Хууль дээдлэх”, хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг баримтлахгүй юм бол тухайн захиргааны акт бүхэлдээ хүчингүй болох хууль зүйн үндэслэл бүрдсээр байтал анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж Г.Б-ын үйлдлийг бүрэн дүүрэн тогтоогоогүй байна, тушаал нь хууль зөрчсөн гэж үзэж байна, гэхдээ төрийн албан хаагч ёс зүйтэй байх ёстой хэмээн хуулийг биш ёс зүйг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
2.Анхан шатны шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Цагдаагийн ерөнхий газраас явуулсан уг шалгалтаар цагдаагийн хошууч Г.Б нь хамтран ажилладаг алба хаагчийн гуйлтаар иргэн Ц. П-ийг албан өрөөндөө ирүүлэн бусдын мөнгийг төлүүлэх талаар шаардсан, эхнэрийг дуудан ирүүлж мэдүүлэг авахаар чирэгдэл учруулсан, албан тушаалын байдлаа ашиглан Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн болох нь тогтоогджээ хэмээн дүгнэснийг эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч Г.Б-ын хувьд “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд шүүхээс эрэн сурвалжлагдсан гэх иргэн Ц.П-ийг цагдаа нар барьчихсан аваад ирсэн хэмээн илтгэх хуудсан дээр гарын үсэг зуруулаад хүлээлгэж өгсний дагуу өөрийнхөө хариуцан авсан чиг үүргийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 776 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж байсан иргэн Ц.П-ийг Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйл “Цагдаагийн байгууллага дараах хүн, эд зүйлийг олох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг шүүхийн шийдвэр, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн даалгаврын дагуу, эсхүл өөрөө санаачлан явуулна” гэж заасны дагуу тухайн ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан байдаг.
Тухайн эрэн сурвалжилсан шийдвэр нь цагдаагийн мэдээллийн санд зарлагдсан байсан бөгөөд мэдээллийн санд бүртгэгдсэн тохиолдолд цагдаагийн албан хаагч чиг үүргийнхээ дагуу тухайн иргэний хувийн байдал болон оршин суух хаягийг тодруулах үүрэгтэй байдаг. Үүний дагуу Г.Б нь иргэн Ц.П-оос оршин суух хаяг болон хувийн байдлыг тодруулсан тухайгаа албаны шалгалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тайлбар гаргасан. Гэтэл Цагдаагийн Ерөнхий газраас Г.Б-ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан дарамтлан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон хэмээн үзэж албанаас халсан нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар захиргааны актын агуулга нь ойлгомжтой, тодорхой байх ёстой байтал хууль бус захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэлбэрийг хангаагүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4432 тоот Баянзүрх дүүргийн прокурорын газрын “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын “Г.Б нь иргэн Ц.П-ийг эрүүдэн шүүсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь тогтоогдохгүй байна” гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр гаргасан ба хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгааг анхан шатны шүүхээс үнэлж дүгнээгүй гэж үзэж байна.
3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Албанаас халж цагдаагийн цолыг хураах түхай” Б/910 дугаар тушаалд нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг заагаагүй зөрчил байх боловч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй” хэмээн дүгнэжээ.
Гэтэл Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “Захиргааны үйл ажиллагааны зарчим”-ыг тусгаж өгсөн бөгөөд 4.2.1 дэх хэсэгт “хуульд үндэслэх ”, 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах'' гэсэн үнэт зарчмыг хангаагүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн Ерөнхий газраас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эрх ашиг, сонирхол нь зөрчигдөж буй нэхэмжлэгч Г.Б-д урьдчилан мэдэгдэлгүйгээр, оролцогчийн эрхийг нь хангалгүйгээр ажлаас халсан, ажлаас халсан тушаалд гомдол гаргах эрхээр нь хангаагүй, эрхийг нь хязгаарласан үйлдэл гаргасан байна.
4. Шийдвэрийн тогтоох хэсэгт: “ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.12, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.2, 81 дүгээр зүйлийн 81.3, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг баримт Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил, албан тушаад эргүүлэн тогтоолгож, Цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тогтоон шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт заасан хууль зүйн үндэслэлийг авч үзвэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн авч үзээгүй, захиргааны акт гаргах ажиллагаанд оролцоог бодитой хангаагүй байж хангасан мэтээр тогтоож, илт хууль бус шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна.
5. Шийдвэрийг бүхэлд нь авч үзвэл шүүхийн зүгээс нотлох баримтуудыг бүхэлд нь бүрэн дүүрэн бодитой үнэлж, дүгнээгүй, маргаан бүхий захиргааны акт нь захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байгаа нь илэрхий тогтоогдсоор байхад зөвхөн төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан шүүхийн шийдвэрийг гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан эрх зүйт ёсны хамгийн чухал зарчим болох “...хууль дээдлэх зарчим болоод зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хязгаарлаж болно...” хэмээх холбогдох зохицуулалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...шүүхийн шийдвэр, захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна...” гэсэн шаардлагыг огтхон ч хангаагүй байна хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Иймд Нийслэл дэх Захиргаан хэргийн анхан шатны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Цагдаагийн ерөнхий газарт иргэн Ц.П-оос 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан “Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Б нь үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулж шалгасан” гэх өргөдөл[1], 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Монгол ньюс” хэвлэл мэдээллийн төвд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр дээрх асуудлаар мэдээлэл хийснийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам” /код-112/-ын 112.6 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баталсан 20190011700074 дүгээр төлөвлөгөө[2]-ний дагуу албаны шалгалт явуулж, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Илтгэх хуудас”[3]-аар нэхэмжлэгч Г.Б болон мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн Г.Э нарт Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах саналыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Б-д уламжилсан байна.
Уг албаны шалгалтын материалд авагдсан гомдол, тайлбар, илтгэх хуудас бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.Б нь “хамтран ажиллаж байгаа алба хаагчийн гуйлтаар иргэн Ц.П-ийг албан өрөөндөө ирүүлэн бусдын мөнгийг төлүүлэх талаар шаардсан, эхнэрийг нь дуудан ирүүлж мэдүүлэг авахаар чирэгдэл учруулсан, албан тушаалын байдлаа ашиглан дарамталсан, харьяаллын бус хэрэг маргаанд оролцож Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн зөрчлийг гаргасан нь тогтоогдсон байна.
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” Б/910 дугаар тушаал[4]-аар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.12, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “хамтран ажиллаж байгаа алба хаагчийн гуйлтаар иргэн “П”-г албан тушаал, байгууллагын нэрээр эрхшээлдээ оруулж, зүй бус харьцсан, харьяаллын бус хэрэг, маргаанд оролцож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.18, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь заалт, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.2.2, 2.3.3, 2.3.6, 2.4.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн” гэж Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг баримтлан Г.Б-ыг цагдаагийн албанаас халж, цагдаагийн хошууч цолыг хураажээ.
Нэхэмжлэгч Г.Б хариуцагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, “... иргэн “П-той зүй бусаар харьцаж, байгууллагын нэрээр эрхшээлдээ оруулж, бүртгэлгүй хэрэг тулгасан явдал огт байхгүй ... албаны шалгалтыг 30 хоногийн хугацаанд явуулах байсан боловч 7 хоногт явуулж, дутуу шалгаж бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоолгүй ... үндэслэлгүйгээр ажлаас халсан ... тушаал гаргахдаа хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн учир хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус тушаал гаргасан ... албаны шалгалт явуулсан материал, албаны шалгалтын дүнг танилцуулаагүй ... миний тайлбар болон саналыг харгалзалгүй албанаас халах тушаалыг гаргасан нь хууль бус ... Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг харгалзан үзэж сахилгын шийтгэлийг хуульд заасны дагуу шат дараалалтайгаар ногдуулахаар заасан байхад албанаас халж тушаал гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй ...” гэж маргаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, Цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар шийдвэрээр “... Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/910 дугаар тушаалын Г.Б-д холбогдох хэсэг хууль зөрчөөгүй... нэхэмжлэгч Г.Б нь өөрт олгогдоогүй чиг үүрэг хэрэгжүүлж хуулиар харьяалуулаагүй асуудлаар цагдаагийн алба хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулж хууль, журам зөрчсөн болох нь албаны шалгалтаар тогтоогдсон байна... иргэн Пийг эрэн сурвалжилж байгаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасан болон уг этгээдтэй холбоотой гомдол мэдээлэл тус цагдаагийн газарт бүртгэгдээгүй, харьяалуулсан хэрэг, маргаан байхгүй байхад хамт ажилладаг алба хаагчийн гуйлтаар түүнийг албадан ирүүлж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөн ажиллагаа явуулсныг хууль зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж дүгнэх боломжгүй... Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа явуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй... Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалд нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг заагаагүй зөрчил байх боловч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй ...” гэх дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн “... иргэн П-ийг эрэн сурвалжилж байгаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасан болон уг этгээдтэй холбоотой гомдол мэдээлэл тус цагдаагийн газарт бүртгэгдээгүй, харьяалуулсан хэрэг, маргаан байхгүй байхад хамт ажилладаг алба хаагчийн гуйлтаар түүнийг албадан ирүүлж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ажиллагаа явуулсныг хууль зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж дүгнэх боломжгүй ...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэдийгээр иргэн Ц.П-ийг шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж байсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэнийг эрэн сурвалжлах тухай” 776 дугаар шийдвэр, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Г.Б-ын иргэн П-ийг хүлээн авч уулзсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар эрэн сурвалжлах ажиллагаа дууссан байсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн “... П нь ... тоот хаяг дээр оршин сууж байгаа болохыг үүгээр мэдэгдье” гэх 3216/3788 дугаар албан бичиг[5], Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.С-ийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Илтгэх хуудас”[6] зэргээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийг харьяаллын бус хэрэг маргаанд оролцоогүй, хууль, журамд заасны дагуу ажил үүргээ хэрэгжүүлж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс “... “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд шүүхээс эрэн сурвалжлагдсан гэх иргэн Ц.Пийг ... өөрийнхөө хариуцан авсан чиг үүргийн дагуу ... Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу тухайн ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан ... эрэн сурвалжилсан шийдвэр нь цагдаагийн мэдээллийн санд зарлагдсан байсан бөгөөд мэдээллийн санд бүртгэгдсэн тохиолдолд цагдаагийн албан хаагч чиг үүргийнхээ дагуу тухайн иргэний хувийн байдал болон оршин суух хаягийг тодруулах үүрэгтэй” гэж тайлбарлах боловч тус арга хэмжээ нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн эзэнгүй гэмт хэрэг, яллагдагчаар татагдвал зохих этгээд болох нь тогтоогдоогүй гэмт хэргийг илрүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа байсан болох нь Баянзүрх дүүргийн Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.А-ийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн газартай хамтран зохион байгуулах ажлын удирдамж[7]-аар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Г.Б нь хамт ажилладаг алба хаагчийн гуйлтаар иргэн Ц.П-той уулзсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын ХШҮДАХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Б.Н-ийн албаны шалгалтын үеэр авсан тайлбарууд буюу нэхэмжлэгч Г.Б-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “... тус газрын мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Э над руу утсаар яриад “манай хамаатны ахыг нэг хүн залилаад, зугтаагаад шүүхээс эрэн сурвалжилж байсныг бариад ажил дээр авчирч байгаа юм байна, чи ажил дээрээ байгаа бол хүлээгээд авчихаач гэсэн ... наад хүнтэйгээ уулзаад өгөөч гэж надаас гуйсан” гэх тайлбар[8], Г.Э-ийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “... нэг өрөөнд хамт суудаг чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б-аас “наад хүн чинь манай авга ахыг залилаад олдохгүй байгаа хүн юм аа, та уулзаад зохих хэмжээний хохирлыг барагдуулах талаар уулзаад өгөөч гэж гуйсан” гэх тайлбар[9] зэргээр тогтоогдож байна.
Иймээс нэхэмжлэгчийг “хамтран ажиллаж байгаа алба хаагчийн гуйлтаар иргэн П-г албан тушаал, байгууллагын нэрээр эрхшээлдээ оруулж, зүй бус харьцсан, харьяаллын бус хэрэгт, маргаанд оролцсон” гэж буруутгасан хариуцагчийн шийдвэрийг үгүйсгэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Г.Б “иргэн Ц.П-ийг эрүүдэн шүүсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь тогтоогдоогүй” талаарх Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 4432 дугаар тогтоол[10] нь баримтаар хэрэгт авагдсан байх боловч нэхэмжлэгч Г.Б-ыг Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул “... хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр гаргасан ба хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгааг анхан шатны шүүхээс үнэлж дүгнээгүй ...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Б нь хамтран ажиллаж байсан алба хаагч болох Г.Э-ийн гуйлтаар иргэн Ц.П-ийг албан өрөөндөө ирүүлж, бусдад мөнгө төлүүлэхээр шаардаж, удаа дараа дуудаж уулзсан, төлбөр авагч С.Д-ийн ах С гэх хүнтэй уулзуулсан, төлбөрийг тодорхой хугацааны дотор төлүүлэх талаар бичиг хийлгэсэн, түүнчлэн эхнэрийг нь дуудан уулзаж тайлбар мэдүүлэг авсан зэрэг нөхцөл байдал нь албаны шалгалтын үеэр тогтоогдсон байна.
Тухайлбал, хэрэгт авагдсан иргэн Ц.П-ийн “... би тэр үед ямар хэргээр энд ирсэн болохоо асуухад чи иргэн Д-ийн машиныг ББСБ-д барьцаанд тавиулаад мөнгийг идчихээд зугтсан юм байна ... “иргэн Долоодойд зургаан сая төгрөгийн хохирол учруулсан нь үнэн, үүнийг сарын хугацаанд төлөхгүй бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн” гэсэн утгатай бичиг хийлгүүлж, гарын үсэг зуруулж аваад маргааш өглөө 9 цагт ир гээд явуулсан... маргааш нь очиход өрөөнд нь Д-ийн ах нь гэх С гэгч чи залилан, луйварчин яагаад зугатаад алга болж байгаа юм бэ гээд гар утсаараа бичлэг хийгээд эхлэхээр... ” гэх тайлбар[11], мөн өдрийн нэхэмжлэгч Г.Б-ын “... би тухайн иргэнээс чи хүнээс мөнгө залилсан асуудал байна, эрэн сурвалжлагдаж байгаа юм биш үү гэж асуусан ... би яагаад зугатаагаад байгаа болох, ар гэртээ хэн хэнтэй амьдардаг болох талаар асуухад ... чи энэ хүний хохирлыг яаж барагдуулах гэж байгаа юм бэ гэж асуухад... бичиг баримттай яваа эсэхийг нь асуухад иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ гаргаж өгсөн, тухайн иргэний регистерийн дугаараар нь “хайлт, лавлагаа” руу орж, хувийн байдлыг нь үзэж, танилцсан, мөн өөрөөр нь ТҮЦ машинаас лавлагаа авахуулсан ... Г.Э-ээс танай ах чинь байгаа юу гэж асуухад байгаа гэхээр нь маргааш дуудчих гэж хэлээд Ц.П-ийг маргааш өглөө 09 цагт ирээрэй гэж хэлээд тэр оройдоо явуулсны дараа Г.Э өрөөнд орж ирэхээр нь уулзсан тухайгаа хэлсэн... Тэр хүн П хоёр манай өрөөнд маргалдах гээд байхаар нь би та хоёр гарч уулзаад мөнгө, төгрөгөө хэзээ өгч авахаа бичгээр үйлдээд нотариатаар батлуулаад ир гэж хэлээд гаргасан ... явсных нь дараа П-ийг дуудаж оруулж ирээд чи хэлсэн хугацаандаа мөнгөө өгөөрэй, бага багаар ч хамаагүй төлөөрэй гэдгийг нь хэлээд явуулсан ... үүнээс хойш 4-5 хоногийн дараа П-ийг дахин дуудаж, мөнгө төгрөгөө өгөөрэй гэдгийг дахин хэлээд хурааж авсан бичиг баримтыг нь өгөөд явуулсан ... нийтдээ 3 удаа л дуудаж уулзсан” гэх тайлбар[12], нэхэмжлэгч Г.Б-ын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “... Ц.П-ийн эхнэр нь ирж уулзсан. Д гэх хүнээс мөнгө аваад өгөхгүй зугтаж байгаа асуудлыг та мэдэхүү гэж асуухад, “сайн мэдэхгүй” гэсэн” гэх тайлбар[13], иргэн С.Д-ийн “... миний төрсөн ах Г гэдэг хүний хүүхэд Э цагдаагийн байгууллагад ажилладаг... Баянзүрх дүүрэгт оршин суудаг гэж Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газраас надад хэлэхээр нь би дүүгээ Баянзүрх дүүрэгт ажилладаг учраас энэ талаар хэлж, олж өгөхийг гуйсан ... хаяг нь тодорхой болохоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт өргөдөл өгөхөд Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар болон шүүхэд ханд гэж хэлээд миний өргөдлийг хүлээж аваагүй ... өргөдөл өгөхөөр дүү Э-тэй уулзахаар очихдоо Баасанжавтай уулзаж, энэ хүнийг олж асуудлаа шийдүүлэхэд туслаач гэж гуйсан” гэх тайлбар[14] зэргээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг харьяаллын бус хэрэг маргаанд оролцсон, албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулж, зүй бус харьцсан гэж үзсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д “цагдаагийн алба хаагчийг өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд цагдаагийн албанаас хална”, 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж тус тус хуульчилсан, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т “ноцтой зөрчил” гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг, 3.4-т “Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална” гэж тус тус заажээ.
Хариуцагч өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу үйл баримтыг тодруулан албаны шалгалт явуулж, зөрчлийг шалган тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч Г.Б-ыг хамтран ажиллаж буй алба хаагчийн гуйлтаар иргэн Ц.П-ийг албан тушаал байгууллагын нэрээр эрхшээлдээ оруулсан, зүй бус харьцсан, харьяаллын бус хэрэг маргаанд оролцсон нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно”, 69.1.2-т “албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.2-т “Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх”, 2.2.2-т “цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрхэнд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх”, 2.3.3-д “бусад байгууллага, хамтран ажиллаж байгаа алба хаагчийн албаны ажилд хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй, бусдад зуучлахгүй байх, харьяаллын бус хэрэг маргаанд оролцохгүй байх”, 2.3.6-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, ялгаварлан гадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан доромжлох, сүрдүүлэхгүй байх” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзсэн нь, түүнчлэн уг зөрчлийг сахилгын ноцтой зөрчил гэж үзэж нэхэмжлэгч Г.Б-ыг цагдаагийн албанаас халж, цагдаагийн хошууч цолыг хураасныг “зөрчлийн шинж байдалд тохироогүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн “... Төрийн албаны тухай 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг харгалзан үзээд сахилгын шийтгэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шат дараалалтайгаар оногдуулж болохоор хуульчилсан байхад албанаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, зөрчлийн шинж байдалд нийцээгүй, ... ” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баталсан 20190011700074 дүгээр төлөвлөгөөний дагуу хийгдсэн албаны шалгалтыг нэхэмжлэгч Г.Б-д танилцуулсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Албаны шалгалт явуулсан дүнг танилцуулсан тухай тэмдэглэл”[15]-ээр тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй, албаны шалгалтын материалыг нэхэмжлэгчид танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүйг, нэхэмжлэгч Г.Б-ын хууль, журам зөрчсөн байдал албаны шалгалтаар бүрэн тогтоогдсон, сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” Б/910 дугаар тушаалд гомдол гаргах эрхийг заагаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн “... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “Захиргааны үйл ажиллагааны зарчим”-ыг тусгаж өгсөн бөгөөд 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмыг хангаагүй ... ” гэх гомдлыг хүлээн авах боломжгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
[1] Хавтаст хэргийн 40-44 дэх тал
[2] Хавтаст хэргийн 38 дахь тал
[3] Хавтаст хэргийн 78-82 дахь тал
[4] Хавтаст хэргийн 83 дахь тал
[5] Хавтаст хэргийн 68 дахь тал
[6] Хавтаст хэргийн 67 дахь тал
[7] Хавтаст хэргийн 144-148 дахь тал
[8] Хавтат хэргийн 49-50 дахь тал
[9] Хавтаст хэргийн 60-62 дахь тал
[10] Хавтаст хэргийн 8-11 дэх тал
[11] Хавтаст хэргийн 45-48 дахь тал
[12] Хавтаст хэргийн 49-51 дэх тал
[13] Хавтаст хэргийн 52 дахь тал
[14] Хавтаст хэргийн 64 дэх тал
[15] Хавтаст хэргийн 77 дахь тал