Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0240

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагч Ө.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Б.Н-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 92 дугаар зүйлийн 92.1, 92.2, Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Наранхүүгээс Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалуудыг хүчингүй болгох, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

1. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2018 оны 06 сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар миний биед сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа:

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4 дүгээр зүйлд заасан “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэсэн заалтыг мөрдөөгүй.

Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 20 дугаар зүйлийн 20.2-т заасан “Энэ зүйл, хэсэгт заасан 30 хоногийн хугацааг шийдвэр гарсан талаар холбогдох этгээд мэдсэн үеэс эхэлж тоолно. Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ талаар холбогдох этгээдэд мэдэгдэж, энэ талаар баримтжуулсан байвал зохино” гэснийг зөрчсөн.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг, 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 43 дугаар зүйлийн 43.1-д заасан “3ахиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэснийг тус тус зөрчин аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2018 оны Б/28 дугаар тушаалыг гаргасан.

Миний бие энэхүү тушаалыг хүлээн аваагүй, надад гардуулаагүй, ямар нэгэн сонсох ажиллагаа хийгдээгүй, ямар нэгэн тайлбар санал гаргах боломжоор хангаагүй, мөн энэхүү тушаалд дурдсан Төрийн аудитын газрын 2018 оны 1/15 ӨМА-2018/1/СТА-ТЕЗ дугаартай албан шаардлагад тусгагдсан Төсвийн тухай хуулийн 42.3.3, 42.3.4, 61.4 дэх заалтуудыг зөрчсөн гэх зөрчлийг гаргаагүй юм.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2018 оны 06 сарын 05-ны өдрийн 1а/5765 тоот албан бичгийн 1 дүгээр хавсралтын 1 дүгээр заалтад аудитын дүгнэлт зөрчилгүй гэсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 7 сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар миний бие зохих албан тушаалтнуудын хамт мөнгөн урамшуулал авсан байдаг ба энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан миний 2018 оны цалингийн хавтгай нь уг урамшууллыг авсныг нотлох юм.

Миний бие нь 2018 оны 11 сард Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас бүх төрийн албан хаагчдыг аттестатчилах шалгалт авах үеэр өөрийн хувийн хэрэгтэйгээ танилцах үеэрээ энэхүү аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны Б/28 дугаар тушаалыг анх хувийн хэргээсээ олж үзсэн юм. Улмаар аймгийн ЗДТГазарт энэхүү тушаалыг үндэслэлгүй тул хүчингүй болгуулах өргөдөл гаргаж улмаар энэхүү Б/28 дугаар тушаалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Г 2018 оны 12 сарын 20-ны өдрийн А/362 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Шүүх нь маргаан бүхий 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар тушаалаар 2018 оны Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэснээс үзэхэд нэхэмжлэгчээс сахилгын шийтгэл оногдуулсан 2018 оны Б/28 дугаар тушаалыг илт хууль бус болгохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хандсан байх урьдач нөхцөлийг шаардсан, тухайн гомдлыг гаргаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хэдийгээр хариуцагч нь миний өргөдлийг шүүхэд гаргаж өгөөгүй ч 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/362 дугаар тушаал нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар нотлох баримт болж тогтоогдоно.

Хэрэв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б нь надтай холбоотой энэхүү Б/28 дугаар тушаалыг гаргахаасаа өмнө надад сонсох ажиллагаа хийж мэдэгдсэн бол зохих хариу тайлбарыг аймгийн Засаг даргын Тамгын газарт гаргах бүрэн боломжтой байсан.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хугацааг хэтрүүлсэн зүйл байхгүй юм, учир нь 2019 оны 01 сарын 16-ны дараагийнхаа ээлжит сахилгын шийтгэлээ авахдаа өөрийн хувийн хэргээс материал тодруулж үзэх үеэрээ энэхүү тушаалыг хувийн хэргээсээ олсон.

Энэхүү А/04 дүгээр тушаалыг хариуцагч болох аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хууль ёсны эрх ашиг нь хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах заалтыг хэрэгжүүлээгүй гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргахад шүүх нь тухайн захиргааны акт зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон гэж дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болоогүй.

2. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 сарын 13-ны өдрийн Б/30 дугаар “Б.Н-г төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд туршилтын хугацаагаар томилох тухай” тушаалаар миний бие нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 2 дахь заалт /Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулна/-ын дагуу 1 жилийн туршилтын хугацаагаар томилогдсон нь анхнаасаа хууль бус буюу үндэслэлгүй тушаал байсан.

Тухайн үед мөрдөгдөж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны А/25 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын дотоод журам”-ын 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс шинээр томилогдсон төрийн албан хаагчийг туршилтын зургаан сарын хугацаагаар ажиллуулна” гэж заасан байдаг ч тухайн үеийн Төрийн албаны тухай хуульд заасан туршилтын хугацааны дээд хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар туршилтаар томилогдсон. Гэвч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын байнгын дарамт шахалтад байсан тул энэ талаар зохих байгууллагуудад хандаж ямар нэгэн гомдол гаргалгүйгээр энэхүү шийдвэрийг хүлцэнгүйгээр хүлээж авсан.

Эцэст нь Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол гарсантай холбоотойгоор сая л нэг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б нь өөрийн ээлжийн амралттай амарч байх хугацаандаа 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн огноотойгоор Б/33 дугаартай “Б.Н-г төрийн жинхэнэ албан тушаалд томилох тухай” тушаалыг 2018 оны 08 сарын 27-ны өдөр гаргаж ажилдаа орсны маргааш нь буюу 2018 оны 08 сарын 28- нд надад өөрөө биечлэн гардуулж өгсөн. Энэхүү тушаалын 1 дүгээр заалтад “Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Н-ийн туршилтын хугацааг дуусгавар болгон 2018 оны 08 дугаар 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс төрийн жинхэнэ албан тушаалд томилсугай” гэж заасан байдаг. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон өдрөөс хойш хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй гэж дурдсан.

Шүүхээс албан тушаалд томилогдсон этгээдийн хүлээх үүргийг зөрчсөн хэмээн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг үндэслэлтэй гэж үзэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй юм. Хуульд мэдүүлэг гаргагчаас холбогдох хууль, журамд заасан мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар, бусад материалыг хуулийн хугацаанд үнэн зөв гаргаж өгөхийг шаардах, мэдүүлгийг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж зөрчил илэрсэн тохиолдолд тухайн албан тушаалтанд буцаан өгч зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах;” гэх зэргээр эрх бүхий албан тушаалтны үүргийн талаар нарийвчлан тодорхойлж зааж зохицуулсан байдаг. Энэхүү эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд Хууль, эрх зүйн хэлтсийн дарга юм. Намайг 2018 оны 08 дугаар сарын 13-нд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон өдрөөс хойш миний хөрөнгө, орлогын мэдүүлэг бөглөх эрхийг эрх бүхий албан тушаалтан болох Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Г гаргаж өгөхгүй явсаар удаа дараа шаардуулж байж 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр л нээсэн.

Хариуцагч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт болох хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлсэн баталгааны маягтыг шүүхэд гаргаж өгөөгүй, зөвхөн сонсох ажиллагааны хуудсыг хүргүүлсэн байдгийг анхаарах шаардлагатай болов уу.

Авилгатай тэмцэх газрын даргаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай аймгийн Засаг даргад ирүүлсэн 05/10039 дугаар албан бичгийн 1 дүгээр хавсралтын 11 дэх заалтад Б.Н миний биетэй холбоотой “Томилогдсон он, сар, өдөр” хэсэгт 2017.09.11, “ХАСХОМ гаргасан он, сар, өдөр” хэсэгт 2018.11.05 гэсэн байгаа нь үндэслэлгүй мэдээлэл бөгөөд энэхүү албан бичгийг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дугаартай “Б.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гарсан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 болон 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.” гэж заасны дагуу хууль бус юм. Учир нь миний бие 2017 оны 09 дүгээр сарын 11-нд ямар ч ажил, албан тушаалд томилогдож байгаагүй билээ. Мөн энэхүү албан бичгийн дагуу зохих хариуцлага тооцон хариуг 2018 оны 12 дугаар сарын 10-ны дотор тус газарт ирүүлэхийг аймгийн Засаг даргад мэдэгдсэн боловч зохион байгуулалттайгаар намайг халах ажиллагааны явцад энэхүү хариу өгөх хугацаанаас даруй 36 хоногийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр миний биед сануулах сахилгын шийтгэл ногдуулах хариуцлага тооцсон нь хувийн шалтгааны үүднээс асуудалд хандсаныг харуулж байна.

Энэхүү албан тоотын дагуу хариуцлага тооцуулахаар сонсох ажиллагаа явагдахад тухайн үед боломжоороо тайлбар хариу гаргасан боловч үүнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ээлжит 2019 оны Б/01 тушаалаа гаргахдаа тэдгээрийг анхаарч авч үзээгүй бөгөөд уг тушаалыг гардаж хүлээж авсны дараа захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулах гомдлыг гарган хэлэлцүүлж явж байгаа болно.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж мэдүүлсэн үйл баримтад дүгнэлт хийсэнгүй, энэ зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл бий эсэхэд дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагад бүрэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болгосон Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурсан зөрчил нь миний буруутай үйлдлээс болоогүй гэх шүүхэд нэхэмжлэл гаргаж байхад түүнд шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Авлиггай тэмцэх газрын албан бичигт миний бие гомдол гаргаагүй бөгөөд түүнийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулснаар хууль ёсны эрх, ашиг зөрчигдөж тухайн захиргааны актад гомдол гаргах эрх үүссэн. Энэ тохиолдолд тухайн албан бичгийн дагуу захиргааны байгууллага хариуцлага хүлээлгэх үндэслэл байгаа эсэхийг шүүх нэхэмжлэлийн хүрээнд хянаж шийдвэрлэнэ.

3. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б нь 2019 оны Б/02 дугаар тушаалаа гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” гэснийг, 48.1.3-т “төрийн албанаас халах;” гэснийг, 48.2-т “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй.” гэснийг, 48.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэсэн эдгээр хуулийн заалтуудыг үндэслэл болгосон байдаг.

Энэ нь түүний надад сахилгын шийтгэл ногдуулсан өмнөх тушаалууд буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны А/04 дүгээр тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны Б/01 дүгээр тушаалуудад үндэслэн, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан “удаа дараагийн”, эдгээр сахилгын шийтгэлүүдийн хугацаануудын “шийтгэлгүйд тооцох хугацаа дуусах болоогүй байгааг харгалзан”, энэ хуулийн 48.1.1-48.1.5 дахь заалтуудад заасан сахилгын шийтгэлийг “заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэснийг үндэслэн гаргасан тушаал гэдэг нь тодорхой харагдана. Мөн уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-т заасан Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно” гэснийг зөрчин энэхүү 2019 оны Б/02 дугаар тушаалын 3 дахь заалтад Өмнөговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандах талаар заасан нь илт хууль бус юм.

Мөн энэхүү хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх заалтыг тушаалын үндэслэл болгоогүй нь албан үүргээ хангалттай биелүүлсэн гэснийг нотлох юм.

Миний бие нь 2018 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар удаа дараа буюу 2017 оны санхүүгийн тайлангийн аудитын дүнгээр, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар хангалттай дүгнүүлэн мөнгөн урамшуулал авсан.

Энэхүү тушаал нь хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримтад тулгуурласан үндэслэлгүй ёс зүйн хорооны дүгнэлт, түүнд үндэслэсэн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг мөн үндэслэл болгосон ба энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 21 дүгээр тогтоолоор мөн л хүчингүй болсон тул уг тушаал нь бүхэлдээ хүчингүй болох нотлогдох байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 49 болон 62 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг тусгасан байдаг ч үүнийг харгалзаж үзээгүй болохыг анхаарна уу. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар хамгаалсан байхад түүнийг зөрчиж хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд 3 удаа сахилгын шийтгэл, Ёс зүйн хороо болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдааныг тус тус хуралдуулан дүгнэлт гаргаж, Санхүү аудитын албанд чиглэл өгч дүгнэлт гарган миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байхад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

4. Шүүх нотлох баримт хасуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан тухайд

Шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах үед хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримт хуурамч байгаа тул түүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт зааснаар хасуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр удаа дараа гаргасан боловч энэхүү хүсэлтийг шүүх хангаагүй, хангаагүй үндэслэл, шалтгаанд шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хүчингүй болгосон байхад хүчингүй болсон журмыг үндэслэл болгож ёс зүйн зөрчлийг гаргасан гэж Ёс зүйн хороо 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дүгнэлт гаргасан. Түүнийг үгүйсгэж Ёс зүйн хороо нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хуралдсан гэх тэмдэглэл, Ё.Н-ийн өргөдлийг хариуцагч шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2-1033 дугаар албан бичгийн хавсралтаар гаргаж өгсөн.

Тухайн хуралдааны тэмдэглэл нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хийгдсэн гэх боловч хоёр дахь хуудсанд Ё.Н-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан тайлбар гэж дурдсан, мөн шүүхэд гаргаж өгсөн Өмнөговь аймгийн Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолд Ёс зүйн хорооны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтээр гэж бичигдсэн байдаг. Эдгээр зөрүүтэй баримтуудыг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Ёс зүйн хорооны тэмдэглэл, дүгнэлт хуурамч болох нь тогтоогдож байна.

Нотлох баримтын шинжлэн судлахад 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2-1033 дугаар албан бичгийн 5 дугаарт Ёс зүйн хорооны 2019 оны 02 дугаар дүгнэлт, 6 дугаарт Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, хавсралтаар гаргасан баримтуудыг хасуулах хүсэлтийг шүүх хангаагүй юм.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.У-аас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргаж өгсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны А/04 дүгээр тушаалыг надад 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр миний албан ажлын өрөөнд гардуулсан гэх тухай тайлбарыг бичгээр гаргаж өгсөн байдаг ч аймгийн шүүхээс аймгийн Засаг даргын Тамгын газрын явуулсан бичгийн бүртгэл болон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалтай танилцсан албан хаагчдын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэлд энэ тухай бүртгэл байгаагүй гэдгийг дурдсан. Мөн хариуцагчаас шүүхэд хүргүүлсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалтай танилцсан бүртгэлийн дэвтэрт 2019 оны Б/01 дүгээр тушаалыг гардуулж хүлээлцсэн тэмдэглэл байдаг ба үүгээр уг дэвтэр эхэлсэн байдаг нь энэхүү тушаалыг надад гардуулсан гэх Д.У-ын тайлбар хуурамч болохыг нотлох юм. Үүнийг мөн шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад судлуулан ба нотлох баримтаас хасуулах хүсэлтийг мөн хуралдааны явцад удаа дараа гаргасан боловч шүүх энэхүү хүсэлтийг хангаагүй, хангаагүй үндэслэл, шалтгаанд шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 120/ШШ2020/0003 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, миний бүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Б.Н “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04, мөн оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01, 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрд дэмжих эсхүл няцаах байдлаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай тул хэргийн оролцогчдын маргаж буй гол үндэслэлүүдийг нэгтгэн авч үзсэн бөгөөд маргааныг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой дор дурдах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, тэдгээрт үндэслэн маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заажээ.

Нэг. Нэхэмжлэлийн “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс “... Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар “Төрийн Аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/28 дугаар албан шаардлагыг үндэслэн надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Тус тушаалыг гаргахаас өмнө сонсох ажиллагаа хийгээгүй, гарсных нь дараа танилцуулаагүй, мэдсэн бол тайлбар, гомдол гаргах боломжтой байсан ... 2018 оны 12 дугаар сард мэдээд тухайн үед Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид гомдол хүсэлт гаргасан ... сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн актыг хүчингүй болгох хуулийн заалтыг үндэслэн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/362 дугаар тушаалаар Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Надад эерэг нөлөө бүхий тус тушаалыг Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар хүчингүй болгосноор би сахилгын шийтгэлтэй болсон, надад сөрөг нөлөө бүхий энэ тушаалыг гаргахын өмнө болон гаргасан талаар надад мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй, ... 01 дүгээр сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл авах болсон учир өөрийн хувийн хэргээс материал тодруулах явцад уг тушаалыг хувийн хэрэгтээ хавсаргагдсаныг мэдэж 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ... өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан Б/28 дугаар тушаалын үндэслэл болсон Аудитын албан шаардлагад тусгагдсан зөрчлийг би гаргаагүй ... “ гэсэн үндэслэлээр маргасан байна.

Хариуцагч “... Төрийн аудитын албаны 2018 оны 1/15ӨМА-2018/1/СТА-ТЕЗ дугаартай албан шаардлагад ... Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад  хариуцлага тооцож ирүүлэхийг аймгийн Засаг даргад даалгасан, тус албан шаардлага заавал биелэгдэх шинжтэй тул 2018 оны Б/28 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан, ... нэхэмжлэгч гомдол гаргах хугацаа дуусч хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэлийн шаардлагад хамаагүй 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаж, мэтгэлцэх зарчимд нийцэхгүй байна ... 2018 оны Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулах талаар захиргааны байгууллагад хандаагүй байхад Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч өөрийн хувийн сонирхлоор сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгосон үйлдэл нь хуульд нийцэхгүй байсан тул 2019 оны А/04 дүгээр тушаалаар А/362 дугаар тушаалыг хүчингүй болгосон ... тус тушаалыг мэргэжилтэн Д.У-аар нэхэмжлэгчид биечлэн хүргүүлсэн, уг тушаалтай хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа маргасан тул тус нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй ... “ гэх тайлбар гарган нэхэмжлэлийн тус шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон нэг үндэслэлийг “удаа дараа сахилгын зөрчил гаргасан” гэж үзсэн байх бөгөөд түүний нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан Б/28 дугаар тушаалыг Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны А/362 дугаар тушаалаар хүчингүй болгосноор тухайн үед нэхэмжлэгч сахилгын шийтгэлгүй болсон байжээ. Харин хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 тушаалаар А/362 дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны Б/28 дугаар тушаал хүчинтэй болсон байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны Б/28 дугаар тушаалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч тус тушаалын үйлчлэлийг сэргээж шийдвэрлэсэн 2019 оны А/04 дүгээр тушаалыг гаргах болсон үндэслэл, тус тушаалыг мэдэгдсэн эсэх талаар хэргийн оролцогчид маргасан байх тул шүүх энэ талаар, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий уг тушаалтай холбоотой хариуцагчийн үйлдэл, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхтэй холбоотой баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлсний үндсэн дээр хариуцагчийн шийдвэр үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, уг шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт хийж нэхэмжлэлийн тус шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тухайлбал, шүүх маргаан бүхий тушаалыг гаргах болсон шалтгаан үндэслэлийг, түүнийг гаргахаас өмнө болон гаргасны дараа нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх, сонсох ажиллагаа явуулсан эсэх, зэрэг нөхцөл байдлыг тодруулахаас гадна өмнө нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан Б/28 тушаалыг мэдэгдсэн эсэх, нэхэмжлэгч тус тушаалыг хэзээ мэдсэн талаарх баримтыг, мөн тус тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс гомдол хүсэлт гаргасан эсэх талаарх баримтыг бүрдүүлж, нэхэмжлэгчийн маргасан хүрээнд нэхэмжлэлийн тус шаардлагад хуульд зүйн дүгнэлт хийх нь зүйтэй юм.

Хоёр. Нэхэмжлэлийн “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “... Тамгын газрын дарга 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр огноолсон Б/33 дугаар тушаалыг 2018 оны 08 дугаар сарын 27-нд гаргасан, маргааш нь  буюу 08 дугаар сарын 28-ны өдөр надад танилцуулсан ... хөрөнгө орлогын мэдүүлгийг 30 хоногийн дотор гаргах үүргийг хэрэгжүүлэх хугацааг хэтрүүлсэн шалтгаан нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан болох Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нь хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэх эрхийг нээж өгөөгүйгээс болж хугацаа хэтэрсэн ... Хууль, эрх зүйн хэлтсийн дарга тамгын газрын ажилтнуудын албан тушаалд томилогдох зэрэг аймгийн Засаг дарга, Тамгын газрын даргын тушаал, захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хууль нийцэж байгаа эсэхэд хяналт тавих албаны үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, түүнчлэн Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам, мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журамд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх хадгалах эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд Хууль эрх зүйн хэлтсийн дарга байтал намайг жинхлэн томилсон тушаалыг мэдээгүй, томилогдсон өдрөөс хойш хөрөнгө орлогын мэдүүлгийн цахим системийг нээж өгөхгүй явсаар удаа дараа шаардуулж байж 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр л нээсэн бөгөөд миний бие 11 дүгээр сарын 05-ны өдрөөс системд хөрөнгө орлогын мэдүүлгээ оруулж, 11 дүгээр сарын 09-ний өдөр баталгаажуулж илгээсэн, хугацаа хоцроож мэдүүлгийг явуулсан нь дан ганц надаас шалтгаалаагүй, эрх бүхий албан тушаалтан нь шаардаж, хүсэлт гаргасаар байхад цахим системийг нээж өгөөгүйгээс болсон” гэх үндэслэлээр дээрх тушаалыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “... Авлигатай тэмцэх газрын 2018 оны 05/10039 дүгээр албан бичгийн хавсралтаар ХАСХОМ хугацаа хоцроож мэдүүлсэн нэрсийн жагсаалтад Б.Н-д Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-д заасан хариуцлага хүлээлгэхээр заасан байсан тул түүнд 2019 оны Б/01 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчээс “Засаг даргын Тамгын газрын даргын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан болох Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нь хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэх эрхийг нээж өгөөгүйгээс болж хугацаа хэтэрсэн” гэж маргасан байх тул энэ талаар шүүх тодруулах ажиллагааг хийх байжээ. Тухайлбал, нэхэмжлэгч Б.Н-ээс хөрөнгө орлогын мэдүүлгийн цахим систем хэзээ нээлгэх талаар хүсэлт гаргаж байсан байдлыг,  мөн тус цахим систем хэзээ нээгдэж, хэзээ хаагдсан талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас лавлагаа авахаас гадна хариуцагч Авлигатай тэмцэх газрын 2018 оны 05/10039 дүгээр албан бичгийг хүлээж аваад шийдвэр гаргахын өмнө нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх үүргээ биелүүлээгүй нь түүнээс өөрөөс нь шалтгаалсан эсэх хөрөнгө орлогын мэдүүлгийн цахим системийг нээх үүрэг бүхий албан тушаалтны буруугаас шалтгаалсан эсэх талаар болон бусад асуудлаар нөхцөл байдлыг тодруулсан эсэх, сонсох ажиллагаа хийсэн эсэх зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн маргасан хүрээнд дүгнэлт хийж тус нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав. Нэхэмжлэлийн “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар Б.Н-д сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “... төрийн албаны тухай хуульд “... удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх хууль зүйн боломжтой байтал үндэслэлгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан ... үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээд хангалттай дүн авсан ... төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийн хувьд тус хорооны гишүүн миний нэр дээр гомдол гаргаж, өөрөө тухайн гомдлыг хянах бүрэлдэхүүнд орж дүгнэлт хийж, шийдвэр гаргахад оролцсон тул ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус шийдвэр болсон ... Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор ёс зүйн дүрэм шинэчлэгдэн батлагдаж, Ёс зүйн хороо, салбар зөвлөл шинээр ажиллахаар болсон ... хүчингүй болсон журмаар байгуулагдсан Ёс зүйн хороо дүгнэлт гаргасан ... Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн гарсан Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгосон тул энэ талаарх тушаалын үндэслэл үгүйсгэгдэнэ ... Ёс  зүйн хороо 2019 оны 01 дүгээр сарын 22-нд хуралдсан болгож огноог зассан нь Салбар зөвлөлийн 2 дугаар сарын 01-ний өдрийн тогтоол ... мэргэжилтэн Ё.Н-ийн 01 дүгээр сарын 25-ны тайлбар зэргээр тогтоогдоно ... 2019 оны төсвийн эцсийн төслийг миний бие хянаагүй, хэлтсийн мэргэжилтэн Э.Бор-Охин нар аймгийн Засаг даргаар болон надаар хянуулж баталгаажуулалгүйгээр, ямар нэгэн албан тоот  бичиггүйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байдаг ... Хурлын ажлын алба ч хянах чиг үүрэгтэй, намайг төсвийн төслийг ёсчлуулахаар хүргүүлсэн гэх ямар нэгэн баримт нотолгоо байхгүй байхад энэ үндэслэлээр буруутгасан нь үндэслэлгүй ... төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолыг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгосон, хүчингүй болсон Салбар зөвлөлийн тогтоол, ёс зүйн хорооны тогтоолыг үндэслэн гарсан тушаал үндэслэлгүй ...” гэж маргажээ.

Хариуцагч “... Б.Н-г ёс зүйн зөрчил гаргасан талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 196 дугаар албан бичиг, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны албан бичиг, танилцуулга, П.А, Э.У, Э.Б, “С Э С г” ХХК-ийн албан бичиг зэргийг үндэслэн Ёс зүйн хороо Б.Н-г төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэж тогтоол гаргасан ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 175 дугаар тогтоолоор төсөв давхардуулан батлуулсан зөрчлийн талаар Хурлын даргын 196 дугаар албан бичгийн дагуу зохих байгууллагад хандсанаар Санхүүгийн хяналт аудитын албаны 2019 оны 05 албан бичигт 2018-2019 онд 490.000 төгрөгийг төсвийн төслийн 10, 63 дугаар заалтад давхар тусгаж батлуулсан нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар санал ирүүлсэн ... тамгын газрын ажилчдын ажлын байрны чиг үүрэг, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт ... зэрэгт заасан ... төсвийн төсөл боловсруулах, батлуулах, хуваарилан хэрэгжилтийг зохион байгуулах, төлөвлөх чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, ажилдаа хайхрамжгүй, хандаж алдаа гаргаж төсөв давхардуулан батлуулсан үйлдэл гаргасан нь Байгууллагын дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн, мөн өмнө нь 2018 оны Б/28, 2019 оны Б/01 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, сахилгын шийтгэлтэй байх хугацаа дуусгавар болоогүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан тул тул мөн журамд заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

Шүүх хэргийн оролцогчдын дээрх байдлаар маргаж буй үндэслэлийг анхаарч тэдгээр үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Үүний тулд маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Б.Н удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийн үндэслэлд хамаарах үйл баримтуудыг, мөн “ажилдаа хайхрамжгүй хандаж төсөв давхардуулан батлуулсан” гэх буруутгалыг нэхэмжлэгч хүлээх үндэслэлтэй эсэхэд хамаарах холбогдох үйл баримтыг тодруулахаас гадна Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын үндэслэл болсон тус зөвлөлийн “Маргаан хянан шалгасан комиссын дүгнэлт”-ийг хэрэгт авч дүгнэлт хийх буюу нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасан талаарх Ёс зүйн хороо, Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэл болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Н-г удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх хүрээнд маргаан бүхий уг актын үндэслэл болж буй өмнө гаргасан гэх зөрчилд хамаарах Б/28, Б/01 дүгээр тушаалууд тэдгээрт хамаарах нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тодруулж, хариуцагчийн шийдвэр үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Мөн маргаан бүхий Б/02 тушаалын “б/” хэсэг буюу “...Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, албан ажилдаа хайхрамжгүй, хандан, алдаа гаргасан ...” гэх үндэслэлтэй холбогдуулан шүүх 490 сая төгрөгийг давхардуулан бичсэн гэх зөрчил нь анхны төслийг бэлтгэх үед байсан эсэх, эсхүл ёсчлон батлуулахаар гаргасан төсөлд орсон эсэх, нэхэмжлэгч Б.Н уг төслийг хянаж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд батлуулахаар оруулсан эсэх, тус төсөл нь Аймгийн Засаг даргаар хянагдсан эсэх, төслийг ямар албан тушаалтан бэлтгэж, ямар албан тушаалтан ёсчлон батлуулахаар хүргэсэн талаар буюу нэхэмжлэгч тухайн төсвийн төслийг бэлтгэсэн, хянасан, батлуулсан эсэх зэрэг үйл ажиллагааг явуулж, төсвийг давхардуулан батлуулсанд нэхэмжлэгч буруутай эсэхэд хамаарах баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлж хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Түүнчлэн, маргаан бүхий Б/02 дугаар тушаалын “в/” хэсэг буюу Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан шүүх нэхэмжлэгчийн “тус хорооны гишүүн гомдол гаргаж өөрөө хуралд оролцож, шийдвэр гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй болсон” гэх зэрэг маргасан үндэслэлүүдтэй холбоотой нотлох баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлж, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тус бүрт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Анхан шатны шүүх дээр дурдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.