Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1026

 

 

 

 

 

                                                           

 

 

 

 

Н.Н-, М.Г- нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

шүүгдэгч, хохирогч Н.Н-ын өмгөөлөгч Л.Бурмаа,

шүүгдэгч, хохирогч М.Г-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/1254 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Н.Н-ын өмгөөлөгч Л.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Н-, М.Г- нарт холбогдох эрүүгийн 1906032531484 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Н.Н-, 19.. оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо засалч мэргэжилтэй, ....................., ам бүл ....., .............. хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД....................../;

Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 5.520.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;  

2. Боржигон овгийн М.Г, 19.. оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД........................./;

Н.Н- нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” төвийн үсчний газарт иргэн М.Г-тай маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

М.Г- нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” төвийн үсчний газарт иргэн Н.Н-тай маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Н-, М.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Н.Н-, Боржигон овгийн М.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д  450 нэгж буюу 450.000 төгрөгөөр, Н.Н-ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-, М.Г- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Г-аас нийт 270.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Н-ад, шүүгдэгч Н.Н-аас нийт 3.175.330 төгрөгийг гаргуулж хохирогч М.Г-д тус тус олгуулахаар шийдвэрлэж, хохирогч Н.Н-, М.Г- нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Н.Н-, М.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч Л.Бурмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хохирогч М.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж нэхэмжилсэн “ЖЖМЖ Фарм” ХХК-ийн эм ханган нийлүүлэх төвөөс авсан эмийн баримт болох:

  • 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын падан 518.112.50 төгрөгийн баримт,
  • 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 380.285 төгрөгийн зарлагын падан,
  • 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 530.532.50 төгрөгийн зарлагын баримт,
  • “Nara beauty salon” 1.400.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт нийт 2.857.029 төгрөгийг Н.Н-аас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль бус арга хэрэгслээр цуглуулсан нь тухайн хуулийг зөрчсөн байна.

Эм ханган нийлүүлэх төв нь эмийн сан болон эмнэлгүүдэд бөөний үнээр эм тариа түгээх журамтай байтал хувь хүнд ямар ч НӨАТ-ын баримтгүй, цаашилбал мөнгө тушаасан баримт байхгүй, мөнгө хүлээн авсан гарын үсэг байхгүй, хэн болох нь тодорхойгүй, хувийн тамга тэмдэг дараагүй, албан ёсны жорын бланк дээр бичээгүй, эмчийн бичсэн бичгээр үйлчилж илүү тунгаар, их хэмжээгээр эм олгосон гэх зарлагын баримт нь эргэлзээ төрүүлж байна. Тухайлбал, М.Г-ын худалдан авч 2019 оны 6 дугаар сарын 24-нөөс 2019 оны 8 дугаар сарын 5 хүртэл, нийт 41 хоног тариулсан тариа болох:

  1. Кортексин 10 мг №10 гэх тариа нь 2015 оны Эмч, эм зүйч, анагаах ухааны их сургууль, коллежийн оюутанууд болон бусад мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага эмийн тайлбар номонд /Монгол улсад зарагдаж, хэрэглэгдэж байгаа эм тарианы/ зааснаар гавал тархины гэмтэл ба түүний үр урхаг, янз бүрийн шалтгаантай өвчнүүд, танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал, ялангуяа сэтгэхүй ой тогтоолтын өөрчлөлт, сурах чадвар доройтох, сэтгэл хөдлөл болон хэл ярианы хөгжлийн саатал, хүүхдийн тархины саажилт зэрэг өвчинд хэрэглэдэг ба насанд хүрсэн хүн 10мг-10 хоног тарьж хэрэглэнэ. Шаардлагатай үед 3-6 сарын дараа ээлж эмчилгээг давтан хийлгэнэ гэсэн тайлбартай байна. Гэтэл сүүлд үзсэн эмчийн бичгээр 20 удаа хийх байтал 30 удаа хийлгэсэн байна.
  2. Церебролизин 10мл №5 гэх тариа нь тархины судасны архаг эмгэг, цус гүйдлийн инсульт, тархины гэмтэл, ухаан санаа зогсонги байдал, оюуны хомсдол, тэнэгрэл зэрэг өвчинд 10-25 өдөр тарих ба ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа 4 долоо хоног буюу 1 сар хэрэглэнэ гэж заасан байна. Эмчийн бичгээр 3мл-1 сар тарих байтал 10 мл өндөр тунтай, их үнэтэй тариаг авч тариулсан нь эргэлзээтэй.
  3. Актовегин гэх тариаг 200 мл буюу 5 мл 10 хоног тарь гэсэн байхад 10мл-30 хоног тарьсан байна.

Ийм их шингэн тариа тарьж байж эмчийн бичсэн нэг ч өвчин намдаах болон хаван хөөх тариаг нь аваагүй байдаг.

Шүүх эмнэлгийн 6519 дугаартай дүгнэлтэд, М.Г-ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан байхад ийм хүчтэй хүнд өвчтөнд хэрэглэдэг тариаг олон хоногоор хийсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Үнэхээр ноцтой гэмтсэн болоод ийм хүчтэй тариа их хэмжээгээр хийгээд байхад тархины доргилт эдгэхгүй 2 сар буюу 60 хоногийн эмчилгээ хийж, өвчин намдахгүй байгаа бол дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй нь эргэлзээтэй байна.   

Харин 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үзүүлж эмчилгээ бичүүлсэн эмчийн бичиж өгсөн эмийн эмчилгээнд энэ хүчтэй тарианаас нэг нь ч бичигдээгүй байдаг ба хавтас хэргийн 50 хуудас буюу мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн 99.800 төгрөгийн эм тариа нь эмчийн заавраар хэрэглэсэн үндэслэлтэй байх тул мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн 299.600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, шүүх хурлаас өмнө шүүхийн хохирлын дансанд байршуулсан.

  1. Гоо сайхны салоноор хийлгэсэн 1.400.000 төгрөгийн PRP эмчилгээ нь ямар эмчийн заавраар ямар өвчинд хэрэглэсэн нь тодорхойгүй ба захын гоо сайхны газар 50.000-150.000 төгрөгөөр хийдэг үйлчилгээг өндөр үнэ бичүүлж нэхэмжилсэн байхад Н.Н-аас гаргуулахаар шийдсэн нь бас л эргэлзээтэй байна.

Харин миний үйлчлүүлэгч Н.Н-ын нүүр болон гарт учирсан ил харагдах хумсны сорви арилгах эмчилгээний зардлыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн байна. Н.Н- нь тухайн үед Олон улсын гоо сайханчдын тэмцээнд БНСУ-руу явахаар бэлтгэж байсан ба Монгол улсыг төлөөлж нүүр царай нь болж явах эмэгтэй хүний хувьд сорви арилгуулах лазерь эмчилгээ хийлгэсэн эмчлэгч байгууллагын тодорхойлолт болон компанийн захирлаас гэрчийн мэдүүлэг авсан байхад эмчилгээний 1.800.000 төгрөгийг М.Г-аас гаргуулаагүй нь учир дутагдалтай байна. М.Г-ын үйлчилгээ авсан баримтууд хохирогчийн биед үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй байхад шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хууль бусаар бүрдүүлсэн баримтуудыг үндэслэн 2.857.029 төгрөгийг Н.Н-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч М.Г-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Л.Бурмаагийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “ЖЖМЖ ФАРМ” ХХК-иас эм тариа авч хэрэглэхэд зарлагын падан бичиж, гарын үсэг, тамга тэмдэгтэй олгодог бөгөөд хувь хүнд “Х” тайлан гаргаж, зарим эм тариаг хямдруулж өгч байсан. 1.400.000 төгрөгийн “Nara beauty” салоны баримтыг эргэлзээтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгчийн биеийн байдал одоо ч тааруу, эм тариа хэрэглэсээр байгаа. Өмгөөлөгч Л.Бурмаагийн давж заалдах гомдолдоо дурдсан эмийн лавлах тайлбар номонд юу гэж бичсэнийг мэдэхгүй. Эмчийн зааврын дагуу хэрэглэсэн. Мөн мөрдөгч нь гэмтлийн талаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах болон өмгөөлөгч авч болох талаар тайлбарлаагүй. Шүүхийн дансанд байршуулсан гэх 299.600 төгрөгийг М.Г- нь надад өгөөгүй гэдэг. Н.Н- нь түмпэн савны хэрүүл хийж, хурц үзүүртэй сав аваад М.Г-ын толгой руу удаа дараа цохиж, түлхэж, нүд рүү нь цохисон. Мөн толгойноос туг тугаар үс унасан нөхцөл байдал байдаг. Г.Ган-Очир нь “АНУ” үсчин, гоо сайхны захирлаар ажилладаг. Н.Н-ыг танихгүй. Тэрээр манайд хумсны сорви арилгуулах лазерийн үйлчилгээ хийлгэсэн. Гурван хэсэг газар, 20 удаагийн  оролтоор нийт 1.8 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн атлаа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Би Н.Н-тай хамаатан садан тул мэдүүлэг өгөхгүй” гэдэг. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Г-ын хувьд 299.600 төгрөг хавтас хэрэгт авагдсан. Н.Н-ын хувьд 2.095.000 төгрөгийн баримт өгч байсан. Анхан шатны шүүх тухайн баримтуудыг үндэслэлтэй гэж үзэж, тухайн дүгнэлтийг хийсэн. Өнөөдрийн хувьд НӨАТ-ын баримтгүй байгаа хэдий ч анхан шатны шүүх тухайн баримтыг үндэслэлтэй гэж дүгнэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:                     

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Н.Н- нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” төвийн үсчний газарт иргэн М.Г-тай маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Н.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би бас адилхан үсдэлцсэн. ... Би уурандаа өрөөнөөс гарч ирээд “чи ямар зэвүүн юм бэ” гээд хогийн хуванцар савыг шидсэн. Би тухайн үед тэрийг авч шидээд толгойг нь хагалсан байх гэж бодож байсан. ...” гэх,

хохирогч М.Г-ын “... миний ширээн дээр байсан ажлын хэрэгсэл хийдэг хуванцар, өнцөгтэй 6-н талтай савыг аваад шууд толгой хэсэгт цохисон. ... намайг үсдээд нүүр, хөл, толгой, чих энд тэндгүй цохиж, чимхсэн. Тэр үед үсчний газар байсан хүмүүс салгах гэж оролдсон. ... тэгтэл Нямка дахин хогийн савны тагаар намайг цохиж зодсон. ...” гэх /хх-13/,

Гэрч Б.Түмэндэмбэрэлийн “... Гансаруул руу орилж дайраад, ширээн дээр байсан цагаан өнгийн талсттай маникюрын багажтай савыг аваад М.Г-ын нүүр рүү шидээд, түүнийг ширээнийхээ араас үсдэж гаргаж ирээд зүүн гараараа Гансаруулын үснээс нь зулгаагаад доош нь дараад, баруун гараараа түүний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. ...” гэх /хх-29х/ мэдүүлгүүд

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6519 дугаартай “...М.Г-ын биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт, зүүн тохой, шуунд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-51/ зэргээр,

М.Г- нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” төвийн үсчний газарт иргэн Н.Н-тай маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Н-ын “... Тэгтэл Гансаруул ширээний ар талаас гарч ирээд миний зүүг гуя руу нэг удаа өшиглөөд, миний үснээс зулгаахаар нь би бас үснээс нь зулгаагаад бид 2 барьцалдаж авсан. ...” гэх  /хх-26/,

гэрч Б.Түмэндэмбэрэлийн “... Гансаруул Нямхандыг “чи миний толгойг хагалчихлаа” гэхэд Нямханд “Тэгвэл миний нүд бүрэлзээд байна” гэсэн ба Нямхандын нүд нь бага зэрэг улайсан, өөр ил харагдах гэмтэлгүй байсан...” гэх /хх-29/,

гэрч А.Батдуламын “... Тэгтэл Гансаруул ширээний цаана зогсож байснаа урт ширээг тойрч ирээд Нямхандын аль хөлийг нь мэдэхгүй хөл рүү нь өшиглөөд, үснээс нь зулгаахад...бие биенийхээ үснээс зулгаасан...” гэх /хх-33/ мэдүүлгүүд,  

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6525 дугаартай “... Н.Н-ад хуйх, хацрын зүүн шонтонд цус хуралт, дух, баруун зовхи, зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-60/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Н-, М.Г- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арваннэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Н.Н-, М.Г- нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Н.Н-, М.Г- нарын бие биедээ хүч хэрэглэсний улмаас харилцан хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууг харгалзан торгуулийн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч Л.Бурмаа “хохирлын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” талаар давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийн материалыг судалж үзэхэд, түүний гомдлын зарим хэсэг үндэслэлтэй.

Хэргийн 159 дугаар талд авагдсан, Нара салонд хийлгэсэн гэх 1.400.880 төгрөгийн гоо сайхны эмчилгээ нь энэ хэргийн хувьд зайлшгүй хийгдэх эмчилгээнд хамаарахгүй байх тул энэ төлбөрийг шүүгдэгч Н.Н-ад хариуцуулах үндэслэлгүй бөгөөд, харин бусад зардал нь М.Г-д учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2019/шцт/1254 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “.... шүүгдэгч Н.Н-аас нийт 3.157.330 төгрөг гаргуулж...” гэснийг “... шүүгдэгч Н.Н-аас 1.756.450 төгрөг гаргуулж...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч Л.Бурмаагийн давж заалдах гомдлын “эм тарианы төлбөр гаргуулах үндэслэлгүй” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР                                  

                                    ШҮҮГЧ                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ