Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1254

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч /томилолтоор/ Т.Мөнх-Амгалан, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Л.Б, шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч З.Ц, гэрч Ж.Г, Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н Н, Б овогт М Г нарт холбогдох эрүүгийн 1906 03253 1484 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Н нь 2019 оны 05 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сутай" төвийн үсчний газар иргэн М.Гтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

яллагдагч М.Г нь 2019 оны 05 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сутай" төвийн үсчний газар иргэн Н.Нтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ: “....” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: “....” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Т мэдүүлэхдээ: “....” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 3-8/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.Гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-18/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.Наас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-27/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Т мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-30/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-33/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-37/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.Г мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-39/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 41-42/, М.Гын хохирлын баримт /хх-н 45-50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6519 дугаартай дүгнэлт /хх-н 51/, Н.Н ын хохирлын баримт /хх-н 53-59/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6525 дугаар дүгнэлт /хх-н 60/, М.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 62, 65/, Н.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 67-68/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.Наас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 95-97/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 98-101/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Б шүүгдэгч Н.Н нь 2019 оны 05 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сутай" төвийн үсчний газар иргэн М.Гтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч М.Г нь 2019 оны 05 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сутай" төвийн үсчний газар иргэн Н.Нтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Н.Н, М.Г нарыг 2019 оны 05 сарын 26-ны өдөр "Сутай" төвийн үсчний газар хоорондоо маргалдан бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Нын өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сутай төвд байх үсчин гоо сайханы салонд ажлаа хийж байтал хамт ажилладаг Г нь миний гоо сайханы саванд хүний хөл хийх гээд сууж байхаар нь наад чинь гоо сайханы сав гэхэд юун сүртэй юм гэсэн. Би уурлаад Г хажууд байсан савтай зүйлийг аваад шидсэн. Тэгээд Г барьцалдаж аваад зодолдсон. Г миний үснээс зулгаагаад миний үс туг тугаараа унасан. Зүүн гарын шуу хэсэгт урсан, баруун нүдний доод хэсэгт хуруугаараа урсан. Зүүн талын гуя руу өшиглөсөн. Г миний зүүн гуя руу нэг удаа өшиглөөд миний үснээс зулгаахаар нь би бас үснээс нь зулгаагаад бид 2 барьцалдаад авсан." гэх мэдүүлэг / хх-н 19-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Гын өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 10-14, 16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тийн өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 28-30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бын өгсөн: " ...." гэх мэдүүлэг /хх-н 31-33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б өгсөн: " ......." гэх мэдүүлэг /хх-н 34-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6519 дугаартай:

1.М.Гын биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт, зүүн тохойн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт хх-н 51/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6525 дугаартай:

1. Н.Нын биед хуйх, хацрын зүүн шонтонд цус хуралт, дух баруун зовхи зүүн шуунд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 60/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Н.Н, М.Г нарыг 2019 оны 05 сарын 26-ны өдөр "Сутай" төвийн үсчний газар хоорондоо маргалдан бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Иймд шүүхээс шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг нь тус тус харгалзан торгох ялыг ялгамжтай оногдуулж, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч Н.Н нь эмчилгээний 2.095.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан хүзүү, толгойны бариа хийлгэсэн гэх баримтаар 150.000 төгрөг /хх-н 54-56/, толгойн компьютер томографийн мөнгө болох 120.000 төгрөг /хх-н 57/ нийт 270.000 төгрөгийг хангаж, харин сорви арилгах лазар эмчилгээнд явсан 1.800.000 төгрөгийн тодорхойлолтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж шүүх үзэв.

Мөн хохирогч М.Г нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгийн төлбөр /хх-н 50/ 20.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “ЖЖМЖ ФАРМ” ХХК-ийн эмчилгээний эм тариа авсан /хх-н 50/ 99.800 төгрөг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Люкс мед” толгой үзүүлсэн 100.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулаторийн үзлэгийн баримт 15000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “ЭМЖЖ” ХХК-ийн чих хамар хоолойн үзлэг 35.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “ЖЖМЖ ФАРМ” ХХК-ийн эм тарианы 22.600 төгрөг, /хх-н 49/, 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн үзлэгийн төлбөр 20.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “ЖЖМЖ ФАРМ” ХХК-ийн эмчилгээний эм тариа авсан 518.112 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “ЖЖМЖ ФАРМ” ХХК-ийн эмчилгээний эм тариа авсан 380.285 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “ЖЖМЖ ФАРМ” ХХК-ийн эмчилгээний эм тариа авсан 530.532 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Бэст массаж” төвд массаж хийлгэсэн 8000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Нара беаиту” салоны эмчилгээ хийлгэсэн гэх 1.400.000 төгрөг болон нийт 3.157.330 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Н.Наас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 Харин хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч Б овогт Н Н, Б овогт М Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Н.Н 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Н.Н   500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ялыг 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, М.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Г нийт 270.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Н,

шүүгдэгч Н.Н нийт 3.157.330 төгрөгийн гаргуулж хохирогч М.Гд тус тус  олгосугай. 

6. Хохирогч Н.Н, М.Г нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н, М.Г нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргасугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н, М.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.